| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00494/И |
| Дугаар | 00483 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 00483
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар, Ц.Дарьмаагийн нэхэхмжлэлтэй ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00494/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, 3а-2-19 тоотод оршин суух, Шивэрт овогт Цэндээхүүгийн Дарьмаа /РД:ГН61070106/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дарьмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд 10 дугаар ангиа төгсөж 1980 оны 06 дугаар сараас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээлийн цогцолборт саальчнаар ажиллаж байгаад 1989 оны 04 дүгээр сараас Хутаг-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд сав угаагчаар 1990 оныг дуустал ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрийг 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нээж нөхөн бичилт хийхдээ дэвтэр эзэмшигчийн нэрийг Даариймаа гэж бичсэн зөрчилтэй байна. Иймд Ц.Дарьмаа намайг 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нээсэн 205403 гэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр мөн болохыг тогтоож, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл малчнаар, 1989 оны 04 дүгээр сарын 5-ны өдрөөс 1990 оныг хүртэл Хутаг-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд сав угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би 1987 онд хүүхэд төрүүлж байсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дарьмаа нь 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Цэндээхүүгийн Дайриймаа нэрээр нээсэн №205403 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл малчнаар, 1989 оны 04 дүгээр сарын 5-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хутаг-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд сав угаагчаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаар ажилд томилох тухай тушаал, Булган аймгийн Хутаг сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай ажилд авах тухай тушаал, Хутаг сумын Ардын депутатуудын хурлаас өгсөн Баярын бичиг, Булган аймгийн Ардын депутатуудын хурлаас өгсөн 1982 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Диплом, 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, тухайн үед Ц.Дарьмаатай хамт ажиллаж байсан гэрч Т.Түвшинжаргалын өгсөн ...би 1980 оноос 1990 оныг хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Тээл бригадад саальчнаар ажиллаж байсан. Ц.Дарьмаа нь 1980 оноос 1989 оныг дуустал тус нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Б.Хишигтийн өгсөн ..Би 1979 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж 1980 оноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд малчин, саальчнаар ажилд орж 1990 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Ц.Дарьмаа нь 1980 оноос тус нэгдэлд 1990 оныг хүртэл малчин саальчнаар ажиллаж байсан. Бид нар өвөлдөө Баяннуурын фермд саальчин хийж өвөлждөг, зун нь хүйтэн булагийн заводод үнээ саадаг байсан гэх мэдүүлэг, гэрч Р.Мөнхсайханы ..Би Дарьмааг багаас нь мэднэ. Түүнийг Дарьмаа л гэж дууддаг байсан. Хөдөлмөрийн дэвтэрт нь Дайриймаа гэж нэрийг нь буруу бичсэн байна гэх мэдүүлэг, гэрч С.Ариунаагийн ..Ц.Дарьмаа бид хоёр хамт ажилладаг байсан. Бид Дарьмаа л гэж дууддаг байсан. Хүмүүс авгайлахдаа өөрөөр дууддаг байсан байхыг үгүйсгэхгүй, хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь буруу бичсэн байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Шивэрт овогт Цэндээхүүгийн Дарьмааг 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Цэндээхүүгийн Дайриймаа нэрээр нээсэн №205403 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэндээхүүгийн Дарьмааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл малчнаар 8 /найм/ жил 10 /арав/ сар 5 /тав/ хоног, 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хутаг-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд сав угаагчаар 8 /найм/ сар 25 /хорин тав/ хоног, улсад нийт 9 /ес жил, 7 /долоо/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН