Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 675

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч Э.Д , гэрч Н.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00000 1442 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б..., Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эх,  хоёр дүүгийн хамт Хан-Уул дүүргийн хороо, .... дүгээр хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, .... дугаар байрны ..... тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ..........., урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Д  нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ээс 2018 оны 11 дүгээр сарын 12-нд шилжиж шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1 дүгээр орцны  урд талын зогсоол дээр байсан иргэн Д.Т гийн эзэмшлийн 13-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын 2 ширхэг дугуйг тусгайлан бэлтгэсэн данхраад, дугуйн түлхүүр зэргийг хэрэглэн нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Э.Д   нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжиж шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны .. дүгээр орцны өмнө автомашины зогсоол дээр байрлуулсан байсан Д.Т гийн өмчлөлийн “Toyota Prius-20” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 260,000 төгрөгийн үнэлгээ бүхий зүүн талын хоёр ширхэг дугуйг данхраад, дугуйн түлхүүр ашиглан нууцаар тайлж, хууль бусаар авч явсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Д гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хэргийн  талаар мэдүүлэх зүйлгүй. Би хохирогчийн автомашины дугуйг данхраад, дугуйн түлхүүрээр тайлж авсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг;

2. Гэрч Н.Б гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би ..... улсын дугаартай “Pruis-203 загварын машинтай байсан. Уг машин миний эзэмшлийнх гэхдээ хотын дугаар авахын тулд Д гийн нэр байлгадаг. Машиныг Д  бараг барьдаггүй. Хэрэг гардаг өдөр машиныг би унаж явж байгаад Д гийнд очиж хоносон. Миний машинд данхраад, дугуйн түлхүүр байсан. Д  надад данхраад, дугуйн түлхүүрээ авах талаар хэлээгүй. Д  бид хоёр том өрөөнд байсан, нөгөө өрөөнд манай найз охин унтаж байсан. Би найз охин дээрээ орж унтсан. Өглөө сэрэхэд Д  байхгүй, машины түлхүүр байхгүй, утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Маргааш нь утсаа аваад эрүүлжүүлэхэд хоносон гэж хэлсэн. Цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөд машины түлхүүрээ авсан, тэр үед машины данхраад, дугуйн түлхүүр алга болсныг ч мэдээгүй, цагдаа надаас энэ талаар асуугаагүй. Харин хожим нь Д  надад данхраад, дугуйн түлхүүр авсан гэж хэлсэн бөгөөд нөхөж худалдаж авч өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Д.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2017 оны зун..... УНБ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Үүнээс хойш унаж хэрэглэж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... дугаар байрны .....дүгээр орцны үүдэнд машинаа тавьсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 06 цагт гарч харахад зүүн талын хоёр дугуй байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Манай байрны гадаа хяналтын камер байдаг дүрс бичлэг байгаа гэж бодож байна. Хоёр ширхэг өвлийн дугуй, машиндаа тавиад нэг жил болж байгаа, хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна. Үнэлгээний байгууллага бодитой үнэлгээ өгөх байх...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-37 дугаар хуудас);

4. Гэрч Т.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.Д тэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны ...... тоот гэрт нь очоод ойр зуурын юм яриад шар айраг уусан. Тэгээд 00 цагийн үед дэлгүүр хаасан байхаар нь Д гийн гэрээс гарч дахин шар айраг авахаар гараад автобусны буудлын ойролцоо байрлах Зочид буудлаас худалдаж аваад, буцаж Д гийн гэрт орж авсан шар айргаа уугаад унтсан. Гэтэл унтаж байгаад сэрэхэд Д  гэртээ байгаагүй бөгөөд маргааш өдөр нь 14 цагийн үед манай хамаатны эгч надад “Д  архи уугаад урд шөнө эрүүлжүүлэхэд хоносон байна. Би эрүүлжүүлэхийн мөнгийг нь төлсөн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-19 дүгээр хуудас);

5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-05 дугаар хуудас), 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 12 дугаар хуудас);

6. “Дамно” ХХК-ийн “...Автомашины хоёр ширхэг обудтай өвлийн дугуйг 260,000 төгрөгөөр үнэлж, хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-40 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Э.Д гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), урьд нэг удаа ял шийтгүүлсэн талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Э.Д гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр  сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-344 тоотод гэртээ байж байтал гаднаас 23 цаг өнгөрч байхад хамаатны дүү Б  найз охины хамт орж ирсэн. Тэгээд хөдөөгөөс ирлээ гэж байсан. Тэгээд Б том савтай хоёр шар айраг авч ирээд бид гурав хувааж уусан. Тэгээд шар айраг дуусахаар нь Б  бид хоёр гарч дахин дэн буудлаас нэг том савтай шар айраг авсан. Тэгэх үед 23 дугаар байрны 1 дүгээр орцны гадна байрлуулсан хөх өнгийн “Prius 20” автомашины дугуйг хараад авах боломжтой байна гэдгийг мэдсэн. Тэгээд гэртээ ороод авсан шар айргаа уугаад Б  найз охинтойгоо хойд өрөөнд орж унтсан. Би Б гийн машины түлхүүрийг хэлэхгүйгээр авч гараад машинаас нь дугуйн түлхүүр, данхраад авсан. Тэгээд 23 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан нөгөө хөх өнгийн “Prius 20” загварын автомашины зүүн талын хоёр дугуйг тайлж аваад .... дугаар байрны ар талд айлын тагтны доор үлдээгээд .... дүгээр байрны хажууд баригдсан. Тэр өдрөө цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд хоносон. Гэтэл маргааш нь нөгөө дугуй байхгүй, алга болсон байсан. Ямар хүн авсан гэдгийг мэдэхгүй байна. Тэр шөнө нь согтуу байсан болохоор айгаад хэлээгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-52 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах болон хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах үедээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл болох данхраад, дугуйн түлхүүрийг алга болгосон гэх нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд сөргөөр нөлөөлсөн боловч шүүх хуралдаанд гэрч Н.Б г оролцуулж хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

Гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсгийг эд мөрийн баримтаар хурааж, шаардлагатай бол шинжлүүлэх, таниулах гэх мэт мөрдөн шалгах ажиллагаа хийх ёстой атал энэ хэргийн эд мөрийн баримт болох байсан данхраад, дугуйн түлхүүр хаана байгаа нь тодорхойгүй болсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэх, эсхүл ажлын хариуцлагатай холбоотой эсэхийг нягтлан шалгуулж, хуульд заасан арга хэмжээ авах талаар прокурорын хяналтын хүрээнд анхааралдаа авбал зохино.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Д гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох автомашины хоёр ширхэг обудтай өвлийн дугуйг 260,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс доош буюу 260,000 төгрөгөөр тогтоосон болно.

Энэхүү хохирлын хэмжээ нь бага хэмжээнээс дээш биш боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хийсэн хууль тогтоогчийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэгт хохирлын хэмжээг харгалзахааргүй байна.

Шүүгдэгч Э.Д  нь хулгайлах гэмт хэргийг Д.Т гийн эзэмшлийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын 2 ширхэг дугуйг тусгайлан бэлтгэсэн данхраад, дугуйн түлхүүр хэрэглэж үйлдсэн байх тул учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Э.Д гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Д  нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.Д г “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Т  нь хохирлоо бүрэн авсан гэдгээ шүүхийн шатанд илэрхийлсэн баримт (хх-99 дүгээр тал) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.Д г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Д  нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “....шүүгдэгч Э.Д д Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан си ди-г хэргийг архивч хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах саналтай байна...” гэв.

            Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж: “...Тухайн үед их согтуу байсан, гэхдээ гэм буруу дээр маргаан байхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Э.Д  нь хорих ялын доод хэмжээг хоёр, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Д д нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Д  нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д  нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Э.Д  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Э.Д д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Д д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Д д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

                                               

ШҮҮГЧ                                    Б.БАТАА