Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00045

 

Я.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01508 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2053 дугаар магадлалтай

Я.С-ын нэхэмжлэлтэй,

П.Т-, Т- ХХК-д холбогдох,  

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3.498.619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Я.С- нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Т- ХХК-ийн Старт Эко авто сэлбэгийн захаас авто машины буфер худалдан авахаар очиход тус худалдааны төвийн ажилчин дагуулж, 2 давхарт гарч буфер үзүүлсэн. Нөгөө залуутай буферийг дамжлан, урд талд нь явж байгаад 2 давхрын онгорхой нүхээр унаж хүнд гэмтсэн. Тухайн үед тус худалдааны төвийн ажилчид цагдаа болон түргэн тусламж дуудаагүй. Харин Я.С-ын өөрийнх нь машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Энэ хугацаанд тус компанийн удирдлага болон холбогдох хүмүүс нэхэмжлэгч Я.С-тай уулзаагүй, биеийн байдлын талаар нь асуугаагүй. Ингээд 4 сарын дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Т- ХХК-ийн захирал П.Т-т 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 201626010826 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1616 тоот Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шат шатны прокурорт гомдол гаргаж, Улсын ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2195 тоот хариу мэдэгдэх хуудсаар хариу авсан ба ...хэргийг хянахад Т- ХХК-ийн зүгээс 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/19 тоот тушаалын хавсралтаар баталсан байгууллагын нийт ажилчдын дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 7.3 дахь хэсэгт заасан үйлчлүүлэгчийг агуулахын сэлбэг хураасан тавиурын хэсгээр ойрхон явахыг хориглож, хэрэв явж байвал анхааруулга өгнө гэсэн, MNS4930-2000 стандартын 1.4-ын 3 дахь хэсэгт заасан хаалт хамгаалах хэрэгслийг хэрэглэх гэсэн заалтыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас иргэн Я.С- унаж, хүнд гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татаж болох 6 сарын хугацаа өнгөрч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд, хохирлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн. Я.С- нь тус худалдааны төвийн 2 давхараас унаж бэртсэний улмаас цээжний хэнхэрцэгийн дарагдал, няцрал, баруун талын олон хавирга далд хугарал, баруун уушигны бүрэн бус авчилт, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хүнд гэмтэл гэсэн онош гарсан. Уг гэмтлийн улмаас хэдэн сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, хагалгаанд орсон, их хэмжээний эм тариа хэрэглэж зардал гаргасан. Т- ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 4930-200 стандартын 1.4-ийн 3 дахь хэсгийн хаалт хамгаалах хэрэгслийг хэрэглэсэн гэсэн заалтыг, мөн байгууллагын нийт ажилчдын дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 7.3 дахь үйлчлүүлэгчийг агуулахын сэлбэг хураасан тавиурын хэсгээр ойрхон явахыг хориглож, хэрэв явж байвал анхааруулга өгнө гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс Я.С- биед хүнд гэмтэл учруулсан буруутай.

Иймд, Т- ХХК болон тус компанийн захирал П.Т- нараас эмчилгээний зардал болох 2.998.219 төгрөг, өмгөөллийн урьдчилгаа хөлс 500.000 төгрөг, нийт 3.498.619 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Я.С- нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд Т- ХХК-ийн салбар болох Эко зах дээр машины сэлбэг авахаар ирсэн. Тухайн үед манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 14 цагт болох гэж байсан тул Я.С-ыг орохыг хориглож, ажлын цаг дууссан байгааг өөрт нь анхааруулж хэлсэн. Гэвч манай ажилтны үгийг зөрж, байгууллагын дотоод журмыг зөрчин, машины буфер заавал худалдан авна гэж дайрч орж ирэн бидний ажилд хүндрэл учруулсан. Арга буюу манай ажилтан Я.С-ыг доор хүлээж байхыг анхааруулан орохыг хориглосон туузтай хэсгээр 2 давхарт гарч тухайн сэлбэгийг буулгах гэхэд араас нь нэг мэдэхэд дур мэдэн дагаж орж ирэн тухайн буферыг авах гэж байгаад хөл алдан унасан.

Иймд, нэхэмжлэгч Я.С-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01508 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.4, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Т- ХХК-иас 2.998.219 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.С-т олгож, нэхэмжлэлээс 500.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч П.Т-т холбогдох 3.498.619 төгрөг гаргуулах тухай Я.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.С-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т- ХХК-иас 62.921 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.С-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2053 дугаар магадлалаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01508 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т- ХХК-иас 2.878.219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 620.000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч П.Т-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын дугаарыг 2 гэж дугаарлан 62.921 гэснийг 61.001 гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж, 5 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Т- ХХК-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд,

Магадлалын Хянавал хэсэгт: “...Хэргийн 15-27 дугаар талд авагдсан баримтууд нь прокурорын байгууллагын архивт хадгалагдаж буй эрүүгийн хэргээс хуулбарлагдсан байх бөгөөд уг баримтуудын эхийг нэхэмжлэгч авах боломжгүй нөхцөлд тухайн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн. Дээрх баримтуудыг нотариатч давхар гэрчилсэн нь төрийн байгууллагын хуулбар үнэн болохыг үгүйсгэхгүй юм. Харин Я.С- нь сувилалд амрахад зайлшгүй хамт асрах хүн явах шаардлагатай байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хэргийн 27 дугаар талд авагдсан 2 хүний сувилалын зардал 240.000 төгрөгийн тал болох 120.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй бөгөөд эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол шаардсан тул уг шаардах эрхийг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг нэмж баримтлан шийдвэрт өөрчлөл оруулав.” гэжээ. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн гаргаж өгсөн бүх нотлох баримтыг эрүүгийн хавтаст хэрэгт нотлох баримтаар авсан байх бөгөөд аль нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа талаар талууд огт мэтгэлцээгүй. Учир нь, эрүүгийн хэрэгт хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримт хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэх талаар талууд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцдэг. Мөрдөн байцаагч эдгээр нотлох баримтуудыг яаж бэхжүүлж авсан нь тогдоогдохгүй байна. Тийм ч учраас хавтаст хэргийн 26, 27 дугаар хуудсанд байгаа нотлох баримтууд шууд эргэлзээтэй. Бусад нотлох баримтууд ч гэсэн дандаа зарлагын баримтаар нотлохыг хичээсэн байна. 2016 оноос хойш аль ч эмийн сан, эмийн бөөний худалдааны төвөөр худалдан авалт хийхэд НӨАТ-ын баримт олгодог болсон. Зарлагын баримтууд НӨАТ-ын баримтаар нотлогдох ёстой. Шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан жинхэнэ эх хувийг шаардаж үзэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна. Я.С-ыг амралт, сувилалд зайлшгүй явах шаардлагатай гэсэн эмчлэгч эмчийн бичиг нотлох баримтаар авагдаагүй байна. Амралт, сувилалд амрах нь тухайн хүний эрхийн асуудал болохоос зайлшгүй хийгдэх эмчилгээ гэж үзэхгүй байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Я.С- нь П.Т-, Т- ХХК-д холбогдуулж эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3.498.619 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Т- ХХК-иас 2.998.219 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.Т-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх Т- ХХК-иас 2.878.219 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс гадна хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Я.С- нь Т- ХХК-ийн барилга доторхи авто сэлбэгийн захаар үйлчлүүлж байгаад давхар хоорондын тавцангийн нүхэнд унаснаас биед нь хүнд гэмтэл учирч эмчилгээ, сувилгаа хийлгэсэн нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.4, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримталсан нь тухайн маргаантай харилцаа, шаардах эрхэд хамааралгүйг давж заалдах шатны шүүх залруулж дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй.

Т- ХХК-ийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээс /эс үйлдэхүй/ болон тус компанийн  ажил, үйлчилгээний дутагдлын улмаас  нэхэмжлэгч Я.С-ын эрүүл мэндэд гэм хор учирсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй  байна.

Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах нөхцөлийг Иргэний хуулийн 502 дугаар зүйлээр зохицуулсан байна.

Тухайлбал,  барилга байгууламж  эзэмшигч, өмчлөгч нь барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтын өөрчлөлттэй үед бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн унаж бэртсэн үйлдэлд Т- ХХК-ийн  гэм буруутай нь тогтоогдох эсэхээс үл хамаарахыг давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Зохигчдын хэн алины тайлбараар барилгын 2 дугаар давхарт нүх гарсан, уг газрыг туузаар хамгаалсан байсан нь тогтоогдсон байна.

Иймд, нэхэмжлэгч Я.С-ын эрүүл мэндэд учирсан хохирлын зарим хэсгийг хангахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан ”анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн” гэх үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тайлбарлажээ.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2053 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 61.001 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ЦАГААНЦООЖ

                       ШҮҮГЧ                                                               Г.АЛТАНЧИМЭГ