Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0262

 

Н д е г, “О р с” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “О р с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгч Н д е г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, П.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 209 дүгээр шийдвэртэй, “О р с” ХХК, Н д е г-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 209 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай захирамжийн “Рашаан судлалын үндэсний төв”-д холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Н д е г-т холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “О р с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэртээ “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа шалтгаанаа газрын давхцалтай гэж тайлбарласан ба шүүх шийдвэрлэсний дагуу эзэмших эрхийн хугацааг сунгахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн” болохыг тодорхойлоод “Дээрх давхцал үүсэж байгаа шалтгаан болох тухайн газар дээр байрлаж буй модон складын барилга нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хэнийх нь өмчлөлийн эд хөрөнгө болох нь тодорхойгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан зарчмыг зөрчсөн, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг дутуу үнэлснээс гадна хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Давхцал гэсэн ойлголтыг хуульд бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцсан гэдгээр тодорхойлсон бөгөөд хариуцагч татгалзсан шийдвэрийн үндэслэлээ “хүсэлт гаргасан газар нь нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар Н д е г-т олгогдсон байна” гэсэн. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүссэн цаг хугацааны дарааллаар авч үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь 2004 оны 30 дугаар захирамжаар “О р с” ХХК /хуучин нэрээр Рашаан судлалын үндэсний төв/-д 2897 м.кв газар эзэмших эрх олгосон атлаа 2007 оны 131 дүгээр захирамжаар дээрх газартай давхцуулан Н д е г-т 7048 м.кв газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31.3-т заасан шаардлагыг хангаагүй, хууль бус шийдвэр болжээ” гэж дүгнэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн. Үүгээрээ газрын давхцалтай гэсэн хариуцагчийн татгалзсан шийдвэрийн үндэслэл хууль бус болохыг тогтоосон. Тэгсэн атлаа “давхцал” гэдгийг хуульд зааснаас өөрөөр, тэр тусмаа, хариуцагч маргаан бүхий захиргааны актад тодорхойлж, үндэслэснээс өөрөөр буюу “тухайн газар дээр байрлаж буй барилга нь ... хэнийх нь өмчлөлийн эд хөрөнгө болох нь тодорхойгүй” хэмээн тодорхойлон дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль бус дүгнэлт болсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх эрх бүхий этгээд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх бөгөөд энэхүү хуулиар эрх олгосон төрийн өмчийн эзэн этгээд нь маргаан бүхий газар дээр байрлаж байгаа “модон склад”-ын барилгыг “О р с” ХХК-ийн өмч мөн гэдгийг тодорхойлсоор байхад “хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тодорхойгүй” гэсэн ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч нь Н д е г-т хүргүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/2812 тоот албан бичгээр маргаан бүхий газар дээрх “модон склад”- ын барилга нь “О р с” ХХК-ийн өмч гэдгийг тодорхой бичсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар нэг ч маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүх хэнийх нь өмчлөлийн эд хөрөнгө болох нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийж, хариуцагчийн татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоон, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны зөрчсөн байна.

Анхан шатны шүүх “Хэдийгээр цаг хугацааны хувьд нэхэмжлэгч “О р с” ХХК-д газар эзэмших эрх түрүүлж үүссэн боловч энэ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн гэж үзэхээргүй байхын зэрэгцээ маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Н д е г нь 1982 оноос хойш бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг үгүйсгэхээргүй байх тул нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжийн холбогдох хэсгийг мөн хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх зарчмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Н д е г нь нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй” болгуулах гэж тодорхойлсон, анхан шатны шүүхээс Засаг даргын захирамжид заасан газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсныг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эсэх талаар удаа дараа тодруулга хүсэхэд “Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан. Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр  захиргааны актын хувьд гаргах боломжтой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 20 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй. Гэтэл анхан шатны шүүх үүнийг мэдсээр байж өөрөө зөрчиж, шийдвэрийн тогтоох хэсэгт “нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.

Н д е г өөрөө тухайн газрыг 1982 оноос хойш эзэмшиж байгаа гэдэг боловч үүнтэй холбоотой ямар ч нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй. Харин эсрэгээрээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020  оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А-1/1947 тоот албан бичиг, мөн “О р с” ХХК-ийн санхүүгийн үндсэн хөрөнгийн бүртгэл жагсаалтаар уг газар дээрх “модон склад”-ын барилга нь 1980 онд баригдаж, ашиглалтад орсон, улмаар “О р с” ХХК нь уг барилга болон барилгын доорх газрыг бодиттойгоор эзэмшиж байсан нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг шинжлэн судалсан атлаа эдгээр нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр үл барам ямар ч нотлох баримтгүйгээр “1982 оноос хойш бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг үгүйсгэхээргүй байх тул” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчсөн.

Газрын тухай хуулийн 3.1.3-т ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг шууд зөрчин Н д е г нь газрыг бодитоор эзэмшиж байсан хэмээн хууль бус дүгнэлт хийж, Н д е г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Тэр тусмаа нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар Н д е г-т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч Н д е г нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулаагүй байсан. Тиймээс өмнө ч, хожим нь ч тэр Н д е г тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх Н д е г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0209 дүгээр шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс давхцал үүсэж байгаа шалтгаан болон тухай газар дээр байрлаж буй модон складын барилга нь нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн  хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тодорхойгүй байна гээд нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “Рашаан судлалын үндэсний төв”-д холбогдох хэсэг мөн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Н д е г-т холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч нар нь тухайн модон складын барилга нь хэний өмчлөлийн талаар маргаагүй бөгөөд тухайн модон склад холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхээс дээрх байдлаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч “О р с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн гаргасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ийн гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай гомдлуудыг үндэслэн хянав.  

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д  “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу бүхэлд нь хянан үзэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” нь шүүхийн эрхэм зорилго юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заажээ.

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Н д е г, нэхэмжлэгч “О р с” ХХК нь тус тусдаа  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс ... нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай захирамжийн “Рашаан судлалын үндэсний төв”-д холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Н д е г-т холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр тухайн 2 байгууллага нь хэн аль нь ямар нэгэн газар эзэмших эрхгүй болсон байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг санаачлагаараа, өөрөө өөрчлөн шийдвэрлэсэн гэж үзэхээр болжээ.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н д е г-аас анх Нийслэлийн Газар байгуулалтын алба болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулж “Сонгинохайрхан дүүргийн 2004 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн  шийдвэрийг үндэслэн “О р с” ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын  45/0089 дугаартай 2897 м.кв газрын гэрчилгээ нь манай байгууллагын газартай давхцуулсан байгаа тул тус шийдвэр, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны үндсэн дээр эцсийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийг хүчингүй болгох” гэж томъёолжээ.

          Нэхэмжлэгч “О р с” ХХК-иас “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897м.кв газар эзэмших эрхийг “Оргил рашаан’ ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаас татгалзсан Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 дугаар шийдвэрээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, уг газар эзэмших эрхийг “О р с” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах, нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжийн Н д е г-т хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан олгосныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргаж, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар Н д е г-ын эзэмшилд олгосон 7048 м.кв газраас “О р с” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг болох 2897 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897 м.кв газар эзэмших эрхийг “О р с” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулах шийдвэр гаргахаас татгалзсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 дугаар шийдвэрээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, уг газар эзэмших эрхийг “О р с” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хүссэнээс өөр агуулга бүхий шийдвэрийг гаргасан байна.

          Улмаар нэхэмжлэгч нарын шийдвэрлүүлэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд шийдвэрлэгдээгүй, түүнд дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “Шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан зөрчил мөн гэж үзэв. Нэгэнт анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй асуудлаар давж заалдах шатны шүүхээс эцэслэн дүгнэлт хийх боломжгүй.

          Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, дүгнэлтээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан шийдвэр гаргаж буй мэтээр дүгнэсэн байна.

          Өөрөөр хэлбэл, өмчийн маргаан шийдвэрлэгдэхээс наана тухайн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж буй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  түдгэлзүүлэх /65.1.3.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй/ эсхүл захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэх хууль зүйн боломжтой юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧ                                                                           Г.БИЛГҮҮН

                   ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР