Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 74

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ст холбогдох 2030000050060 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6,  эцэг, эх, нөхөр, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг “Х” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, А.С.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч А.С нь 2019 оны 07 сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн иргэн нутаг дэвсгэр ... тоотод оршин суух Б.Агийн гэрээс монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн гинж 1 ширхэг, Айпоне-6 маркийн гар утас 1 ширхэг зэргийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 669.200 хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би мөрдөн байцаалтанд хэргийн талаар ярьсан. Өөртөө дүгнэлт хийж чадаж байгаа. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хохиролд авсан гар утсаа буцааж өгсөн. Мөн 669.000 төгрөгийн хохирол гарсан. Би 800.000 төгрөг төлсөн.Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Яллагдагч А.Сын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 07 дугаар  сар наадам өнгөрөөд байх яг хэдний өглөө гэдгийг нь мэдэхгүй байна. Би хажуу айл руу ороход гэрт нь А эгч байсан юм. А эгчтэй ойр зуурын зүйл ярьж байтал А эгч “ ажлаас юм авна, чи байж байгаарай” гээд яваад өгсөн. Тэгээд би гэрт нь сууж байгаад гэрийнхэн зүүн хойно байсан хуванцар олон шургуулгатай савны хамгийн дээд талын шургуулгаас Айпоне-6 маркийн гар утас байсныг авсан, гэрийнх нь баруун урд байсан хувцасны шүүгээний хаалгыг онгойлгоод дээд талын тавиур дээр байсан цэнхэр дөрвөлжийн савтай зүйлийг нь аваад халаасандаа хийгээд А эгчийг хүлээж байгаад гэнэт орж ирээд утсаа үзээд байхгүй байвал би баригдана гэж айгаад гэрийг онгорхой орхиод гэртээ харьж утсыг нь цаашаа хийж байгаад дүүгээ хөдөөнөөс ирэхээр нь барь гээд өгсөн. Монетон бөгж ээмэг хоёрыг нь Дорноговь аймагт байх нагац эгчид ломбардад тавиад өгчих гээд явуулсан. Харин эгч надад 150.000 төгрөг явуулсан байсан. Мөнгөн гинж ээмэг хоёр байсныг нь хаясан...гэх мэдүүлэг /хх-30-31/,

 

- Хохирогч Б.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 07 дугаар  сарын 13-ны өдөр би хөдөө мал байдаг айл руу гаа гэрээ цоожлоод нөхөртэйгөө явсан юм. Явахдаа гэрээ цоожилж  яваад маргааш нь ирж гэртээ орох гээд гэрийн түлхүүрээ хайгаад олоогүй, цоожоо эвдэж орсон. Тухайн үед гэрт бол эд зүйл хөдөлсөн зүйлгүй байсан тул би эд зүйлээ үзээгүй юм. Харин 2019 оны 07 дугаар сарын сарын 14-ны өдөр хэд хоногийн өмнө унтраагаад гэрийн зүүн хойно байсан 4 шургуулгатай хувцасны хуванцар савны хамгийн дээд шургуулганд хийж үлдээсэн АЙПОНЕ-6 маркийн гар утсаа авах гэтэл байхгүй байсан тул би бусад эд зүйлээ үзэхэд манай гэрийн баруун урд байх хувцасны шүүгээний дээд тавиур дээр байсан цэнхэр өнгийн цаасан дөрвөлжин саванд байсан мөнгөн ээмэг гинж монет нь бөгж ээмэг зэргийг хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

 

- Гэрч Л.Цын: Зун хэдэн сар гэдгийг нь мэдэхгүй байна манай ширээн дээр нэг танихгүй утас байхаар нь юу утас болох талаар Саас асуухад олсон утас гэж хэлсэн болохоор нь огт юм бодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

- Гэрч Ц.Бий: 2019 оны 07 дугаар сар хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй өөрийнхөө утаснаас өөр утас барьж байхаар нь ямар учиртай утас болох талаар нь асуухад хүнээс худалдаж авсан гэж надад хэлсэн тэгэхээр нь санаанд ороогүй. С нь муу зан чанаргүй төлөв томоотой, архи дарс хэрэглэдэггүй, гадуур тэнэдэггүй их сайн бүсгүй гэж бодож явдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

- Насанд хүрээгүй гэрч А.Угийн: 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С нь Айпоне-6 маркийн утас барьж байсан. 2019 оны зун хөдөө гэртээ очиж байж байгаад 8 сарын үед шиг санаж байна гэртээ буцаж ирэхэд манай том эгч С нь намайг Айпоне-6 маркийн гар утас барих уу гэхээр нь тэгье гээд авсан юм. Утасны ард тал саарал өнгөтэй байсан... гэх мэдүүлэг/хх-22-23/,

 

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд.2019.12.31. /хх- 03-08/

 

- “Линзийн өгөөж”  ХХК-ийн үнэлгээ шинжээчийн дүгнэлтэнд: монетон ээмэг 262.800 төгрөг, монетон бөгж 131.400 төгрөг, мөнгөн ээмэгний хослол 65.000 төгрөг, мөнгөн гинж 65.000 төгрөг, Айфоне 6 гар утас 145.000 төгрөг..гэжээ.   /хх-ийн 35-46/,

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 тоот тодорхойлолт/хх-ийн 32/

 

- А.Сын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 48/

 

- А.Сын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 47/

 

- Сүхбаатар аймгийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх тухай А.Сын хүсэлт/хх-ийн 57/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай санал /хх-59/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.С нь 2019 оны 07 сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн ... тоотод оршин суух Б.Агийн гэрээс монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн гинж 1 ширхэг, Айфоне-6 маркийн гар утас 1 ширхэг зэргийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 669.200 хохирол учруулсан болох нь:

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ 2019 оны 07 дугаар сард наадам өнгөрөөд хажуу айл руу ороход А эгч байсан юм. А эгчтэй ойр зуурын зүйл ярьж байтал А эгч “ ажлаас юм авна, чи байж байгаарай” гээд яваад өгсөн. Би зүүн хойно байсан хуванцар олон шургуулгатай савны хамгийн дээд талын шургуулгаас Айпоне-6 маркийн гар утас, баруун урд байсан хувцасны шүүгээнээс цэнхэр дөрвөлжийн савтай зүйлийг аваад гэрийг нь онгорхой орхиод гарсан. Утсыг нь дүүгээ хөдөөнөөс ирэхээр нь барь гээд өгсөн. Монетон бөгж ээмэг хоёрыг нь Дорноговь аймагт байх нагац эгчид ломбардад тавиад өгчих гээд явуулсан. Мөнгөн гинж ээмэг хоёр байсныг хаясан “ гэх,

хохирогч Б.Агийн  “ Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын сарын 14-ны өдөр хэд хоногийн өмнө унтраагаад гэрийн зүүн хойно байсан 4 шургуулгатай хувцасны хуванцар савны хамгийн дээд шургуулганд хийж үлдээсэн АЙПОНЕ-6  маркийн гар утсаа авах гэтэл байхгүй байсан тул би бусад эд зүйлээ үзэхэд манай гэрийн баруун урд байх хувцасны шүүгээний дээд тавиур дээр байсан цэнхэр өнгийн цаасан дөрвөлжин саванд байсан мөнгөн ээмэг гинж монет нь бөгж ээмэг зэргийг хулгайлсан байсан “ гэх,

гэрч Л.Цын “ Зун хэдэн сар гэдгийг нь мэдэхгүй байна манай ширээн дээр нэг танихгүй утас байхаар нь юу утас болох талаар Саас асуухад олсон утас гэж хэлсэн болохоор нь огт юм бодоогүй.” гэх мэдүүлгүүд,

гэрч Ц.Бий “ 2019 оны 07 дугаар сард өөр утас барьж байхаар нь ямар учиртай утас болох талаар нь асуухад хүнээс худалдаж авсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь санаанд ороогүй. С нь муу зан чанаргүй төлөв томоотой, архи дарс хэрэглэдэггүй, гадуур тэнэдэггүй их сайн бүсгүй гэж бодож явдаг...” гэх,

насанд хүрээгүй гэрч А.Угийн“ 2019 оны зун хөдөө гэртээ очиж байж байгаад 8 сарын үед шиг санаж байна гэртээ буцаж ирэхэд манай том эгч С нь намайг Айпоне-6       маркийн гар утас барих уу гэхээр нь тэгье гээд авсан юм. Утасны ард тал саарал өнгөтэй байсан “ гэх мэдүүлгүүд

“Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Ү/20/03/41 дугаартай “669,200.00 /жаран есөн сая хоёр зуун/ төгрөгний үнэлгээний дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч А.С нь хөрш айл Б.Агийнд орж, түүнийг гэрээсээ түр хугацаагаар гарсны дараа гэрийнх нь хувцасны сав, шүүгээг нээн монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн гинж 1 ширхэг, Айпоне-6      маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авсан үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

   А.С нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

   Шүүгдэгч А.С нь хохирогч Б.Агийн эд хөрөнгийг хулгайлсан дээрх үйлдэл нь 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

   А.Сын үйлдлийн улмаас хохирогч Б.Агийн эд хөрөнгөд 669.200 төгрөгийн хохирол учирч, уг хохирол барагдсан болох нь хохирогчийн  “С нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол байхгүй ” гэх мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгч А.Сыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

“Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Агийн алдагдсан монетон ээмгийг 262.800 төгрөг, монетон бөгжийг 131.400 төгрөг, мөнгөн ээмэгний хослолыг 65.000 төгрөг, мөнгөн гинж 65.000 төгрөг, Айфоне 6 гар утсыг 145.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний талаар шүүгдэгч маргаагүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно

 

А.Сын холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

Тухайлбал, шүүгдэгч А.Сын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд А.Ст холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сар хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

              

Шүүгдэгч А.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

  

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгий 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 7/долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.                

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч А.Ст дээрх тэнссэн хугацаанд ” оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шатанд шүүгдэгч А.Ст таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Ад учирсан 669.900 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН