| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00486/и |
| Дугаар | 00490 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 00490
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Н.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Ц.Жаргалсайханд холбогдох, 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00486/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт оршин суух, Хүрд овогт Намсрайн Жаргалсайхан /РД:ГЮ66081213/, түүний өмгөөлөгч П.Ган-Очир,
хариуцагч: 1978 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт оршин суух, Монгол овогт Цэнд-Аюушийн Жаргалсайхан /РД:ГЗ78080416/, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Жаралсайханаас байшин худалдан авахаар болж 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1600000 төгрөг бэлнээр өгсөн. Байшингаа авахаар очиж үзтэл уг байшин нь миний хэрэгцээ шаардлагыг хангахааргүй байсан тул наймаагаа буцаж 800000 төгрөгт бодож 10 төлөг, 800000 төгрөгт бодож хүрэн зүсмийн бүдүүн морь авсан. Авсан морио 2015 оны 4 сард авч унаж байгаад 2015 оны 6 сард Ц.Жаргалсайханы адуунд нь буцааж аваачиж тавьсан. Ижил сүрэгт нь байлгаж байгаад авья гэж Ц.Жаргалсайханд хэлээд тавьсан. Намар нь Ц.Жаргалсайхантай утсаар ярьж морио унагатай гүүгээр солих саналыг тавихад тэрээр зөвшөөрч хавар гүү унагалахаар эртхэн аваарай гэж тохиролцсон. 2016 оны 03 дугаар сард Ц.Жаргалсайхан надруу утасдаж морь чинь алга болсон гүү өгөх боломжгүй гэж хэлсэн. Иймд Ц.Жаргалсайханаас морины үнэ 800000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Жаргалсайхантай байшин худалдах худалдан авах наймаа хийсэн нь үнэн. Наймаа тохироогүй учраас 1600000 төгрөгийн оронд 800000 төгрөгт бодож 10 төлөг, 800000 төгрөгт бодож 1 бүдүүн морь өгсөн. Тухайн үед Н.Жаргалсайхан морио авч яваад унаж эдлэж байгаад дараа жилийн хавар нь намар авъя гээд манай адуунд тавьсан. Манай адуу намар хүйтрэнгүүт Баян-Агт, Хутаг-Өндөр, Уньтын нутгаар байж байгаад хавар орж ирсэн. Манай адуу жил бүр өөрсдийн зөнгөөр явж байгаад ирдэг тул Жаргалсайханд адуу ууланд гарахаас өмнө морио ирж аваарай гэж хэлсэн. Тэр морио тохиролцсон хугацаандаа ирж аваагүй учраас морь нь манай адуутай цуг ууланд гараад эргэж ирээгүй. Би эрүүл мэндийн хувьд сайнгүй, хүн хүч муутай тул өвлийн цагт адуугаа эргэж тойрч хариулж малладаггүй. Би Н.Жаргалсайхантай морийг нь унагатай гүүгээр солих талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Ер нь манайхыг өвлийн цагт адуундаа нэг ч явдаггүй, өөрсдөө зөнгөөрөө явж байгаад бууж ирдэг гэдгийг нутгийнхан бүгд мэднэ. Би Н.Жаргалсайханы морийг хадгалж, хариулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь хариуцагч Ц.Жаргалсайханд холбогдуулан морины үнэ 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь ...2015 оны 6 сард хүрэн зүсмийн морио Н.Жаргалсайханы адуунд тавьж 2016 оны хавар гүү унагалахаар мориныхоо оронд унагатай гүү авахаар тохиролцсон боловч морь алга болсон учраас алийг нь ч өгөхгүй гэж байгаа тул морины үнэ 800000 төгрөгийг хариуцагчаас гаргууна. гэж нэхэмжлэл, тайлбар гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сард авна гэж морио тавьчихаад аваагүй, тохирсон хугацаандаа морио буцааж аваагүй морь нь алга болсон тул эрсдлийг би хүлээхгүй.. гэж маргажээ. /хх 1-2, 13 тал/
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан, хариуцагч Ц.Жаргалсайхан нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байшин худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь хариуцагч Ц.Жаргалсайханд 1600000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. Байшин нь нэхэмжлэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байсан учраас наймаагаа буцаж өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээнээсээ татгалзаж хариуцагч нь 1600000 төгрөгийн оронд 800000 төгрөгт тооцож 10 төлөг, 800000 төгрөгт тооцож 1 бүдүүн морь өгсөн байна. Ингэснээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусч 10 төлөг, 1 морь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл болсон байна. Нэхэмжэгч Н.Жаргалсайхан нь 2015 оны 4 дүгээр сард уг морио авч унаж хэрэглэж байгаад 2015 оны 6 дугаар сард ижил сүрэгт байлгаж байгаад авья гэдэг саналыг хариуцагч Ц.Жаргалсайханд тавьж тэрээр энэ саналаас татгалзаагүй байна. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Харин хариуцагч нь ..нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сард морио авна гэж тавьчихаад аваагүй, тохирсон хугацаандаа морио буцааж аваагүй, морь нь алга болсон тул эрсдлийг би хүлээхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь хариуцагчаас авсан морио унаж байгаад хариуцагч Ц.Жаргалсайханы адуунд /ижил сүрэгт нь/ буцааж авчирч тавьснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.1, 422.3.6-д зааснаар ..хадгалагч нь хадгалж байгаа эд хөрөнгийг өөрийн хөрөнгийн адил нөхцөлөөр хадгалах, хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэгтэй. Хадгалагч нь энэ үүргээ зөрчиж хадгалалтанд шилжүүлсэн эд хөрөнгийг алдаж, дутагдуулсан тул хадгалуулагчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ..2015 оны 11 дүгээр сард морио буцааж авахаар тохирсон, тохирсон хугацаандаа ирж аваагүй учраас эрсдлийг би хүлээгүй гэж маргаж байгаа хэдий ч хадгалалтын гэрээний хугацаа тодорхой байсан гэдгээ хариуцагч баримтаар нотолж чадахгүй байна. Зохигчид нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж өгч авсан зүйлээ буцаахдаа морины үнийг 800000 төгрөгөөр тохирсон. Энэ үнийн талаар талууд маргахгүй байгаа тул хариуцагч Ц.Жаргалсайханаас 800000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Жаргалсайханд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгэр зүйлийн 424.1-д зааснаар хариуцагч Ц.Жаргалсайханаас 800000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Жаргалсайханд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24000 /хорин дөрвөн мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Жаргалсайханаас 24000 /хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН