Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 76

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бэд холбогдох 2030000270082 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр,3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дүгээр багт оршин суух, урьд нь ял шийтгүүлж байсан, / Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Ш” гэх газарт А.Нгийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл ууж байхдаа О.Ттай маргалдаж түүнийг өшиглөн эрүүл мэндэд нь “доод эрүүний ооч болон зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019.05.23-ны орой би А.Н гэдэг найзындаа очсон. Тухайн өдөр О.Т сумаас ирсэн. Намайг явах гэж байтал гурван архи авчирсан. Хамт уучих гэж хэлсэн. Өглөө нь босоод харахад эрүү нь хугарчихсан байсан. О.Т архи уугаад манай эцэг, эхийг “ баян тарган” гээд элдвээр хэлээд байсан. Тэгээд маргалдаад өшиглөчихсөн. О.Т согтуу байсан учраас маргалдаад байсан. Хохирогчтой эвлэрсэн, эмчилгээний зардалд нь 4.000.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хүний эрүүг хугалж хохирол учруулснаа ойлгосон, хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

- Яллагдагч Б.Бийн: “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Улаан өндөр гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 05 дугаар сарын 23-нд би манайхтай ойролцоо нутагладаг Н гэдэг айлынд байж байхад сумаас О.Т нь ирсэн. Түүнийг ирсний дараа намайг явах гэтэл О.Т нь байж бай гээд авчирсан архи, пивоо задалж ууцгаасан. Тэгээд 2.5 литрийн нийслэл нэртэй пиво 2-ыг уусан. 0.75 литрийн хараа архи 2 шилийг уусан. Тэгээд шөнө болсон хойно О.Т нь манай аав ээжийг баян цатгалан гэх мэтээр янз бүрээр хэлээд байхаар нь би О.Ттай маргалдаад гэрээс гараад бид хоёр зодолдоод би О.Тийг толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Намайг өшиглөхөд О.Т нь газар ойчоод тэгээд Н бид хоёрыг салгаад гэр рүү орсон. Тэгээд би гэр рүүгээ явах гээд замаа олохгүй буцаж ирээд Нийнд хоносон. Өглөө нь сэрэхэд О.Тийн эрүү нь хугарсан байсан. Манай аав ээжийг доромжлоод байх шиг санагдаад би О.Ттай муудсан. О.Т нь миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүний толгой руу нь өшиглөсөн. Бид бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/,

 

- Хохирогч О.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүхбаатар суманд 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой хадам дүү Нийнд шөлний хонь авах гээд очсон юм. Би очихдоо 2.5 литрийн нийслэл нэртэй пиво хоёртой, 0.75 литрийн хараа  архи 1 шилийг авч очсон юм. Намайг Нийнд очиход Б нь тэднийд байсан бөгөөд авч очсон архи, пивоо хамт ууцгаасан. Тэгээд би уусан архиндаа согтоод унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоход миний нүүр битүү хаван болсон байсан. Эрүү хөдөлж болохгүй өвдөөд байсан бөгөөд өглөө нь Нийн эхнэр Намуунзулаас юу болсон талаар асуухад Б шөнө архинд явъя гээд толгой руу чинь өшиглөөд байсан гэж хэлсэн. Тэгээд би Бээс асуухад тэрээр мөн архинд согтсон санахгүй байна, би өшиглөсөн байхаа гэж хэлсэн. Өөр асуудал болоогүй. Би тухайн үедээ эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг авч эрүүгээ хадуулж эмчилгээ хийлгэсэн. Одоо эрүүнийхээ чигийг авуулах, доод эрүүний нэг шүд хийлгэх шаардлагатай байгаа учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний эрүү 2 хугарсан байсан. Эрүү хадуулахдаа 1 шүдээ авахуулсан. Өөр гэмтэл байхгүй. Би урьд өмнө Б гэх хүнтэй муудаж байгаагүй. Бид хоёрын  дунд ямар нэгэн өс хонзонгийн шинжтэй асуудал байхгүй. Б нь надтай уулзаж миний эрүүний чигийг авахуулж шүдийг маань хийлгүүлж өгөхөөр тохирсон. Одоо надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”..гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,

 

- Хохирогч О.Тт хохирол төлсөн талаарх 62 дугаартай нотариатын “ О.Т миний бие Б.Бээс эмчилгээний зардал/ хохирлын төлбөр/-д 4.000.000 төгрөг хүлээн авсан, бид сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” бүртгэл /хх- 42/

- Гэрч Л.Нын “...Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг Ш гэх газарт нутаглаж мал маллаж амьдардаг юм. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манайд Т нь шөнө 22 цаг өнгөрөөгөөд манайхаас хонь авах ажилтай мотоцикльтой ирсэн. Тэр үед манайд манай нөхрийн найз Б мөн манайд ирсэн байж  таарсан. Тэгээд манай хүргэн О.Т нь сумаас архи, пиво авчирсан байсныгаа тэр хоёр цуг ууцгаасан. Манай нөхөр архи уугаагүй. Тэгээд архи пивоо ууж байгаад Б, Т нар нь хоорондоо маргалдаад байсан. Тэгээд манайхаас гараад явцгаасан. Манай гэрт бол хоорондоо зодолдоогүй. Манай гадаа зодолдоод байсан. Манай нөхөр гарах гээд байхаар нь би хэрэггүй гайгүй байлгүй дээ гээд гаргаагүй юм. Тэгсэн О.Т нь гаднаас орж ирэхдээ хамраас нь цус гарчихсан эрүү эвгүй болчихлоо Б намайг цохисон гээд орж ирсэн. Тэгээд манайд унтаад өглөө болоход О.Тийн эрүү нь хугарсан байна гэж байсан. Гадаа гараад зодолдоод байсан. Маргааш өглөө нь Б нь Таасаа уучлалт гуйгаад би чамайг өшиглөөд эрүүг чинь хугалчихлаа гэж байсан. Тэгээд тэд манайхаас явцгаасан. Т нь их согтуу байсан. Б.Бийн хувьд архи нь гайгүй байсан гэж бодож  байна” гэх мэдүүлэг /хх-8/

 

- Гэрч А.Нгийн  “ ... Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг Ш гэх газарт нутаглаж мал маллаж амьдардаг юм. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Т нь шөнө 22 цаг өнгөрөөгөөд манайд мотоцикльтой ирсэн. Тэр үед манайд Б нь мөн зүүн хойноосоо ирж таарсан. Тэгээд О.Т нь сумаас архи, пиво авчирсан байсныгаа тэр хоёр цуг ууцгаасан. Би архи, пиво уугаагүй. Тэгээд архи пивоо ууж байгаад хоорондоо маргалдаад байсан. Тэгээд манайхаас гараад явцгаасан. Миний хажууд бол хоорондоо зодолдоогүй. Манай гадаа зодолдоод байсан. Тэгээд О.Т нь гаднаас орж ирэхдээ хамраас нь цус гарчихсан эрүү эвгүй болчихлоо Б намайг цохисон гээд ярьж байсан. Тэгээд манайд унтаад өглөө болоход О.Тийн эрүү нь хугарсан байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Т нь их согтуу байсан”  гэх мэдүүлэг /хх-9/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2020 оны 01  дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаартай: 1 О.Тын биед доод эрүүний ооч болон зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 11/,

 

- Б.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 25/

 

- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020.02.17-ны өдрийн 08/191 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26/

 

- Б.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.19-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-29-34/

 

- Б.Бийн, Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-41/

 

- Прокурорын 2020.03.12-ны өдрийн 5/14 дугаартай “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ тогтоол /хх-43/

 

- Прокурорын 33 дугаартай “ Ялын төрөл хэмжээний талаарх санал “ /хх-44/

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 43-44/ зэргийг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “ Ш ” гэх газарт А.Нгийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл уух явцдаа О.Ттай маргалдаж түүнийг өшиглөн эрүүл мэндэд нь “доод эрүүний ооч болон зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал ” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ 2019.05.23-ны орой би А.Н гэдэг найзындаа очсон. Тухайн өдөр О.Т сумаас ирсэн. Намайг явах гэж байтал гурван шил архи авчирсан. Хамт уучих гэж хэлсэн. Өглөө нь босоод харахад эрүү нь хугарчихсан байсан. О.Т архи уугаад манай эцэг, эхийг “ баян тарган” гээд элдвээр хэлээд байсан. Тэгээд маргалдаад өшиглөчихсөн. О.Т согтуу байсан учраас маргалдаад байсан. Хохирогчтой эвлэрсэн, эмчилгээний зардалд нь 4.000.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хүний эрүүг хугалж хохирол учруулснаа ойлгосон, хүлээн зөвшөөрч байна “гэх,

хохирогч О.Тийн “  Би Сүхбаатар суманд 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой хадам дүү Нийнд шөлний хонь авах гээд очсон юм. Би очихдоо 2.5 литрийн нийслэл нэртэй пиво хоёртой, 0.75 литрийн хараа  архи 1 шилийг авч очсон юм. Намайг Нийнд очиход Б нь тэднийд байсан бөгөөд авч очсон архи, пивоо хамт ууцгаасан. Тэгээд би уусан архиндаа согтоод унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоход миний нүүр битүү хаван болсон байсан. Эрүү хөдөлж болохгүй өвдөөд байсан бөгөөд өглөө нь Нийн эхнэр Намуунзулаас юу болсон талаар асуухад Б шөнө архинд явъя гээд толгой руу чинь өшиглөөд байсан гэж хэлсэн. Тэгээд би Бээс асуухад тэрээр мөн архинд согтсон санахгүй байна, би өшиглөсөн байхаа гэж хэлсэн. Өөр асуудал болоогүй. Миний эрүү 2 хугарсан байсан. Эрүү хадуулахдаа 1 шүдээ авахуулсан. Өөр гэмтэл байхгүй. “гэх,

гэрч Л.Нын “ 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манайд Т нь шөнө 22 цаг өнгөрөөгөөд манайхаас хонь авах ажилтай мотоцикльтой ирсэн. Тэр үед манайд манай нөхрийн найз Б мөн манайд ирсэн байж  таарсан. Тэгээд манай хүргэн О.Т нь сумаас архи, пиво авчирсан байсныгаа тэр хоёр цуг ууцгаасан. Манай нөхөр архи уугаагүй. Тэгээд архи пивоо ууж байгаад Б, Т нар нь хоорондоо маргалдаад байсан. Тэгээд манайхаас гараад явцгаасан. Манай гэрт бол хоорондоо зодолдоогүй. Манай гадаа зодолдоод байсан. Манай нөхөр гарах гээд байхаар нь би хэрэггүй гайгүй байлгүй дээ гээд гаргаагүй юм. Тэгсэн О.Т нь гаднаас орж ирэхдээ хамраас нь цус гарчихсан эрүү эвгүй болчихлоо Б намайг цохисон гээд орж ирсэн. Тэгээд манайд унтаад өглөө болоход О.Тийн эрүү нь хугарсан байна гэж байсан. Гадаа гараад зодолдоод байсан. Маргааш өглөө нь Б нь Таасаа уучлалт гуйгаад би чамайг өшиглөөд эрүүг чинь хугалчихлаа гэж байсан” гэх,

гэрч А.Нгийн  “ 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Т нь шөнө 22 цаг өнгөрөөгөөд манайд мотоцикльтой ирсэн. Тэр үед манайд Б нь мөн зүүн хойноосоо ирж таарсан. Тэгээд О.Т нь сумаас архи, пиво авчирсан байсныгаа тэр хоёр цуг ууцгаасан. Би архи, пиво уугаагүй. Тэгээд архи пивоо ууж байгаад хоорондоо маргалдаад байсан. Тэгээд манайхаас гараад явцгаасан. Миний хажууд бол хоорондоо зодолдоогүй. Манай гадаа зодолдоод байсан. Тэгээд О.Т нь гаднаас орж ирэхдээ хамраас нь цус гарчихсан эрүү эвгүй болчихлоо Б намайг цохисон гээд ярьж байсан. Тэгээд манайд унтаад өглөө болоход О.Тийн эрүү нь хугарсан байсан”  гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 72 дугаартай “ 1.О.Тийн биед доод эрүүний ооч болон зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хэргийн дээрх баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Ттай хамт архи уух явцдаа түүний “ танай эцэг, эх баян тарган” гэж хэлсэн үгээр шалтаглан хөлөөрөө эрүүн тус газарт өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдох ба шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг өшиглөж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Тухайн хэрэг гарахад шүүгдэгчийн хэт согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Бийн, хохирогч О.Тийг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч О.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс эмчилгээний болон бусад зардал 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хэрэгт авагдсан 62 дугаартай “ О.Т миний бие Б.Бээс эмчилгээний зардал/ хохирлын төлбөр/-д 4.000.000 төгрөг хүлээн авсан, бид сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй” нотариатын бүртгэлээр тогтоогдоно.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Бийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний болон бусад эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.       

 

Прокуророос Б.Бэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж, гэм хорыг бүрэн арилгасан, хохирогч “ эмчилгээний зардал/ хохирлын төлбөр/-д 4.000.000 төгрөг хүлээн авсан, бид сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд Б.Бэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 2200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Бэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч О.Тийн эмчилгээний зардалд 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН