Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 75

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Бт холбогдох 2030000130089  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  6, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т.Б,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  6 дугаар баг ... тоотод байх гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр А.Эг зодож, эрүүл мэндэд нь “гадна бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед найзууд ирээд ганц, хоёр шил архи уусан. Орой нь намайг гаргахгүй гээд байхаар нь эхнэрээ үсдээд зодсон. Би тухайн үед согтуу байсан. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

- Яллагдагч Т.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г хөдөөнөөс ирсэн бөгөөд би Гын таньдаг айлд “Ерөөл” нэртэй шилтэй архи хувааж уугаад дараа нь манай руу 13 цагийн орчим бм Гыг дагуулаад гэр  рүү очиж мөн “ Ерөөл”-ийн 0.75 литрийн шилтэй архи хувааж уусан юм. Тэгээд орой 19 цагийн үед Г явна гэхээр нь би цуг дагаад явах гэтэл манай эхнэр намайг гаргахгүй байсан. Тэгээд Г нь яваад өгсөн бөгөөд би эхнэр А.Эг намайг явуулсангүй гэж маргалдаж муудах явцдаа үснээс нь зулгааж байгаад нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

- Хохирогч А.Эгийн: “... Би Т.Б гэх хүнтэй гэр бүл болоод 5 жил болж байна. Энэ хугацаанд 3 хүүхэдтэй болсон. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө манай нөхөр Т.Б гэрээсээ 09 цагийн орчим найзтайгаа уулзана гээд гарч өдөр 13 цагийн үед гэртээ ирэхдээ халамцуухан ирсэн бөгөөд буцаж гараад орой 16 цагийн орчим гэртээ нэлээн согтуу ирсэн. Тэгээд гэртээ хэсэг байж байгаад орой 18-19 цагийн хооронд Т.Б нь буцаж гарна гээд байхаар нь гаргахгүй гэтэл Т.Б нь миний үснээс зулгааж зодож, бэлэг эрхтэн рүү хөлөөрөө өшиглөсөн. Намайг Т.Бт зодуулаад бахираад байхаар миний төрсөн ээж манай гэр рүү орж ирсэн. Манай ээж Ариунсан нь манайхтай хамт нэг хашаанд байдаг юм. Тэгээд манай ээж Ариунсанг цохисон гэсэн. Тэгэхдээ манай ээжид ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй. Миний хувьд гаргах санал, хүсэлт байгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ний 13/,

 

- Гэрч Д.А: 2020 оны 01 дүгээр сарын 02 -ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг ... тоотод хашаанд манай хүргэн Т.Б нь төрсөн охин А.Эг согтуугаар орой 20 цагийн үед зодоод байхаар нь миний бие дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ний 14х/,

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх- 18/

                                 

- Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 47 дугаартай: “1.А.Эгийн  биед гадна бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх- 17/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/192 дугаартай тодорхойлолт/хх- 28/

 

- Шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 29/

 

- Т.Б, А.Э нарын Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/хх- 30/

 

- Шүүгдэгч  Т.Бын  Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 31/

-  Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоол/хх- 32-34/

 

- Хохирогч А.Эгийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн  Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх- 36/

 

- Хохирогч А.Эд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 37/

 

- Шүүгдэгч Т.Бт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 38/

 

-Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх- 42/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай санал/хх- 44/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны оройн 20.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн ... тоот дахь гэртээ согтуурсан үедээ эхнэр А.Эг зодож, эрүүл мэндэд нь “гадна бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  “

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Тухайн үед найзууд ирээд ганц, хоёр шил архи уусан. Орой нь намайг гаргахгүй гээд байхаар нь үсдээд зодсон. Би тухайн үед согтуу байсан. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх,

хохирогч А.Эгийн “Тэгээд гэртээ хэсэг байж байгаад орой 18-19 цагийн хооронд Т.Б нь буцаж гарна гээд байхаар нь гаргахгүй гэтэл Т.Б нь миний үснээс зулгааж зодож, бэлэг эрхтэн рүү хөлөөрөө өшиглөсөн. Намайг Т.Бт зодуулаад бахираад байхаар миний төрсөн ээж манай гэр рүү орж ирсэн. Манай ээж Ариунсан нь манайхтай хамт нэг хашаанд байдаг юм. Тэгээд манай ээж Ариунсанг цохисон гэсэн. Тэгэхдээ манай ээжид ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй...” гэх,

гэрч Д.Агийн “ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг ... тоотод хашаанд манай хүргэн Т.Б нь төрсөн охин А.Эг согтуугаар орой 20 цагийн үед зодоод байхаар нь миний бие дуудлага өгсөн ” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 47 дугаартай ” 1.А.Эгийн  биед гадна бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Т.Б  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Эг “ найзуудтай нь хамт гэрээс гаргасангүй “ гэх шалтгаанаар өшиглөж зодсон үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг өшиглөж, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ гэрээс гаргасангүй “ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Шүүгдэгч Т.Бын, хохирогч А.Эгийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Т.Бын  үйлдлийн улмаас хохирогч А.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй талаараа “ Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй “ гэж хэрэгт мэдүүлжээ. 

Иймд шүүгдэгч Т.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Т.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

Тухайлбал, шүүгдэгч Т.Бын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Э “ бид сайн дураараа эвлэрсэн. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Т.Бт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн орлого олох боломжийг нь харгалзан улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгч нь нас залуу хүн учраас шүүхээс оногдуулсан торгох  ялыг ажил хийгээд төлөх боломжтой “ гэх хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэх хуульчилсан бөгөөд Т.Б эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний гэр бүл өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаагаар 116.69 оноотой доод түвшинд үнэлэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хамаардаг болох нь Сүхбаатар аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын 1/117 тоот тодорхойлолтоор нотлогдох тул түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Шүүгдэгч Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Бт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай

 

5. Шүүгдэгч Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН