Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 80

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бт холбогдох 1930003790101 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа аж ахуй эрхлэх, ам бүл 3, ээж, эхнэр нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б.Б,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 03-ны Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг ... тоотод хохирогч Ю.Цийг зодож, эрүүл мэндэд нь “ баруун нүдний гадна буланд, баруун зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсэгт баруун гуяны урд дунд хэсэгт, баруун зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн чамархайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019.09.03-ны шөнө өөрийн хамтран амьдрагч Ю.Цтай унтаж байгаад нэг сэрээд харахад байхгүй байсан. Тэрнээс болж бид хоёр муудсан. Тэгээд би гараараа цохисон юм. Хохирогчид учруулсан гэмтлийн зэрэгтэй маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би Улаанбаатар хотод амьдардаг, хувиараа машины засвар хийдэг. Харин торгуулийн мөнгийг төлөх хугацааг хойш нь тавьж өгнө үү...гэв.

 

- Яллагдагч Б.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Ю.Цтай 2019 оны 03 дугаар сард танилцаж 5 дугаар сараас эхэлж хамтран амьдарч байгаа ба 2019 оны 07 дугаар сарын 24-ний орчимд Баруун-Урт суманд хүний машин засахаар ирсэн юм. Баруун-Урт суманд байх хугацаандаа төрсөн ах Нын гэр буюу Баруун-Урт сумын 2 дугаар баг ... тоотод хамт байдаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой Д, Ц бид гурав 1 шил архи хувааж уугаад унтсан. Шөнийн 02 цаг өнгөрөөгөөд сэртэл хамтран амьдрагч Ю.Ц, Д хоёр байхгүй би ганцаараа гэртээ байсан. Би бэр Аийг үүрээр 05 цагийн үед дуудаж машинтай гадуур Ю.Цийг хайсан бөгөөд өглөө 07 цагийн үед Д, Ц хоёр автовокзал дээр машин дотор сууж  байхад нь олж авсан. Тэгээд бид нар бүгдээрээ буцаад аймгийн баруун гол руу явж гол дээр нэг шил архи хувааж ууцгаасан. Тэндээсээ Ю.Ц бид хоёр гэртээ очоод шөнө алга болсон талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдаж муудаж байгаад би Ю.Цийн хоёр гарын бугалаг хэсэг рүү нь гараараа цохисон. Мөн хөлийн шилбэ рүү цохиж зодсон. Үүнээс болж Ю.Ц нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

 

- Хохирогч Ю.Цийн: 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баруун-Урт сумын 2 дугаар баг ... тоотод амьдарч байхдаа өөрийн хамтран амьдрагч Б.Бтай хамт 0.75 литрийн “Хараа” 2 шил, 0.5 литрийн Монгол Стандарт 2 шилийг хувааж уугаад сууж байсан. Тэгтэл надтай хамтран амьдрагч Б.Б нь “намайг эрчүүдийн хажууд сонин зан гаргадаг” гээд намайг хардаж ахынхаа гэрт оруулаад намайг заамдаж аваад миний хэвлийн тус газар гараа зангидаж байгаад цохисон. Төд удалгүй манай хамтран амьдрагч Б.Б үлдсэн жоохон архиа уугаад Б.Б бид хоёр гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө нь үүрээр би вокзал руу такси бариад явсан чинь манай нөхөр хойноос ирээд “ чи хаашаа явах гэж байгаа юм бэ чамайг явуулахгүй чи надаас сална гэж бодож байна уу гээд уурлахаар нь би эсэргүүцсэн чинь гудамжинд намайг 2 билүү 3 удаа алгадсаныхаа дараа намайг ахындаа дагуулж очоод гэрээс гарахгүй байсан учир Б.Бийн төрсөн ахынх нь том охин цагдаа дуудаж Б.Бийг баривчлуулсан. Би 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хамтран амьдрагч байна. Бид хоёр архи уучхаараа хоорондоо маргалдах гээд байдаг. Уугаагүй үедээ зүгээр тайван байдаг. Миний хамтран амьдрагч Б.Б нь намайг 2019 оны 08 дугаар сард хамт архи ууж байгаад хардаж бид хоёр маргалдаад надад нэг удаа гар хүрч байсан. Надад нэг удаа манай эмэгтэй найзаас “ хоёулаа уулзъя” гэсэн мессеж ирсэн юм. Тэр мессежийг харснаас хойш архи уух болгондоо намайг хардаж бид хоёр маргалдах болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан бүгд үнэн. Би шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-15-16 хуудас/

 

- Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн 459 дугаартай: 1. Ю.Цийн биед баруун нүдний гадна буланд, баруун зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, баруун зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн чамархайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх- 23/,

 

- Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний хуулбар/хх- 33/,

 

- Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх- 36/,

 

- Шүүгдэгч Б.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 35/,

 

-  Шүүгдэгч Б.Бт  “ Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл” /хх- 49/,

 

- Шүүгдэгч Б.Бийн Сүхбаатар аймаг прокурорын газарт гаргасан  “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү”  гэх хүсэлт/хх- 53/

 

- Хохирогч Ю.Цт  “ Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл “ /хх- 48/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай санал /хх-55/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг ... тоотод хамтран амьдрагч Ю.Цийг зодож, эрүүл мэндэд нь “ баруун нүдний гадна буланд, баруун зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсэгт баруун гуяны урд дунд хэсэгт, баруун зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн чамархайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ 2019.09.03-ны шөнө өөрийн хамтран амьдрагч Ю.Цтай унтаж байгаад нэг сэрээд харахад байхгүй байсан. Тэрнээс болж бид хоёр муудсан. Тэгээд би гараараа цохисон юм. Хохирогчид учруулсан гэмтлийн зэрэгтэй маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би Улаанбаатар хотод амьдардаг, хувиараа машины засвар хийдэг. Харин торгуулийн мөнгийг төлөх хугацааг хойш нь тавьж өгнө үү...” гэх,

хохирогч Ю.Цийн “ 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баруун-Урт сумын 2 дугаар баг ... тоотод амьдарч байхдаа өөрийн хамтран амьдрагч Б.Бтай хамт 0.75 литрийн “Хараа” 2 шил, 0.5 литрийн Монгол Стандарт 2 шилийг хувааж уугаад сууж байсан. Тэгтэл надтай хамтран амьдрагч Б.Б нь “намайг эрчүүдийн хажууд сонин зан гаргадаг” гээд намайг хардаж ахынхаа гэрт оруулаад намайг заамдаж аваад миний хэвлийн тус газар гараа зангидаж байгаад цохисон. Өглөө нь үүрээр би вокзал руу такси бариад явсан чинь манай нөхөр хойноос ирээд “ чи хаашаа явах гэж байгаа юм бэ чамайг явуулахгүй чи надаас сална гэж бодож байна уу гээд уурлахаар нь би эсэргүүцсэн чинь гудамжинд намайг 2 билүү 3 удаа алгадсаныхаа дараа намайг ахындаа дагуулж очоод гэрээс гарахгүй байсан учир Б.Бийн төрсөн ахынх нь том охин цагдаа дуудаж Б.Бийг баривчлуулсан. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх,

Шинжээчийн 459 дугаартай: 1. Ю.Цийн биед баруун нүдний гадна буланд, баруун зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, баруун зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн чамархайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Б.Б нь хамтран амьдрагч Ю.Цтай согтууруулах ундаа хэрэглэх явцдаа согтуурсан, хоорондын үл ойлголцол, хардалт, гэр бүлийн асуудлаас маргаан үүсгэн түүнийг зодсон үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Б.Бийн, хохирогч Ю.Цийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч Ю.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогчийн зүгээс “ Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй” гэж хэрэгт мэдүүлжээ. 

Иймд шүүгдэгч Б.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Б.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ю.Ц “ бид эвлэрсэн. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Б.Бт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

 

Шүүх шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдаанд гаргасан “Би Улаанбаатар хотод амьдардаг, хувиараа машины засвар хийдэг. Харин торгуулийн мөнгийг төлөх хугацааг хойш нь тавьж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэстэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэх хуульчилсан бөгөөд Б.Бийн хувиараа машины засвар хийдэг буюу орлогыг тодорхойлох боломжгүй ажил эрхэлдэг болон  түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан Б.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ю.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН