Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 00491

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, архив, бичиг хэргийн эрхлэгч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багт оршин суух, Шаргачин овогт Баянмөнхийн Шинэцэцэг /РД: ГМ95010441/-ийн нэхэмжлэлтэй,

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга /Н.Ганхөлөг/-т холбогдох,

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00446/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Шинэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1979 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны нутгийн удирлага мэргэжилтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн 2 хорооны Т-2-9 тоотод оршин суух, Бөөчүүд овогт Наранцацралтын Ганхөлөг /РД: ГМ79021917/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Шинэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр 2 сарын хугацаатай ажилд орсон. Миний туршалтын тушаалын хугацаа дууссан учраас цалингийн нэмэгдэл олгогдсон. Би 2014 оны 08 дугаар сард төрсөн юм. Үүний дараа 2015 оны 12 дугаар сард ажилдаа орох өргөдлөө өгсөн. Харин тэр үед надад охин чинь нялх, ажил их байна гээд 2016 оны 02 дугаар сард ажилдаа ор гэж хэлсэн. Би олон удаа ажилдаа орохоор очиход дараа ир гэх мэтээр хойшлуулаад байсан. Намайг 2016 оны 02 дугаар сард ажилдаа ороход миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлана гэж хэлсэн. Энэ сонгон шалгаруулалтаар Сарантуяа хамгийн өндөр оноог авсан учраас тухайн ажлын байранд ажиллах болсон. Тэр сонгон шалгаруулалтанд Сарантуяа өндөр оноо авсан нь эргэлзээтэй байна. Ийм учраас сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд намайг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 1210307 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Ганхөлөг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Архив, бичиг хэргийн эрхлэгч нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн орон тооны ажил юм. Анх энэ ажилд Бямбатогтох ажиллаж байсан. Бямбатогтох нь өвчний улмаас ажлаа хийх боломжгүй болсон. Тэр эмчилгээнд явах шаардлагатай учраас урт хугацааны чөлөө авах хүсэлт гаргасан. Үүний дагуу Бямбатогтохыг ажлаас нь түр чөлөөлсөн. Харин түүний оронд Бямбасүрэнг ажиллуулсан. Бямбасүрэн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Үүний дараа Шинэцэцэгийг түр хугацаатайгаар томилон ажиллуулсан. Бид Шинэцэцэгийг ажилд авахдаа хүний оронд түр ажиллаж байгаа шүү гэдгийг сануулж хэлсэн. Бид Бямбатогтохыг 2 сарын дараа ажилдаа орох болов уу гэсэн үүднээс Шинэцэцэгийн туршалтын хугацааг 2 сараар тогтоосон юм. Учир нь Бямбатогтох буцаж ажилдаа орох хугацаагаа хүсэлтдээ тодорхой бичсэн байсан юм. Бямбатогтохын өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон учраас өөрөө хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд Шинэцэцэг байнгын ажлын байранд түр хугацаагаар ажилласан. Үүний дараа Шинэцэцэг жирэмсний амралтаа авсан. Тухайн үед би ажлаасаа түр чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Бид сонгон шалгаруулалт зарласан. Учир нь Шинэцэцэгийг байхгүй хойгуур өөр хүн ажиллуулах нь зүйтэй байсан. Сарантуяаг Шинэцэцэгийг байхгүй хойгуур түр ажиллуулсан. Сонгон шалгаруулалт болохоос өмнө би Шинэцэцэгт сайн бэлдээрэй гэхэд за, сайн бэлдэнээ гэж хэлж байсан. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноог Сарантуяа авсан. Ийм учраас Төрийн албаны тухай хууль, дотоод журмын дагуу Сарантуяаг ажиллуулсан. Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйл, дотоод журмын 2.5-д заасны дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Энэ сонгон шалгаруулалтад 4 хүн оролцсон бөгөөд Сарантуяа хамгийн өндөр оноог авч 1 дүгээрт орсон. Ийм учраас Сарантуяаг хууль, дүрэм, журмын дагуу архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд томилж, Шинэцэцэгийг ажлаас чөлөөлсөн. Шинэцэцэг түр ажиллах тушаал гаргасан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгийг мэдэж байсан. Энэ тушаал, хөдөлмөрийн гэрээ хуулийн дагуу хүчин төгөлдөр. Ажлын байрыг сонгон шалгаруулалтаар зарлах тухай хуулийн гол зарчим хэрэгжих нь зүйтэй гэж үзэж байна. Шинэцэцэгийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Шинэцэцэг нууцын бичээчээр давхар ажилладаг. Би Шинэцэцэгийг түр ажиллаж байгаа ч гэсэн нууцын бичээчээр ажиллах тушаал гаргаж нэмэгдэл олгож байсан. Би Шинэцэцэгийг хуулийн дагуу чөлөөлсөн гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Шинэцэцэг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч, архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж хамгийн өндөр оноо авсан хүнийг ажилд томилох нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албаны тухай хуульд нийцнэ. Б.Шинэцэцэг нь сонгон шалгаруулалтад нэгдүгээрт ороогүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Шинэцэцэг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2 сарын хугацаанд түр ажилд орж тус сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тушаалаар томилогдон ТҮ-5-1 дэх шатлалаар цалинжиж ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 17-ы өдрийн Б/21 тоот тушаалаар нууцын бичээчийн ажлыг хавсран гүйцэтгэх болсон. Б.Шинэцэцэг нь жирэмсний амралтаа авсан тул түүний оронд П.Сарантуяаг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/26 тоот тушаалаар 6 сарын хугацаанд түр томилж, 2016 оны 02 дугаар 01-ний өдрийн Б/01 тоот тушаалаар Б.Шинэцэцэгийг 2 сарын хугацаагаар дахин түр томилж, Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Б.Шинэцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг-ийн хурлын тэмдэглэлийг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т Ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, ...Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна, 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. ... гэж заасны дагуу Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгчийн үүрэгт ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдсөн Х.Бямбатогтохыг ажилдаа эргэж орох хүртэл хугацаанд Б.Шинэцэцэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах үүргээ ажил олгогч биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Архив, бичиг хэргийн эрхлэгч Х.Бямбатогтох нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/01 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр байнгын ажлын байр бий болсон бөгөөд Б.Шинэцэцэг нь архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг үргэлжлүүлэн хийж хөдөлмөрийнн харилцаа үргэлжилсээр байсан байна.

Дээрх хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар цуцлажээ. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба уг тушаалыг нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг-ийн хурлын тэмдэглэлийг баримтласан. Хариуцагч ажлаас халсан үндэслэлээ Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/12 тоот тушаалын дагуу зохион байгуулагдсан архив, бичиг хэргийн ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт орж, хамгийн өндөр оноо аваагүй нь ажилтан мэргэжил, ур чадвараар ажилдаа тэнцэхгүйг харуулж байна гэж тайлбарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд төрийн захиргаа, төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 17 дугаар 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд төрийн үйлчилгээний албан тушаалтныг ажилд авахдаа сонгон шалгаруулах замаар нөхөхийг хуульчлаагүй байна. Өөрөөр хэлбэл архив, бичиг хэргийн ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт орж, хамгийн өндөр оноо аваагүй үндэслэлээр ажилтныг мэргэжил, ур чадвараар ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Иймд Б.Шинэцэцэгийг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архив,бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Б.Шинэцэцэгийг ажилгүй байсан хугацааны ажлын 57 өдрийн /2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /1340571 : 3 сар = 446857 төгрөг, 446857 төгрөг : 21.5 ажлын өдөр= 20784 төгрөг, 20784 төгрөг х 57 өдөр = 1184688 төгрөг/ 1184688 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас халагдсан 6 сарыг оруулахгүй 5, 4, 3 дугаар сарын цалингийн дундажаар тогтоох нь хуульд нийцнэ.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас Улсын тэмдэгтийн хураамж 32982 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Шинэцэцэгийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1184688 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж Б.Шинэцэцэгт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.Шинэцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгны газарт үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас 32982 /гучин хоёр мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсгуай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ