| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0086/э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 84
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар Э.Хосбаяр
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч З.Ч, Г.Г, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Ч, Г.Г нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2030000250070 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г.Г
Хоёр. Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг “Б” гэх газарт оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, З.Ч
Гурав. Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Э.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Г.Г, З.Ч нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан овооны задгай тоотод иргэн Э.Эыг зодож, эрүүл мэндэд нь “ толгойн оройн болон дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч Э.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан овооны задгай тоотод иргэн З.Чийг зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн нүдний дотор буланд зүсэгдсэн шарх, зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн чамархайн урд хэсэг, зүүн дээд зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, духны зүүн хэсэгт, зүүн нүдний эргэн тойрон, баруун бугалганы гадна дунд хэсэгт, зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний эргэн тойрон, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар биллъярдны газар тоглож байгаад Бгийн гэрт очоод гурван шил архи уусан. Тэгээд энэ зодоон болсон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурортой 600.000 төгрөгөөр торгох ял тохирсон байгаа. Үүнийг ямаа самнаж байгаад 6 сарын хугацаанд төлөх саналтай байна... гэв.
- Шүүгдэгч З.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид гурав найзууд юм. 2020.01.13-ны өдөр би биллъярд руу ороход энэ хоёр тоглож байсан. Тэгээд нэг шил архи аваад Бгийнх рүү явах уу гэхээр нь хамт явсан. Бгийн гэрт очоод гурван шил архи уусан. Тэнд очоод Г.Г, Э.Э хоёр хоорондоо муудаад байхаар нь би Э.Эыг гараараа хажуу талаас нь нэг удаа цохисон. Г.Г зугтаад явсны дараа Э.Э нь лоом барьж ирээд зодсон. Э.Эаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй, бид хоорондоо эвлэрсэн. Одоо дахиж муудахгүй. Гомдолгүй... гэв.
- Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид дөрөв биллъярдны газар тоглож байгаад Б гэрт очоод гурван шил архи уусан. Тэнд очоод хоорондоо маргалдаж муудаад энэ хэрэг гарсан. Би З.Чоос уучлалт гуйсан. Г.Гтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй...гэв.
- Яллагдагч Г.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сумын төвд биллъярдны газар тоглож байхад Э, Ч, Б нар орж ирсэн. Э, Ч, Б нарын хамтаар дэлгүүрээс нэг шил 0,75 хэмжээтэй “Соёрхол” архи аваад Бгийн гэрт очоод нэг шил архиа хувааж уусан. Тухайн үед Бгийн гэрт төрсөн дүү нь гэх Н гэх залуу байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. Яагаад санахгүй байгаа шалтгаан нь гэвэл архи хэтрүүлэн ууж тасарсан, өөрийн мэдрэлгүй болсон байсан. Этай зодолдсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь босоход хавирга хөндүүр байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 61-62/,
- Яллагдагч З.Чийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сумын төвд биллъярдын газраар 15:00 цагийн үед ороход Э, Г, Б гурав биллъяард тоглоод байж байсан. Г нэг шил архи авна цуг явна гээд Э, Б бид дөрөв дэлгүүр ороод 0,75 хэмжээтэй “Соёрхол” архи худалдаж аваад Бгийн гэрт хүн очсон юм. Бид дөрвийг очиход Бгийн төрсөн дүү Н гэрт нь байсан. Бид дөрөв нэг шил архиа ууж дуусаад, Б ахиад нэг шил архи авна гээд дүү Н нь дэлгүүр явж нэг шил архи авч ирсэн. Уг архиа ууж дуусаад Э нэг шил архи авна гээд Нг явуулж 0,75 литрийн архи авч ирээд ууж эхлэх гэж байхад Б тасраад буюу согтоод унтаад өгсөн. Архи ууж байхад Э нь Гд хандаж “нэг ширхэг тамхи өгөөч” гэхэд Г нь “би чиний тамхийг бэлдээгүй пизда минь” гэхэд нь Э босохдоо алгадаад авсан. Тэгээд Г босож ирээд Эыг заамдаад зүүн талд нь байх өрөөнд ороод тэр хоёр хоорондоо зодолдоод байсан. Би салгах гээд очиход Э намайг “чамд хамаагүй хол бай “ гээд нүүрэн тус газар цохиод авахаар нь би зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газар шанаа руу нь цохисон. Намайг Н тэвэрч аваад та одоо боль гээд намайг салгасан ...гэх мэдүүлэг/хх-ийн 55-56/,
- Яллагдагч Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэцагаан сумын төвд билляард газар руу найз Бгийн хамтаар 15 цагийн орчим очиход Г, Ч хоёр байсан. Г билляард тоглож хэдэн төгрөг хожиж байсан. Г тоглоомонд хожсон юм чинь гээд нэг шил 0,75 хэмжээтэй соёрхол архи дэлгүүрээс аваад Ч, Б, Г бид дөрөв Бгийн гэрт очоод нэг шил архи хувааж уусан. Бгийн гэрт төрсөн дүү нь гэх Н гэх залуу байсан. Архиа ууж дуусаад Б төрсөн дүү Нг дэлгүүр явуулаад соёрхол нэртэй 0,75 хэмжээтэй архи авахуулж тухайн архийг мөн ууж дууссан. Ахиад нэг шил архи уухаар болоод Бгийн дүү Нг дэлгүүр явуулж 0,75 хэмжээтэй соёрхол авч ирээд ууж сууж байхад Б согтоод өөрийн мэдрэлгүй болоод унтаад өгсөн. Би тухайн үед Гас “чамд тамхи байна уу” гэхэд Г “чамд өгөх тамхи байхгүй пизда минь” гэхээр нь “ нэг тамхи харамлаад үхлээ юу” гэж би хэлсэн. Би босож ирээд Гыг заамдаж аваад орон дээр дараад унахад Ч миний зүүн нүдний хажууд нэг удаа цохиод авсан. Би Гтай зууралдаад дээр доороо ороод зодолдож байхад Ч хажуугаас хэд хэдэн удаа цохиод авсан. Бгийн байшингийн зүүн өрөө рүү нь ойчоод байж байх хооронд Г тамхины үнсний саваар толгой руу 3 удаа цохиод авсан. Би тэр үед манараад ухаан алдаад сэргээд толгойгоо гараар тэмтрээд үзэхэд толгойноос цус гарсан шалан дээр их цус гарсан байхаар нь би босож ирээд яаж байна гэхэд Г, Ч хоёр гүйгээд яваад өгсөн. Би Бгийн усны савны хажуу талд нэг төмөр байхаар нь барьж аваад араас нь гарахад Ч, Г хоёр байхгүй болохоор нь би Чийн гэрээр очиход гэртээ байхгүй байсан. Буцаад Бгийн гадаа ирэхэд Ч, Н хоёр зогсож байсан. Би барьж явсан төмрөөрөө Чийн хөл рүү нь цохиод Чийг Бгийн гэр рүү хувцаснаас нь татаж оруулаад гараар Чийн толгой руу хоёр гурван удаа, нүүр рүү нь нэг удаа цохисон. Би босож ирээд Бд хандаж найзууд чинь намайг алах гэж байна гээд нэг удаа алгадсан. Намайг Бгийн дүү Н гэрт хүргэж өгөөд би хариад амарсан байсан юм. Тухайн үед Ч, Г нарт зодуулсандаа шаралхаад гомдоод Чийг зодсон минь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
- Хохирогч Э.Эын: 19:00 цагийн орчим би Г найзаасаа “тамхи байна уу” гэж асуухад салаавч өгөөд “чамд өгөх тамхи байхгүй” гэхээр нь би Гд хандаж “чи ингэтлээ том болсон юм уу, надад салаавч өгөөд” гэхэд Ч хажуугаас “чи битгий найзад томроод байгаарай, чамайг нийлж зодно шүү” гэхээр нь би Гтай заамдалцаад авахад Ч хажуу талаас зүүн шанааны дээд хэсэгт нэг удаа цохиод авсан. Тэр үед Г тамхины шилэн сав бариад зогсож байсан. Би тэр үед Гыг орон дээр боож байхдаа цугтаа газар унасан. Тэр үед Ч хажуу талаас миний гэдэс рүү, цээж хэсэгт гараараа цохиж байсан. Би зүүн өрөө рүү нь хаалганы босгонд бүдрээд газар унахад Г нь миний толгой руу тамхины шилэн саваар гурван удаа цохисон. Тэр үед миний ухаан балраад жоохон сэргэх үед Ч, Г хоёр байсан. Тэр үед Г нь галын хайч бариад “энэ гөлгийг алнаа” гэхэд нь Н “та хүн алах гэж байна” гээд тэвэрч аваад салгасан. Миний толгойноос цус их гарсан байсан учир би Г, Ч хоёрыг “алнаа” гээд босож ирэхэд тэр хоёр зугтаад гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-6-7 хуудас/
-Хохирогч З.Чийн: Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сумын төвд байдаг биллъяардны газраар ороход Г, Б, Э нар тоглож байсан юм. Э намайг “цуг явж ганц шил архи ууя” гээд Б, Г, Э бид дөрөв замаараа нэг шил архи аваад Бгийн гэрт очоод хувааж уусан. Архи ууж дуусаад Б нэг шил 0,75 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архи аваад бид дөрөв хувааж уусан. Э нэг шил архи аваад тэрийг хувааж ууж байхад Б согтоод унтаад өгсөн. Тэр үед Э нь Гас “нэг ширхэг тамхи өгөөч” гэхэд нь Г “би чиний тамхийг бэлдээгүй” гээд салаавч өгсөн. Г, Э хоёр хоорондоо зодолдсон юм. Би салгах гээд босоод Эыг бариад авахад Э намайг “чи зайл” гээд цохиод авсан. Би тэр үед нь зөрүүлээд шанаа руу нь нэг удаа цохисон. Тэр үед Н намайг тэвэрч аваад салгасан. Г, Э хоёр хоорондоо зодолдоод Г тамхины үнсний саваар цохиод авсан. Тэгээд Э нь хэвтээд босохгүй байхад Г гараад яваад өгсөн юм. Би бас гараад яваад өгсөн. Би гэр лүүгээ харих гэж байгаад буцаад Бгийн гэр лүү нь очиход Э байхгүй байсан. Би Нгаас Э хаашаа явсан юм бэ гэхэд лоом бариад Гыг зодно гээд гараад яваад өгсөн байсан. Би Нтай ойр зуурын юм яриад гадаа зогсож байхад Э нь лоомоо чирсэн байдалтай баруун хойноос ирж байсан. Н намайг та зугтаа, Э ах ирж байна гэхээр нь би гэр лүүгээ алхаж байхад намайг хараад лоомоо шидсэн. Тэр лоом нь оноогүй юм. Тэгээд лоомоороо гар хөл рүү цохиж аваад дараа нь намайг унагаад нүүрэн тус газар хэд хэдэн удаа өшиглөөд Бгийн гэр лүү оруулаад намайг зодсон. Тэр үед Намайнямбуу нь Эыг хориод байж байх хооронд би гэр лүүгээ гараад зугтаасан юм. Э намайг зодох үед цаг 18 цаг 30 минут болж байсан.Э, Г хоёр зодолдох үед 18:00 цаг болж байсан юм..гэх мэдүүлэг /хх-10-11 хуудас/,
- Гэрч Б.Нгийн: 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай ах Бгийн найзууд гэх Ч, Г, Ба нар ирээд орой 18:00 цагийн орчимд ирээд гурван шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж ууцгаасан юм. Манай ах Б орой 20:00 цаг орчим гэхэд архи их уусан болохоороо тасраад унтаад өгсөн байсан. Орой 21:00 цаг орчим Ба ах, Г ахаас “тамхи байна уу” гэж байсан. Тэгсэн Г “би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэхэд нь Ба “чи одоо надад овортоод байгаа юм уу” гээд хэлэхэд Ч ах Ба ахад хандаж “чи манай найзад овортоод байгаа юм уу, би бас чамайг зодож чадна шүү” гэж байсан. Ба ах босож ирээд Ч ахыг нэг удаа алгадахад нь Г ах босож ирээд Ба ахыг заамдаад авахад Ч ах нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Би тэр үед Ч ахыг тэвэрч орон дээр дараад “та хоёр нийлж хүн зодох гэлээ” гэж байх хооронд Ба ах, Г ах хоёр зодолдоод эхэлсэн юм. Г ах тамхины үнсний сав бариад Ба ахын толгойг хэд хэдэн удаа цохиод авсан.Ба ах бага зэрэг ухаан балартаад газар унахад толгойноос нь цус гарч байсан. Ба ах сэрээд толгойныхоо цусыг хараад хэн намайг цохисон юм бэ гээд алнаа гэрт байсан лоомыг бариад гэрээс гарахад Ч, Г хоёр яваад өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа Ч ах манай гэр лүү буцаад хүрээд ирсэн ба Б ахыг сэрээх гэхэд манай ах сэрэхгүй унтаад байсан. Тэгсэн манай гэрийн хойноос Ба ах лоом барьсан ирж байгаа харагдахаар нь би Ч ахыг “гэр лүүгээ яв Ба ах ирж байна” гэхэд яваагүй зогсож байхад Ба ах барьж байсан лоомоороо хөл рүү нь цохиод газар унагаасан. Тэгээд гараараа Ч ахыг зодож байгаад манай гэр лүү чирж оруулаад Ч ахыг “та хоёр яагаад намайг илбэж зоддог юм бэ” гээд хэд хэдэн удаа нүүр лүү нь цохиод авсан. Би Ба ахыг хориод “та одоо хүн алах гээд байна шүү дээ” гээд хориод байж байх хооронд Ч ах гараад яваад өгсөн юм. Би Ба ахыг гэр лүү нь хүргэж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ний 17-18/,
- Гэрч Б.Бгийн: 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз Э, Ч, Г нарын хамтаар үдийн хойно 15 цаг орчимд манай гэрт очиж 3 шил 0,75 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архи уусан. Би хоёр дахь шил архин дээр нь тасраад өөрийн ухаангүй болсон байсан юм. Намайг өглөө сэрэхэд зодоон болсон гэж байсан. Манай дүү Н надад хэлэхдээ Г ахаас Э ах тамхи гуйсан, тэгээд зодоон болсон. Ч ахыг Э ах зодсон гэж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
-Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Толгойн оройн болон дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг хүчин зүйлээр үүсгэгдсэн гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун доод зовхинд, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 34/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн хүний их эмч М.Энх-Оргилын тодорхойлолт /хх- 29/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний 77 дугаартай: Э.Эын биед толгойн оройн болон дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт/хх- 24/,
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн хүний их эмч Б.Нарангоогийн тодорхойлолт/хх- 30/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны 68 дугаартай: З.Чийн биед зулайн хуйх, зүүн нүдний дотор буланд зүсэгдсэн шарх, зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн чамархайн урд хэсэг, зүүн дээд зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, духны зүүн хэсэгт, зүүн нүдний эргэн тойрон, баруун бугалганы гадна дунд хэсэгт, зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний эргэн тойрон, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт/хх- 26/,
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн их эмч М.Энх-Оргилын тодорхойлолт /хх-ийн 29/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний 78 дугаартай: Г.Гын биед баруун 5-6-р хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт/хх- 28/,
- Мөрдөгчийн “ Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол” /хх- 03/,
- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 04/
- Шүүгдэгч Г.Гын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06/40 дугаартай тодорхойлолт /хх- 68/
- Шүүгдэгч Г.Гын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 63/
- Шүүдэгч З.Чийн Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 71/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/45 дугаартай тодорхойлолт /хх- 67/
- Шүүгдэгч З.Чийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 64/
- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 82- 84/
- Шүүгдэгч Э.Эын Иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн 70/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02/21 дугаартай тодорхойлолт/хх- 66/
- Шүүгдэгч Э.Энхбаатарын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 65/
-Шүүгдэгч Г.Г, З.Ч, Э.Э, өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай ” хүсэлт/хх- 86/
- “Хэргийн зүйлчлэл эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай” прокурорын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаартай санал /хх-89-90/,
- “ Хэргийн зүйлчлэл эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай” прокурорын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 39 А дугаартай санал /хх-91-92/,
- “ Хэргийн зүйлчлэл эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай” прокурорын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 39Б дугаартай санал /хх-93- 94/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г, З.Ч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны оройн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг Цагаан овооны задгай дахь иргэн Б.Бгийн гэрт согтуурсан үедээ, бүлэглэн иргэн Э.Эыг зодож, эрүүл мэндэд нь “толгойн оройн болон дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Э.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн Цагаан овооны задгай дахь иргэн Б.Бгийн гэрийн гадна болон гэрт иргэн З.Чийг зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн нүдний дотор буланд зүсэгдсэн шарх, зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн чамархайн урд хэсэг, зүүн дээд зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, духны зүүн хэсэгт, зүүн нүдний эргэн тойрон, баруун бугалганы гадна дунд хэсэгт, зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний эргэн тойрон, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Г.Гын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Бид нар биллъяардны газар тоглож байгаад Бгийн гэрт очоод гурван шил архи уусан. Тэгээд энэ зодоон болсон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурортой 600.000 төгрөгөөр торгох ял тохирсон байгаа. Үүнийг ямаа самнаж байгаад 6 сарын хугацаанд төлөх саналтай байна...гэх,
шүүгдэгч З.Чийн “ Бид гурав найзууд юм. 2020.01.13-ны өдөр би биллъяард руу ороход энэ хоёр тоглож байсан. Тэгээд нэг шил архи аваад Бгийнх рүү явах уу гэхээр нь хамт явсан. Бгийн гэрт очоод гурван шил архи уусан. Тэнд очоод Г.Г, Э.Э хоёр хоорондоо муудаад байхаар нь би Э.Эыг гараараа хажуу талаас нь нэг удаа цохисон. Г.Г зугтаад явсны дараа Э.Э нь лоом барьж ирээд зодсон. Э.Эаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй, бид хоорондоо эвлэрсэн. Одоо дахиж муудахгүй. Гомдолгүй “гэх,.
шүүгдэгч Э.Эын: Бид дөрөв биллъяардны газар тоглож байгаад Б гэрт очоод гурван шил архи уусан. Тэнд очоод хоорондоо маргалдаж муудаад энэ хэрэг гарсан. Би З.Чоос уучлалт гуйсан. Г.Гтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх,
гэрч Б.Нгийн “ 2020 оны 01 дүгээр сарын 13-ны 18.00 цагийн орчимд ах Бгийн найз Ч, Г, Ба нар ирээд орой ирээд гурван шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Манай ах Б орой 20.00 цаг орчим гэхэд архи их уусан болохоороо тасраад унтаад өгсөн байсан. Орой 21.00 цагийн үед Ба ах Г ахаас “тамхи байна уу” гэхэд Г “ би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу ” гэсэн. Ба “чи одоо надад овортоод байгаа юм уу” гээд хэлэхэд Ч ах, Ба ахад хандаж “чи манай найзад овортоод байгаа юм уу, би бас чамайг зодож чадна шүү” гэж байсан. Ба ах босож ирээд Ч ахыг нэг удаа алгадахад нь Г ах босож ирээд Ба ахыг заамдаад авахад Ч ах нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Би тэр үед Ч ахыг тэвэрч орон дээр дараад “та хоёр нийлж хүн зодох гэлээ” гэж байх хооронд Ба ах, Г ах хоёр зодолдоод эхэлсэн юм. Г ах тамхины үнсний сав бариад Ба ахын толгойг хэд хэдэн удаа цохиод авсан. Ба ах бага зэрэг ухаан балартаад газар унахад толгойноос нь цус гарч байсан. Ба ах сэрээд толгойныхоо цусыг хараад хэн намайг цохисон юм бэ гээд алнаа гэрт байсан лоомыг бариад гэрээс гарахад Ч, Г хоёр яваад өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа Ч ах манай гэр лүү буцаж ирэхэд манай гэрийн хойноос Ба ах лоом барьсан ирж байгаа харагдахаар нь би Ч ахыг “гэр лүүгээ яв Ба ах ирж байна” гэхэд яваагүй зогсож байхад Ба ах барьж байсан лоомоороо хөл рүү нь цохиод газар унагаасан. Тэгээд гараараа Ч ахыг зодож байгаад манай гэр лүү чирж оруулаад Ч ахыг “та хоёр яагаад намайг илбэж зоддог юм бэ” гээд хэд хэдэн удаа нүүр лүү нь цохиод авсан” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хүний их эмч М.Энх-Оргилын тодорхойлолт /2020.01.20/,
шинжээчийн 77 дугаартай “ Э.Эын биед толгойн оройн болон дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хүний их эмч Б.Нарангоогийн тодорхойлолт,
шинжээчийн 68 дугаартай ” З.Чийн биед зулайн хуйх, зүүн нүдний дотор буланд зүсэгдсэн шарх, зүүн нүдний алиманд цусан хураа, зүүн чамархайн урд хэсэг, зүүн дээд зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, духны зүүн хэсэгт, зүүн нүдний эргэн тойрон, баруун бугалганы гадна дунд хэсэгт, зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний эргэн тойрон, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч Г.Г, З.Ч, Э.Э нар хамт архи уух явцад Э.Э, Г.Г нар нь үл ялих зүйлээс буюу “тамхи өгөх, өгөхгүй “ асуудлаас болж маргалдан, З.Ч нь Г.Гыг өмөөрч, Э.Эыг бүлэглэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, Э.Э нь дээр асуудлын улмаас З.Чийг төмөр лоомоор шидэх, гараар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нар гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэдгээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ ялимгүй зүйлээр шалтаглан муудалцаж З.Ч, Г.Г нар бүлэглэн Э.Эыг, Э.Э нь З.Чийг тус тус зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Уг хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байгааг дурдъя.
Шүүгдэгч Г.Г, З.Ч нарын хохирогч Э.Эыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
шүүгдэгч Э.Эын, хохирогч З.Чийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хууль тогтоогчоос Г.Г, З.Ч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д “ бүлэглэж “ гэж тодорхойлсон болно.
Г.Ганзориг, З.Ч нарын үйлдлийн улмаас хохирогч Э.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Э.Эын үйлдлээс нь хохирогч З.Чт хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд тэдгээр харилцан эвлэрсэн, бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Г.Ганзориг, З.Ч, Э.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос Г.Г, З.Ч, Э.Э нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба Г.Г, З.Ч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Э.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах хийгээд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Г.Г, З.Ч, Э.Э нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч З.Ч, Э.Э нар “ сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх хохиролгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тэдгээрийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд З.Ч, Г.Г нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, З.Ч нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналууд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Г.Гын “ торгуулын ялыг ямаа самнаж байгаад 6 сарын хугацаанд төлнө” гэх, З.Ч, Э.Э нарын” торгуулийн ялыг зургаан сарын хугацаанд төлөх саналтай байна” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “ Миний үйлчлүүлэгч нар нь орон нутагтаа эрхэлсэн тодорхой ажилгүй, хил гарч ажил хийж амьдарлаа залгуулдаг залуучууд байсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа боловч, хавар болж, ямаа самнах ажил эхэлсэн учраас торгох ялаа төлж барагдуулах боломжтой гэдгээ хэлсэн. Иймд миний үйлчлүүлэгч нарын хувийн нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэх хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Г, З.Ч,Э.Э нарын эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, энэ цаг хугацаанд буюу хаврын улиралд ямаа самнаж орлого олох боломжтой болон тэдгээрийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 135 см урттай, 8 см өргөн төмөр лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Бд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г. Г, З. Ч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, З.Ч тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Г, З.Ч, Э.Э нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Ч, Г.Г, Э.Э тус бүрт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Шүүгдэгч З.Ч, Г.Г, Э.Э нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 135 см урттай, 8 см өргөнтэй төмөр лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 багийн Цагаан овооны задгайд оршин суух иргэн Б.Бд буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН