| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00481/И |
| Дугаар | 00481 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 00481
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар, Л.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00481/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Лувсанданзангийн Оюунчимэг /РД:ГН61112903/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын харьяа Тэшиг сумын аж ахуйн үйлчилгээний цэгт үсчинээр 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Хантайн үтрэмд нормчиноор орж 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад тус нэгдлийн халуун усны үйлчлэгчээр 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Тухайн үеийн ажилд авсан тушаалд нэр буруу бичсэн, зөрчилтэй байх тул дээрх онуудад улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би 1985, 1988, 1995 онуудад хүүхэд төрүүлсэн гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Оюунчимэг нь Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын харьяа Тэшиг сумын аж ахуйн үйлчилгээний цэгт 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үсчин, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Хантайн үтрэмд нормчиноор, 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал халуун усны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 199 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Булган аймгийн Магсажав сангийн аж ахуйн даргын 1986 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай ажилд томилох тухай тушаал, Булган аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1981 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай үсчинийг жинхлүүлэх тухай тушаал, Л.Оюунчимэгийн нэр дээр 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед Л.Оюунчимэгтэй хамт ажиллаж байсан гэрч Н.Пүрэвсүрэнгийн өгсөн ..Би 1979 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд орж нэгдэл тартал ажиллаж байсан. Л.Оюунчимэг нь 1984 оноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай цогцолборт үсчин, нормчиноор ажиллаж байсан. Яг хэдэн оныг хүртэл ажиллаж байсанг сайн мэдэхгүй байна. Бид энэ хүнээр үсээ засуулдаг байсан гэх мэдүүлэг, гэрч Д.Уранчимэгийн өгсөн ..Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд 1979 оноос эхлэн саальчнаар ажилд орж 1990 оноос тариа бригдад тогооч хийж байсан. Тус нэгдэл ардчиллын үеэр хувьчлагдсан. Л.Оюунчимэг нь Хантай бригадад нормчин, үйлчлэгч хийж байсныг мэдэж байна гэх мэдүүлэг, гэрч Д.Оюунчимэгийн өгсөн ..1980 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний үсчины ангийг төгсөж ирээд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад үсчнээр ажиллаж эхэлсэн. Би 1990 оныг хүртэл ажилласан. Л.Оюунчимэг нь Булган аймгийн Тэшиг сумын Аж ахуй үйлчилгээний цэгт 1981 оноос 1984 оныг хүртэл үсчин хийж байсан. Улирал, хагас жил, бүтэн жилийн норм танилцуулах хурал, дээд газраас мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт бид Булган аймагт байнга цуглардаг байсан учраас Л.Оюунчимэгийг сайн санаж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Лувсанданзангийн Оюунчимэгийг Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын харьяа Тэшиг сумын аж ахуйн үйлчилгээний цэгт 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үсчинээр 3 /гурав/ жил, 7 /долоо/ сар, 10 /арав/ хоног, Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Хантайн үтрэмд 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нормчин, 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл халуун усанд үйлчлэгчээр 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сар, улсад нийт 10 /арав/ жил, 1 /нэг/ сар, 10 /арав/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН