Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 411

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

хохирогч З.А түүний өмгөөлөгч Б.Борхүү

шүүгдэгч Ц.М түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Өөлд овогт Ц-н Мд холбогдох 2005007360362 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.М нь 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 4-57а тоот хашаанд байрлах гэртээ хүний сэтгэл санаанд дарамт учруулж,  бие махбодид халдан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох З.Аийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед зүүн тавхайн 5-р шивнүүрийн ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,  тархи доргилт, хэл, баруун хөх, зүүн бугалга, зүүн тохой, баруун сарвуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун гарын чигчий хуруу, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

    

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 2 сарын 8-нд манай эхнэр А хорооны хуралтай гэж явсан.  Өдөр нь хүүхэд уйлаад байхаар нь эхнэр рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгсэн чинь орой согтуу ирсэн. Тэгэхээр нь би эхнэрээ хардаад зодсон нь үнэн.  Гэмшиж байна. Би эхнэрээсээ уучлалт гуйж эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон.  Эхнэрийн эмчилгээний зардалд бэлнээр болон дансаар нийт 870.000 төгрөг, 749.900 төгрөгийн үнэтэй телевизор авч өгсөн” гэв.

 

Хохирогч З.А шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 2 сарын 8-нд би хорооны хуралд суух гээд очсон чинь хурал болохгүй гэсэн. Тэгээд найз нартайгаа уулзаад дөрвүүлээ нэг газар орж жаахан суусан юм. Тэгээд харьсан чинь М намайг үгийн зөрүүгүй шууд зодохоор нь би болиоч гэсэн чинь чи үхээгүй байгаа юм уу гээд дээрээс нэмээд зодоод байсан. Мөн гэрийн эд зүйлс эвдсэн. М намайг гэмтээж миний зүүн тавхайн 5-р шивнүүрийн ясны хугарал гэмтэл үүссэнээс болж одоо би суга таягтай явж байна. Ер нь энэ хүн намайг хэлэх, хэлэхгүй үгээр хэлж доромжилж, дарамтална, багалзуурдана. Архи уухаараа арслан бар шиг болдог. Хүү бид хоёрын дээрээс шээж хүртэл байсан.  Одоо би энэ хүнтэй цаашид хамт амьдрахгүй. Би Мөөс айж байна. Миний  эмчилгээний зардалд 560.800 төгрөг, эмнэлэг нааш цааш явсан зардалд 200.000 төгрөг, гэрийн эд зүйлс эвдсэний 1.026.100 төгрөг буюу нийт 1.786.900 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэв.    

 

Хавтаст хэргээс:

Хохирогч З.А мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хорооны хуралтай байсан ба өөрийн гэрээс 15 цагийн үед гараад хороо руу явж байтал хурал больчихлоо гэсэн. Тэгэхээр нь найз Энхмаа, Охиноо, Сумъяа нартай Энхбаярын замын дагуу нэг зочид буудалд орж тэндээ дөрвүүлээ 2 шил архи уусан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад гараад гэр рүүгээ явсан гэрийн ойролцоо ангийн найз Мөнхцэцэгтэй уулзаад нэг нэг тамхи татаад жоохон юм яриад зогссон. Тэгээд гэртээ ороход нөхөр М 2 хүүхэдтэйгээ  гэрт согтуу байсан. Тэгээд намайг ороход есөн шидээр харааж зүхэж эхэлсэн тэгээд үгэлж байгаад 22 цагаас хойш гаднаас орж ирээд шууд нүүр рүү нэг удаа өшиглөөд газар унасан чинь дээрээс толгой түрүүгүй нүдсэн. Би ухаан алдаад сэрээд жоохон хөдлөхөд үхээгүй юм уу пизда минь гээд толгойны хойд хэсгээс зулгааж байгаад зөндөө олон удаа газар мөргүүлсэн. Би тэр үед ухаан алдаад нэг сэргэсэн чинь миний өмсөж байсан куртикээр толгой дээгүүр нөмөрч байгаад 2 гараараа ээлжилж цохиж байсан. Мөн толгой дээрээс хөлөөрөө дэвсээд байсан тэр үед би толгойгоо 2 гараараа хаасан чинь гар руу бас өшиглөсөн. Тэгээд би нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан. Тэгээд сэргэх үед л үхээгүй юм уу пизда минь гээд байн байн нүдээд байсан. Тэгээд куртикээ тэмтэрсэн чинь гар утас байхаар нь 102 руу авраарай гээд цагдаа дуудсан чинь чи ямар их цагдаа дууддаг юм бэ гээд дахиж толгой дээрээс өшиглөж зодож байсан. Тэгээд М гараад зугатаачихсан. Удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн газар ирсэн. Ер нь л намайг гэрээс гараад юм уу ажилдаа явахад хүртэл орж гарлаа гэж хардаж зоддог. Хааяа зодохгүй тамалдаг. Урьд нь зөндөө зоддог байсан. 2011 оноос хойш нэг гэрт орсон тэрнээс хойш мэр сэр гар хүрч байсан. 2012 онд намайг бие давхар байхад архи уусан байсан бөгөөд намайг гэдэс рүү өшиглөж гэрээс гаргаад хаалгаа түгжээд намайг гадаа хонуулж байсан. Хүүхдээ салхилуулах гээд гарах гэхээр хашаанаас битгий гар гээд намайг гэрийн хорионд байлгасан. Намайг маш их дарамталдаг байсан. 2013 оны 10 дугаар сарын 29-нд Мийн төрсөн өдөр байсан гэрээс гарч архи ууж орж ирээд намайг зодож эхэлсэн. Намайг дээрээс толгой түрүүгүй дэвсэж цохиж зодож байгаад дунд хүү маань ой гарантай байхад дээрээс хүртэл шээж байсан. Тэгээд зодож зодчихоод хүчээр бэлгийн харьцаанд орчихоод унтаад өгнө. Унтаж байхдаа гэнэт намайг зодож эхэлдэг. Гэнэт багалзуур шахдаг бөгөөд яагаад ингээд байгаа юм гэхээр зүүдлээд л гэдэг байсан аймаар харгис зантай. 2019 онд архи ууж орж ирээд надтай унт бэлгийн харилцаанд ор гэсэн тэгэхээр нь би унтлаа гэсэн чинь шүүгээнээс хутга аваад эсвэл намайг ална эсвэл бэлэг эрхтэнээ таслана гээд байхаар нь би том хүүгээ дуудаж сэрээсэн чинь муу пиздаа гээд миний нуруу руу 3 удаа гараараа цохисон тэгээд унтаад өгсөн. Намайг ална гэж байнга заналхийлдэг. 2020 оны 02 дугаар сарын 03-нд би ажлынхандаа хоол хийж өгнө гэсэн чинь намайг багалзуурдаад дээрээс нь танай ажлынханыг очиж түйвээнэ гээд байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 08-нд бас зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-35/

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 4-57а тоот хашаанд байрлах гэрт үзлэг хийхэд...толь, аяга хагарсан...шүүгээний дээд хаалга хугарсан...сандал хагарсан...BSB гэсэн бичиглэлтэй 59 инчийн зурагтны дэлгэц хагарсан...зурагтын тавиурын зүүн талын шил хагарсан...будаа агшаагч эвдэрч хэмхэрсэн...гэрийн баганы тулгуур нь хугарч унасан...” байдалтай байв гэжээ. /хх-ийн 20/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22/,                   

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 73/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Лодоншийрав мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 02 дугаар сарын 09-нд эмээ өвөөгийндөө очиж хоноход үүрээр 4 цагийн үед ээж 2 дүүг аваад Мд зодуулсан гээд өвөөгийнд орж ирэхэд мэдсэн. М намайг байхгүйд ээжийг зоддог” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 42/

 

Гэрч Т.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд: “А бид хоёр бие биенээ 2008 оноос хойш мэддэг болсон  дотны найзууд байгаа юм.  А Мтэй хамт амьдраад зодуулаад хөдөө нүцгэн хөөгдөж байсан гэж надад хэлж байсан. ...М нь Аийг байнга хардаж араас нь хөөцөлдөж ажлыг нь ч тайван хийлгэдэггүй байсан. 2014 онд хотод орж ирж амьдарч байхад Аийн нүд нь хөхөрчихсөн Мд зодуулсан гээд явж байдаг байсан. 2017 онд байх Аийг ганцхан хүүхэдтэй нь өөр юу ч үгүй аав ээж рүү нь хөөгөөд явуулсан байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 71/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2542 дугаартай “З.Аийн биед зүүн  тавхайн 5 дугаар шивнүүрийн ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хэл, баруун хөх, зүүн бугалга, зүүн тохой, баруун сарвуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун гарын чигчий хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн тавхайн 5 дугаар шивнүүрийн ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духанд шарх, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэл, баруун хөх, зүүн бугалга, зүүн тохой, баруун сарвуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун гарын чигчий хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 47/

 

Яллагдагчаар Ц.М мөрдөн байцаалтанд: 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 4-57а тоот хашаанд манай эхнэр А болон манай дунд хүү 7 настай Алтаншагай, бага охин 1 нас 4 сартай Энх-Уран нарын хамт гэртээ байж байтал эхнэр А хуралтай гээд ажил руугаа явсан. Тэгээд би орой 19 цагийн үед эхнэр рүү залгасан чинь жаахан согтуу би ажлынхантайгаа хүлээн авалтанд орох гэж байна гэж хэлээд утсаа  салгасан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цаг 15 миунтын орчимд эхнэр халамцуу гэрт орж ирсэн. Тэгээд би чи хаагуур юу хийгээд архи уугаад яваад байгаа юм жаахан хүүхэд орхичихоод алга болоод байхдаа яадаг юм гэж маргалдаад эхнэр Аийг зодсон. Би эхнэрийн нүүр рүү нь гараараа зүүн талын шанаа, нүд, нүүр, орчим руу нь 2 удаа цохисон. Духыг нь үснээс нь зулгааж байгаад гэрийн шал болон гутлын шкафны мод мөргүүлсэн. Зүүн хөлийн тавхайг нь хоромон гуталтай хөлөөрөө хоёр удаа дэвсэж зодсон. Би эхнэртэй хамт амьдарч байх хугацаандаа маргалдаж байсан асуудал зөндөө байгаа. Эхнэр нэг удаа 3 жилийн өмнө архи ууж гадуур хоноод ирэхэд нь би нэг удаа алгадаж байсан. Манай эхнэр бид 2 дундаасаа 1 нас 4 сартай,  7 настай, хоёр хүүхэдтэй. Манай эхнэрийн өөрийнх нь нэг хүү байдаг. Лодоншийрэв гэдэг. Одоо 16 настай, бид нартай хамт амьдардаг юм.  Лодоншийрэв өвөөгийнх рүүгээ явсан байсан. Би эхнэртээ уурлахдаа зурагт руугаа өөрийнхөө гар утсаа шидэж хагалсан, зурагтныхаа тавиурыг юм шидэж хагалсан, гэрээс уурлаж гарахдаа будаа агшаагчаа өшиглөчихсөн, бас хувцасны шүүгээний доод талыг нь өшиглөж эвдсэн.  Би гэрийнхээ хуванцар сандлыг уурлаад өшиглөсөн чинь гэрийн хоймор руу өшиглөгдөөд хүү Алтаншагайн хажуугаар нь өнгөрсөн.  Охин Уран-Энх ээж рүүгээ уйлаад ирэхээр нь би охиноо орон дээр нь хэвтүүлчихээд гараад явсан. Охиноо ор руу нь шидээгүй. Манай 2 хүүхэд унтаж байгаад маргаан зодоон болсон чинь сэрсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би эхнэр Аээс уучлал гуйсан. Эхнэрээ зодсондоо харамсаж байна”  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 58/  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.М 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 4 дүгээр гудамжны 57а тоот хашаанд байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч З.Аийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.Мийн “...эхнэр Аийг зодсон. Би эхнэрийн нүүр рүү нь гараараа зүүн талын шанаа, нүд, нүүр, орчим руу нь 2 удаа цохисон. Духыг нь үснээс нь зулгааж байгаад гэрийн шал болон гутлын шкафны мод мөргүүлсэн. Зүүн хөлийн тавхайг нь хоромон гуталтай хөлөөрөө хоёр удаа дэвсэж зодсон...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 58/, хохирогч З.Аийн “...нөхөр М... намайг шууд нүүр рүү нэг удаа өшиглөөд газар унасан чинь дээрээс толгой түрүүгүй нүдсэн. Би ухаан алдаад сэрээд жоохон хөдлөхөд үхээгүй юм уу пизда минь гээд толгойны хойд хэсгээс зулгааж байгаад зөндөө олон удаа газар мөргүүлсэн би тэр үед ухаан алдаад нэг сэргэсэн чинь миний өмсөж байсан куртикээр толгой дээгүүр нөмөрч байгаад 2 гараараа ээлжилж цохиж байсан...” гэсэн мэдүүлэг хх-ийн 30/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 73/, насанд хүрээгүй гэрч Б.Лодоншийравын“... ээж 2 дүүг аваад Мд зодуулсан гээд өвөөгийнд үүрээр орж ирэхэд мэдсэн. М намайг байхгүйд ээжийг зоддог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/, шинжээчийн 2542 дугаартай дүгнэлт /хх-ийн 47/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Ц.М, З.Ариун-Эрдэнэ нар дундаасаа 2 хүүхэдтэй, хамтран амьдардаг байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулжээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж ойлгоно. 

 

Ц.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр З.Аийн зүүн тавхайн 5-р шивнүүрийн ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,  тархи доргилт, хэл, баруун хөх, зүүн бугалга, зүүн тохой, баруун сарвуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун гарын чигчий хуруу, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос Ц.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ц.Мийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Ц.Мийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүх хуралдаан дээр хохирол, хор уршигтай холбоотойгоор  хохирогч З.А эмчилгээний зардалд 560.800 төгрөг, эмнэлэг нааш цааш явсан зардалд 200.000 төгрөг, гэрийн эд зүйлс эвдсэний 1.026.100 төгрөг буюу нийт 1.786.900 төгрөгийн 15 хуудас баримт, шүүгдэгч Ц.М нийт 870.000 төгрөг эмчилгээнд төлсөн 2 ширхэг баримт, 749.900 төгрөгийн үнэтэй телевизор худалдаж авч өгсөн 1 ширхэг баримт нийт 3 хуудас баримт гаргаж тус тус хэрэгт хавсаргуулав.

Хохирогч З.Аийн гаргасан хохиролтой холбоотой нэхэмжлэлээс эмчилгээний зардлын 560.800 төгрөг, эд зүйлсийн үнэ 1.026.100 төгрөгийн буюу нийт 1.586.900 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй бөгөөд З.Аэд шүүгдэгч Ц.М 870.000 төгрөг, 749.900 төгрөгийн үнэ бүхий  телевизор өгсөн нь  870.000+749.900 =1.619.900 төгрөг төлөгдсөн байна.

 

Ц.Мөөс бусад зардалд З.А 200.000 төгрөг нэхэмжилсэн нь энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

       

Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Ц.Мд хорих ял оногдуулах” шүүгдэгчийн өмгөөлөгч “ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж тэнсэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус  гаргалаа.

 

Ц.М эхнэр З.Аийн эрх, эрх чөлөө бие махбодид нь халдаж олон удаагийн үйлчлэлээр гэмтэл учруулсан нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзаж түүнд хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр  шүүх шийдвэрлэсэн тул өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

        

Ц.Мийн эдлэх ялыг түүний үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдаж байна.