| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0089/э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 88
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.От холбогдох 2030000810136 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хан тайшир ХХК-д малтагч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багт оршин суух, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, Ц.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 3-3 тоотод иргэн Э.Бг зодож эрүүл мэндэд нь “толгойн оройн хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хөдөө байдаг Нэк гэдэг найзындаа очоод тэнд Нэкийн нэг найзтай гурвуулаа нийлж нэг боргио пиво хувааж уусан. Тэгээд Түмэнцогт сум руу орж ирээд шөнийн 2 цагийн үед Э.Бгийн гэр рүү очсон. Шөнө очиход Э.Б хаалгаа тавихгүй байсан. Би 10 орчим минут хаалгыг нь нүдсэн. Хаалга нь нимгэн паниаран хаалга байсан учраас бариулынх нь шүрүп суллаад нээгдсэн. Тэгээд ороход Э.Б, А.Д хоёр цуг хэвтэж байсан. Э.Б нь надтай үерхэхээс өмнө А.Дтай үерхдэг байсан юм. Би А.Дтай муудалцахад Э.Б дундуур орж ирэхээр нь 1-2 удаа алгадсан. Тэгээд цааш нь түлхэхэд паар мөргөж унаад толгойгоо хагалсан. Би Бгаас уучлалт гуйж, эвлэрсэн. Эмчилгээнд нь би тухайн үед нь эм тариа авч өгсөн.Торгох ялыг зөвшөөрч байгаа. Би уурхайд ажилладаг. 2020.04.30-ны өдрөөс ажил эхэлнэ гээд байгаа. Хэрвээ ажилдаа орчихвол төлчихнө. Тиймээс төлөх хугацааг нь уртасгаад өгнө үү. Торгох ялыг төлөх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сунгаж өгнө үү...гэв.
- Яллагдагч Ц.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед Нэк гэх найзындаа хамт пиво ууж байгаад орой 01 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас гарч 01:00 цагийн үед Түмэнцогт суманд Э.Бгийн гэрт нь ирсэн. Гэр рүү нь ороход Б, Д хоёр нэг шил 0.75 литрийн ерөөл нэртэй архийг хоёулаа хувааж уусан бололтой байсан. Тэгээд би Дг Бтай хамт байхаар нь хардаад цээж хэсэгт 1-2 удаа гараараа цохиж авсан. Гэтэл Б голоор ороод ирэхээр нь 1-2 удаа хацар руу нь алгадсан. Тэгээд би Бг түлхсэн чинь унахдаа гэрийнхээ паарыг толгой хэсгээрээ мөргөж унасан”/хх-ийн 30-32/
- Хохирогч Э.Бгийн: 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 19.00 цагийн үед хоолоо хийх гээд байж байхад найз болох Д, Г нар орж ирээд манай гэрт 1 шил 0.75 литрийн ерөөл нэртэй архи хувааж уусан. Архиа ууж байхад манай хамаатан М орж ирээд цугтаа архиа хувааж уугаад архи нь дууссан. 21:00 цагийн үед Б гаднаас дахиж 1 шил 0.75 литрийн ерөөл нэртэй архи авч орж ирээд хувааж уусан. Тэр архийг Б, М, Д 3 хувааж уусан. Г ерөөсөө архи уухгүй байсан. Тэгээд унтах гэж байхад М, Д 2 хоорондоо муудалцсан. М намайг өөрийн найз залуу болох Дтай хардаж муудалцсан. Тун удалгүй хэрүүл намжиж бид амарсан. Унтсан хойгуур М, Г, Б нар гараад явсан байсан. Шөнийн 02.00 цагийн үед хаалга балбахаар нь хаалга тавихгүй байсан чинь найз болох Отгоо нь согтуу хаалга эвдэж орж ирээд унтаж байсан Дг сэрээгээд “чи муу яахаараа энд унтаж байдаг юм” гээд зодсон. Тэр 2 зодолдож эхлэхэд нь “ та 2 айлд байж зодолдлоо” гээд салгах гэтэл Отгоо “чи яагаад Дг өмөөрөөд байгаа юм бэ ” гээд намайг 2-3 алгадсан би унахдаа паар мөргөж толгойгоо хагалсан. Намайг алгадаж зодож байхад Д хажууд байсан. Намайг толгойгоо хагалуулсны дараа Д гараад явсан. Намайг Отгоо эмнэлэг явъя гэхээр нь хамт эмнэлэг орж оёдол тавиулж боолгуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 6-7/
- Хохирогч Э.Бгийн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Цагдагийн хэлтэст гаргасан: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Түмэнцогт сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны 3-3 тоотод гэртээ Отгонбаатарт зодуулсан, надад ямар нэгэн гомдол, санал байхгүй... гэх тодорхойлолт /хх- 37/,
-Гэрч А.Дгийн: Г бид хоёр 20.00 цагийн үед Бгийн гэрт очиж 1 шил 0.75 литрийн ерөөл нэртэй архи Б ,М нартай хувааж уусан. Г огт уугаагүй. Бг утсаар дуудаж Бгийн гэрт ирүүлсэн. Б Гантөг нарын Б архинд яваад ир гээд явуулсан. Тэр хоёр ирэхдээ 1 шил 0.75 литрийн ерөөл, 2.5 литрийн 1 ширхэг Боргио авч орж ирээд авчирсан архи, пивоо Г, Б хоёр аваад 22.00 цагийн үед гараад явцгаасан. М намайг Бтай хардаад бид 2 маргалдаад М гэр рүүгээ 02.00 цагийн үед гараад явсан. Би Бгийн буйдан дээр тасраад унтаад өгсөн байсан. Намайг сэрэхэд Отгоо хаалга эвдээд ороод ирсэн байсан. Тэгээд намайг 2,3 удаа цохиж аваад дайраад байсан. Б болиоч ээ гээд голоор ороод хориход Отгоо “та муу хоёр сайхан унтаад байж байна уу” гээд Бг алгадаад Б унахдаа паар мөргөөд толгойгоо хагалсан. Би тэднийхээс гараад Мыг гэрээс нь дуудаад буцаад Бгийнд ирэхэд толгойнх нь цус нь тогтохгүй байсан. ” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11/,
- Гэрч Э.Мын: Намайг Бгийнд байхад Д,Г нар нэг шил 0.75 литрийн ерөөл нэртэй архи авчирч, бид нар хувааж ууцгаасан. Б нэг шил ерөөл нэртэй 0.75 литрийн ерөөл нэртэй архи авч орж ирээд тэр архийг Д, Б бид гурав хувааж уусан. Би Бтай Дг хардаад бид хоёр маргалдаж Д намайг 2,3 удаа өшиглөсөн. Би гэрлүүгээ 02.00 цагийн үед яваад өгсөн. Намайг гэртээ орондоо орсон байхад шөнийн 03.00 цагийн үед Д хоёулаа Бгийнх руу явъя гээд намайг гэрээс дагуулаад явсан, тэднийд ирэхэд бөөн цус нөж болсон байсан. Би Бгийн хүүхдийг хараад Дтай үлдээд, Отгоо, Б 2 эмнэлэг явсан. Тэгээд Отгоо 05.00 цагийн үед орж ирсэн. Б яасан бэ гэхэд эмнэлэг дээр үлдсэн, дусал хийлгэж байгаа өглөө ирээд авчих гэж байна гэж хэлсэн....гэх мэдүүлэг/хх-ийн12-13/,
- Гэрч Г.Бгийн: Д нь намайг 21.00 цагийн үед утсаар дуудаж Бгийн гэрт ирүүлсэн. Намайг очиход Д, М, Б нар 0.75 литрийн ерөөл нэртэй архи уугаад дуусаж байсан. Б намайг архинд яваад ир гээд гуйгаад байсан, М 10000 төгрөг өгсөн. Г бид хоёр Тамир баарнаас 22.00 цагийн үед 1 шил 0.75 литрийн ерөөл архи, 2.5 литрийн боргио 1 ширхгийг аваад буцаад Бгийн гэрт очсон. Дгийн найз охин М нь Дг Бтай хардаад муудаад байхаар нь Г бид 2 салгасан, тэгээд хойш юу болсныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 14-15/
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хүний их эмч Л.Ганцэцэгийн үзлэгийн тодорхойлолт /2020.02.11/ /хх-ийн 19/
-Э.Бгийн 2020.02.11, 2020.02.12, 2020.03.09-ний өдрүүдэд Вансэмбэрүү эмийн сангаас авсан эм, тарианы төлбөрийн баримт/хх-ийн 19/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 108 дугаартай: 1. Э.Бгийн биед толгойн оройн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх- 20/,
-Хэнтий аймаг Баян-Овоо сумын Жавхлант багийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаартай тодорхойлолт/хх- 33/
- Шүүгдэгч Ц.Оын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 34/,
- Шүүгдэгч Ц.Оын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 35/
- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 41 дугаартай санал/хх- 43/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ. 2020.03.30 зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 02 дугаар сарын 11-ны шөнийн 02 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны 3-3 тоотод иргэн Э.Бг бусадтай хардаж алгадаж унаган толгойг нь пааранд цохиж эрүүл мэндэд нь “ толгойн оройн хэсэгт шарх ” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ Түмэнцогт сум руу орж ирээд шөнийн 2 цагийн үед Э.Бгийн гэр рүү очсон. Шөнө очиход Э.Б хаалгаа тавихгүй байсан. Би 10 орчим минут хаалгыг нь нүдсэн. Хаалга нь нимгэн паниаран хаалга байсан учраас бариулынх нь шүрэп суллаад нээгдсэн. Тэгээд ороход Э.Б, А.Д хоёр цуг хэвтэж байсан. Э.Б нь надтай үерхэхээс өмнө А.Дтай үерхдэг байсан юм. Би А.Дтай муудалцахад Э.Б дундуур орж ирэхээр нь 1-2 удаа алгадсан. Тэгээд цааш нь түлхэхэд паар мөргөж унаад толгойгоо хагалсан. Би Бгаас уучлалт гуйж, эвлэрсэн. Эмчилгээнд нь би тухайн үед нь эм тариа авч өгсөн.Торгох ялыг зөвшөөрч байгаа...” гэх,
хохирогч Э.Бгийн “ Шөнийн 02.00 цагийн үед хаалга балбахаар нь хаалга тавихгүй байсан чинь найз болох Отгоо нь согтуу хаалга эвдэж орж ирээд унтаж байсан Дг сэрээгээд “чи муу яахаараа энд унтаж байдаг юм” гээд зодсон. Тэр 2 зодолдож эхлэхэд нь “ та 2 айлд байж зодолдлоо” гээд салгах гэтэл Отгоо “чи яагаад Дг өмөөрөөд байгаа юм бэ” гээд намайг 2-3 алгадсан би унахдаа паар мөргөж толгойгоо хагалсан....” гэх,
гэрч А.Дгийн “ Би Бгийн буйдан дээр тасраад унтаж байхад. Отгоо хаалга эвдээд ороод ирсэн байсан. Тэгээд намайг 2,3 удаа цохиж аваад дайраад байсан. Б болиоч ээ гээд голоор ороод хориход Отгоо “та муу хоёр сайхан унтаад байж байна уу” гээд Бг алгадаад Б унахдаа паар мөргөөд толгойгоо хагалсан...” гэх,
гэрч Э.Мын “ Намайг Бгийнд байхад Д, Г нар нэг шил 0.75 литрийн ерөөл нэртэй архи авчирч, бид нар хувааж ууцгаасан. Тэгээд гаднаас Б нэг шил ерөөл нэртэй 0.75 литрийн ерөөл нэртэй архи авч орж ирээд тэр архийг Д, Б бид гурав хувааж уусан. Би Бтай Дг хардаад бид хоёр маргалдаж Д намайг 2,3 удаа өшиглөсөн. Тэгээд би гэрлүүгээ 02.00 цагийн үед яваад өгсөн. Намайг гэртээ орондоо орсон байхад шөнийн 03.00 цагийн үед Д 2-уулаа Бгынх руу явъя гээд намайг гэрээс дагуулаад явсан, тэднийд ирэхэд бөөн цус нөж болсон байсан. Тэгээд би Бгийн хүүхдийг хараад Дтай үлдээд Отгоо Б 2 эмнэлэг явсан. Тэгээд Отгоо 05.00 цагийн үед орж ирсэн. Б яасын бэ гэхэд эмнэлэг дээр үлдсэн дусал хийлгэж байгаа өглөө ирээд авчих гэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хүний их эмч Л.Ганцэцэгийн тодорхойлолт /2020.02.11/
шинжээчийн 108 дугаартай “1. Э.Бгийн биед толгойн оройн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч Ц.О нь тухайн шөнө үерхдэг эмэгтэй Э.Бгийн гэрт очиж, түүнийг урьдын харилцаатай байсан асуудлаас тэднийд унтаж байсан А.Дтай хардаж, А.Дтай маргалдах явцдаа тэдгээрийг салгах гэсэн Э.Бг алгадаж унагасны улмаас тэрээр пааранд толгойгоо хагалж гэмтэл авсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн харилцаа, хардалтын улмаас хохирогчийг алагдаж унаган эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Ц.Оын, хохирогч Э.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Ц.Оын дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ “ Миний бие 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Түмэнцогт сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны 3-3 тоотод гэртээ Отгонбаатарт зодуулсан, надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэж тодорхойлжээ.
Иймд шүүгдэгч Ц.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Прокуророос Ц.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Ц.Оын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Ц.От холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Оын шүүх хуралдаанд гаргасан “Торгох ялыг зөвшөөрч байгаа. Би уурхайд ажилладаг. 2020.04.30-ны өдрөөс ажил эхэлнэ гээд байгаа. Хэрвээ ажилдаа орчихвол төлчихнө. Торгох ялыг төлөх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сунгаж өгнө үү ” гэх,
түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “ Ц.О нь уурхайд ажилладаг байсан боловч, ажил нь 2020.04.30-ны өдрийг хүртэл ажиллахгүй түр зогсчихсон байгаа. Прокурортой тохирсон торгуулийн ялыг уурхайн ажил нь эхлэхээр ажиллаад төлөх боломжтой. Ц.Оын ээж нь элэгний өвчтэй, ээжийнхээ асран хамгаалагчаар байдаг. Тиймээс миний үйлчлүүлэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.От оногдуулах торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү ” гэх хүсэлтүүдийг хангах үндэстэй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэх хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Оын улирлын чанартай ажил эрхэлдэг, уг ажил нь эхлээгүй байгаа болон түүний хөрөнгийн байдал, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулах торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Ц.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Ц.От таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.От оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Ц.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН