Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 00484

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар, З.Хандсүрэнгийн нэхэмжлэлтэй бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болон М.Дэжидмаа, М.Мөнхбаяр, М.Чойжилжав нарын төрсөн эх мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00515/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч 1953 онд төрсөн, 63 настай, эмэгтэй, бага боловсролтой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг 4 дүгээр хороонд оршин суух, Далх овогт Загдрагчаагийн Хандсүрэн /РД:ГН53070102/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Хандсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1974 оноос улсад ажиллаж эхэлсэн. Би 8 хүүхэд төрүүлсэн, 2003 онд олон хүүхэд төрүүлсэн гэдгээр тэтгэвэрт гарсан. Энэ оныг хүртэл буюу 13 жил тэтгэвэр авч байтал 1974 оны 3 дугаар сарын 19-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт Хандсүрэн миний нэрийг Хандаа гэж бичсэн, мөн 1978 онд төрсөн охин М.Дэжидмаа, 1980 онд төрсөн хүү М.Мөнхбаяр, 1984 онд төрсөн хүү М.Чойжилжав нарын төрсний гэрчилгээнд эхийн нэрийг Хандаа гэсэн бичсэн бичиг баримтын зөрчилтэй гэх үндэслэлээр тэтгэврийг маань зогсоосон. Тухайн үед хүмүүс намайг Хандаа гэж дууддаг байсан. Тэр нэрээр хөдөлмөрийн дэвтэрт бичсэнийг би анзаараагүй явсан юм байна лээ. Иймд Загдрагчаагийн Хандсүрэн намайг 1974 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Загдрагчаагийн Хандаа нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон 1978 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Магсаржавын Дэжидмаа, 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Магсаржавын Мөнхбаяр, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Магсаржавын Чойжилжав нар нь миний төрүүлсэн хүүхдүүд мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь 1974 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Загдрагчаагийн Хандаа нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон 1978 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Магсаржавын Дэжидмаа, 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Магсаржавын Мөнхбаяр, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Магсаржавын Чойжилжав нар нь миний төрүүлсэн хүүхдүүд мөн болохыг тогтоолгох шаардлага шүүхэд гаргажээ.

1974 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Загдрагчаагийн Хандаа нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт төрсөн он сар өдрийг нь 1953 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэж бичжээ.

Нэхэмжлэгч Загдрагчаагийн Хандсүрэн нь 1953 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ГН53070102 регисртрийн дугаартай, 8 хүүхэд төрүүлж өсгөсөн болох нь түүний иргэний үнэмлэх, БУ№681162 дугаартай Загдрагчаагийн Хандсүрэнгийн хуучин /улаан/ паспорт, №1215965 дугаартай З.Хандсүрэнгийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 1978 онд төрсөн М.Дэжидмаа, 1980 онд төрсөн М.Мөнхбаяр, 1984 онд төрсөн М.Чойжилжав нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч С.Мягмаржавын ..З.Хандсүрэн бид нар хамт ажилладаг байсан. Бид Хандаа гэж дуудаг байсан учраас тэр нэрээр нь бичиг баримтанд бичсэн байх. Бүтэн нэр нь Хандсүрэн юм. Хандсүрэн нь миний мэдэхээр 7 хүүхэд төрүүлсэн. Чойжилжав, Мөнхбаяр, Дэжидмаа нар тэдний хүүхэд мөн гэх мэдүүлэг, гэрч Д.Хандсүрэнгийн ..З.Хандсүрэн бид хоёр Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-д хамт ажилладаг байсан. Бид хоёр адилхан нэртэй учраас том Хандаа, жижиг Хандаа гэж дууддаг байсан. Тийм болохоор хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь Хандаа гэж бичсэн байх. З.Хандсүрэн 7 билүү 8 хүүхэд төрүүлсэн, одоо 5 хүүхэд нь амьд сэрүүн байгаа. Хамгийн том хүүг нь Лхагважаргал, удаах нь Дэжидмаа, Мөнхбаяр, Чойжилжав, хамгийн бага нь Улаанаа гэдэг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 1974 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Загдрагчаагийн Хандаа нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Загдрагчаагийн Хандсүрэн мөн болохыг, мөн 1978 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Магсаржавын Дэжидмаа, 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Магсаржавын Мөнхбаяр, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Магсаржавын Чойжилжав нар Загдрагчаагийн Хандсүрэнгийн төрүүлсэн хүүхдүүд мөн болохыг тус тус тогтоохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1974 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Загдрагчаагийн Хандаа нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Загдрагчаагийн Хандсүрэн мөн болохыг тогтоож, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2,14-т заасныг баримтлан 1978 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Магсаржавын Дэжидмаа, 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Магсаржавын Мөнхбаяр, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Магсаржавын Чойжилжав нар нь Загдрагчаагийн Хандсүрэнгийн төрүүлсэн хүүхдүүд мөн болохыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН