Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 403

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам  хөтлөн,

улсын яллагч С.Мөнхгэрэл

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Аэд холбогдох эрүүгийн 2002000230038 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Г-н А.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.А нь “Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 244 грамм жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 2019 оны 7 дугаар сард 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 15 дугаар хороо 21 дүгээр байрны 23 тоот гэртээ хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би ам бүл 2 эхийн хамт амьдардаг гэх боловч манай ээж АНУ-д байдаг. Би гэртээ ганцаараа амьдардаг юм. Намайг гэртээ ганцаараа амьдардаг, хааяа архи дарс уучихдаг болохоор манай найз нар манай гэрээр орж гардаг. Манай байранд амьдардаг найз Билгүүн манайд хоёр шар ууттай зүйл оруулж ирээд балкон дээр тавьсан. Тэр зүйл нь юу байсныг би огт мэдээгүй байж байгаад энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна.  Би өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй болохоор Сайнжаргал байцаагчийн өөрийнх нь олж авсан гээд хэлчих гэж зааж өгсөнөөр нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэн юм. Би хар тамхи огт хэрэглэдэггүй болохоор тэр талаар мэддэггүй. Хэргийг прокурорт буцааж Билгүүнийг шалгаж өгнө үү. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...том өрөөгөөр дамжин гадагш байрны балконы хэсэг рүү гарах ба балкон ямар нэгэн хаалтгүй задгай байх тул...бор өнгийн цүнх зэргийг тавьсан байв. Уг бор өнгийн цүнхний эхний тасалгааны дотор емарт гэсэн бичиглэл бүхий гялгар уутанд цагаан өнгийн H$M гэсэн бичиглэл бүхий гялгар ууттай бор өнгийн хатсан өвс жинлэхэд уутны хамт 89.8 грамм бор өнгийн эмэгтэй хүний шилэн тирконд хамт хоёр талаас нь боосон бор өнгийн хатсан өвс ургамал жинлэхэд 158.7 грамм жинтэй эд зүйлс илэрсэн тул Г.Аийг байлцуулан хураан авч үзлэгийн тэмдэглэлийг дуусгав” гэжээ. /хх-ийн 3-11/

 

Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Г.Аээс танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж, хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу гэж асуухад миний биед хар тамхи, мансууруулах бодис болон түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл байхгүй.  Харин гэрийн болкон дээр цүнхэн дотор байсан гялгар ууттай, хоёр хэсэг өвс гэх нэршилтэй, мансууруулах үйлчилгээтэй өвс ургамалыг цагдаагийн байгууллагаас гэрт үзлэг хийж хураан авсан...” гэжээ.   /хх-ийн 12-14/

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлд“...3 минутын дараа тестний үр дүнг харуулахаар наасан цаасыг авахад ТНС гэх бичигтэй баганы С түвшинд гарч зааж байгаа нь Г.А нь дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав” гэжээ. /хх-ийн 15/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...6 болон 7 давхарын дунд хэсэгт байх хогийн функерийн хэсгийг зааж энэ функерийн араас олсон гэснийг заалгаж гэрэл зургаар бэхжүүлсэн мэдүүлгийг шалгалаа уг хэсгийн газар нь оршин суугч нар хогоо хаядаг хэсэг байлаа. Уг хэсэгт болон давхарын хэсэгт ямар нэгэн хяналтын камер байхгүй байв” гэжээ.  /хх-ийн 20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 593 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн “А” гэж хаягласан хуванцар савтай 60 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн А гэж хаягласан хуванцар савтай шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 36/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 594 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гялгар уутанд хийсэн бор өнгийн ургамал мэт зүйл нь гялгар уутны хамт 90 грамм, бор өнгийн триконд боосон бор өнгийн ургамал мэт зүйл 154 грамм тус тус байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гялгар уутанд хийсэн бор өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн триконд боосон бор өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /хх-ийн 42/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 149 дугаартай “Г.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Сэтгэцийн хувьд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 70/

 

Яллагдагчаар Г.Аийн “2019 оны 7 дугаар сарын 9 билүү 10-ны өдөр санагдаж байна өөрийн амьдардаг байрны Баянгол дүүргийн 15 дугаар хороо,  21 дүгээр байрны 6 давхарын хогийн функерийн арын хэсэгт тамхи татахаар гараад зогсож байх үед гялгар ууттай өвс мэт зүйлийг амыг нь нээсэн байдалтай орхисон байхаар нь олж авсан. Ингээд 3 жилийн өмнө  өвс гэх зүйлийг татаж үзсэн ямар өнгө үнэртэй байсныг нь мэддэг болсон байсан тул авч гэртээ ороод  балкон дээрээ ашигладаггүй цахилгаан нь эвдэрсэн бор өнгийн цүнхэн дотор хийчихсэн. Ингээд тухайн зүйлийг бараг мартчихсан ба хадгалсан цагаасаа хойш тухайн өвс ургамалаас ганц хоёр удаа л  бэлэн янжуур тамхины тамхийг нь авч байгаад оронд нь хийж асааж татаж хэрэглэсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цагдаа нарт баригдсан. Өвс гэх зүйлийг гэртээ хадгалж байгаа талаараа хэн нэгэнд хүнд хэлээгүй, хэн нэгэнд өгөөгүй, хамт хэрэглээгүй. Би өөрөө өвс гэх зүйлийг гэртээ хадгалж байсандаа маш их харамсаж байна. Дахин энэ зүйлийг хэрэглэхгүй байж чадна. Миний хувьд өвс гэх зүйлийг хүсэж хэрэглэж байсан удаа байхгүй, цаашдаа ч энэ зүйлийг хэрэглэхгүй...миний найз нөхдийн дунд хар тамхи гэх зүйлийг хэрэглэдэг, бусдыг уриалдаг буруу зуршилтай хүмүүс байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа хуулбар/хх-ийн 58/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 65/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 66/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.А нь “Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 244 грамм жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 2019 оны 7 дугаар сард 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 15 дугаар хороо 21 дүгээр байрны 23 тоот өөрийн гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Г.Аийн “...тухайн зүйлийг бараг мартчихсан ба хадгалсан цагаасаа хойш тухайн өвс ургамалаас ганц хоёр удаа л  бэлэн янжуур тамхины тамхийг нь авч байгаад оронд хийж асааж татаж хэрэглэсэн...Би өөрөө өвс гэх зүйлийг гэртээ хадгалж байсандаа маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...бор өнгийн цүнхний эхний тасалгааны дотор ...бор өнгийн хатсан өвс жинлэхэд уутны хамт 89.8 грамм бор өнгийн эмэгтэй хүний шилэн тирконд хамт хоёр талаас нь боосон бор өнгийн хатсан өвс ургамал жинлэхэд 158.7 грамм жинтэй эд зүйлс илэрсэн...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 3-11/, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд“...гэрийн болкон дээр цүнхэн дотор байсан гялгар ууттай, хоёр хэсэг өвс гэх нэршилтэй, мансууруулах үйлчилгээтэй өвс ургамалыг цагдаагийн байгууллагаас гэрт үзлэг хийж хураан авсан...”/хх-ийн 12-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...6 болон 7 давхарын дунд хэсэгт байх хогийн функерийн хэсгийг зааж энэ функерийн араас олсон гэснийг заалгаж гэрэл зургаар бэхжүүлсэн мэдүүлгийг шалгалаа ” гэсэн тэмдэглэл  /хх-ийн 20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22/, шинжээчийн 594 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гялгар уутанд хийсэн бор өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн триконд боосон бор өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /хх-ийн 42/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Г.А Баянгол дүүргийн 15 дугаар хороо 21 дүгээр байрны 23 тоотод амьдардаг нь өөрийнх нь мэдүүлэг болон хорооны засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх ба тэрээр өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 244 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Билгүүн гэгчийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаалгах” тайлбар бүхий санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

Иймд өмгөөлөгчийн гаргасан “хэргийг прокурорт буцаах” санал дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

    

Шүүх, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Аийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Г.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Г.А бусдад төлөх төлбөргүйг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан тэнсэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлт гаргалаа.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул бусдад төлөх бодит хохиролгүй үндэслэлээр шүүгдэгч Г.Аэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иймд өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи дээрхи санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч Г.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 240.7 грамм жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна. Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

 

 

 

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Боржигон овогт Г-н Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Г.Аэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Г.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.

 

5. Г.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 240.7 грамм жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        

      

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ