Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0258

 

М. А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч М.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу М.А-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлан Цогт сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож, өмнө нь хийж байсан Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын тушаалаар М.А-г хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Уг тушаалыг шүүхээс М.А-г өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тушаалынхаа удирдлага болгосон заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3, 38.1.1-д заасныг барьсан байдаг. Уг заалт нь ажилтан санаачилсан гэсэн заалт байгаа.

М.А-ийн тухайд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх талаар бичсэн хүсэлт байхгүй, хамт олны хурал эхлэхээс өмнө дарга дуудаж ажлаас чөлөөлнө гээд байсан гэдэг зүйл хэлдэг.

Шүүхээс хамт олны хуралдааны тэмдэглэлд би хамтарч ажиллаж чадахгүй гэсэн байгааг өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзсэн байгааг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. энэ  үгийг өмнө нь дарга нь дарамталсан байдлаар харьцаад байхаар нь энэ даргатайгаар хамтарч ажиллахгүй гэдэг байдлаар хэлсэн байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Анх Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар “... М.А-г Нийгмийн ажилтнаар 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн албан хаагч томилогдох хүртэл хугацаагаар” томилжээ.

            Маргаан бүхий захиргааны акт болох Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллаж байсан М.А-ийн гэрээний хугацаа дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж” шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд .... уг орон тоог нөхнө”,  33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасан.

Тодруулбал, төрийн захиргааны албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь хуульд заасан шаардлагыг хангасан иргэдээс зохих журмын дагуу томилохоор хуульчилжээ.    

            Хэрэгт авагдсан баримт болох Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр албан бичгээс үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаал нь Төрийн захиргааны албан тушаалын ТЗ-3 ангилал зэрэглэлд хамаарахаар байна.

            Энэхүү албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч М.А нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, 2020 онд зохион байгуулагдсан ерөнхий шалгалтад орж тэнцээгүй нь Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар албан бичгээр, хариуцагч М.А-г анх ажилд “... төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн албан хаагч томилогдох хүртэл хугацаагаар” гэсэн нөхцөлтэйгөөр албан тушаалд түр томилсон үйл баримтууд тогтоогдож байна. 

             Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд томилогдохдоо хариуцагчтай тодорхой нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан, мөн хуульд зааснаар төрийн захиргааны албан тушаалд томилогдох шаардлагыг хангаагүй байх тул маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

            Мөн нэхэмжлэгч нь Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн, ажил, албан тушаалд эгүүлэн томилох хууль зүйн боломжгүй юм.     

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч ажлаасаа чөлөөлөгдөх талаар бичсэн хүсэлт байхгүй” гэж маргаж байх боловч энэ нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

             Иймд дээрх үндэслэлээр Говь-алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.      

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

           ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР