| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0302/Э |
| Дугаар | 766 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 766
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00334 0136 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О...., Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний харьяа .... байрлах ..... дугаар ангид нярав, жолоочийн ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймаг Хашаат сум Жаргалант багт оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Холбоо толгойн ....тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ........, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, .... тоотод байрлах нийтийн байранд оршин суух иргэн Б.У ийн орон байранд хууль бусаар нэвтэрч самсунг S6 маркийн гар утас, марк тодорхойгүй хятад гар утас, Хаан банкны Bиза картыг хулгайлж, Виза картаас нь 1,500,000 төгрөг авч, бусдад нийт 1,698,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Шүүгдэгч О.... нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн үед түр амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, .... тоотод байрлах нийтийн байрнаас хамт ажилладаг найз Б.У ийн “Samsung S6” загварын нэг ширхэг гар утас, загвар нь тодорхойгүй нэг ширхэг хятад гар утас, Хаан банкны картыг хулгайлж, картаас нь 1,500,000 төгрөгийг авч, бусдад нийт 1,698,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б ын шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө би ажил руугаа явсан юм. Тухайн үед У гэртээ үлдсэн бөгөөд ажил дээрээ очиж жижүүрт гарсан. Удалгүй миний оронд гарах байсан хүн ирсэн бөгөөд орой 17-18 цагийн үед хот руу орж ирсэн. Тэгээд би 10 жилийн найзтайгаа уулзаж, хороололд очиж 1-2 ширхэг шар айраг уусан. Дараа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж явж байгаад осол гаргасан юм. Тэгээд машины хохирлыг барагдуулах гэж хамт ажилладаг найз У ийн гэрт очоод мөнгө гуйвал өгөхгүй байх гэж санаа зовсондоо эд зүйлийг нь зөвшөөрөлгүй авч гарсан юм. Би тухайн үед найз У ийнд амьдарч байсан юм. Тэгээд машины хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг;
2. Хохирогч Б.У ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, .... тоот гэрээс “Samsung S6” загварын гар утас, Хаан банкны картаа алдсан. Миний картаас нь 1,500,000 төгрөг авсан байна...” гэсэн мэдүүлэг,
- 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...Надад гомдол санал байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө Б ажилдаа явлаа гээд гэрээс 7 цаг 30 минутын үед гараад явсан. ...Би гар утсаа алга болсныг өглөө сэрэхдээ мэдсэн. Найз Б ыг би жижүүртэй байсан гэж бодож байсан учир И г сэжиглэсэн. Учир нь хамгийн сүүлд манайд ороод гарсан юм. Би хууль бусаар нэвтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би найз Б ыг хамт амьдрахыг зөвшөөрч, нэг түлхүүрээ өгсөн. ...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Б манайд амьдрах болсон. Гэр нь хол байдаг болохоор манай гэрт амьдрах болсон. Мөрдөн байцаалтын шатанд алхах дэслэгч У тодорхой асуугаагүй болохоор би Б манайд амьдардаг гэдгийг хэлээгүй. Тухайн үед Б манай гэрт 7-8 хонож байсан болохоор хамт амьдарч байсан гэж үзээгүй юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 70-75 дугаар хуудас);
3. Хүний биед үзлэг хийж, эд зүйл хураан авч, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.У ийн Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 7-16 дугаар хуудас),
4. “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 056 дугаартай “...эд зүйлийн нийт дүн 198,000 төгрөг...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ (хх-ийн 25-27 дүгээр хуудас);
5. Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 32 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 31 дүгээр хуудас), Хохирогч Б.У нь эд зүйл, хохирлоо бүрэн бүтэн хүлээж авсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт (хх-ийн 50 дугаар хуудас), шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаартай тодорхойлолт;
6. Шүүгдэгч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би У ийг 2012 оноос хойш таньдаг болсон. Бид 2 гэрээт цэргийн албанд хамт ажиллаж байгаад найз нөхөд болсон юм. Би 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 жилийн ангийн хүүхдүүдтэй уулзаад бага зэрэг архи уусан. Энэ үедээ би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад машин мөргөөд мөнгө төлөхөөр болсон. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад У ийн гэрт мөнгө зээлэхээр очсон. Тэгтэл У дүүтэйгээ унтаж байсан, би өрөө рүү нь ороод хэсэг сууж байгаад сэрэхгүй болохоор нь хүрмийн халааснаас нь Хаан банкны картыг нь аваад дэрний хажууд байсан 2 ширхэг гар утсыг нь авсан. Тэндээс гараад Саппорогийн Хаан банкны АТМ орж, картаас нь 1,500,000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйлсийн үнэлгээг нийт 198,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн, мөн банкны картаас 1,500,000 төгрөг авсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 1,698,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах тул гэмт хэргийн шинжийг хангана.
Анхан шатны шүүхээс хохирогчийн мэдүүлэг зөрөөтэй байгаа талаар дурдаж, үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан боловч прокурор хохирогчийн мэдүүлгийн зөрөөг шалгах шаардлагагүй гэж үзэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргасан байна. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэжээ.
Иймд анхан шатны шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугларсан нотлох баримт болон шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлсэн нотлох баримт болох анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг тал бүрээс нь харьцуулан шинжилсний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.У өөс Б.Б танайд амьдардаг уу гэж асуугаагүй. Хохирогч ч мэдүүлээгүй. Иймд шүүгдэгч Б.Б ыг хохирогч Б.У ийнд амьдарч байсан гэж үзэх боломжгүй...” хэмээн мэтгэлцэж байна. Гэтэл үүнийг мөрдөгч, прокурор өөрсдөө шалгах, асуух, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурорт хүлээлгэсэн байна.
Хохирогч Б.У нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөх талаар баталгаа гаргаж, хууль сануулсан баримтад гарын үсэг зурсны дараа мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.Б тай хамт амьдарч байсан талаараа тодорхой мэдүүлсэн байна. Харин мөрдөгч хохирогч Б.Ууганбатаас Б.Б гэрт нь хамт амьдарч байсан эсэхийг асуугаагүй. Мөн хохирогч Б.У өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...мөрдөгч надаас асуугаагүй, мөн манайд 7-8 хонож байсан болохоор би хамт амьдардаг гэж мэдүүлээгүй...” хэмээн зөрөөтэй гэх мэдүүлгийнхээ учир шалтгаанаа тайлбарлажээ. Иймд хохирогч Б.У ийг урьд худал мэдүүлсэн гэж үзэхгүй бөгөөд түүний мэдүүлгүүдээс хэргийн талаар аль тодорхой мэдүүлсэн хэсэг болох урьд шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Эдгээрээс дүгнэвэл, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг харьцуулан үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд заасан шүүгдэгч Б.Б т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчиллөө.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.У нь эд зүйл, хохирлоо бүрэн бүтэн хүлээж авсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт (хх-ийн 50 дугаар хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хариуцлагын талаарх өмгөөлөгчийн дүгнэлтэд тайлбаргүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ анхнаасаа хүлээн мэдүүлсэн, шүүх хуралдаанд энэ талаар маргаагүй, хохирлын хэр хэмжээг зөвшөөрч сайн дураараа нөхөн төлсөн, мөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаан хоёр үе шаттай явагдсан боловч шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэргийн үйл баримт, хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлтэй холбоотой өмгөөлөгчийн дүгнэлт нь шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн шийдвэрт нийцэж байх тул шүүгдэгч Б.Б ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтаар шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болох талаар заажээ. Харин мөн хуулийн 7.1 дүгээр 1 дэх хэсэг нь “тэнсэж” болох хуулийн нийтлэг шаардлага болон зөвхөн хорих ялын хувьд тэнсэх тухай тодорхойлолтод хамаарах хэм хэмжээ билээ.
Түүнчлэн, эрүүгийн хариуцлага нь хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд зөвхөн тэнсэх шийдвэр гаргах боломжгүй бөгөөд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хамт хэрэглэснээр хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго хангагдана. Иймд өмгөөлөгчөөс гаргасан “...тэнсэж өгнө үү” гэсэн санал үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 3 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00334 0136 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.О....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Б.Б т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5.Шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА