Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 86

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бд холбогдох 2030000790110 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ц.Б,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр ... тоотод эхнэр Г.Шийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Эхнэр өөдөөс дайраад дайраад байхыг нь л санаж байна. Хөл алдаад түлхсэн байх. Бусдыг би сайн санахгүй байгаа юм. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна.Би голдуу хөдөө байдаг. Аймагт ирэхээрээ хааяа л архи уудаг. Архинаас болж ийм хэрэг хийсэн. Буруу зүйл хийсэн. Одоо дахиж архи уухгүй. Биеэ засна. Эхнэрээсээ уучлалт гуйсан, эвлэрсэн. Торгуулийн ялыг хоёр хуваагаад төлөх саналтай байна...гэв.

 

- Яллагдагч Ц.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед төвд зүс таних хүмүүстэй мөнгө нийлүүлж “Ерөөл” нэртэй 0.5 граммын 2 шил архи, 0.33 граммын 1 шил архи дөрвүүлээ уусан юм. Орой болсон тул найз Г,түүний таньдаг ахын хамт 1 шил ”Ерөөл” нэртэй 0.75 граммын архи дэлгүүрээс аваад гэр рүүгээ очсон. Архиа уух гэтэл манай эхнэр уурлаад намайг загнаад толгой руу гараараа цохиод байхаар нь манай хоёр найз тус бүр 3 хундага татчихаад яваад өгсөн. Би хэвтэж байгаад унтаад өгсөн. Удалгүй сэрээд архинаасаа уух гэтэл байхгүй байсан ба эхнэр “ архийг чинь би асгачихсан”  гэхээр нь би “ чи яаж байгаа юм бэ, бие өвдөөд байна, наад архийг чинь мөнгөөрөө авдаг юм “ гэхэд “ хар усыг чинь асгачихсан “ гээд өөдөөс дайраад байхаар нь цаашаа түлхэх гээд гараараа цохичихсон юм шиг байна лээ. Аль гараараа цохисноо мэдэхгүй байна. Би баруун хөлөө хугалж байсан, зүүн хөлөө машинд дайруулж байснаас болоод хөл маань нугарахгүй болсноос болоод орноос босохдоо хөл алдаад эхнэрээ дарж унахдаа гарыг нь түлчихсэн юм шиг байгаа юм. Тухайн үед архи гараагүй байсан тул сайн санахгүй байна. Удалгүй хөрш айлын хүн орж ирсэн байсан. Мөн цагдаа нар ирээд намайг авч яван саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Өмнө нь бид хоёр муудаж маргаж байсан. Манай эхнэр их түргэн ааштай тул байнга хэрүүл үүсгэдэг. Би эхнэрээ хоёр хүүхэдтэй байхад нь авч суун гэр бүл болж дундаасаа нэг хүүхэд гаргасан. Гэр бүлийн маргаан бол их байдаг. Би согтуу ёс зүйгүй зан гаргасандаа харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

        - Хохирогч Г.Шийн: Тухайн өдөр манай нөхөр Ц.Б гэрээсээ гараад орой 20 цагийн үед гэртээ найз нь гэх Г, мөн миний танихгүй залуутай согтуу ирээд гэртээ 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архитай ирж тэрийгээ хувааж ууж байгаад талд нь оруулаад архиндаа согтоод унтаад өгсөн. Тэгээд манай нөхөр Ц.Бтэй хамт ирсэн хоёр залуу яваад өгсөн. Удалгүй Ц.Б сэрээд надаас шилтэй архиа асуухаар нь би “архийг чинь асгасан” гэж хэлсэн юм. Үүнээс болж Ц.Б миний баруун нүд рүү гараараа цохиж, намайг төмөр зуух руу түлхсэн юм. Би тухайн үед зуухны ам хэсэг дээр ойчсон бөгөөд буцаад босох гэтэл намайг дахиж түлхээд тогоон дээр болж байсан хоолонд зүүн гарын шууныхаа дотор талыг түлсэн. Тухайн үед манай хашаанд байдаг Т /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын дундуур манай нөхөр Ц.Б нь гэртээ согтуу ирсэн юм. Гэртээ байнга согтуу ирээд байхаар нь би уурлаж загнасан юм. Гэтэл миний архи уух чамд хамаагүй гэж надтай маргалдаж байгаад миний хоолойг хоёр гараараа боож байсан. Би Ц.Бийг гэр орондоо архи дарс ууж ирэхээр загнадаг юм. Үүнээс болж хоорондоо маргалдаж муудаж байдаг. Өөрөөр намайг зодож байсан удаа байхгүй. Өглөө болгон гэрээсээ ажилтай хүн шиг гарч орой ирэхдээ согтуу ирдэг. Мангасын ам гэж ярьдаг тэр газарт хүмүүстэй нийлээд архи уугаад байдаг. Би Ц.Бд зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-09-10  хуудас/,

 

- Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай дүгнэлтээр: 1. Г.Шийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд болон баруун хацарт цус хуралт, зүүн гарын шуунд түлэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо болон өндөр хэм хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-17-18 /,

 

-   2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас/хх- 16/

 

- Хохирогч Г.Шт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 37/

 

- Шүүгдэгч Ц.Бд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 36/  

    

            - Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай санал/хх- 42/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 6/107 дугаартай “Ц.Б нь ам бүл 5, 9-р багийн нутаг дэвсгэрт хайлааст 2726 тоотод оршин суудаг. Ц.Б нь Сүхбаатар суманд айлын малчнаар ажилладаг. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх нь үнэн болохыг тодорхойлов” албан бичиг/хх- 28/

 

- Шүүгдэгч Ц.Бийн Иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 29/

 

- Шүүгдэгч Ц.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 35/

 

- Хохирогч Г.Шийн Иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 30/

 

- Шүүгдэгч Ц.Б хохирогч Г.Ш нарын гэрлэлтийн бүртгэлийн хуулбар/хх- 31/

 

- Шүүгдэгч Ц.Бийн шүүхэд гаргасан “Өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлт зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн ... тоот дахь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Шийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ Удалгүй сэрээд би  архинаасаа уух гэтэл байхгүй, архийг чинь би асгачихсан гэхээр нь чи яаж байгаа юм бэ бие өвдөөд байна шдээ наад архийг чинь мөнгөөрөө авдаг юм гэхэд, хар усыг чинь асгачихсан гзэд өөдөөс дайраад байхаар нь цаашаа түлхэх гээд гараараа цохичихсон юм шиг байна лээ, аль гараараа цохисноо мэдэхгүй байна. Эхнэр өөдөөс дайраад дайраад байхыг нь л санаж байна. Хөл алдаад түлхсэн байх. Бусдыг би сайн санахгүй байгаа юм. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна.Би голдуу хөдөө байдаг. Аймагт ирэхээрээ хааяа л архи уудаг. Архинаас болж ийм хэрэг хийсэн. Буруу зүйл хийсэн. Одоо дахиж архи уухгүй. Биеэ засна. Эхнэрээсээ уучлалт гуйсан, эвлэрсэн. Торгуулийн ялыг хоёр хуваагаад төлөх саналтай байна...” гэх,

хохирогч Г.Шийн “ Удалгүй Ц.Б сэрээд надаас шилтэй архиа асуухаар нь би “архийг чинь асгасан” гэж хэлсэн юм. Үүнээс болж Ц.Б миний баруун нүд рүү гараараа цохиж, намайг төмөр зуух руу түлхсэн юм. Би тухайн үед зуухны ам хэсэг дээр ойчсон бөгөөд буцаад босох гэтэл намайг дахиж түлхээд тогоон дээр болж байсан хоолонд зүүн гарын шууныхаа дотор талыг түлсэн. Тухайн үед манай хашаанд байдаг Т /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өглөө болгон гэрээсээ ажилтай хүн шиг гарч орой ирэхдээ согтуу ирдэг. Мангасын ам гэж ярьдаг тэр газарт хүмүүстэй нийлээд архи уугаад байдаг. Би Ц.Бд зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй....” гэх,

шинжээчийн 105 дугаартай: 1. Г.Шийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд болон баруун хацарт цус хуралт, зүүн гарын шуунд түлэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо болон өндөр хэм хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт,

 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн дээрх баримтаар Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Штэйгээ “ архи асгалаа ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисон, мөн түлхэсний улмаас Г.Ш нь тогоотой хоолонд гараа түлсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Ц.Бийн, хохирогч Г.Шийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Ц.Бийн үйлдлийн улмаас хохирогч Г.Шийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй, гомдолтой талаараа “ Миний хувьд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж хэрэгт мэдүүлжээ. 

Иймд шүүгдэгч Ц.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Ц.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Шийн “ Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Ц.Бд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Бийн шүүх хуралдаанд гаргасан “Торгуулийн ялыг хоёр хуваагаад төлөх саналтай байна...” гэх хүсэлт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 6/107 дугаартай “Ц.Б нь ам бүл 5, 9-р багийн нутаг дэвсгэрт хайлааст 2726 тоотод оршин суудаг. Ц.Б нь Сүхбаатар суманд айлын малчнаар ажилладаг. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх нь үнэн болохыг тодорхойлов” гэх албан бичиг зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэж заасны дагуу түүнд оногдуулах 700.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

          Шүүгдэгч Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд ялтан Ц.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН