| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0019/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/19 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/19
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аын Эт холбогдох эрүүгийн 1917001380104 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Аын Э /РД:ЕН/, Д аймгийн Э суманд 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, Г аймгийн С сумын 3 дугаар баг, Бийн 11-1107 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч А.Э нь Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбарын Петровис шатахуун түгээх 1 дүгээр станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 430 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 860 000 төгрөг, нийт 1 290 000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа завшсан,
мөн Г аймаг дахь Нефть хангамжийн салбарын Петровис шатахуун түгээх 4 дүгээр станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр хуурамч баримт бүрдүүлэн нийт 1 729 130 төгрөгийг хувьдаа завшиж Г аймаг дахь Нефть хангамжийн салбарт бага хэмжээнээс дээш буюу 3 019 130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч А.Э нь Г аймаг дахь Нефть хангамжийн салбарын Петровис шатахуун түгээх 1 дүгээр станцад түгээгчээр ажиллаж байхдаа “ЭС” ХХК-нийг авсан гэж хуурамч зарлагын падаан үйлдэж шатахуун борлуулсан орлогоноос 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 430 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 860 000 төгрөг, нийт 1 290 000 төгрөгийг завшсан,
мөн Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбарын Петровис шатахуун түгээх 4 дүгээр станцад түгээгчээр ажиллаж байхдаа “ИС” ХХК-нийг авсан гэж хуурамч зарлагын падаан үйлдэж шатахуун борлуулсан орлогоноос 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр 1 729 130 төгрөгийг завшиж Г аймаг дахь Нефть хангамжийн салбарт нийт 3 019 130 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдлүүлэг бүгд үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би Петровис шатахуун түгээх станцаас бэлэн мөнгөөр шатахуун худалдаад хуурамч падаан үйлдэж, хүний гарын үсгийг хуурамчаар зурж шатахуун борлуулсан орлогоноос бэлэн мөнгө гаргаж авдаг байсан. Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбартай эхлээд 2016 оны 2 дугаар сард 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаа дуусаад 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэр хугацаа нь дуусахад хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний ажлын байрны тодорхойлолтод машин, тээврийн хэрэгсэлд шатахуун түгээх, гэрээт байгууллагуудад зээлээр шатахуун өгөх үүрэгтэй байдаг. Миний албан тушаал бусдад үүрэг өгдөггүй, ажилтан ангиллаар ажил үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Мөнгөний хэрэг гараад мөн эмнэлгээр явах шаардлагатай болоод ийм үйлдэл гаргасан. Хохирол төлбөрт жирэмсний амралтын мөнгөнөөс 1 290 000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг нөхрийнхөө цалингаар болон би өөрөө гоо сайхны үйлчилгээ эрхэлж байгаа түүнээсээ төлж барагдуулна. Нийт 8 удаагийн үйлдлээр байгууллагын хөрөнгө завшсан үйлдлүүдийг би үйлдсэн, ийм хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 31-нд “ИС” ХХК-ийн нягтлан Байгальцэцэгт шатахуун авсан гэх задаргаагаа нэхэмжлэхтэйгээ явуулахад удалгүй энэ сард ийм хэмжээний шатахуун авсан, ийм хэмжээний шатахуун аваагүй байна гэсэн баримтууд явуулсан. Үүний дагуу би шалгаад тухайн үед гарч байсан түгээгчийг хайхад Энхчимэг байсан. Би Эг дуудаж манайх “ИС” ХХК-ийнхантай тооцоо нийлэхэд ийм хэмжээний төгрөгийн шатахуун аваагүй гэж байна. Дандаа чиний ээлж дээр байна, үүнийгээ тайлбарлаад өг гэхэд Э би аваагүй, “ИС” ХХК-ийнхан өөрсдөө ирж авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би намайг хянадаг тооцооны нягтлан дээр очиж хэлэхэд тооцооны нягтлан өөрөө Эг дуудаж энэ ямар учиртай юм бэ гэж асуухад мөн адил би аваагүй, “ИС” ХХК-ийнхан өөрсдөө ирж авсан гэж хэлж байсан. Одоо Э нь өөрөө хэргээ хүлээсэн тул манай компаниас нэхэмжилсэн хохирол “ИС” ХХК-ийн мөнгө болох 1 632 130 төгрөгийг барагдуулж өгнө үү. 2018 оны “ЭС” ХХК-ийн нэр дээр байсан 1 290 000 төгрөгийн төлбөр нь төлөгдөөд дууссан гэсэн. Э нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Эт өглөө 8 цагаас ээлж хүлээлцэж, маргааш буух хүртэл тэр бүх шатахуун өөрийнх нь мэдэлд байдаг. Шатахууныг өөртөө ашиглах эрх байхгүй, гэрээтэй байгууллагад зээлээр өгөх эрх байгаа. Э нь цалингийн доод хэмжээгээр, мөн тухайн сардаа борлуулсан шатахууны урамшууллаар цалинждаг. Э нь шатахуун түгээх станцын түгээгч буюу ажилтны албан тушаалд хамаардаг байсан. Хохирлын 97 000 төгрөг нь “ИС” ХХК-иас тусдаа Эээс нэхэмжилж байгаа мөнгө. Э 06 дугаар сард “ИС” ХХК-ийн А гэх хүний нэр дээр падаан бичсэн байсан. Энэ мөнгө нь 06 дугаар сардаа тооцоо нийлээд манай компанийн дансанд орсон гэв
1.3. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Петровис шатахуун түгээх станцаас байгууллагад шаардлагатай шатахуун тос тослох материалаа зээлээр худалдан авч сар бүр ирүүлсэн нэхэмжлэхийг хүлээн аваад тулгалт хийсний дараа шатахуун тос, тослох материал худалдан авсан төлбөрийг шилжүүлдэг. Жолооч нар шатахуун авахдаа байгууллагын регистрийг хэлж е-баримт заавал хэвлүүлж авч тэр баримтаа надад өгдөг, давхар шатахуун түгээх станц дээр түгээгч нарын бичсэн зарлагын падаан дээр гарын үсэг зурдаг. Петровис шатахуун түгээх 4 дүгээр станцын эрхлэгч Э нь 2019 оны 07 дугаар сард манай байгууллагын зээлээр худалдан авсан шатахуун тооцоог явуулахад нь тооцоог хүлээн авч тулгалт хийж үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 350 литр түлш авсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр А болон Б нэр дээр шатахуун авсан байхаар нь эргэлзсэн. Учир нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манайх гэр бүлээрээ Улаанбаатар хот руу 00-89 ГСА улсын дугаартай автомашинтайгаа явсан. Манай охин Аийн эзэмшлийн 08-96 УНУ улсын дугаартай автомашиныг гараашдаа хийгээд цоожлоод явсан. Харин Б 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс наадмын амралт гээд Тэрэлж рүү гэр бүлийн хамт амралтанд яваад 2019 оны 07 дугаар сарын 14-нд Г аймагт ирсэн. Б нь 2019 оны 07 дугаар сарын шатахууны тооцоон дээр шатахуун авсан аваагүй гэж бичээд шатахууны баримтаа надад өгсөн. Тэгээд би Е-баримтыг шүүж үзэхэд Бийн аваагүй гэж тэмдэглэсэн шатахуун Е-баримт шивэгдэж бүртгэгдээгүй байсан. Би Эт 2019 оны 07 дугаар сард манай байгууллагын худалдан аваагүй шатахууныг авсан гэж бичсэн байна гэж хэлэхэд түгээгч нартайгаа уулзаад баримтыг нь шүүж үзье гэж хэлсэн. Тэгээд над руу шатахуун худалдан авсан баримтын зургийг явуулахаар нь би зургийг Б, А нар луу явуулаад та нарын гарын үсэг мөн үү гэж асуухад биш байна гэж хэлсэн. Тус шатахуун түгээх станцын түгээгч Эийн бичсэн зарлагын падаан дээр манай байгууллагын жолооч Бийг 52-96 ГСА улсын дугаартай автомашинтай /поошигтой/ ирж 350 литр дизель түлш авсан гэж бичсэн байсан. Манай байгууллагын 52-96 ГСА улсын дугаартай автомашины өргөх механизм нь сууринаасаа унаж эвдрээд Улаанбаатар хотод “Ачтэбу” ХХК-нд засварлуулсан төлбөрийг би 2019 оны 07 дугаар сарын 04-ний шилжүүлсэн баримтаараа нотолно. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай дүү Б охин Аийн эзэмшлийн 08-96 УНУ улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг Г аймгаас Б аймаг руу авч яваад 07 дугаар сарын 06-07-нд авч ирж өгсөн. Тэгтэл 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр АИ-92 бензин 50 литр буюу 97 000 төгрөгний шатахуун авсан гэж бичсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 26-29 хуудас/
1.4. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сард шатахуун түлшний нэхэмжлэх манай байгууллагын нягтлан Бт ирсэн байсан. Гэтэл миний хариуцан ажилладаг 52-96 ГСА улсын дугаартай кран дээр 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 350 литр дизель түлш, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 100 литр түлш авсан гэж гарсан байсан. Би 2019 оны 06 дугаар сарын 27-нд краныхаа сумыг хугалж эвдлээд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хотод Гурвалжингийн гүүрнээс урагш засварын газарт янзлуулаад 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед гарсан. Маргааш нь буюу 07 дугаар сарын 05-ны өглөө 08-09 цагийн орчимд “ИС” ХХК-ний хашаанаас турбо ачаад, Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах Петровис шатахуун түгээх 4-р станцаас 78-90 литр түлш, 18 литрийн гидрийн шингэн тос авч машиндаа хийгээд Дорноговь аймгийн Даланжаргалан сум явсан. Б 2019 оны 07 дугаар сарын 31-нд дуудаад намайг Петровисоос нийт 450 литр түлш авсан байна гэж хэлээд гарын үсэгтэй зарлагын падааны зургийг харахад миний гарын үсэг биш байсан. Бид нар шатахуун авсан тохиолдолд байгууллагын регистрээ хэлээд заавал е-баримт гаргуулж авдаг” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 32-34 хуудас/
1.5. Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбарын Петровис шатахуун түгээх станцаас 2 167 955 төгрөгний нэхэмжлэх ирсэн байсныг манай нягтлан Б над руу явуулаад энэ жагсаалтанд дурдагдсан шатахуун, тос зэргийг авсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би жагсаалтыг нь харахад бензин авсан гэх он сар нь Б, А бид нарыг байхгүй байх үед авсан шатахуун байсан. Би 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж байсан. Гэтэл 52-96 ГСА улсын дугаартай /кран/ автомашин дээр түлш авсан гэж бичсэн. 2019 оны 07 дугаар сарын 10-ны орой 16 цагийн үед өөрийн 08-32 УББ улсын дугаартай автомашинтай Улаанбаатар хот руу яваад маргааш өглөө нь эхнэр, хадам аав, ээж, дүү, эмээ нарын хамт Тэрэлжид амралтанд 4 хоноод Говьсүмбэр аймагт 07 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчимд ирээд хувцасаа солиод машинаа угаалгаад 22 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу явсан. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр намайг 67-67 УНБ улсын дугаартай автомашин дээр АИ-92 83,6 литрийг авсан гэж зарлагын падаан бичсэн. Би 67-67 УНЧ улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай ба банкинд 50 литр бензин ордог. Гэтэл 83 гаруй литр бензин авсан гэж бичсэн байсан. Гарын үсэг нь минийх биш. Мөн манайх шатахуун, тос тослох материал авахдаа байгууллагын 7 оронтой тоо хэлж нөатийн баримт гаргуулан авдаг. Гэтэл уг авсан гэх түлш, шатахуун дээр баримт хэвлэгдээгүй байсан. Краныг ганцхан Б л жолооддог гэтэл намайг ирж авсан гэж бичсэн байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 35-36 хуудас/
1.6. Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай эгч Б миний машиныг Булган аймаг руу авч яваад ирье гэж гуйхаар нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгч явуулаад 07 дугаар сарын 06-ны өдөр машинаа буцааж авсан. Би 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аав, ээж, дүү, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот руу аавынхаа 00-89 ГСА улсын дугаартай автомашинтай яваад 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед ирсэн. 2019 оны 07 дугаар сард Говьсүмбэр аймаг дахь нефть хангамжийн салбарын Петровис шатахуун түгээх станцаас манай ээж болох Б рүү 07 дугаар сарын худалдан авсан шатахууны тооцоог явуулсан байсан. Уг шатахууны тооцоог ээж хараад над руу зарлагын падаан явуулаад чиний гарын үсэг мөн үү гэж асуусан. Би уг зарлагын падааныг харахад 07 дугаар сарын 12-ны өдөр 54,6 литр АИ-92 бензин авсан гэж бичсэн байсан. Миний Приус 30 маркийн автомашины улсын дугаар нь 08-96 УБУ гэсэн улсын дугаартай гэтэл зарлагын баримтан дээр 08-96 УНУ гэж бичсэн байсан. Мөн баримтанд зурагдсан гарын үсэг нь минийх биш, тэгээд ч 75 000 төгрөгний бензин хийхэд миний машины банк дүүрдэг. Би 07 дугаар сард шатахуун огт аваагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 41-42 хуудас/
1.7. Гэрч Н.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шиг санагдаж байна Нефть хангамжийн салбарын Петровис 4-р шатахуун түгээх станцын эрхлэгч Э ирээд “ИС” ХХК-ний 2019 оны 07 дугаар сард худалдан авсан шатахууны тооцоог явуулахад манайх аваагүй учир төлөхгүй гэж байна гээд шатахууны тооцоон дээр аваагүй гэх шатахуунаа тэмдэглээд явуулсаныг надад үзүүлсэн. Би түгээгч Эг дуудаж дээрх асуудлыг тодруулахад “ИС” ХХК-ний жолооч нар нь өөрсдөө машинтайгаа ирж авсан гэхээр нь “ИС” ХХК-ний жолооч болох Б, Б нартай утсаар ярихад шатахуун авсан гэх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж байсан гэсэн. Маргааш нь Б, Б нар ирээд би түгээгч Эг дуудаж нүүрэлдүүлж уулзуулсан. Шатахуун авсан хугацаанд Говьсүмбэр аймагт байгаагүй, бид нарын гарын үсэг биш байна гэдэг асуудал ярьсан. Тухайн үед түгээгч Э нь яалт ч үгүй танай машин байсан даа, яах аргагүй авсан юм даа гэж байсан. Өмнөх өдөр нь надад 52-96 ГСА улсын дугаартай автомашин болон хар өнгийн Приустай ирж шатахуун авсан гэх зэргээр тодорхой хэлж байсан. Гэтэл Бэ, Б нартай уулзуулахад надад ярьж байсан шигээ хэлж чадахгүй байсан нь эргэлзээ төрүүлсэн. “ИС” ХХК-ний жолооч нар шатахуун зээлээр худалдан авсан л бол байгууллагын регистрээр е-баримт хэвлүүлэн аваад түгээгч нарын бичсэн зарлагын падаан дээр өөрсдийн гарын үсгээ зурдаг. Гэтэл “ИС” ХХК-ний нэр дээр шатахуун худалдан авсан зарлагын падаан бичигдсэн боловч е-баримт хэвлэгдэн гараагүй, жолооч нар нь бид нарын гарын үсэг биш гэсэн тайлбар зэргийг үндэслэн уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон. Э нь 2018 онд шатахуун худалдан авах гэрээтэй “ЭС” ХХК-ний захирал Сын нэр дээр хуурамч падаан үйлдэж, гарын үсгийг дуурайлган зурсан асуудал гарч байсан. “ЭС” ХХК-ний захирал Сыг 1 000 000 гаруй төгрөгний шатахуун худалдан авсан гээд зарлагын падаан бичигдсэн байсан. Тэгтэл С нь уг мөнгийг төлөхгүй болохоор нь дуудаж уулзахад би энэ хугацаанд хил гарсан байсан шатахуун аваагүй гэж хэлсэн. Харин Эс ямар хүн ирж шатахуун худалдан авсан юм бэ гэж асуухад С нь өөрөө машинтайгаа ирж авч байсан гэж хэлсэн. Тэгээд С нь надад гадаад паспортаа авч ирж үзүүлээд тухайн үед Говьсүмбэр аймагт байгаагүй нь тогтоогдож байсан. Энэ асуудлыг тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй. Э-ээр 600 литр шатахууны мөнгийг төлүүлсэн. Э нь мөнгийг суутгаж авсан дээр огт асуудал хэл ам хийж, гомдол гаргаагүй. Мөн суутгуулахгүй гэж ч хэлээгүй. Тэгэхээр өөрөө хүлээн зөвшөөрөөд төлсөн гэж ойлгож болно” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 43-44, 2-р х.х-ийн 19-18 хуудас/
1.8. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай байгууллагаас гэрээгээр шатахуун худалдан авдаг “ЭС” ХХК-ний захирал Сыг 2018 оны 07 дугаар сард өөрийн эзэмшлийн 55-36 ГСА улсын дугаартай Норт Бенз маркийн машинтайгаа ирж 200 литр, 400 литр, 600 литр түлш ирж авсан гэж зарлагын падаан бичсэн байсан. Гэтэл С нь Говьсүмбэр аймагт байгаагүй Орос улс явсан байсан, тэгээд ч миний гарын үсэг биш байна гэж хэлээд, гадаад паспортоо үзүүлж байсан. Э-ээс энэ асуудлыг тодруулж асуухад өөрөө л машинтайгаа ирж авсан гээд мэдэн будилсан байдалтай хариулж байсан. С гэдэг хүн би түлшийг аваагүй учир төлөхгүй гэж хэлж байсан. Тухайн үед Эт жирэмсэний амралтын мөнгөнөөс чинь суутгалаа шүү гэж хэлэхэд одоо яахав дээ суутга суутга, дараа нь учир нь олдох байлгүй дээ гээд юманд санаа зовсон шинжгүй хэлж байсан. Мөнгө суутгасан асуудалд Э нь ямар ч асуудал яриагүй тийм болохоор хүлээн зөвшөөрч л төлсөн гэхэд болно доо. Дээрх асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Танихгүй хүн ирээд шатахуун авлаа гэхэд Сын гарын үсгийг дуурайлган зураад явах боломжгүй. Энэ асуудлаар Э нь ямар ч маргаан, гомдол гаргаагүй. Үнэхээр өөрөө аваагүй бол 1 290 000 төгрөгийг өөрөө гаргаад чимээгүй өнгөрөхгүй байсан байх” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 45-46, 2-р х.х-ийн 13-14 хуудас/
1.9. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манайх Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбарын Петровис шатахуун түгээх станцуудаас гэрээтэй ба өөрийн эзэмшлийн 55-36 ГСА улсын дугаартай Норт Бенз маркийн машинаар шатахуун авдаг. Надаас өөр хүн шатахуун авдаггүй. Тэгтэл түгээгч Э гэх эмэгтэй 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 200 литр түлш /430 000 төгрөг/, 07 дугаар сарын 07-ны өдөр 400 литр түлшийг намайг өөрийн эзэмшлийн 55-35 ГСА улсын дугаартай Норт Бенз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ирж авсан гээд зарлагын падаан бичсэн байсан. Тэгэхээр нь би Этэй уулзаад 2018 оны 07 дугаар сарын 01-ний үеэр Багануурт байсан, 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн гэдгээ хэлээд гадаад паспортаа үзүүлж тухайн үед Говьсүмбэр аймагт байгаагүй, зарлагын падаан дээр зурагдсан гарын үсэг нь минийх биш талаар хэлсэн. Тэр үед Э нь жирэмсэний амралтаа авах гэж байгаа учир цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Миний нэр дээр бичигдсэн байсан 600 литр түлшний мөнгийг Э төлж барагдуулсан. Төлсөнийг бодоход гарын үсгийг хуурамчаар зурсан, 600 литр түлшийг өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн л байх” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47-48, 2-р х.х-ийн 20-21 хуудас/
1.10. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний хувьд байгууллагын нэр дээр 15-57 ГСА улсын дугаартай автомашинаар түлш авдаг байсан. 2019 оны 06 дугаар сараас Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу уурын зуух, дулааны шугамын ажилд гарсанаас хойш нэг ч удаа түлш, шатахуун аваагүй. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б эгч түлш худалдан авсан жагсаалт явуулаад түлшнийхээ тооцоог нийл, Чойроос ийм их түлш авсан юм уу гэж асуусан...52-96 ГСА улсын дугаартай краны жолооч Б, Б нарын нэр дээр шатахуун аваагүй байхад зарлагын падаан бичсэн, мөн гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 49 хуудас/
1.11. Гэрч Р.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 31-ний өглөө эрхлэгч “ИС” ХХК-ний 2019 оны 07 дугаар сард худалдаж авсан шатахууны тооцоог цаасан дээр бичээд нэхэмжлэх явуулахад 1 700 000 төгрөгний шатахуун, тос тослох материал аваагүй байна гэж байна, ямар ямар хүмүүст тос шатахуун зарсанаа санаж байна уу гэж асуусан. Э “ИС” ХХК-ний хүмүүс өөрсдөө ирж түлш, шатахуун аваад гарын үсгээ зураад явсан гэж хэлсэн. Борлуулалтын менежер Ш борлуулалтаар нь шүүж үзэхэд миний зарсан 82 000 төгрөгний шатахуун гарч ирсэн, харин Эийн зарсан гэх шатахууны баримт гараагүй байсан. Тэгээд борлуулалтын менежер Ш, Э нар Эээс хуурамч бичиг баримт үйлдсэн үү, хувьдаа авсан асуудал байна уу гэж асуухад Э аваагүй, хувьдаа завшсан зүйл байхгүй гэж хэлсэн. “ИС” ХХК-ний жолооч нар нь шатахуун авахдаа байгууллагын регистрээ хэлээд баримтаа аваад падаанаа бичүүлж гарын үсгээ зурдаг” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 50-51 хуудас/
1.12. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын тооцоог “ИС” ХХК руу урьдчилсан байдлаар явуулаад нийлэх үед тооцоо зөрүүтэй байна гэж мэдэгдэхээр нь ШТС-ийн эрхлэгч Э болон тухайн үед түгээгчээр ээлжинд гарч байсан Э, Д нарыг дуудаж уулзсан. Борлуулалтын менежер Ш “ИС” ХХК-ний инженер Бийг дуудаж Э, Б нарыг нүүрэлдүүлж уулзуулсан. Э нь Б гэх хүнийг 52-96 ГСА улсын дугаартай машинтай хоёр поошигтой ирж түлш авсан гэж хэлэхэд Баянмөнх нь би тэгж аваагүй гэж хэлж байсан. “ИС” ХХК-ний аваагүй маргаантай байгаа хугацааны нөатын е-баримтыг шүүж үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 02, 2019 оны 07 дугаар сарын 07, 2019 оны 07 дугаар сарын 12, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрүүдэд шатахуун авсан баримтууд нь бүртгэгдээгүй байсан. “ИС” ХХК нь баримтаа тухай бүр хэвлүүлээд авдаг, мөн Б, Б нар нь өөрсдийнх нь гарын үсэг биш гэсэн асуудал ярьсан учир удирдлагад танилцуулж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар албан бичиг хүргүүлсэн. Манай нефть хангамжийн салбарын Петровис шатахуун түгээх станцын эрхлэгчээр Э гэх хүн хариуцан түгээгч нарт хяналт тавьж ажилладаг ба эрхлэгчийн зүгээс өдөр тутам түгээгч нартай тооцоог хүлээн авдаг, сарын эцэст тухайн байгууллагуудтай тооцоо нийлж, тайлан гаргаж бид нарт өгдөг. 2018 оны 07 дугаар сарын 28, 29-ний үеэр “ЭС” ХХК -руу 2018 оны 07 дугаар сард худалдан авсан шатахууны тооцоог авах үеэр 07 дугаар сарын 01, 07-ны өдөр шатахуун авсан аваагүй гэдэг маргаан гарсан талаар Петровис шатахуун түгээх 1-р станцын эрхлэгч Э надад хэлсэн. Тэгэхээр нь би хэний буруутай үйл ажиллагаа байна тэрийг сайтар тодруулаад эргээд хэлээрэй, өр авлагаа яаралтай барагдуулах арга хэмжээ ав гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын эхээр Э нь жирэмсэний амралтаа аваад өөрөө төлөхөөр болсон гэж хэлсэн. Тэгээд Эийн жирэмсэний амралтын мөнгөнөөс 600 литр түлшний мөнгө болох 1 290 000 төгрөг суутгаж авч байсан. Э төлнө гээд хүлээн зөвшөөрсөн гэхээр нь манай байгууллагаас цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 52-53, 2-р х.х-ийн 16-17 хуудас/
1.13. Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 07 дугаар сарын 07, 12, 22, 27-ны өдрүүдэд Эийн ээлжин дээр нэмэгдлээр орой 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл түгээгчээр ажилласан. Дээрх хугацаанд “ИС” ХХК-ний жолооч нар түлш, шатахуун ирж аваагүй. Авсан бол зарлагын падаан бичээд гарын үсгээ зурж, давхар е-баримт хэвлэж өгдөг” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 54 хуудас/
1.14. Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Говьсүмбэр аймгаас 52-96 ГСА улсын дугаартай Ниссаны крантай автомашин манай засварт 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл краны засвар үйлчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд автомашин огт хөдлөөгүй. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сүүлийн тооцоогоод хийгээд авсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 55-56 хуудас/
1.15. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би дүү Аийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гуйж аваад Улаанбаатар хот явсан. Харин 06 дугаар сарын 18-ны өдөр цааш Булган аймгийн Могод сум руу яваад 07 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймагт ирж дүүдээ машиныг нь буцаан өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 57 хуудас/
1.16. Гэрч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сард Петровис шатахуун түгээх 1-р станцын эрхлэгчээр ажиллаж байсан Э нь “ЭС” ХХК-ний захирал нь тухайн үед авсан гэх түлшийг аваагүй харин түгээгчээр ажиллаж байсан Э нь түлш авсан гэж маргаан үүссэн талаар танилцуулахад нь Этэй өөртэй нь уулзаад асуудлаа шийдвэрлэ гэж хэлсэн. Дараа нь энэ асуудлыг Э нь төлж ямар нэгэн маргаангүй болсон гэж байсан. Харин 2019 оны 07 дугаар сард “ИС” ХХК-ний нэр дээр Э нь зарлагын баримт бичээд шатахуун авчихсан юм шиг байна. “ИС”-ын инженер нь миний гарын үсэг биш байна гэсэн асуудал ярьлаа гэж хэлсэн. Тухайн үед би Эг дуудаж уулзаад чи “ИС” ХХК-ний нэр дээр зарлагын баримт хуурамчаар бичиж шатахуун авсан уу, авсан бол эртхэн төлж барагдуул, хэрэв төлж барагдуулахгүй бол цагдаа шүүх болно шүү гэхэд би зарлагын баримт бичиж шатахуун аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь “ИС” ХХК-ний ажилчид нь ирж шатахуун аваад аваагүй гээд байгаа юм болов уу гэж бодоод энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. “ЭС” ХХК-ний асуудлыг тухайн үед хэнийх нь буруутай үйлдэл болохыг мэдээгүй болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Манай байгууллагын түгээгч нарын ажлын байрны тодорхойлолт 2016 онд батлагдсан түүнээс хойш шинэчлэгдээгүй. Түгээгч нь ажлын байрны тодорхойлолтоор Шатахуун тослох материал /ШТМ/ болон эд хөрөнгийг хадгалах хамгаалах, түгээх, хэмжилт хийх, шатахуун тослох материалыг хүлээн авах үндсэн чиг үүрэгтэй. Шатахуун тослох материалын болон байгууллагын эд хөрөнгийг эд хөрөнгө хариуцсан гэрээгээр түгээгч нарт хариуцуулан өгдөг. Байгууллагын эд хөрөнгө үрэгдүүлсэн, гэмтээсэн, устгасан мөн шатахуун тослох материал болон борлуулалтын орлого дутаасан тохиолдолд хариуцлага тооцох талаар ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээн дээр тодорхой тусгасан байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 58-59, 2-р х.х-ийн 159-161 хуудас/
1.17. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь 07 дугаар сарын 02-оос 19-ний хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байсан. 07 дугаар сарын эхээр байхаа өдрийг нь санахгүй байна машин эвдэрсэн гээд хот руу явсан. Манай нөхөр Даланжаргалан суманд ажилд явсанаас хойш Чойрын наадмаар трансорматорын масло авах гэж Чойрт ирсэнийг санаж байна. Мөн 07 дугаар сарын 07, 08-ны үеэр Чойрт “ИС” ХХК-ний эзэмшлийн 52-96 ГСА улсын дугаартай крантайгаа ирээд манай ажлаас 200-н пошикинд трансорматорын масло аваад Даланжаргалан сум руу явсан. Тухайн үед манай ажлын сахиул Д, Бийн ажлын М гэх хүн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 60-61 хуудас/
1.18. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 20 минутанд Б нь 52-96 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Маяти крантай ирж манай байгууллагын хашаанд байх 200-ын пошик 1 ширхэгийг авчирч трансарматорын хуучин тос 200 литрийг ирж авсан. Тухайн үед нярав Н хамт байсан. Б трансармоторын тос авахдаа хамт ажилладаг хүнтэйгээ явж байсан, би тэр хүнийг нь танихгүй. Машиных нь ачаан дээр 1 ширхэг 200-ын пошик л байсан. Уг пошикиндоо манай хашаанд байх хуучин трансарматорын тос хийж авч явсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 63 хуудас/
1.19. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 07, 08-ны үеэр Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас “ИС” ХХК-ний 52-96 ГСА улсын дугаартай Маяти крантай Говьсүмбэр аймагт ирсэн. Тэгээд БЗӨБЦТС-ний Говьсүмбэр аймаг дахь салбарын хашаанд очиж 200-ын 1 ширхэг пошикинд трансарматорын масло 200 литрийг авч машин дээр ачаад Сүмбэр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах Петровис шатахуун түгээх станцад орж шатахуун авсан. Тухайн үед Б ах банкаа дүүргээд е-баримтаа хэвлүүлж аваад бид хоёр Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу буцсан. Б ах бид хоёрын хувьд байгууллагын 52-96 ГСА улсын дугаартай автомашинаар 350 литр түлш авсан асуудал огт байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 64 хуудас/
1.20. Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр Саас 2018 оны 07 дугаар сард Петровис шатахуун түгээх станцаас энэ сард их түлш авсан гэж гарсан байна. Шалгаад үзэхэд намайг Чойрт байхгүй байх хугацаанд миний 55-36 ГСА улсын дугаартай Норт Бенз маркийн тээврийн хэрэгсэл дээр түлш авсанаар бичсэн байна гэж байсан. Зарлагын баримтан дээрх гарын үсгийнх нь зургийг нь авсан миний гарын үсэг биш байна гээд надад үзүүлж байсан. Уг зарлагын баримтан дээрх гарын үсгийг харахад Сонинбарын гарын үсэг биш байсан. Сонинбаяр бид хоёр 06 дугаар сарын 31-ээс 07 дугаар сарын 01-ний хооронд Багануур дүүрэгт хоёр хүүхдээ хүргэж өгөхөөр яваад 07 дугаар сарын 03-ны өдөр Чойрт ирсэн. Тэгээд ОХУлс руу 07 дугаар сарын 04-ний өдөр яваад 07 дугаар сарын 08-ны өдөр Монголд ирсэн. Сонинбаяр нь Говьсүмбэр аймагт дээрх хугацаанд байгаагүй. Сонинбаяраас өөр хүн шатахуун авдаггүй байсан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 23 хуудас/
1.21. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Нефть хангамжийн салбарын даргын тушаалаар Э нь 2016 оны 02 дугаар сард Нефть хангамжийн салбарын ШТС-ын түгээгчээр анх туршилтын 3 сарын хугацаатай томилогдоод 2016 оны 07 дугаар сараас эхлэн жинхэлэн ажиллах болсон. Э 3 болон 6 дугаар сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Харин 2017 оны 01 дүгээр сараас эхлэн хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлын байрны тодохойлолт нь 2016 онд батлагдаад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Уг ажлын байрны тодорхойлолтыг анх ажилд орж байгаа хүнд танилцуулж нэг хувийг хуулбарлан өгдөг. Мөн хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгдөг. 2018 оны 08 дугаар сард жирэмсэний чөлөө авч 2019 оны 03 дугаар сард ажилдаа эргэн орсон” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 162 хуудас/
1.22. Шинжээч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 178 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн салбарын Петровис 4 дүгээр шатахуун түгээх станцаас “ИС” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тос, тослох материал зарж борлуулсан тооцоо нь 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн №06 тоот тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна гэж тусгасан. Иймд Эт холбогдох дутагдал нь нийтдээ 1 729 130 төгрөг байна. Шинжээчийн хувьд Эт холбогдох дутагдлыг мөрдөгчөөр дамжуулан нэмэлтээр авсан Петровис 4 дүгээр шатахуун түгээх станц, “ИС” ХХК хоёрын хоорондын тооцоо нийлсэн актаар баталгаажуулахад 21 237 төгрөгийн зөрүүтэй гарсан. Аудитор Б-гийн хувьд падаануудыг үндэслэн тооцсоноор 21 237 төгрөгөөр шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй тооцогдсон байдаг” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 122-124 хуудас/
1.23. Шинжээч М.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Шинжилгээнд хүргүүлсэн зарлагын /баримт/ 6 ширхэг падааны баруун доод /буланд/ хэсэгт “хүлээн авсан” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б, Б, А нарын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн нь шинжилж буй гарын үсгүүд нь хуурамч дуурайлгаж зурсан гарын үсэг байна гэсэн үг. Харьцуулан шинжлэх боломжгүй гэсэн бусад гарын үсгүүдийн хувьд хэдийгээр дуурайлган зурсан хуурамч гарын үсэг боловч уншигдах Х, Б үсгүүдэд илэрч буй шинж тэмдгээр нь Эийн бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжилж дүгнэлт гаргахад хангалтгүй байсан. Хүний гарын үсгийг дуурайлган хэлбэрийг нь дагуулж зурсан учраас тухайн бичигчийн бичгийн хэвийг хувийн онцлог шинж тэмдгүүд нь хангалттай дүрслэгдээгүй байдаг. Тийм учраас дээрх харьцуулан шинжлэх боломжгүй гэсэн гарын үсгүүдийн Эийн бичгийн хэвийн загваруудтай шинжлэн харьцуулах боломжгүй” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 151-152 хуудас/
1.24. Шинжээч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Шинжилж буй гарын үсэг нь “Уншигдах” элементүүдээс бүтсэн бол харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хэн нэгний бичгийн хэвүүдтэй харьцуулан шинжилж тогтоох боломжтой байдаг. Харин уг шинжилж буй гарын үсгүүдийн хүрээнд үл уншигдах элементүүдээс бүтсэн хялбаршуулсан үйлдэцтэй гарын үсэг тул хэн нэгний бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжилж дүгнэлт гаргах боломжгүй. 5606 дугаартай дүгнэлтийн 2018 оны 07 дугаар сарын 01, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн баруун доод хэсэгт байх Сын шинжилж байгаа гарын үсгүүдэд үл уншигдах элемент зонхилсон, дуурайлган зурсан байж болох тул хэн нэгнийг бичгийн хэвийн уншигдах загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй юм” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 153-154 хуудас/
1.25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4006 дугаар дүгнэлтэнд: “Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Б, Ч.Б, Л.А нарын гэх гарын үсгийн загварууд нь адилтгалын шинжилгээний шаардлагыг хангаж байна, шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “ИС” ХХК-ний 275 996 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “ИС” ХХК-ний 868 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 07 дугаар сарын 12-ны “ИС” ХХК-ний 103 251 төгрөгний “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “ИС” ХХК-ний 158 120 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “ИС” ХХК-ний 248 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “ИС” ХХК-ний 97 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падааны нөхөх хэсэгт тус тус бичсэн шинжилж буй бичгүүдийг А.Эийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна, шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “ИС” ХХК-ний 868 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падааны баруун доод хэсэгт “Хүлээн авсан” гэсний ард болон 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “ИС” ХХК-ний 248 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падааны баруун доод хэсэгт “Хүлээн авсан” гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь хоорондоо тохирч байна, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “ИС” ХХК-ний 275 996 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падааны баруун доод хэсэгт “Хүлээн авсан” гэсний ард болон 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “ИС” ХХК-ний 158 120 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падааны баруун доод хэсэгт “Хүлээн авсан” гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь хоорондоо тохирч байна, 2019 оны 07 дугаар сарын 12-ны “ИС” ХХК-ний 103 251 төгрөгний “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “ИС” ХХК-ний 158 120 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падааны баруун доод хэсэгт “Хүлээн авсан” гэсний ард болон 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “ИС” ХХК-ний 97 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падааны баруун доод хэсэгт “Хүлээн авсан” гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд хоорондоо тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “ИС” ХХК-ний 275 996 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Илчит Сансар” ХХК-ний 868 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 07 дугаар сарын 12-ны “Илчит Сансар” ХХК-ний 103 251 төгрөгний “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “ИС” ХХК-ний 158 120 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “ИС” ХХК-ний 248 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “ИС” ХХК-ний 97 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падааны баруун доод хэсэгт “Хүлээн авсан” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Б, Ч.Б, Л.А нарын гэх гарын үсгийн загваруудтай тус тус тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 12-ны “ИС” ХХК-ний 103 251 төгрөгний “ШТМ”-ын зарлагын падаан, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “ИС” ХХК-ний 97 000 төгрөгийн “ШТМ”-ын зарлагын падааны баруун доод хэсэгт “Хүлээн авсан” гэсний ард тус тус зурсан уншигдах үсгүүдээс бүтсэн шинжилж буй гарын үсгүүд болон бичгийг нэг хүн үйлдсэн, А.Эийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. Харин бусад шинжилж буй гарын үсгүүд нь үл уншигдах элементээс бүтсэн байх тул шинжилж буй бичгүүдтэй харьцуулан шинжилж, нэг хүн үйлдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.
Дүгнэлт гаргасан Шинжээч, цагдаагийн ахмад М.Э гэжээ /1-р х.х-ийн 83-94 хуудас/
1.26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаар дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Нефть хангамжийн газрын болон “ИС” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 1-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өгч авалцсан шатахуун тос, тослох материалыг хоёр байгууллагад хөтөлж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангүй бүртгэлээр тооцоо нийлж тулгахад нийт 1 729 130 төгрөгийн зөрүү тооцоолол гарсан байна. Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн салбарын Петровис 4-р шатахуун түгээх станцаас “ИС” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тос, тослох материал зарж борлуулсан санхүүгийн баримтанд тооллого, тооцоо үнэн зөв хийгдсэн нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №06 тоот тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн салбарын Петровис 4-р шатахуун түгээх станцын түгээгч А.Э нь 2019 оны 06 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 19,000.37 литр шатахуун, тос тослох материал борлуулж, 40,231,262.00 төгрөгийн орлого оруулсан байна. Харин Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн салбарын Петровис дөрөвдүгээр шатахууун түгээх станцаас “ИС” ХХК-д 2019 оны 6 дугаар сард 2,704,059.00 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 535,825.00 төгрөг, нийт 3,239,884.00 төгрөгийг шатахуун, тос тослох материалын борлуулалт хийсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн салбарын Петровис 4 дүгээр шатахуун түгээх станцаас “ИС” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тос, тослох материал зарж борлуулсан хоорондын тооцоо нь шинжилгээнд ирүүлсэн Нефть хангамжийн салбарын Петровис 4 дүгээр шатахуун түгээх станцаас гаргасан шатахууны тооцооны жагсаалт, е-баримт, тооцоо нийлсэн акт зэргийг тулган шалгахад 2019 оны 6 дугаар сард 97,000.00 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 1,632,130 төгрөг, нийтдээ 1,729,130.00 төгрөгийн зөрүүтэй байна. Шинжилгээгээр Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн салбарын Петровис 4 дүгээр шатахуун түгээх станцын түгээгч А.Э нь 2019 оны 06 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тос, тослох материал зарж борлуулсан хоорондын тооцоогоор 1,729,130.00 төгрөгийн дутагдал гаргасан байна.
Дүгнэлт гаргасан: Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.О гэжээ /1-р х.х-ийн 105-109 хуудас/
1.27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5606 дугаар дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн баримт материалууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 01-ний “ШТМ-ын зарлагын падаан” гэсэн баримт, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “ШТМ-ын зарлагын падаан” гэсэн баримтын зүүн буланд байх шинжилж буй гарын үсгүүд болон нөхөх хэсгүүдэд үйлдэгдсэн бичвэрүүд нь А.Эийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн 2018.07.01-ний өдрийн “ШТМ-ын зарлагын падаан” гэсэн баримт, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “ШТМ-ын зарлагын падаан” гэсэн баримтын баруун дээд хэсэг байх шинжилж буй гарын үсэг нь Б.Сын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна”
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Д.Э гэжээ /2-р х.х-ийн 25-39 хуудас/
1.28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 222 дугаар дүгнэлтэнд: ”Нефть хангамжийн салбарын болон “ЭС” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 01-2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийгдсэн тос тослох материал зарж борлуулсан санхүүгийн баримтанд тооллого, тооцоо үнэн зөв явагдаж байсан гэж үзэхээр байна. А.Э нь 2018 оны 07 дугаар сард А-80 3151 л, Аи-92 1566л, ДТ-41288, тос-458 л буюу нийт 106 149 270 төгрөгийн шатахуун тос тослох материалыг зарсан байна. Шинжилгээнд “ЭС” ХХК-нд ачуулсан шатахуун, тос тосолгооны материалын зарлагын баримт, е-баримт зэргийг ирүүлээгүй тул 2018 оны 07 дугаар сарын 01- 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гаргаж өгсөн зарлагын баримт /падаан, е-баримт/ зэрэг нь үнийн дүнтэй тохирч байгааг хариулах боломжгүй байна. НИК-ийн Говьсүмбэр дэх салбараас “Эс” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31 өдрийг дуусталх хугацаанд тооцоо нийлж өр авлагагүй гэж тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж гарын үсэг зурж тамга дарсан баримтыг шинжилгээнд ирүүлсэн байна. А.Э нь 1 290 000 төгрөгийг Нефть хангамжийн газрын ХААН банкинд байрших 5990057622 тоот дансанд шилжүүлсэн гэх хуулгыг шинжилгээнд ирүүлсэн болно”
Дүгнэлт гаргасан: Эдийн засгийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Д.М гэжээ /2-р х.х-ийн 48-50 хуудас/
1.29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1366 дугаар дүгнэлтэнд: “ Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 07 өдөр, 2019 оны 07 дугаар сарын 02 өдөр, 2019 оны 07 дугаар сарын 12 өдөр, 2019 оны 07 дугаар сарын 12 өдөр 2019 оны 07 дугаар сарын 19 өдөр гэсэн огноотой ШТМ-ын зарлагын падаан гэх 5 ширхэг баримтуудын зүүн доод хэсэгт байх “Олгосон” гэсний ард зурагдсан гарын үсгүүд болон А.Эийн гэх гарын үсгийн чөлөөт болон туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 2019 оны 07 дугаар сарын 07 өдрийн огноотой ШТМ-ын зарлагын падаан гэх баримтны зүүн доод хэсэгт байх “олгосон” гэсний ард, 2019 оны 07 дугаар сарын 02 өдрийн огноотой ШТМ-ын зарлагын падаан гэх баримтны зүүн доод хэсэгт байх “олгосон” гэсний ард, 2019 оны 07 дугаар сарын 12 өдрийн огноотой ШТМ-ын зарлагын падаан гэх баримтны зүүн доод хэсэгт байх “олгосон” гэсний ард, 2019 оны 07 дугаар сарын 12 өдрийн огноотой ШТМ-ын зарлагын падаан гэх баримтны зүүн доод хэсэгт байх “олгосон” гэсний ард, 2019 оны 07 дугаар сарын 19 өдрийн огноотой ШТМ-ын зарлагын падаан гэх баримтны зүүн доод хэсэгт байх “олгосон” гэсний ард тус тус зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцууулах загвараар ирүүлсэн А.Эийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. Тохирч буй шинж тэмдгүүдийг “үзлэг ба шинжилгээ” хэсгээс харна уу. Шинжилгээнд баруун дээд буландаа 6 гэж дугаарласан, 2019 оны 06 дугаар сарын 18 өдрийн огноотой ШТМ-ын зарлагын падаан гэх баримт ирүүлсэн боловч мөрдөгчийн тогтоолын “Олсон нь” гэсэн хэсэгт уг баримт дурдаагүй тул дээрх баримтад шинжилгээ хийгдээгүй болно. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй. Жич: Шинжээчийн 1366 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, шинж тэмдгийн боловсруулалтыг, шинжилгээнд ирүүлсэн зүйлсийн хамт бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн болно. ”.
Дүгнэлт гаргасан: Мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Г.О гэжээ /2-р х.х-ийн 164-177 хуудас/
1.30. А.Эг ажилд томилсон ажил олгогчийн тушаалууд, 2019 оны 07 дугаар сарын ээлжийн хуваарийн хуулбар, А.Этэй хийсэн хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд, А.Эийн 2018 оны 08 дугаар сарын цалин олгосон баримт, цалин тавьж олгох хүснэгт, А.Эийн жирэмсэний болон амаржсаны эмнэлгийн хуудас, тэтгэмж олгосон баримт, /1-р х.х-ийн 163-164, 180-201 хуудас, 2-р х.х-ийн 189-204, 2-р х.х-ийн 86, 87, 88/
1.31. Эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, ШТМ-ын зарлагын /2018 оны 07 дугаар сарын 01, 2018 оны 07 дугаар сарын 07, 2019 оны 06 дугаар сарын 18, 2019 оны 07 дугаар сарын 02, 2019 оны 07 дугаар сарын 07, 2019 оны 07 дугаар сарын 19, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг/ нийт 8 ширхэг эд мөрийн баримтууд /2-р х.х-ийн 181-187 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч А.Эг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч А.Эг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь: шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбарын Петровис шатахуун түгээх станцад хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан түгээгчээр ажиллаж, ээлжинд гарсан хугацаандаа Петровис шатахуун түгээх станцын шатахууныг итгэмжлэн хариуцаж, баримт үйлдэн борлуулалт хийж, орсон орлогыг бүрэн гүйцэт тушаах үүргийг хүлээдэг байсан болох нь хэрэгт авагдсан ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Эийн гүйцэтгэж байсан түгээгчийн ажилд эрх нөлөө байхгүй байх тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн борлуулсан орлогоос завшсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Саас гэм буруугийн шүүх хуралдаанд албан тушаалтан гэдэг нь албаны нэр хүнд нөлөөг хэлэх ба үүнийгээ ашиглаж гэмт хэрэг үйлдсэн бол албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх боломжтой. Харин итгэмжлэн хариуцсан этгээд гэдэг нь гэрээний үндсэн дээр тухайн байгууллагын эд хөрөнгийг хариуцсан хүнийг хэлнэ. Мөн албан тушаалтан нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн засагласан шийдвэр гаргах этгээдийг хэлнэ. Ажлын байрны тодорхойлолтод шүүгдэгч А.Эг хөдөлмөрийн хөлсний доод түвшингээр цалинждаг ажилтан гэж тодорхойлсон ба түгээгч нь хэн нэгэнд үүрэг даалгавар өгдөг субъект биш. Эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч А.Э нь албан тушаалтан биш. Мөн яллах дүгнэлтэнд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 8 удаагийн үйлдлээр бага хэмжээнээс дээш хохирол учруулж завшсан гэдэг 2 үндэслэлийг дурдсан нь Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт албан тушаалын байдлаа урвуулах, бага хэмжээнээс дээш хохирол гэсэн үгнүүд байхгүй. Иймд улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтүүдийг шүүгдэгч А.Эт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлд авч үзлээ.
Шүүгдэгч А.Э болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нар нь нийт 8 удаагийн үйлдлээр хуурамч зарлагын падаан үйлдэж шатахуун борлуулсан орлогоос 3 019 130 төгрөг завшсан болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч А.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Байгууллагад учирсан хохирлыг А.Эээс гаргуулж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 157-158 хуудас/
2.2. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь манай байгууллагад 97 000 төгрөгний хохирол учруулсан уг мөнгөө одоог хүртэл барагдуулаагүй. Буруутай этгээдээр манай байгууллагад учирсан 97 000 төгрөгийг төлүүлж хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 26-29 хуудас/
2.3. Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай дүү Энхчимэг нь төлөв даруу, багын гүргэр, хаалттай зантай, хүнд тусархаг, эелдэг зантай хүн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 65 хуудас/
2.4. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай эхнэр Э нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, зохион байгуулалт сайтай, үнэнч шударга зантай. Манай охин С одоо 10 сартай” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 67 хуудас/
2.5. А.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Хаан банкны зээлийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р х.х-ийн 138, 143, 149, 205-217 хуудас/
2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 148 хуудас/
2.7. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хамтран ажиллах гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, шинжээчийн ажлын хөлсний мэдэгдэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох тэмдэглэл /1-р х.х-ийн 101-103, 2-р х.х-ийн 43-45, 47, 92 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүхээс хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч А.Э нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр барагдуулсан, мөн эрүүгийн хэрэг үүссэн хугацаанаас хойш үлдэгдэл хохирлоо төлж барагдуулаагүй, торгох ялаар оногдуулсан тохиолдолд түүнийг биелүүлэх нөхцөл бололцоо хэрэг авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.С эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний бага насны хүүхэдтэй, хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулах ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: шүүгдэгч А.Э нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт нь шаардлага хангахгүй болно.
Өөрөөр хэлбэл хохирол төлөхөө илэрхийлсэн гэдэг нь хохирлыг ямар эх үүсвэрээр хэрхэн яаж, хэзээ төлж барагдуулах талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг хавсаргах шаардлагатай, хохирлыг төлж барагдуулна гэснээр илэрхийлсэн гэж үзэхгүй ба хохирол төлж барагдуулах эх үүсвэр нөхцөл бололцоо нь тодорхой байхыг шаардана.
Харин шүүгдэгч А.Эийн бага насны хүүхэдтэй гэх хувийн байдлыг харгалзан оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар “ажиллагсад хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэснийг үндэслэн Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбараас 97 000 төгрөгийг гаргуулж “ИС” ХХК-нд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Эээс нийт учруулсан хохирол 3 019 130 төгрөгөөс төлсөн 1 290 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1 729 130 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбарт тус тус олгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална”, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.6.4 “эдийн засгийн хохирол тооцох шинжилгээ хийж дүгнэлт гаргахад гарсан зардлыг тухайн үйл ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээгээр тооцохоор зохицуулсан байна. Шүүгдэгч А.Эт холбогдох хэрэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээчээр 2 удаагийн дүгнэлт гаргуулсан ба үйлчилгээний хөлс нийт 1 000 000 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1 000 000 төгрөгийг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан дахь 100900012005 тоот дансанд оруулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Эийн хуурамчаар үйлдсэн гэх 8 ширхэг ШТМ-ын зарлагын падааныг /2-р х.х-ийн 184-187/ уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1917001380104 дугаартай хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Аын Эг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбараас 97 000 /ерөн долоон мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “ИС” ХХК-нд, шүүгдэгч А.Эээс 1 729 130 /нэг сая долоон зуун хорин есөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбарт тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан дахь 100900012005 тоот дансанд оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Эийн хуурамчаар үйлдсэн гэх 8 ширхэг ШТМ-ын зарлагын падааныг /2-р х.х-ийн 184-187/ уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА