Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 72

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар, 

Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын гАрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ут холбогдох 2030000000056 дугазартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугазар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Онгон  сумын 3 дугазар багийн Ц гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.У

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.У нь Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугазар баг,   ... тоот хашаанд байх “А” дэлгүүрт 2020 оны 01 дугазар сарын 16-ны нэвтэрч  бэлэн мөнгө 500.000 төгрөг болон 3 ширхэг тамхи зэрэг эд зүйлийг хулгайлж, 508.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ямаа махлаад мотоциклтойгоо сум явсан боловч, гэрээсээ гараад 2 километр газар яваад миний мотоцикл эвдэрсэн. Тиймээс мотоциклоо замын хажуу талд орхичихоод зам амдаад ямааныхаа махыг аваад сум орсон. Ямааны махаа “ А ” дэлгүүрт өгчихөөд хоёр найзтайгаа “У” баар руу орж архи уусан. Тэндээсээ гараад “Б” баар руу орсон. Орой “Б” баар хаахаар нь Н ахын руу ороход тэдний гэрийнхэн унтчихсан байсан. Тэгэхээр нь би “ А ” дэлгүүр рүү очоод хамгаалалтын гурван төмрийг мулт татаад шилийг нь тохойгоороо хагалаад 3 ширхэг тамхи, 500.000 төгрөгтэй авсан. Маргааш өглөө нь Баяндэлгэр сум руу шуудангаар явсан. Баяндэлгэр суманд очоод “ А ” караоке руу орсон. Тэнд сууж байгаад Баяндэлгэр сумаас 12 километр газарт байх таньдаг ахындаа очоод оройн 22 цагийн үед буцаад Баяндэлгэр сум руу орж ирэхэд хоёр цагдаа намайг барьж авсан.  Би ямааны махаа зараад Баяндэлгэр сумын нутаг “Ш” гэх газар руу явах гэж байсан юм. Хулгай хийж хийсэн үйлдлээ мэдэж байгаа,  архинаас болсон. Би хохирлоо тэр дор нь барагдуулсан. Нийт 508.600 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна..гэв.

 

2030000000056  дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч Д.Уын: Би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед хонь руугаа очоод хониноосоо нэг ямаа бариад гэртээ ирж ажиллаад сумын төв рүү мотоциклтойгоо 16 цагийн үед явсан. Гэрээс гараад 2 км орчим яваад  мотоцикль асахгүй болохоор нь замын хажууд мотоциклио хэвтүүлж орхиод ямааныхаа махыг тэврээд сумын төв явган алхаж ирсэн юм. Орой 19 цагийн үед сумын төвд ирээд М ахын дэлгүүр рүү ямааныхаа махыг авч очоод хүүд нь махаа жинлэж өгөөд явсан. Миний авч очсон мах 14 кг болсон 1 кг-ийн 4000 төгрөгөөр бодож өгсөн. Мөн арьсыг нь 25.000 төгрөгөөр бодож нийт 81.000 төгрөг болсон. Би хүүгээс нь нэг LD тамхи худалдаж аваад ээжийн утас руу 6000 төгрөгний нэгж хийгээд гарсан. Би уг дэлгүүрээс гарч Н ахынхаар орж дээлээ тайлж тавиад сумын төв гарсан. У баараар ороход Баяндэлгэр сумын хоёр найз болох А, манай он жав болох А хоёр сууж байсан. Би очоод тэр хоёртой мэндлээд суутал А нь охинтой болсон гэхээр нь би тэр хоёрт 0.5 литрийн ерөөл архи авч өгөөд уг архийг бид гурав хувааж  уусан. Үүний дараа би дахиж 2.5 литрийн боргио пиво, 3 ширхэг ундаатай аваад ууж дуусаж байтал А нь нэг хүний бие муу байна бид хоёр хурдан явчихаад ирье гэсэн. Тэгэхээр нь би ганцаараа үлдээд караокед ороод цаг дуулаад гарч ирээд зөөгчөөс нь манай хоёр найз ирсэн үү гэтэл сая ирээд гараад явсан гэсэн. Тэгэхээр нь би араас нь гараад Баяндалай баар руу орсон чинь тэр хоёр нэг нэг шил пиво аваад сууж байсан. Тэр хоёрыг дагуулж У бааранд буцаж орж ирээд бид гурав мөнгөө нийлүүлж 2.5 литрийн нэг пиво аваад уг пивоо ууж дуусаад дахиад Баяндалай баар руу орж нэг нэг шил пиво авсан. Тэгтэл А нь хүн хүргэж өгнө гээд гараад явсан. Үүний дараа баар хаах боллоо гэхээр нь А бид хоёр бааранд байсан хүмүүсийн хамт гарч иртэл А нь гарч ирээд алга болсон болохоор нь би Хонхорын байр орж Н ахынд очиж амрах гээд очтол гэрийнх нь гадаа мотоцикль ирсэн байхаар нь би Н ахыг ээжтэй хамт ирсэн байна гэж бодоод буцаад гараад явсан. Тэгээд би М ахын дэлгүүрийн гадаа очоод цонхны хамгаалалт төмрийг хөлөөрөө хана руу жийгээд гараараа татаж 3 хамгаалалт төмрийг хугалж аваад цонхны шилийг нь тохойгоороо хагалж дотогш орсон юм. Би цонхоор нь орохдоо цонхны хагарсан шилэнд баруун хацраа зүссэн. Дэлгүүрт орж лангууны шүүгээнд байсан бэлэн мөнгийг тэр чигээр нь авч мөн лангуун дотор байсан тамхинаас 3 ширхгийг аваад буцаад цонхоороо гарсан. Гадаа гараад мөнгийг тоолж үзэхэд 500.000 орчим төгрөг байсан. Тэгээд би хүргэн болох Боргилчулууных руу очсон чинь гэрт нь хүн байхгүй байхаар нь гадаа нь байсан машин дотор орж хоносон. Өглөө 08 цагийн үед төвд ирээд шуудан хүлээгээд зогсож байтал түрүү шөнө бааранд хамт суусан А нь Баяндэлгэр сум явах гэж байгаа гээд зогсож байсан. А нь надаас тамхи байна уу гэхээр нь би дэлгүүрээс авсан байсан 3 тамхиныхаа нэг хайрцагтай нарийхан LD тамхийг өгсөн юм. Аэд тамхи өгөөд би зүүн тийш алхаж байтал шуудан ирэхээр нь би шууданд ороод сууж байтал А шууданд орж ирж байсан. Тэгээд би өдөр 12 цагийн үед Баяндэлгэр суманд очоод Б гэх ахындаа очтол хүүхдийнх нь төрсөн өдөр гэхээр нь хүүхэдтэй нь хамт бааранд өдөр 14 цаг гэж ороод харанхуй болж байхад гарсан. Баарнаас гараад Баяндэлгэр сумаас урагш 12 км Уул гэх газар Баянзул гэх айлд очиж дахиж нэг шил архи уугаад орой 20 цагийн үед сум буцаж ороод Б ахынд орж ирээд байтал Баяндэлгэр сумын цагдаа ирээд намайг бариад явсан юм. Би дэлгүүрээс бэлэн мөнгө 500.000 орчим дээр нь 3 ширхэг тамхи авсан. Авсан тамхи нь гэвэл саарал өнгийн LD тамхи 1 ширхэг, BOHEM тамхи 1 ширхэг, нарийхан LD тамхи 1 ширхгийг тус тус авсан.  Би уг дэлгүүрээс авсан мөнгийг Баяндэлгэр суманд очиж А нэртэй бааранд орж ойролцоогоор 300.000 орчим төгрөгийг үрсэн. Харин үлдсэн байсан мөнгийг мотоциклтой хөдөө явж байгаад өмдний халааснаас унагаж хаясан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

- Хохирогч С.Мын: Би 2020 оны 01 дүгээр сарын 16-наас  17-нд шилжих шөнө өдөр эхнэр бид хоёрыг байхгүй хооронд манай дэлгүүрт шөнө цонхыг нь хагалж хулгайч орсон, бэлэн мөнгө болон хэдэн ширхэг тамхи алдагдсан байна. Бид хоёр явахдаа дэлгүүртээ өөрийн хоёр хүүгээ орхиод явсан юм. Дэлгүүрт байсан орлогын мөнгө болох 500.000 төгрөг, тамхи 3 ширхэг тамхи алдагдсан байсан. Тамхи нь Бохем тамхи 1 ширхэг, саарал LD тамхи 1 ширхэг, нарийхан LD тамхи мөн 1 ширхэг алдагдсан байна. Мөн дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг хуулж цаана нь байсан хоёр давхар цонхны шилийг хагалсан байна. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Нийт 508600 төгрөгийн хохирол барагдсан ” гэх мэдүүлэг/хх-ийн 09/,

 

- Гэрч М.Мын: 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө манай ээж Мө нь Замын-Үүд явахаар болж би өөрийн дүү Настахын хамт гэртээ үлдсэн юм. Манай дүү сургуульд сурдаг тул тэр өдөр хичээлдээ яваад би дэлгүүртээ суусан. Өглөө 09 цагаас онгойлгоод орой 19 цаг 30 минутын үед хаагаад гэр рүүгээ орсон. Манай гэр дэлгүүрээсээ зүүн тийш 2 хашааны цаана байдаг юм.  Би тэр орой дэлгүүрээ хаагаад хаалгаа цоожлоод гаднах бүрэн бүтэн байдлыг нь шалгаад харьсан. Тэгтэл дэлгүүрийн цонх хагалж ороод дотор нь байсан орлогын мөнгө авсан байна. Дэлгүүрт эд зүйл зараад 400.000 төгрөгний орлого ороод 300.000 төгрөгийн зээл хүн өгсөн. Тэгээд нийт 700.000 төгрөг орсноос 200.000 төгрөгөөр хонь ямааны мах худалдаж аваад үлдсэн 500.000 төгрөгийг гэр рүүгээ авч яваагүй үлдээсэн байсан юм. Тэр орой хулгай ороод уг мөнгийг авсан байна. Орлогын 500.000 төгрөг лангуун дээр байсан 3 ширхэг тамхи алдагдсан байсан. Тамхи нь гэвэл  Бохем тамхи 1 ширхэг, саарал LD тамхи 1 ширхэг, нарийхан LD тамхи мөн 1 ширхэг алдагдсан байна. Мөн дэлгүүрийн цонх хагалсан байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 10/,

 

- Гэрч Н.Аийн: Сумын төвд У бааранд сууж байтал гаднаас Ц.У орж ирсэн. У нь орж ирээд бид хоёртой мэнд мэдээд манай найз Аг хүүхэдтэй болсон гэж бид хоёрт нэг шил 0.5 гр-ийн ерөөл архи авч өгсөн. Уг архийг ууж дуусаад сууж байтал миний очсон айлын хүн болох Энхцэцэг эгчийн зүрх нь өвдөөд байна гэж над руу утсаар ярихаар нь би такси дуудаад Агийн хамт очсон. Тэнд очоод жаахан сууж байгаад эргэж У бааранд ирэхэд Ц.У нь байхгүй байхаар нь баруун талын Баяндалай бааранд ороод нэг нэг шил пиво аваад сууж байтал Ц.У нь гаднаас орж ирээд У бааранд цаг авчихаад байхад та хоёр алга боллоо гээд орж ирсэн. Тэгээд бид гурав Баяндалай баарнаас гараад эргэж У бааранд ороод А бид хоёр 2.5 литрийн нийслэл нэртэй пиво авч өгөөд уг пивоо гурвуулаа хувааж уугаад эргэж баарнаас гараад Баяндалай бааранд ороод дахиж нэг нэг шил пиво аваад уусан. Тэгтэл Баяндалай бааранд Энхбаатар ахын эхнэр болох Баярцэцэг эгч таараад намайг хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би Баярцэцэг эгчийг хүргэж өгөхөөр явахдаа Ад би харилаа гэж хэлээд гарсан. Намайг баарнаас гарахад цаг 22 цаг өнгөрч байсан. Би Баярцэцэг эгчийг гэрт нь хүргэж өгөөд Гунгаадорж ахын охин Энхцэцэг эгчийнд очиход 23 цаг өнгөрч байсан. Би уг айлд очоод удаагүй унтсан юм. Намайг унтаж байхад 00 цаг өнгөрөөгөөд А нь гаднаас ирсэн бөгөөд ирэхдээ миний утсыг авч үлдсэн байсан тул утас авч ирж өгсөн. А нь манайд жаахан сууж байгаад 01 цаг өнгөрөөгөөд харилаа гээд гарсан. У нь баарнаас намайг явахад бааранд үлдсэн. Маргааш 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед шуудангаар Баяндэлгэр сум явах гээд Болор дэлгүүрийн үүдэнд зогсож байхад У нь Баяндэлгэр сум явах гэж байгаа гээд ирж надтай уулзсан. Тэгэхээр нь би тамхи байна уу гэж асуухад надад нарийхан цэнхэр өнгийн гаатай LD нэртэй тамхи бүтнээр нь өгсөн. У нь надаас салж дэлгүүрээр орж зүүн тийш явсан. Намайг Баяндэлгэр сум явах гээд шууданд суухад У нь шууданд суусан байсан. Тэр өдөртөө Баяндэлгэр суманд У бид хоёр буусан. Түүнээс хойш уулзаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 14-16/,

 

- Гэрч Э.Агийн: Би Утай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны орой бааранд таарсан юм. Тэр орой Баяндэлгэр сумын найз болох А нь Онгон суманд ирчихээд байна чи хаана байна гэхээр нь би Онгон суманд байгаагаа хэлсэн. Бид хоёр орой 18 цагийн үед сумын төв рүү гарч ирээд Аийн найз охиныг Түвшин дэлгүүрээс аваад баруун байранд хүргэж өгчихөөд бид хоёр төв орж У бааранд орж нэг цаг дуулахаар орсон. Уг бааранд ороод байтал гаднаас У нь орж ирээд надтай таараад намайг охинтой болсон гэж хэлтэл надад нэг шил 0.5 гр-ийн Ерөөл нэртэй архи авч өгсөн. Би мөн уг баарнаас нэг 2.5 литрийн пиво аваад уг архи пивоо ууж дуусаад бид гурав У баарнаас гараад Баяндалай баар луу орсон. Баяндалай бааранд ороод А бид хоёр 3 шил 0.5 гр-ийн нийслэл пиво авсан. Тэгтэл У нь мөн 3 шил пиво авсан тэгээд уг пивоо ууж дуусаад байж байтал А нь бааранд бА эгч нь таарсан тул эгчийгээ хүргэж өгөхөөр явлаа гээд эгчийгээ аваад гарсан. Үүний дараа баар хаах дөхсөн байх тул бид хоёр баарнаас гарч байтал манай найз Батбилэг нь эхнэртэйгээ мөн түүний найзууд гэх 6-7 хүн баарнаас зэрэг гарч ирсэн. Би Батбилэгтэй түүний найзуудтай хамт явахаар болж Ут хандан би энэ хүмүүстэй явлаа чи харьж амраарай гэсэн. У нь би өглөө Баяндэлгэр сум явах ажилтай тул одоо хариад амарлаа гэж байсан. Тэгээд бид хоёр салаад явсан. Түүнээс хойш би Ц.Утай уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

- Гэрч Б.Эгийн: Д.У нь манай багийн иргэн байсан бөгөөд 2019 онд Асгат сумаас эхнэр хүүхэдтэй болсон гээд шилжүүлэг хийлгээд явсан. Түүнээс хойш эргэж манай баг дээр шилжүүлэг хийж ирээгүй байгаа. Онгон сумын 3-р багт байхдаа аав ээжийн өрх дээр нэр нь байдаг байсан боловч яг аав ээжтэйгээ хамт байж байгаагүй. Баяндэлгэр сум болон тус сумын 1-р багийн иргэдийн малыг хариулдаг байсан. Мөн Уын хойд аав болох Ц.Б нь 2019 оны 11 сарын сүүлээр мөн нас барсан. Одоо ээж дүүгийн хамт амьдарч байгаа гэсэн. Нэг дүү нь одоо цэрэгт байгаа. Архи хаа ганц уусан явж байгаа харагддаг. Түүнээс өөрөөр ямар зан байдлын талаар сайн мэдэхгүй. Хүнтэй тэр бүр нийлээд явж байгаа харагддаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

-Гэрч Б.Нгийн: Би У гэдэг хүнийг танина. Учир нь энэ хүүхэд манай эхнэрийн дүүгийн хүүхэд байгаа юм. Би энэ хүүхэд ямар хэрэг хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Өөрөө надад ярихдаа би Онгон суманд дэлгүүрийн цонх хагалж дотогш орж мөнгө авсан. Тэгээд хохирлыг нь барагдуулсан гэж ярьсан. Түүнээс өөр зүйл яриагүй. Би энэ хүүхдийг бага байхын мэднэ. Харин сүүлийн үед энэ хүүхэд ээжтэйгээ Онгон суманд амьдраад удаж байгаа тул сайн мэдэхгүй болсон. Хүүхэд байхдаа бол их сэргэлэн хүний үгээр хүүхэд байсан. Одоо сүүлийн үед архинд дуртай болсон юм шиг байна. Саяхан манайд ирээд шөнө гэрээс гараад явсан архи амсаад ирсэн байсан. Өөрөөр бол хүний үгээр хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20/, 

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх- 02- 05/,

 

- 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээч томилох, шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 21/,

 

- “Линзийн өгөөж”  ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд: Bohem  тамхи – 2800 төгрөг, Саарал ЛД тамхи -  2800 төгрөг, Гаатай нарийн ЛД тамхи- 3000 төгрөг.. гэжээ./хх-ийн 22-29/,

 

- Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020.02.11-ны өдрийн А/38 дугаартай тодорхойлолт /хх-ийн 44/,

 

- Д.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/,

 

- Д.Уын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2020.02.14. /хх-ийн 49-50/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.У нь 2020 оны 01 дугаар сарын 16-ны шөнө  Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн ... тоот хашаанд байх үйл ажиллагаа явуулах зориулалттай “А” дэлгүүрийн цонхыг хагалан нэвтрэн орж биет 500.000 төгрөг, 2800 төгрөгийн үнэтэй Богем тамхи 1 ширхэг, 2800 төгрөгийн үнэтэй Саарал ЛД тамхи 1 ширхэг, 3000 төгрөгийн үнэтэй гаатай нарийн ЛД тамхи- 1 ширхгийг хулгайлж, иргэн С.Мт 508.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Д.Уын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ би М ахын дэлгүүрийн гадаа очоод цонхны хамгаалалт төмрийг хөлөөрөө хана руу жийгээд гараараа татаж 3 хамгаалалт төмрийг хугалж аваад цонхны шилийг нь тохойгоороо хагалж дотогш орсон. Лангууны шүүгээнд байсан бэлэн мөнгийг тэр чигээр нь авч мөн лангуун дотор байсан тамхинаас 3 ширхгийг аваад буцаад цонхоороо гарсан. Гадаа гараад мөнгийг тоолж үзэхэд 500.000 орчим төгрөг байсан ” гэх,

хохирогч С.Мын “  манай дэлгүүрт 2020 оны 01 дүгээр сарын 16-наас  17-нд шилжих шөнө цонхыг нь хагалж хулгайч орж, орлогын мөнгө болох 500.000 төгрөг, бохем тамхи 1 ширхэг, саарал LD тамхи 1 ширхэг, нарийхан LD тамхи мөн 1 ширхэг алдагдсан байна. Мөн дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг хуулж цаана нь байсан хоёр давхар цонхны шилийг хагалсан байна...” гэх,

гэрч М.Мын “ Би тэр орой дэлгүүрээ хаагаад хаалгаа цоожлоод гаднах бүрэн бүтэн байдлыг нь шалгаад харьсан. Тэгтэл дэлгүүрийн цонх хагалж ороод дотор нь байсан орлогын мөнгө авсан байна. Дэлгүүрт эд зүйл зараад 400.000 төгрөгний орлого ороод 300.000 төгрөгний зээл хүн өгсөн. Тэгээд нийт 700.000 төгрөг орсноос 200.000 төгрөгөөр хонь ямааны мах худалдаж аваад үлдсэн 500.000 төгрөгийг гэр рүүгээ авч яваагүй үлдээсэн байсан юм. Тэгтэл тэр орой хулгай ороод орлогын 500.000 төгрөг, лангуун дээр байсан бохем тамхи 1 ширхэг, саарал LD тамхи 1 ширхэг, нарийхан LD тамхи мөн 1 ширхэг алдагдсан байна. Мөн дэлгүүрийн цонх хагалсан байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй” гэх,

гэрч Н.Аийн “ У нь баарнаас намайг явахад бааранд үлдсэн. Маргааш нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед шуудангаар Баяндэлгэр сум явах гээд Болор дэлгүүрийн үүдэнд зогсож байхад У нь Баяндэлгэр сум явах гэж байгаа гээд ирж надтай уулзсан. Би тамхи байна уу гэж асуухад надад нарийхан цэнхэр өнгийн гаатай LD нэртэй тамхи бүтнээр нь өгсөн. Тэгээд У нь надаас салж дэлгүүрээр орж зүүн тийш явсан. Намайг Баяндэлгэр сум явах гээд шууданд суухад У нь шууданд суусан байсан. Тэгээд тэр өдөртөө Баяндэлгэр суманд У бид хоёр буусан. Түүнээс хойш уулзаагүй...” гэх,

гэрч Б.Н “ У манай эхнэрийн дүүгийн хүүхэд байгаа юм. Би энэ хүүхэд ямар хэрэг хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Өөрөө надад ярихдаа би Онгон суманд дэлгүүрийн цонх хагалж дотогш орж мөнгө авсан. Тэгээд хохирлыг нь барагдуулсан гэж ярьсан. Түүнээс өөр зүйл яриагүй..” гэх мэдүүлгүүд,  

Линзийн өгөөж”  ХХК-ийн шинжээчийн “ Bohem  тамхи - 2800 төгрөг, Саарал ЛД тамхи - 2800 төгрөг, Гаатай нарийн ЛД тамхи- 3000 төгрөг “ дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Д.У нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шөнийн цагаар, нууцаар иргэн С.Мын үйл ажиллагаа явуулах зориулалттай “А” дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн, цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж бэлэн мөнгө, тамхи хулгайлж бусдад 508.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа мөнгө олох зорилгоор үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дэлгүүрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өмчлөгчийн эрхэд  зориуд хохирол учруулсан байна

 

Шүүгдэгч Д.Уын “А” дэлгүүрт нэвтэрч эд зүйл авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу үйл ажиллаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Мт учирсан 508.600 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн нь түүний  “Нийт 508600 төгрөгийн хохирол барагдсан. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй ” гэж мэдүүлгээр нотлогдох ба шүүгдэгч Д.Уыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Линзийн өгөөж”  ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Мын дэлгүүрээс хулгайлагдсан “ Bohem,  Саарал ЛД тамхи тус бүрийг 2800 төгрөг, Гаатай нарийн ЛД тамхи- 3000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ “ гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Шүүгдэгч Д.Уын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй “ Д.У нь ээж, дүү нарын хамт амьдардаг. Айлын том хүүхэд байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн хийсэн хэргээ чин шударгаар хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ ямар дүгнэлт хийж байгаа нь мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс нь харагддаг. Иймд түүний хувийн байдлыг нь харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “....тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү “ гэх санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах ” гэж хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч Д.Уын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай ба түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч С.Мт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулиар зөвшөөрөгдсөн дээрх хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэл болох тул Д.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жил 1/нэг/ сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

Д.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугазар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Уыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Уыг 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ут оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ут цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Д.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Мт учирсан 508.600 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН