Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 68

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Хд холбогдох 2030000910087  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал маллах, Ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б.Х,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг ... тоотод хохирогч С.Эийн толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь “зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би тухайн өдөр ээжтэйгээ хөдөөнөөс орж ирсэн. Ээж хувцас угаагаад би гар утсаараа тоглоод сууж байхад манай аавын төрсөн ах С.Э нь гаднаас согтуу орж ирээд агсам тавьж байснаа гараад явсан. Тэгж байгаад дахиад орж ирээд загнаж байгаад гарч яваад хэсэг хугацааны дараа дахиад орж ирсэн. Ээж хаалгаа нээж өгөөд гарах гэтэл толгой руу нь цохисон. Үүнийг нь би хараад төмрөөр цохисон. Надаас нэхэмжилсэн хохирол байхгүй. Энэ төмөр нь манай машины өндөрлөгөөний төмөр. Буцаан авч хэрэглэнэ. Гэм буруугаа Хүлээн зөвшөөрч байна. Торгуулийг төлнө...гэв.

 

- Яллагдагч Б.Хгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд манай аавын төрсөн ах С.Э нь манай гэрт ирээд малаа эзэнгүй орхиж ирлээ гээд уурлаад та нарыг бүгдийг нь ална шүү гэх мэтээр загнаж байгаад гараад явсан. 17 цагийн орчимд ахиж гэрт ирээд хаалга, цонх балбаж байгаад орж ирээд “ та нар мал эзэнгүй орхиж ирлээ, одоо 30 минутын дараа хөдөө явна шүү “ гэхээр нь би маргааш бүгдээрээ явъя гэхэд тийм байхгүй одоо явна гэж загнаж байгаад гэрээс гараад явсан. 18 цаг өнгөрч байхад эргэж ирээд хаалга балбаад байхаар нь манай ээж хаалга тавьж өгөхөд С.Э ах манай ээжийн толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохихоор нь би уурлаад гэрийн таамбарт байсан машины өндөрлөгөөний нарийн төмрөөр С.Э ахын дал хавьцаа нь нэг удаа цохисон юм. Тэгтэл Э ах надруу эргэж харахаар нь би айсандаа сандраад ахиж толгойн хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэгээд Э ах надад хандан ахын дүү ах нь болилоо гэж байсан. Намайг Э ахыг төмрөөр цохиж байх үед манай ээж таамбараас гараад явсан байсан. Тэгээд ээж иргэж ирээд намайг дагуулаад айлруу явсан юм. Тэгээд манай ээж цагдаа дуудна гээд явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

 

        - Хохирогч С.Эийн: Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт өөрийн төрсөн дүү Бийнхтой цуг өвөлжиж байгаа юм. Манай хоёр гэрийн мал цуг байдаг. 2020 оны 02 сарын 16-ны өдөр би сумын төвд сар шинийн юм бэлдэхээр орж ирээд явж байгаад өөрийн найз болох Ртой гудамжинд таараад гэрт нь очоод бид хоёр “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан юм. Рийн гэрээс гараад бид хоёр гадуур айлуудаар явж архи ууж явж байгаад 17 цагийн орчимд салцгаасан. Тэгээд би өөрийн төрсөн дүү болох Бийн сумын төв дээр байдаг гэрээр нь очиход Бийн эхнэр Туяа, том хүү Б.Х нар сумын төвийн гэртээ юм угаана гэж хөдөө гэрээсээ ирсэн байсан. Тухайн үед би жаахан халамцуу байсан болохоор Б.Хг “хонио эзэнгүй хаячихаад сумын төвд ирлээ” гэж уурлаад хэд гурван үг хэлчихээд гэрээс нь гарч яваад өөрийн хүргэнийдээ байж байгаад эргээд Бийн гэрт очоод орох гэтэл Бийн эхнэр Туяа намайг гэртээ оруулахгүй гэрийнхээ үүднээс түлхсэн юм. Тэгтэл Туяагийн араас нь Б.Х гарч ирээд миний толгойруу хатуу биетээр 2,3 удаа цохисон. Тэгэхээр нь би Б.Хд хандан чи намайг мод юмуу, төмөр юмуу нэг хатуу зүйлээр 2, 3 удаа цохилоо гэж хэлээд газар ойчоод өгсөн. Тэгээд газар жаахан хэвтэж байгаад босож Бийн гэрлүү нь ороход гэрт нь хүн байгаагүй юм. Бийн хашаанаас гараад хойшоо явж байхад Туяа сумын цагдааг дагуулаад ирсэн. Тэгээд намайг сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Б.Х нь миний өөрийн төрсөн дүүгийн хүүхэд. Миний хувьд Б.Хтай урьд өмнө маргалдаж муудаж байгаагүй. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй.  Б.Х намайг цохиж байх үед бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн үед би яг юугаар цохисныг нь мэдээгүй. Хатуу биетэй юмаар миний толгойн хэсэгт 2,3 удаа цохисон юм. Б.Хд зодуулсны улмаас миний зүүн талын шанаан хэсэгт 6 сантиметр орчим зүсэгдэж ярагдсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй.Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-10-12  хуудас/

 

- Гэрч Г.Тгийн: 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сар шинэ болж байгаа учир хувцас хунараа угаахаар би том хүүтэйгээ хөдөө гэрээсээ сумын төвд байх гэртээ ирсэн юм. Гэртээ байж байхад манай нөхрийн төрсөн ах болох С.Э гаднаас архи уусан байдалтай орж ирээд “ та нар малаа эзэнгүй хаяж ирлээ, та муу хоёр юу гэж сумын төвд ирсэн” гэж уурлаад байхаар нь би С.Э ахад хандан “ хөдөө мал дээр Б байгаа “ гэж хэлэхэд та нар манайхтай цуг байж чадахгүй бол манай хаяанаас зайлаарай гээд уурлаж байгаад гараад явсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад С.Э ах манай гэрлүү эргэж ирээд манай том хүү болох Б.Хруу уурлаад “ намайг хөдөө гэрт хүргэж өг муу гуйлгачин минь “ гэж байгаад гэрээс гараад явсан. Орой 19 цаг өнгөрч байхад мөн л манай гэрийн гадаа ирээд хаалга балбаад байхаар нь би хаалгаа тавьж өгөхөд шууд миний толгойруу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ зөрөөд гарч хашаанаас гараад хойшоо явж байгаад эргээд гэртээ ирэхэд манай хүү Б.Х нь С.Э ахыг цохичихсон байсан. Яг юугаар цохисныг нь би хараагүй юм. Дараа нь машины өндөрлөгөөний төмрөөр цохисныг нь мэдсэн. С.Эт цохиулсны улмаас миний биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх шинжилгээний шинжээч эмчид үзүүлэхгүй ....” гэх мэдүүлэг /хх-ний 19-21/,

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хүний их эмч Ц.Дын тодорхойлолт  /2020.02.16/ /хх-ийн 22/

 

- Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-нийөдрийн 113 дугаартай: “1.С.Эийн биед зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь ирмэгтэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх- 25/,

 

  • “Эд мөрийн баримтаар тооцох тухай “ Мөрдөгчийн тогтоол/хх- 04/

 

- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх- 05- 06/,

 

- Хохирогч С.Эт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 43/

 

- Шүүгдэгч Б.Хд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 44/  

    

            - Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай санал/хх- 50/

 

- Шүүгдэгч Б.Хгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа/хх- 39/

 

-  Шүүгдэгч Б.Хгийн Оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх- 40/,

 

- Шүүгдэгч Б.Хгийн Урьд ял шийтгэгдсэн эсэх/хх- 38/

 

- Шүүгдэгч Б.Хгийн шүүхэд гаргасан ” Өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлт зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоот дахь гэртээ хохирогч С.Эийн толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь “зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь:  

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ Би тухайн өдөр ээжтэйгээ хөдөөнөөс орж ирсэн. Ээж хувцас угаагаад би гар утсаараа тоглоод сууж байхад манай аавын төрсөн ах С.Э нь гаднаас согтуу орж ирээд агсам тавьж байснаа гараад явсан. Тэгж байгаад дахиад орж ирээд загнаж байгаад гарч яваад хэсэг хугацааны дараа дахиад орж ирсэн. Ээж хаалгаа нээж өгөөд гарах гэтэл толгой руу нь цохисон. Үүнийг нь би хараад төмрөөр цохисон...” гэх,

хохирогч С.Эийн “ Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт өөрийн төрсөн дүү Бийнхтой цуг өвөлжиж байгаа юм. Манай хоёр гэрийн мал цуг байдаг юм. 2020 оны 02 сарын 16-ны өдөр би сумын төвд сар шинийн юм бэлдэхээр орж ирээд явж байгаад өөрийн найз болох Ртой гудамжинд таараад Т.Рийн гэрт очоод бид хоёр “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан юм. Тэгээд Рийн гэрээс гараад бид хоёр гадуур айлуудаар явж архи ууж явж байгаад 17 цагийн орчимд салцгаасан юм. Тэгээд би өөрийн төрсөн дүү болох Бийн сумын төв дээр байдаг гэрээр нь очиход Бийн эхнэр Туяа, том хүү Б.Х нар сумын төвийн гэртээ юм угаана гэж хөдөө гэрээсээ ирсэн байсан юм. Тухайн үед би жаахан халамцуу байсан болохоор Б.Хг хонио эзэнгүй хаячихаад сумын төвд ирлээ гэж уурлаад хэд гурван үг хэлчихээд гэрээс нь гарч яваад өөрийн хүргэнийдээ байж байгаад эргээд Бийн гэрт очоод орох гэтэл Бийн эхнэр Туяа намайг гэртээ оруулахгүй гэрийнхээ үүднээс түлхсэн юм. Тэгтэл Туяагийн араас нь Б.Х гарч ирээд миний толгойруу хатуу биетээр 2,3 удаа цохисон. Тэгэхээр нь би Б.Хд хандан чи намайг мод юмуу, төмөр юмуу нэг хатуу зүйлээр 2, 3 удаа цохилоо гэж хэлээд газар ойчоод өгсөн юм. Б.Хд зодуулсны улмаас миний зүүн талын шанаан хэсэгт 6 сантиметр орчим зүсэгдэж ярагдсан...” гэх,

гэрч Г.Тгийн “ 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би том хүү Б.Хтай хөдөө гэрээсээ сумын төвд ирсэн юм. Гэртээ байж байхад манай нөхрийн төрсөн ах болох С.Э гаднаас архи уусан байдалтай манай гэрт орж ирээд та нар малаа эзэнгүй хаяж ирлээ гээд уурлаад та муу хоёр юу гэж сумын төвд ирсэн юм гээд байхаар нь би С.Э ахад хандан хөдөө мал дээр Б байгаа гэж хэлэхэд та нар манайхтай цуг байж чадахгүй бол манай хаяанаас зайлаарай гээд уурлаж байгаад гараад явсан. 15 цаг өнгөрч байхад С.Э ах манай гэрлүү эргэж ирээд манай том хүү болох Б.Хруу уурлаад намайг хөдөө гэрт хүргэж өг муу гуйлгачин минь гэж байгаад гэрээс гараад явсан. Орой 19 цаг өнгөрч байхад мөн л манай гэрийн гадаа ирээд хаалга балбаад байхаар нь би хаалгаа тавьж өгөхөд шууд миний толгойруу гараараа нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би гэрээсээ зөрөөд гарч хашаанаас гараад хойшоо явж байгаад эргээд гэртээ ирэхэд манай хүү Б.Х нь С.Э ахыг цохичихсон байсан юм. Яг юугаар цохисныг нь би хараагүй юм. Дараа нь машины өндөрлөгөөний төмрөөр цохисныг нь мэдсэн...” гэх мэдүүлгүүд,

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хүний их эмч Ц.Дын тодорхойлолт  /2020.02.16/,

Шинжээчийн 113 дугаартай дүгнэлт 1.С.Эийн биед зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь ирмэгтэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Б.Х нь хохирогч С.Эийн гэрт нь ирж согтуурхан хэл амаар доромжлон, түүний эх Г.Тгийн толгой тус газар цохисон үйлдлийн улмаас С.Эийг машины өндөрлөгөөний труба төмрөөр цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд уг хэрэг гарахад хохирогчийн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг хэл амаар доромжилсон, цохисон зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг төмрөөр цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийг төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Б.Хгийн, хохирогч С.Эийг машины өндөрлөгөөний труба төмрөөр цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Б.Хгийн үйлдлийн улмаас хохирогч С.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй талаараа “Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй” гэж хэрэгт мэдүүлжээ. 

Иймд шүүгдэгч Б.Хг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Хгийн, хохирогч С.Эийн согтуурсан үедээ түүний ээжийг цохисон, хэл амаар доромжилсон зүй бус үйлдлийн улмаас гэмт хэргийг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Б.Хд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.Хгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Э “ бид сайн дураараа эвлэрсэн. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Б.Хд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан машины өндөрлөгөөний зориулалттай, 1.2 метр урттай, цагаан өнгийн труба төмрийг шүүгдэгч нь буцаан авна гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд ялтан Б.Хд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан машины өндөрлөгөөний зориулалттай, 1.2 метр урттай, цагаан өнгийн труба төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дугаар багийн харьяат, энэ хэргийн шүүгдэгч Б.Хд буцаан олгосугай.

 

5. Ялтан Б.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

            

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН