Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 22

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01303/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1564 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Д- овгийн Д-гийн О-гийн нэхэмжлэлтэй,

          “Хууль бусаар цагдан хоригдсоны сэтгэл санааны хохирол, бусад хохирол нийт 56,517,987.48 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд  прокурор  А.Оргилбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч Д.О-:

      Миний бие Д.О- нь Дархан-Уул аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллах хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр АТГ-аас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж шүүхэд шилжүүлэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 173 тоот шүүгчийн захирамжаар 13 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 106 тоот шийтгэх тогтоолоор тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилээр хасч, 1 жилийн хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгасан. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д заасан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 23,101,897.48 төгрөг, мөн хуулийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авсаны хөлс 5,000,000 төгрөг, мөн хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2-т заасан эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг Иргэний хуулинд зааснаар тодорхойлно гэснээр цагдан хоригдсон 148  хоногийг амьжиргааны   баталгаажих  түвшингийн доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр дүйцүүлэн 28.416.000 төгрөг, нийт 56.517.987.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокуророос:

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох нь зүйтэй. Харин өмгөөллийн хөлс гаргуулахаар хуульд заасан нийт 5,000,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт хэдэн хувийг төлсөн зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэлийн 3 дахь хэсэг болсон эдийн бус хохиролд нэхэмжилж байгаа 28,416,000 төгрөгийн хувьд ямар үндэслэлээр тооцож гаргасан нь тодорхойгүй бөгөөд эдийн бус хохирлыг хэрхэн мөнгөөр болон, тараасан аргаар няцаалт хийх талаар заасан байх тул уг мэдээллийг тараасан этгээдэд няцаалт хийхийг даалгах нь зүйтэй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1564 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар 28,101,987,.48 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас Д.О-д олгож, 28,416,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч Д.О-г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О- давж заалдсан гомдолдоо:

Д.О- би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгасан. Энэхүү хэргийн улмаас Д.О- нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 148 хоног хууль бусаар хоригдож мөн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар намайг ажлаас халсан. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хоригдсон болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 23,101,987.48 төгрөг, мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нийт 5,000,000 төгрөг, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирлыг арилгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган нотлох баримтуудыг хавсарган өгсөн. Гэтэл Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О- хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 56.517.987 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн оролцож буй хяналтын прокурор ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох нь зүйтэй, өмгөөллийн хөлс төлөх тухайд тухайн өмгөөлөгчөөс нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар төлсөн баримт байгаа эсэхэд анхаарч, эдийн бус хохиролд нэхэмжилж буй 28.416.000 төгрөгийн хувьд ямар үндэслэл, аргачлалаар хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар эдийн бус хохирлыг хэрхэн мөнгөөр болон тараасан аргаар нь няцаалт хийх талаар заасан тул уг мэдээллийг тараасан этгээдэд няцаалт хийхийг даалгах нь зүйтэй гэсэн тайлбар гаргасан байна. 

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж, 389.2.2-т “Тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Оюунтуяад өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүснэ.

Нэхэмжлэгч Д.Оюунтуяа нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд  Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн б/401 тоот тушаалаар  шүүхээр гэм буруутай нь тооцогдсон үндэслэлээр ажлаас халагдсан, Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/468 тоот тушаалаар Дархан-Уул аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдсон байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар зөв үнэлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны хохирлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д “хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого” гэж зааснаар 23.101.987,48 төгрөг, 390.1.5-д “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” гэж зааснаар 5.000.000 төгрөг, нийт 28.101.987,48 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Оюунтуяа эрүүл мэндэд учирсан гэм хорыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

Эдийн бус хохирлын тухайд Төрийг төлөөлж оролцож буй прокурорын эдийн бус хохирлыг хэрхэн мөнгөөр болон, тараасан аргаар няцаалт хийх талаар заасан байх тул уг мэдээллийг тараасан этгээдэд няцаалт хийхийг даалгах нь зүйтэй гэсэн тайлбар болон анхан шатны шүүхийн эдийн бус хохиролд ямар үндэслэлээр 28.416.000 төгрөг шаардаж буй нь тодорхойгүй, цагдан хоригдсоноос зовон тарчилсан, сэтгэл зүйн болон биеийн хүчний дарамтад орсон эсэх, үүний улмаас сэтгэцийн талаар өвчин эмгэгтэй болсон эсэх, нэр төр алдар хүндээрээ хохирсон эсэх зэргийг тодорхойлоогүй, эдийн бус хохирлыг мөнгөөр төлөх үндэслэлийг гагцхүү хуульд заасан тохиолдолд олгохоор хуульчилсан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Оюунтуяа 148 хоног хууль бусаар цагдан хоригдсоноос нэр төр, алдар хүндээр хохирсон болох нь хэргийн 19-23, 33-37 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно.

Нэхэмжлэгч нь хууль бусаар цагдан хоригдсоноор сэтгэл санааны хохирол тодорхой хугацаанд тэр хэмжээгээр амсч байгаа бөгөөд үүнд заавал зовон тарчилж, сэтгэцийн эмгэгтэй болсон байхыг шаардахгүй, өдөр тутмын сонин болон мэдээллийн сайтуудад тавигдсан мэдээллүүд нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд зохих хэмжээгээр халдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мэдээллийн эх сурвалж нь төрийн байгууллагын буюу шүүхийн хууль бус шийдвэр байна.

Иймд нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “ Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” үндсэн эрхээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д “... сэтгэл санааны үр дагавраа арилгуулах...”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д  зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тусгайлсан хууль гараагүй бөгөөд нэхэмжлэгч нь эдийн бус хохирлыг нэхэмжлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дүйцүүлэн тооцсоныг буруутгах үндэслэлгүй ч сэтгэл санаа, нэр төр, ажил хэргийн нэр хүндээр  хохирсон нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг  харгалзан үзнэ” гэж зааснаар тодорхой хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах нь  Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлж гарсан бусад хуулинд нийцнэ гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн эдийн бус гэм хорын хохиролд нэхэмжилж буй 28.416.000 төгрөгийн 3/1-ийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 23.101.987,48 төгрөг, эрх зүйн туслалцаа авсны төлбөр 5.000.000 төгрөг, эдийн бус гэм хорын хохиролд 9.471.666 төгрөг нийт 37.573.653,48 /гучин долоон сая, таван зуун далан гурван мянга, зургаан зуун тавин гурван төгрөг, дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулж, хуулийн хэрэглээг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1564 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтанд:

“Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Засгийн газрын тусгай сангийн  тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар гэсэн дээр 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар гэж нэмж, 28.101.987,48 төгрөгийг гэснийг 37.573.653,48 /гучин долоон сая, таван зуун далан гурван мянга, зургаан зуун тавин гурван төгрөг, дөчин найман мөнгө/ төгрөгийг гэж, 28.416.000 төгрөг гэснийг 18.944.000 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.НАРАНГЭРЭЛ

                                              ШҮҮГЧИД                                            С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           Л.АМАРСАНАА