Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 564

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Д.Нямбат,  шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02164 0707 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Ч, Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “.....” ХХК-д угтагч ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, Сургуулийн ..... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ..........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын .....дүгээр байрны дунд байрлах хөл бөмбөгийн талбай дээр эсрэг багт тоглож байсан Б.А ыг “алдаа гаргаж тоглолоо” гэх шалтгаанаар зодож, Б.А ын эрүүл мэндэд тархи доргилт, дух, баруун хөмсөг, хамрын зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Б.Ч нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын .....дүгээр байрны дунд байрлах хөл бөмбөгийн талбай дээр эсрэг багт тоглож байсан 16 настай Б.А ыг “алдаа гаргаж тоглолоо” гэх шалтгаанаар зодож, Б.А ын эрүүл мэндэд тархи доргилт, дух, баруун хөмсөг, хамрын зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Чын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2.Насанд хүрээгүй хохирогч Б.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хөл бөмбөг тоглож байхад би эсрэг багт тоглож байсан Ч дээр алдаа гаргачихсан юм. Тэгтэл тэр уурлаж босож ирээд намайг заамдаж байгаад хамар руу нэг удаа мөргөөд, зүүн гараараа баруун талын шанаа руу нэг удаа цохиод, дахиад зүүн шанаа руу нэг удаа цохисон. Би доошоо тонгойгоод суухад хөлөөрөө хоёр нүдний дунд өшиглөхөд хамт тоглож байсан хүмүүс салгасан....120,000 төгрөг нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);

3.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4665 дугаартай “...Б.А ын биед тархи доргилт,, дух, баруун хөмсөг, хамрын зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 18 дугаар хуудас);

4.Насанд хүрээгүй хохирогч Б.А ын “...16 нас 4 сар 3 хоногтой...” гэсэн нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 36 дугаар хуудас);

5.Натур эмнэлгийн өвчний онош, толгойн томографын зураг 120,000 төгрөгөөр авхуулсан баримт (хх-ийн 48 дугаар хуудас);

6.Хохиролд 120,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт (хх-ийн 49 дүгээр хуудас);

7.Шүүгдэгч Б.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 31 дүгээр хуудас);

8.Шүүгдэгч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эсрэг багийн тоглогч А тоглож байгаад хөл рүү өшиглөхөөр би уурлаад аятайхан тогло, тэмцээн уралдаан биш гэж хэлээд үргэлжлүүлэн тоглосон. Тэгээд тоглож байхад дахин өшиглөхөөр нь би уурлаад гараараа Аын нүүр рүү цохиход зөрүүлээд миний нүүр рүү цохихоор нь би хамар руу нь өшиглөчихсөн юм...хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 05 дүгээр сарын 23-ны өдрийн 146 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.А ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Чын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр насанд хүрээгүй хохирогч Б.А ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Чыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б  нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн .....дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Чт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА