| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0088/э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 87
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Р.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Гэд холбогдох 2030000820103 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Р.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Р.Г нь архи, согтууруулах ундаа уусан үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ө.Нтай маргалдаж, улмаар түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь “ цээжний зүүн талд хатгагдсан шарх гэмтэл ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Р.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020.02.05-ны өдөр найзтайгаа хүний бие асуух гэж очсон. Очихдоо нэг шил архи авч очсон. Тэр шилтэй архийг хувааж уугаад маргалдсан. Ө.Н уулзъя, гаръя гэхээр нь гараад очтол миний нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би буцаж ороод айлгах гээд жижиг хутгыг аваад гарсан. Би Над 300.000 төгрөг өгсөн, эгчийнх нь данс руу шилжүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж чадаж байгаа...гэв.
- Яллагдагч Р.Гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би найз Цгийн гэрээр ороод бид хоёр нэг шил архи хувааж уугаад Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газарт Б ахын гэрээр яваад ороход Б ах нэг шил архи задалж өгсөн ба тэр архийг уугаад сууж байхад Н орж ирсэн.Н тухайн ууж байсан архинаас хоёр гурав хундагаар татсан.Тухайн үед цаг 16.30 минут болж байхад намайг Н өдөөд гаръя гэж байсан.Тухайн үед би Над хандаж чи манай намаржаатай ойр өвөлжөөд байгаа, би дараа жил очиж бууна гэж байсан.Тэгээд Ныг дагаад гарахад Н намайг нүүрэн тус газар нэг удаа цохиод нэг удаа мөргөөд авсан. Тэр үед нь би тонгойгоод газар сууж байхад дээрээс тохойлдоод газар унагаад нуруу руу өшиглөсөн би уур хөдлөөд цаашаагаа гэр рүү ороод хоол хийдэг жижиг хутга аваад Нын зүүн хавирга орчим хутгаар зүссэн...гэх/хх-ийн 31-33/,
- Хохирогч Ө.Нын: Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэцагаан сумын 3 дугаар багт байрлах “Д” гэх газар амьдардаг Б гэх өвгөний гэрээр 16 цагийн орчим очиход Ц, Г, Б гурав нэг шил архи задалсан ууж байсан. Б өвгөн намайг суу гээд надад архинаасаа 4 удаа хундагаар хийж өгсөн би тэр архийг нь уусан юм. Намайг Г ах гадуурхаад “ манай малын бэлчээрийн хойно нь бууна, хэдэн ах нартаа баярлаж яваарай “ гэхээр нь би олон юм яриагүй “ тэр дэмий шүү дээ ах “ гэж Г ахад хэлсэн. Г нь гадуурхаад уур хүргээд байхаар нь нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон юм. Би тэгээд гараад явах гэж байхад Г ах хутга барьж гарч ирээд зүүн хавирга орчим хутгаар зүссэн. Г ахын хутгыг Ц ахын хүү Түшигээ булааж авсан. Гаргах санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 12/,
- Гэрч Ж.Цгийн: 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Т.Б гэх айлд Гийн хамт биеийг нь асуух гээд очсон юм. Гэрт нь ороод биеийг нь асуухад Т.Б нь миний бие гайгүй гэж хэлээд 0,5 литрийн хар чингис архи гаргахаар нь бид 3 хамт архи ууж байхад Н гэх залуу гаднаас орж ирэхэд Т.Б нь Н гэх хүнд архи өгсөн юм. Н нь архи уучихаад Гийг “та намар манай малын салхин дээр буудаг” гэх мэтээр хоорондоо маргалдаж байсан. Н, Г нар нутаг дэвсгэрээс болж маргалдаж байгаад гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа Гийн хамраас цус гарсан, зодуулсан байдалтай орж ирээд удалгүй буцаад гараад явсан юм. Г нь гаднаас орж ирээд одоо явъя гэхээр нь би Гийг гэр рүү нь хүргэж өгөх замд Г нь “ ахаа би Ныг хутгалчихлаа “ гэхээр нь одоо яана ямар гайтай юм болов оо гэж хэлээд гэр рүү нь хүргэж өгсөн юм...гэх мэдүүлэг/хх-ийн 15/,
- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл.2020.02.09. /хх- 10/
- Хохирогч Ө.Нын Иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн 4/
- Яаралтай тусламжийн хуудас /2020.02.06/ /хх-ийн 03/
- Хохирогч Ө.Нын Амбулаториор эмчлүүлэгдсэн эмчийн тэмдэглэл/хх-ийн 5-8/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаартай: 1.Ө.Нын биед цээжний зүүн талд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх- 18/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаартай: 1.Ө.Нын биед цээжний зүүн талд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх- 22- 23/,
- Шүүгдэгч Р.Гийн Иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 35/
- Шүүгдэгч Р.Гийн Оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх- 34/,
- Шүүгдэгч Р.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 33/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2020.02.19. /хх-37-38/
- Шүүгдэгч Р.Гийн тус аймгийн Прокурорын газарт гаргасан ” Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай ” гэх хүсэлт/хх-ийн 43/
- Ялын төрөл хэмжээний талаарх прокурорын 40 дугаартай санал /хх-45/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.Г нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газарт нутаглах иргэн Т.Бы гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Нтай нутаг бэлчээрийн асуудлаас маргалдаж, улмаар Ө.Нын өөрийг нь цохиж, мөргөсөн үйлдлийн улмаас түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд хатгагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ 2020.02.05-ны өдөр найзтайгаа хүний бие асуух гэж очсон. Очихдоо нэг шил архи авч очсон. Тэр шилтэй архийг хувааж уугаад маргалдсан. Ө.Н уулзъя, гаръя гэхээр нь гараад очтол миний нүүрэн тус газар нэг удаа цохиж газар унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед миний уур хөдлөөд хутга барьж гараад Нын зүүн хавирга орчим нэг удаа хутгаар зүссэн. Би Над 300.000 төгрөг өгсөн, эгчийнх нь данс руу шилжүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж чадаж байгаа” гэх,
хохирогч Ө.Нын “ Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэцагаан сумын 3 дугаар багт байрлах “Д” гэх газар амьдардаг Б гэх өвгөний гэрээр 16 цагийн орчим очиход Ц, Г, Б гурав нэг шил архи задалсан ууж байсан. Б өвгөн намайг суу гээд надад архинаасаа 4 удаа хундагаар хийж өгсөн би тэр архиа уусан юм. Намайг Г ах гадуурхаад манай малын бэлчээрийн хойно нь бууна, хэдэн ах нартаа баярлаж яваарай гэхээр нь би олон юм яриагүй тэр дэмий шүү дээ ах гэж Г ахад хэлсэн. Г нь гадуурхаад уур хүргээд байхаар нь нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон юм. Би тэгээд гараад явах гэж байхад Г ах хутга барьж гарч ирээд зүүн хавирга орчим хутгаар зүссэн. Гаргах санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх,
гэрч Ж.Цгийн “ 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Т.Б гэх айлд Гийн хамт биеийг нь асуух гээд очсон юм. Гэрт нь ороод биеийг нь асуухад Т.Б нь миний бие гайгүй гэж хэлээд 0,5 литрийн хар чингис архи гаргахаар нь бид 3 хамт архи ууж байхад Н гэх залуу гаднаас орж ирэхэд Т.Б нь Н гэх хүнд архи өгсөн юм. Н нь архи уучхаад Гийг “та намар манай малын салхин дээр буудаг” гэх мэтээр хоорондоо маргалдаж байсан. Н, Г нар нутаг дэвсгэрээс болж маргалдаж байгаад гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа Гийн хамраас цус гарсан, зодуулсан байдалтай орж ирээд удалгүй буцаад гараад явсан юм. Г нь гаднаас орж ирээд одоо явъя гэхээр нь би Гийг гэр рүү нь хүргэж өгөх замд Г нь ахаа би Ныг хутгалчихлаа гэхээр нь одоо яана ямар гайтай юм болов оо гэж хэлээд гэр рүү нь хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлгүүд,
Шинжээчийн 104 дугаартай: “1.Ө.Нын биед цээжний зүүн талд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Р.Г, хохирогч Ө.Н нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан буюу малын бэлчээрт буулаа гэх нутаг бэлчээрийн асуудлаас маргалдан, Р.Г нь хохирогч Ө.Нийн өөрийг нь нүүрэнд цохиж, өшиглөж зодсон үйлдлийн улмаас түүнийг хутгалж биед нь гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг хутгаар хатгаснаар эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учруулж болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хоорондын маргааны улмаас хохирогчийг хутгалж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Р.Гийн, хохирогч Ө.Нтай маргалдаж, түүнийг хутгалж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Р.Гийн үйлдлийн улмаас хохирогч Ө.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “ Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна ” гэж хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Р.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Р.Гийн, хохирогч Ө.Нийн уулзъя гэж гэрээс дагуулан гарч түүний нүүрэнд цохиж, өшиглөж зодсон зүй бус үйлдлийн улмаас түүнийг хутгалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Тодруулбал, тухайн хэрэг гарахад хохирогч Ө.Нийн согтуурсан, насаар ахмад хүний үгийг үл ойшоож, эхэлж хүч хэрэглэн цохиж зодсон зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг дурдъя.
Прокуророос Р.Гэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Р.Гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.Н “ Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Р.Гэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 9.5 см, бариул хэсэг 9.5 см-ийн урттай, бариул хэсэг дээрээ хоёр төмөр хадаастай, 29 см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Р.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Р.Гэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Ялтан Р.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 9.5 см, бариул хэсэг 9.5 см-ийн урттай, бариул хэсэг дээрээ хоёр төмөр хадаастай, 29 см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН