Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 386

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Хэнгэрэгт овогт Х-ны Сд холбогдох эрүүгийн 2005007340319 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.С нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зурагтын хуучин эцсийн автобусны буудал орчимд иргэн Г.Аын нүүр хэсэгт гараараа цохиж хамрын сэтэрсэн шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би тухайн үед 2-3 пиво, 1 шил архийг 5-уулаа хувааж уусан байдалтай байсан. Машины үнэлгээний 320000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.А мөрдөн байцаалтанд:  “Би өөрийн 85-22 УНР улсын дугаартай авто машинтайгаа 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 23 цаг 50 минутын үед гэрээсээ гараад Замын цагдаагийн шинэ гүүрний урд талаас дүүгээ авах гээд Баянхошуугаар тойрон зурагтын замаар уруудаад явж байтал миний хойноос ирж явсан приус-20 маркийн мөнгөлөг өнгөтэй авто машин миний баруун талаар орж ирэн гүйцэж түрүүлэхдээ миний машины баруун талын толийг шүргээд зураад өнгөрсөн. Тэр үед би машинаа явж байсан газраа зогсоосон. Тэгтэл нөгөө миний машиныг шүргэсэн машин нилээн урагшаа яваад автобусны буудал орчим очоод зогссон. Тэгэхээр нь би машиныхаа аваарыг татаад машинаасаа буун нөгөө машин дээр явж очин...яаж яваад байгаа юм бэ...гэж хэлтэл тэр машинаас ямар нэгэн хүн бууж ирэхгүй байхаар нь би машиных нь хаалгыг татаад онгойлготол жолооны хүрдэн дээр эмэгтэй хүн сууж байсан. Тэгтэл нөгөө машинд сууж явсан нэг нь бага зэрэг ахимаг настай, нөгөөх нь арай залуу бололтой хоёр эрэгтэй хүн бууж ирээд арай залуу нь шинэ жолооч байгаа юм аа.... гэхээр нь би ....шинэ жолооч гээд би зүгээр явах юм уу, хохирлоо барагдуулмаар байна.... гэсэн чинь нөгөө шинэ жолооч гээд байсан залуу надад ....хоёулаа тохиръё.... гэхээр нь би тэр залууд ....би өөрийн машинд учирсан гэмтлийг хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна, эхлээд үнэлгээний газар орж үзүүлнэ. Тэгээд үнэлгээ хэд гарахаас л би хэдэн төгрөг болохыг хэлэх байх...гэсэн чинь нөгөө залуу надад ...би зүгээр 300,000 төгрөг өгье...гэхээр нь би...за адилхан эр хүмүүс цаашаа явбал баахан цаг алдана...гэж бодоод тэр залууд...за чи тэгж байгаа бол хамаагүй хоёулаа тохиръё...гэсэн чинь нөгөө 300,000 төгрөг өгөөд тохиръё гээд байсан залуу өмднийхөө халааснаас 100,000 төгрөг гаргаж ирсэнээ...за хөгшөөн энэ болно биз дээ...гээд надад өгөхөөр нь би ...чи өөрөө анх тохиръё...гэчихээд яагаад одоо ингэж байгаа юм, би цагдаа дуудлаа гээд гар утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгөх гэтэл нөгөө залуу миний энгэрээс зүүн гараараа заамдан аваад баруун гараараа миний хамар зүүн шанаа орчим 2-3 удаа цохисон. Тэр үед миний хамар халуун оргиод миний хамарнаас маш их цус гараад куртикны энгэр нил цус болсон. Тэгээд би тэр хүмүүст...за за би та нартай юу ч ярихгүй, шийддэг хүмүүс нь шийдэх байлгүй.... гээд, тэр хүмүүсийн сууж явсан машины түлхүүрийг нь аваад шууд машиндаа суусан. Тэгээд цагдаа нар ирээд намайг цохидог залуу болон тэр залуутай явсан хүмүүсийн сууж явсан машиныг ачаад явсан. Тэр хэрэг болох үед миний биед нэг л хүн халдсан байгаа. Тэр үед миний хамар орчим болон зүүн шанаа орчим цохисоноос болж миний хамрын үзүүрийн доохон талд сэтэрсэн. Зүүн нүдний харалдаа шанаа бага зэрэг хавдсан байсан. Миний машин баруун талын толь сууриараа гэмтсэн байсан. Тэгээд миний машины баруун талын урд хойд крыла гэмтсэн байсан бөгөөд үнэлгээний газар 320,000 төгрөгөөр үнэлсэн байсныг намайг цохидог залуу төлбөрийг гаргаад барагдуулсан байгаа. Тэгээд би замын цагдаа дээрх асуудлаа гомдолгүй гээд шийдүүлсэн байгаа. Миний биед учирсан гэмтэлд одоогоор гарсан зардал гэвэл 15000 төгрөг болсон байх. Надад тухайн эм тан авсан баримт нь миний машинд байсан одоо байгаа үгүйг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28/

 

Гэрч С.Чулуунцэцэг мөрдөн байцаалтанд: 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цаг 40 минутын манай нөхөр Сүлд-Эрдэнийн хамтаар манай ажил дээр ирж намайг авсан. Тэгээд бид гурав Сүлд-Эрдэнийн машинтай Буянт-Ухаа хороолол явах гэж байсан боловч замаараа Мишээл экспо орчим байдаг байранд амьдардаг Цогтсайхан гээд ахаас юм авах гэж очсон боловч манай нөхөр С, Цогтсайхан ах гурав пиво уухаар болоод би Сүлд-Эрдэнийн машиныг барихаар болсон. Тэгээд тэр гурав Сүлд- Эрдэнийн машин дотор 2 ширхэг том савтай Сэнгүр нэртэй пиво хуваан уусан. Тэгээд анх явах гэж байсан газар руу явах гэсэн чинь С зурагтад байдаг найзаасаа юм авах ёстой гээд бид нар зурагт руу явсан. Тэгж явах замдаа бичил хорооллоос Сүлд-Эрдэнийн найз Баярхангай гэх залууг авсан. Тэгээд бид нар зурагтын яг хаана гэдгийг нь мэдэхгүй гэр хороололд байдаг Сүлд-Эрдэнийн найз Баярмандах гэх залууг аваад дэлгүүрээс нэг ширхэг 2,5 литртэй пиво, Соёрхол нэртэй 750 граммын архи аваад тэд нар дахин машиндаа сууж хуваан ууцгаасан. Тэгээд дэлгүүрээс авсан архи, пиво нь дууссан чинь нөгөө Баярмандах гэх залуу гэр рүү орсон. Тэгээд би Сүлд-Эрдэнийн машиныг бариад миний хажууд Цогтсайхан ах, миний хойд талд Алтанхүү, С, Баярхангай нар суугаад явсан. Тэгээд Баярмандах гэх залуугийн гэрээс гудамжаар уруудаад зурагтын зам руу дөнгөж ороод нэг их хол явж чадалгүй гомдол гаргаад байгаа хүний маркийг нь мэдэхгүй машинтай шүргэлцсэн. Тэгээд машинтай шүргэлцсэн даруй би барьж явсан машинаа зогсоогоод байтал нөгөө шүргэлцсэн машины жолооч машинаасаа буугаад ирсэн. Тэр үед миний хажууд сууж явсан Цогтсайхан ах ...ах нь буугаад уулзчихъя, чи сууж бай...гээд машинаас буугаад явсан. Тэгээд Цогтсайхан ах машинаас буугаад удаад байхаар нь би араас нь буусан. Тэгээд намайг машинаас буухад С миний араас буугаад ирсэн. Би Сүлд- Эрдэний хамтаар нөгөө шүргэлцсэн машин дээр яваад очтол нөгөө машины жолооч ах...ахын дүү чи юу хийснээ хардаа...гэхээр нь би хартал нөгөө машины баруун талын толь нь санжигначихсан байсан. Тэр үед Цогтсайхан ах нөгөө жолоочид ....ахын дүү наад хүн чинь саяхан жолоо төгссөн, шинэхэн жолооч байгаа юм... гэсэн чинь нөгөө ах машины ах...за одоо тэгээд яах юм, даатгалаа дуудах юм уу...гээд ярих үед Цогтсайхан ах намайг машиндаа сууж бай гэхээр нь би машин руу орж суусан. Тэгээд Цогтсайхан ах, С нар нөгөө машины ахтай нилээн удаан ярилцаад байхаар нь би машинаас буугаад очтол Цогтсайхан ах ...за  хоорондоо учраа олчих шиг боллоо гээд намайг машиндаа сууж бай гээд өөрөө бие засахаар явсан. Тэгээд би машинд суугаад байтал нөгөө машины ах С нар маргаад байх шиг байхаар нь би буугаад очтол С нөгөө ахад ...гайгүй юм чинь 100.000 төгрөг өгчихье гэсэн чинь нөгөө ах ...чи одоо юу яриад байгаа юм анх ярьсандаа байгаач гээд тэр хоёр маргаад бие биенээ заамдаад авсан. Тэр үед С зүүн гараараа нөгөө машины жолооч ахын хамар орчим хальт нэг удаа цохисон чинь нөгөө ахын хамарнаас цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/

Гэрч Б.Алтанхүү мөрдөн байцаалтанд: “...тэгээд манай эхнэр согтууруулах ундаа хэрэглээгүй болхоор Сүлд-Эрдэнийн машиныг бариулан бичил хороолол орж Баярхангай гэх залууг аваад зурагт руу Баярмандах гэх залуугийн гэрийн гадаа очсон. Тэгээд Баярмандахтай уулзаад Баярмандахын гэрийнх нь хажуу талд байдаг дэлгүүрээс Соёрхол нэртэй 750 граммтай архи ус, ундаатай аваад Сүлд-Эрдэнийн машинд уусан. Тэгээд би ямар ч байсан сүүлд авсан архинаас ууж байгаад нэг мэдсэн чинь муудаад тасарсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин шүргэлээ гээд маргаан гараад байх шиг байхаар нь би гайхаад машинаас буусан чинь С, Цогтсайхан ах, манай эхнэр гурав машинаас буугаад нэг танихгүй хүнтэй хамт байсан. Тэр үед би юу болоод байгаад талаар асуутал манай эхнэр надад ...чи зүгээр машиндаа суу.... гээд намайг машинд буцаагаад суулгасан. Тэгээд гадаа юу болоод байгаа талаар харалгүй машинд сууж байтал гэнэт цагдаа ирээд...энэ машиныг ачих гэж байна, машинаас буугаарай...гэхээр нь би хамт машинд сууж байсан Баярхангайг дуудаж сэрээгээд машинаас буусан. Тэгээд Сүлд-Эрдэнийн машиныг цагдаа нар ачаад явсан, бид нар тэндээсээ гэр гэр рүүгээ харьсан. Харин намайг машинаас буухад Сүлд-Эрдэнийг цагдаа нар машиндаа суулгачихсан байсан. Бас танихгүй хэдэн хүмүүс ирчихсэн бид нарлуу ...та нар хүн зодлоо... гээд байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11/

 

Гэрч Б.Цогтсайхан мөрдөн байцаалтанд: “...Сүлд-Эрдэнийн машиныг Чулуунцэцэг бариад зурагтын замаар доошоо уруудаад явж байтал нэг танихгүй маркийг нь мэдэхгүй машин ирээд бид нарын сууж явсан машинтай шүргэлцсэн. Тэгээд машинтай шүргэлцсэн газраа зогсоод уг нь учраа олоод байж байтал миний шээс хүрээд байхаар нь ойрхон нэг газар орж бие засчихаад буцаад машинтай шүргэлцсэн газраа хүрээд иртэл С нөгөө танихгүй машины залуутай зодолдчихсон танихгүй машины жолоочийн хамарнаас цус гарчихсан зогсож байсан. Тэгээд цагдаа нар ирээд Сүлд-Эрдэнийг машиныг журамлана гээд аваад явсан. Бас Сүлд-Эрдэнийг эрүүлжүүлнэ гээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 13/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2507 дугаартай “Г.Аын биед хамрын сэтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29/

 

Х.С мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 19:00 цагийн үед өөрийн 26-49 УБО улсын дугаартай авто машинаа барин очиж найз Алтанхүү, Алтанхүүгийн эхнэр Чулуунцэцэг нарын хамтаар Хан-Уул дүүргийн нутаг Мишээл экспо орчим танил ах Цогтсайхантай уулзахаар очсон. Тэгээд бид нар уулзаад ганц, ганц пиво уухаар болж би машинаа Алтанхүүгийн эхнэр Чулуунцэцэгээр бариулсан. Тэгээд Алтанхүү, Цогтсайхан ах бид гурав 2,5 литртэй Боргио нэртэй пиво гурвыг авч хуваан уусан. Тэгээд Мишээл экспогоос зурагтад амьдардаг манай нэг найз Баярмандах дуудахаар нь би өөрийнхөө машиныг Алтанхүүгийн эхнэрээр бариулан Алтанхүү, Цогтсайхан ах нарын хамтаар Баярмандахын гэр рүү явсан...Тэгээд зурагтын замаар уруудаад тасганы овоо явах автобусны буудал орчим миний машиныг барьж явсан Чулуунцэцэг өөр танихгүй хүний авто машинтай шүргэлцсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө нөгөө шүргэлцсэн машины жолоочтой уулзаад хоорондоо тохиролцох талаар яриад тэр машины гэмтлийг хараагүй байхдаа сандарсандаа 300000 төгрөгөөр тохирох талаар яриад нөгөө машины гэмтлийг харсан чинь миний машинаар шүргэсэн хэсэг нь гайгүй болохоор нь би 300000 төгрөгөөр ярьсанаа болиод 100000 төгрөг өгчих үү гээд хэлчихсэн чинь нөгөө машины жолооч гэнэт уурлаад ...чи өөрөө 300000 төгрөгөөр тохирно гээ биз дээ, одоо юун 100000 төгрөг өгөх вэ, ярьсандаа байхгүй ямар арчаагүй юм гээд маргасан. Тэгээд маргаж байгаад би тэр машины жолоочтой зууралдаж байгаад тэр жолоочийн хамар орчим нь баруун билүү зүүн гараараа нэг цохичихсон юм. Тэр үед нөгөө машины жолоочийн хамарнаас нь цус гараад эхэлсэн. Тэгээд нөгөө машины жолооч цагдаад дуудлага өгөөд замын цагдаа ирээд миний машиныг ачуулсан. Харин намайг өөр цагдаа нар хүн цохисон асуудлаар эрүүлжүүлсэн байгаа. Тэгж эрүүлжүүлэх байранд ирэх гэж байхад нөгөө машины жолоочийн гэр бүлийнх нь хүмүүс ирчихсэн байсан бөгөөд эхнэр нь гэх эмэгтэй намайг ална тална, та нар яахаараа манай нөхрийг зоддог юм гээд байсан. Тэгээд би өглөө эрүүлжүүлэх байрнаас гарах гэж байхад манай найзууд болох Чулуунцэцэг, Алтанхүү нар ирээд надтай уулзсан. Тэгэхэд Чулуунцэцэг надад өчигдөр орой цагдаа дээр ирээд байхад нөгөө машины жолоочийн эхнэр нь Цогтсайхан ахыг цохиод ахын баруун шанаа орчим нь хөхөрсөн байсан гэж ярьсан. ...миний согтолт 1 бүхэл 31 хувьтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.С нь 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Атай маргалдаж нүүр хэсэгт нь  гараараа цохиж хамрын сэтэрсэн шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Х.Сүлд-Эрдэнийн “...маргаж байгаад би тэр машины жолоочтой зууралдаж байгаад тэр жолоочийн хамар орчим нь баруун билүү зүүн гараараа нэг цохичихсон юм. Тэр үед нөгөө машины жолоочийн хамарнаас нь цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 6-7/, хохирогч Г.Аын“...нөгөө залуу миний энгэрээс зүүн гараараа заамдан аваад баруун гараараа миний хамар зүүн шанаа орчим 2-3 удаа цохисон. Тэр үед миний хамар халуун оргиод миний хамарнаас маш их цус гараад куртикны энгэр нил цус болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/, гэрч С.Чулуунцэцэгийн “...С нөгөө ахад ...гайгүй юм чинь 100.000 төгрөг өгчихье гэсэн чинь нөгөө ах ...чи одоо юу яриад байгаа юм анх ярьсандаа байгаач гээд тэр хоёр маргаад бие биенээ заамдаад авсан. Тэр үед С зүүн гараараа нөгөө машины жолооч ахын хамар орчим хальт нэг удаа цохисон чинь нөгөө ахын хамарнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/, гэрч Б.Алтанхүүгийн“...нэг мэдсэн чинь машин шүргэлээ гээд маргаан гараад байх шиг байхаар нь би гайхаад машинаас буусан чинь С, Цогтсайхан ах, манай эхнэр гурав машинаас буугаад нэг танихгүй хүнтэй хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/, гэрч Б.Цогтсайханы“...Сүлд-Эрдэнийн машиныг Чулуунцэцэг бариад зурагтын замаар доошоо уруудаад явж байтал нэг танихгүй маркийг нь мэдэхгүй нэг машин ирээд бид нарын сууж явсан машинтай шүргэлцсэн. ...С нөгөө танихгүй машины залуутай зодолдчихсон танихгүй машины жолоочийн хамарнаас цус гарчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Х.С, Г.Аын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд хяналтын прокуророос Х.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,  шүүгдэгч Х.Сүлд-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Х.Сүлд-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох баримт авагдаагүй боловч хохирогч Г.А нь өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Сэс нэхэмжлэх эрх нь нээлттэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч Х.Сүлд-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаж түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.