Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 00482

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар, Л.Ганболдын нэхэхмжлэлтэй ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00493/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, 1-1-5 тоотод оршин суух, Жагар овогт Ламзавын Ганболд /РД:ГН61060212/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хутаг-Өндөр сумын 10 жилийн дунд сургуулийг 1976 онд төгсөөд ЗХУ-ын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль-д трактор, комбайны жолоочоор суралцаж 1978 онд төгссөн. 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Тэрэм бригадад трактор комбайны жолоочоор хуваарилагдан очиж 1980 оны 06 дугаар сарыг дуустал ажилласан. 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарыг хүртэл цэргийн алба хаасан, цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс трактор, комбайны жолоочоор ажилд орж 1994 оны 06 дугаар сарыг хүртэл тасралтгүй ажилласан. 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Магсаржав сангийн аж ахуйн контор шатаж, тус конторт хадгалагдаж байсан 1988 оноос 1994 оныг хүртэлх хугацааны баримтууд үгүй болсон. Иймд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. 1988 оноос хойшхи бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр бүгд шатсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганболд нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай цалингийн лавлагаа, Хутаг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас олгосон 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Баярын бичиг-үүд, Магсаржав сангийн аж ахуйн захиргаанаас олгосон 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн баярын бичиг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багийн төвд байршилтай Магсаржав компанийн конторт 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цахилгаан угсралт, ашиглалт нь галын аюулгүй байдал хангаагүйгээс шалтгаалан гал гарч, конторын барилга байгууламж, эд зүйл, архивын бичиг баримтууд өртөж шатсан болохыг тодорхойлсон Булган аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай тодорхойлолт, тухайн үед Л.Ганболдтой хамт ажиллаж байсан гэрч Р.Оюуны өгсөн ..Би 1978 онд Санхүү эдийн засгийн техникум төгсч ирээд Булган аймгийн Хутаг-Өндсөр сумын Магсаржав сангийн аж ахуйд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Магсаржав сангийн аж ахуй нь 1992 онд компани болж өөрчлөгдсөн. Би 2002 оныг хүртэл тус компанийн нягтлан бодогчоор тасралтгүй ажилласан. Л.Ганболд 1979 онд Тээл багийн Тэрмийн үр тарианы бригадад трактор, комбайнчнаар ажилд орж 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг, гэрч Д.Төмөрсанаагийн өгсөн ..Би 1979 оноос 1994 оныг хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Тэрмийн бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан. Мөн 1989 онд бригадын даргаар ажиллаж байсан. Л.Ганболд нь1979 онд тус сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд орж 1994 оныг дуустал бид хамт ажилласан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жагар овогт Ламзавын Ганболдыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав Сангийн аж ахуйд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл трактор, комбайны жолоочоор 12 /арван хоёр/ жил, 6 /зургаа/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН