Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 847

 

А.А, Ц.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Гансүх, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор С.Солонго,

          шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч С.Э,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг  даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 573 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч А.А, Ц.С нарт холбогдох 2016 2501 3613 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн А-гийн А, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам 1 дүгээр хэсгийн гудамжны 026 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

2. Л овгийн Ц-ын С, 1992 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, буддын гүн ухаан судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулийн 4 дүгээр гудамжны 122г тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх хороолол, 4 дүгээр байрны 7 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар 18 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 110 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож сулласан. /РД: /;

- А.А нь Ц.С-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүгийн 7 дугаар хороо Бадралын 15-14 тоотод оршин суух О.У-ийн гэрийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.С нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 12а гудамжны 353а тоотод оршин суух В.Б-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 400.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн “Тошиба” загварын LCD зурагт, давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А.А-тэй бүлэглэн Налайх дүүгийн 7 дугаар хороо Бадралын 15-14 тоотод оршин суух О.У-хийн гэрийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.А, Ц.С нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.С, А.А нарыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ц.С-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, А.А-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.С-т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, А.А д оногдуулсан 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.С-ын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 152 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.А-д цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар А.А-д оногдуулсан 2 жил 1 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар А.А-гийн ял тэнссэн хугацаанд хяналт тавихыг оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.С-аас 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч В.Батсуурьд /РД:ЙЮ62021571/ олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.С давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг гэмт хэрэгт гэрч гэх А.Б, Ц.Ш нар нь хулгайн зурагт гэдгийг мэдэж байсан. А.Б нь гарч такси барьж өгсөн, автомашин ирэхэд Ц.Ш бид хоёр автомашинд суухад нас тогтсон ах байсан. Ингээд ломбард явж байхад жолооч ахад А.Б “манай зурагт байгаа юм, та хямдхан авахгүй биз” гэхэд жолооч ах утсаараа яриад “дүү охин маань үзье” гэж байна гээд 100 айл орсон. Тэнд очоод жолооч ахын дүү нь гэх хүүхэнтэй А.Б бид хоёр хамт ороход зурагтыг А.Б залгаж үзүүлээд тэр хүүхнээс 230.000 төгрөг авсан. Тэр мөнгөнөөс би аваагүй ба 40.000-50.000 төгрөгийг үрсэн. А.Б нь уг хулгайн үйлдлийг сэдсэн. Иймд миний бие хэргээ үнэн зөвөөр А.Б-тэй шийдүүлэх хүсэлтэй байна...” гэжээ.

Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Ц.С-ын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

А.А нь Ц.С-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүгийн 7 дугаар хороо Бадралын 15-14 тоотод оршин суух О.У-ийн гэрийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.С нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 12а гудамж, 353а тоотод оршин суух В.Б-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 400.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн “Тошиба” загварын LCD зурагт, давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А.А-тэй бүлэглэн Налайх дүүгийн 7 дугаар хороо Бадралын 15-14 тоотод оршин суух О.У-ийн гэрийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч В.Б-ийн “...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би гэрээсээ эмчилгээ хийлгэх гээд гарсан. Манай гэрт Өвөрхангай аймгаас О, М гэх 2 хүр ирсэн байсан. Энэ 2 хүнийг “Хаан” банк орох гээд манай гэрээс 10 цагийн орчим гараад 20 орчим минутын болоод эргээд ирэхэд гэрийн цоожийг нь эвдчихсэн, зурагт алдагдсан байдалтай байсныг хараад надад хэлээд би ирж үзээд Цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс тухайн үед 49 инчийн “Toshiba” брэндийн нэг жилийн өмнө 800.000 төгрөгөөр авч байсан зурагт алдагдсан байсан...” /1-р хх-19, 20-21/,

 

Хохирогч О.У-ийн “...2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад 17 цагийн үед ээжийн гэр лүү очих гээд эхнэр, 2 хүүхдээ аваад явсан ба ээжийн гэрт очоод хоол хийж идчихээд 19 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн цонх хагарчихсан байхаар нь гайхаад хартал манай гэрийн зурагт алга болчихсон байсан...” /1-р хх-186, 187/,

Гэрч А.Б-ийн “...1 цаг орчмын дараа Ц.Сманайд зурагт тэврээд ороод ирсэн. Тэгэхээр нь би “чи юу бариад ороод ирвээ, хулгай хийчихсэн юм уу” гээд уурлахад Ц.С“зүгээрээ би найзынхаасаа авчихсан, чи бичиг баримтаа авчих хоёулаа гаръя” гэсэн тэгэхээр нь би “яг үнэн юм уу, чи хулгай хийчихсэн юм биш үү” гэхэд “үгүй, би өөрөө мэдэж байна” гэсэн. ...Цааш явж байгаад “100 айл” өнгөрөөд байрнуудын голд очоод зогсоолд зогсоход нэг хүн хүлээж байгаад гэртээ дагуулж ороод зурагтыг шалгаж үзээд 230.000 төгрөгөөр авсан. Энэ зурагт авсан жолоочийг таньдаг хүн байхгүй...” /1-р хх-22-23, 122/,

Гэрч Ц.Ш- ийн “...Ц.С том хавтгай дэлгэцтэй хар өнгөтэй нимгэн “Toshiba” брэндийн зурагт оруулж ирээд энийг ломбарданд тавья гэхээр нь А.Б “наадах чинь юу вэ, хулгайн эд зүйл биш биз дээ” гэтэл “үгүй, энэ миний эд зүйл, бичиг баримтаа авчих, энийг зарчихаад гадуур жаахан явъя” гээд байсан. Ингээд А.Б өөрөө бичиг баримтгүй байсан тул би цуг явсан. Ц.С гарч такси олж ирээд бид нар хамт гараад явсан. ...Замдаа явж байхад уг таксины жолооч нэг хүн рүү утсаар яриад “100 айл”-ын тэр хавьд байрнууд дунд очоод нэг эмэгтэй гарч ирээд Ц.С, А.Бх 2 зурагтаа аваад орсон...” /1-р хх-24-25/,

Гэрч Б.Х-гийн “...2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө бид нар сэрээд би Улаанбаатар хот руу ажлаар явж байгаад 18 цагийн үед ирэхэд гэрт Ц.С, Түмэнбаяр, Эрдэнэбулган, Сайханаа нар бүгд унтаж байсан ба гэрт битүү архи үнэртэж байсан. Тэгээд би өрөөндөө ороод Ц.С хувцастайгаа унтчихсан байхаар нь хувцсыг нь тайлуулаад хувцсаа өөрөө солиод байж байтал гаднаас А.А зурагт тэврээд ороод ирсэн. Тэгэхээр нь би “чи наад зурагтаа хаанаас авсан юм бэ, гээд уурлаад архи уугаад одоо бүр хулгай хийх нь үү, айлд нь аваачиж өг, эсвэл цагдаа дуудлаа” гэсэн чинь “одоохон, удахгүй өчигдрийн эрэгтэй, эмэгтэй 2 ирнэ” гэсэн. Тэр үед Сайханаа, Түмэнбаяр 2 сэрсэн. Тэгээд зурагтаа манай өрөөний хаалганы үүдэнд тавьчихаар нь “энэ зурагтаа ав, одоо эвдэлчихнэ, хүн нь ирж байгаа гэсэн биз дээ” гэхэд А.А аваад буйдангийн ардуур хийсэн...” /1-р хх-188/,

Гэрч Г.Т-ын “...би сэрэхэд А.А, Хулан, Сайхнаа 3 сэрүүн байсан ба би хоол хийх гээд байж байтал гэрт нэг хар зурагт авчирсан байсан. Би тэгэхээр нь А.А-гээс “юу нь зурагт юм бэ” гэж асуухад А.А “би авчирсан юм” гэсэн. Тэгэхээр нь би “хаанаас авчирсан юм бэ” гэж асуухад надад хаанаас авчирснаа хэлээгүй, гаднаас авчирсан л гэж хэлсэн...” /1-р хх-189/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-5-7, 8-10, 175-176, 177-178/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-44, 207/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-82, 183/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-184/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-185/, Ц.С, А.А нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч А.А, Ц.С нарын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.С давж заалдах шатны шүүхэд “...А.Б нь уг хулгайн үйлдлийг сэдсэн. Иймд миний бие хэргээ үнэн зөвөөр А.Б-тэй шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Ц.С нь А.А-тэй бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч Ц.С, А.А нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, шүүхээс оногдуулсан ял түүний гэм бурууд нь тохирсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Мөн А.Б нь 1 дүгээр хавтаст хэргийн 22-23, 122 дугаар талуудад гэрчээр мэдүүлэг өгсөн байх ба Ц.С-ын гомдол дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч Ц.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 6 дахь заалтуудад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 573 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Ц.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 573 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ц.С-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, А.А-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ц.С-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, А.А-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж

- 6 дахь заалтын “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар А.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар А.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Сэвжидбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ