Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч  Б.Жаргал

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905046130427 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Эрхэт овогт Б-н Г.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны 103 дугаар байрны орцонд шатан дээр иргэн А.Цыг гар, хөлөөрөө зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүүнд зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун зулайн хуйханд шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Ц мөрдөн байцаалтанд “ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн үед найз Лүндэнтэй уулзаад хорооллын эцсийн “Цэ” пабад орж хүний тав, таван шил сэнгүр пиво уучихаад шөнө 02 цаг өнгөрч байхад пабаас гараад такси бариад шөнийн 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байранд байх гэртээ ирсэн. Гэртээ ирээд орц руугаа ортол лифт зогссон байсан учир гэр рүүгээ орох гээд шатаар өгсөж байтал манай орцны 9 давхарт үл таних эрэгтэй хүн намайг ямар ч шалтгаангүйгээр заамдаж аваад намайг цохисон, би ухаан алдсан. Би хөмсөгөндөө оёдол тавиулж, миний нүд хавдаж, толгой хагарсан. Энэ гэмтлийг манай орцны 12 давхарт амьдардаг Г гэх залуу учруулсан. ...манай эхнэр гэрээс гарч ирэхэд Г намайг өшиглөж байсан гэсэн...миний зүүн хөмсөг задарсан, хоёр нүд хөхөрсөн, толгой, хавирга хөндүүртэй байна...гомдолтой байна. Тухайн үед гарсан эмчилгээний зардлаа гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 17, 23/

Толгойн компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 7/

Хохиролын баримт /хх-ийн 8-9/

 

Гэрч Ц.Алтантогос мөрдөн байцаалтанд: “Унтаж байхад 02 цаг 30 минутын үед хаалганы хонх дуугархаар нь автал манай нөхөр би байна гэхээр нь хаалга онгойлгосон. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь гайхаад байж байтал орцонд хүн орилоод байхаар нь гараад хартал үл таних нэг залуу манай нөхрийг зодож байхаар нь боль гэсэн чинь танай нөхөр миний гинжийг тасалсан гээд уурлаад тэгээд над руу хэл амаар доромжлоод дайраад байхаар нь туслаарай гээд орилсон чинь манай 8 давхарын залуу гарч ирсэн чинь нөгөө залуу би 12 давхарынх гээд дээшээгээ яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13872 дугаартай “А.Цын биед зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүүнд зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун зулайн хуйханд шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 32/

 

Яллагдагчаар Б.Г мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 14-ний орой хоёр найзтайгаа хамт Сансарт байдаг “Банан” гэдэг бааранд ороод 2 шил архи уусан. Тухайн шөнө 3 цагийн орчим шиг санаж байна гэр рүүгээ орох гэтэл лифт зогссон байсан учир шатаар дээшээ өгсөж явсан. Би шатаар өгсөж явтал 8 давхарт нэг согтуу эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд би тэр хүний хажуугаар зөртөл тэр хүн миний хөлнөөс татаж босож ирээд намайг заамдаад миний хүзүүнд зүүж явсан нарийнхан мөнгөн гинжийг тасадсан. Тэгэхээр нь би тэр хүнийг хөлнөөс нь хамж унагаад дээр нь гарч байгаад нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохиод хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл тэр хүний эхнэр нь бололтой эмэгтэй гарч ирээд намайг загнаад би өөдөөс нь хэрэлдсэн тэгээд би шууд гэр рүүгээ орсон” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 40/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг бичгийн баримтуудыг  шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны 103 дугаар байрны орцонд шатан дээр иргэн А.Цыг гар, хөлөөрөө зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүүнд зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун зулайн хуйханд шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Гийн“...би тэр хүнийг хөлнөөс нь хамж унагаад дээр нь гарч байгаад нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохиод хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” /хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг, хохирогч А.Цын  “...гэр рүүгээ орох гээд шатаар өгсөж байтал манай орцны 9 давхарт үл таних эрэгтэй хүн намайг ямар ч шалтгаангүйгээр заамдаж аваад намайг цохисон, би ухаан алдсан. Би хөмсөгөндөө оёдол тавиулж, миний нүд хавдаж, толгой хагарсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Алтантогосын“...орцонд хүн орилоод байхаар нь гараад хартал үл таних нэг залуу манай нөхрийг зодож байхаар нь боль гэсэн чинь танай нөхөр миний гинжийг тасалсан гээд уурлаад тэгээд над руу хэл амаар доромжлоод...би 12 давхарынх гээд дээшээгээ яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, толгойн компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 7/, хохиролын баримт /хх-ийн 8-9/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Цыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос Б.Гид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Б.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Б.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч А.Цаас хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдох нийт 162.400 төгрөгийн баримт гаргасан нь энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангаж байх тул Б.Гоос 162.400  төгрөг гаргуулж хохирогч А.Цт олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч Б.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтооогдоогүй,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.