Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 87

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаартай шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: “Ад” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж ашигт малтмалын хайгуулын 12*******Х тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаартай шийдвэрийн Ад ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/Ш32017/7612 дугаартай нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамж гарсантай танилцлаа.

Нэг. Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" тухай байна гэсний дагуу дараах байдлаар үндэслэлээ тайлбарлаж байна. 

Ашигт малтмалын хайгуулын 12*******Х тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаартай шийдвэрийн А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших С*******ийн хад нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын 12*******Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 он хүртэл үйл ажиллагаа явуулж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж ирсэн боловч дараа жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүйгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаартай шийдвэр гарсан.

Энэ тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Ашигт малтмалын хуульд заасан үүргээ биелүүлж чадаагүй.

2015 оны 08 дугаар сараас эхлэн 2017 оны 9-р сар хүртэл захирал Ц.М*******нь удаан хугацаагаар үргэлжилсэн байдлаар IСU эмнэлэгт элэгний хатуурал /элэгний цироз/, хэвлийн хөндийн усталт зэрэг оноштойгоор хүнд өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд дээрх хугацаанд удаа дараагийн мэс ажилбараар хэвлийн хөндийд хуримтлагдсан нийт 11 литр ус авхуулсан зэргээр хэвийн ажил хөдөлмөр эрхлэхэд эрүүл мэндийн хувьд боломжгүй байсан.

Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно” гэж тайлбарласныг дээрх үйл баримтад харгалзан үзэх боломжтой.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж хуульчилсан байх бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.

А ХХК нь маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл цуцалсан талаарх шийдвэрийг өнөөдрийг хүртэл Ашигт малтмал, газрын тосны газраас хүлээн аваагүй тул захирал Ц.М*******эмнэлэгээс гарч биеийн байдал сайжирсан үедээ буюу 2017 оны 10 сард өөрийн биеэр ирж тусгай зөвшөөрлийн Кадастрын систем хариуцсан ажилтнаас лавлан асуухад танай тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэсэн.

А ХХК нь маргаан бүхий 1 хайгуулын тусгай зөвшөөрөл цуцалсан талаарх шийдвэрийг хүчингүй болгох тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн шийдвэрлэх гомдлыг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/278 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан.

Тус газар нь манай гаргасан гомдлыг хянан үзээд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/7731 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын 12*******Х тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан үндэслэлээр цуцлагдсан байна гэсэн хариу манайд өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д заасан “...хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тооцно” гэж заасныг зөрчсөн үйлдэл байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх боломжийг олголгүйгээр ашигт малтмалын хайгуулын 12*******Х тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаартай шийдвэрээр цуцалсан нь үндэслэлгүй.

Тодруулбал хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь тухай этгээдийн хүсэл зоригоос хамаарахгүйгээр бий болдог хууль зүйн факт бөгөөд ийм шалтгаантай тохиолдолд хугацаа тасалдах учир нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу гаргасан хүсэлтийг төрийн захиргааны байгууллага болох тус газрын Кадастрын хэлтэс нь нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, цуцлагдсан шийдвэр гаргасныг үл харгалзан Захиргааны ерөнхий хуулийн хугацаа тасалдах зохицуулалтыг баримтлан манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзаж байгаа түүний үйлдэл нь хууль бус байна.

А ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын ажилд зориулж их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь үргүй зардал болохоор эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа ба цаашид үйл ажиллагааг өргөтгөхөөр зорилт тавин ажиллаж байсан нь боломжгүй болж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжоор хязгаарлагдаж буй тул Ашигт малтмалын хайгуулын 12*******Х тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаартай шийдвэрийн А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “Говь-Алтай аймаг Алтай сумын нутаг С*******ийн хяр нэртэй талбайд 586,08 га талбайд ашигт малтмалын хайгуулын 12*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг АМГТХЭГ-ын КБТ-ийн дарга /хуучин нэрээр/-ын 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2138 дугаар шийдвэрээр “А” ХХК-д олгосон байна. “А” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34 дүгээр 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу “А” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байна. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 12*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/8281 тоот албан бичгээр хүргүүлсэн. Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ КХ-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийн 12*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. Тус компанийн захирал Ц.М*******нь 2015 оны 08 дугаар сараас эхлэн 2017 оны 09 дүгээр сар хүртэл удаан хугацаагаар үргэлжилсэн байдлаар ICU эмнэлэгт элэгний хатуурал /элэгний цирроз/, хэвлийн хөндийн усталт зэрэг оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан, ажил хөдөлмөр эрхлэхэд эрүүл мэндийн хувьд боломжгүй байсан тул тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлж чадаагүй” гэж нэхэмжлэлдээ дурджээ. Хэдийгээр тус компанийн захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэдий ч тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөд компанийн ямар ч ажилтан албан хаагч төлөх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл “А” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадаагүй байна. Ашигт малтмалын газрын КХ-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийн 12*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь тус шүүхэд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаартай шийдвэрийн А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд “А” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилиийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэж үзэж, улмаар нэхэмжлэгчийн ХҮ-012******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч “А” ХХК нь нэгд, “...захирал Ц.М*******нь хөдөлмөр эрхлэхэд удаан хугацаагаар эрүүл мэндийн хувьд боломжгүй байсан”; хоёрт, “А ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл  цуцалсан талаарх шийдвэрийг өнөөдрийг хүртэл Ашигт малтмал, газрын тосны газраас хүлээн аваагүй” гэж;

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: “...тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/8281 тоот албан бичгээр хүргүүлсэн, хэдийгээр компанийн захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөд компанийн ямар ч ажилтан албан хаагч төлөх боломжтой байсан” гэж маргажээ.  

Хариуцагчийн 2015 оны 888 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэснийг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байх боловч тус шийдвэр нь хууль бус шийдвэр гэж үзэхээр байна. 

Учир нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нэгд, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж хуульчилсны дагуу мэдэгдэж; 

хоёрт, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан ажиллагааг явуулах боломжийг олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/8281 дугаар албан бичгээр мэдэгдэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК-нд хүргүүлсэн, Монгол шуудан ХК-аас тус компанийн ажилтан О.Одмаад гардуулсан гэх боловч ийм нэртэй хүн тус компанид ажиллаж байгаагүй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. 

Энэ нь хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэлийг “А” ХХК-д мэдэгдээгүй гэх үндэслэл болно. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “мэдэгдэнэ” гэдгийг төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэдэгдлүүдийг хүргүүлж, баталгаажуулаагүй атлаа хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн А ХХК-ийн захирал Ц.М*******өвчтэй байсан болох нь хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн картаар нотлогддог бөгөөд  Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа нь хүндэтгэх үзэх шалтгаан гэж үзэхээр байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийн хэн нэг нь төлбөр төлөх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь хэтэрхий өрөөсгөл юм. А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус компани нь 2 гишүүнтэй, 1-р гарын үсэг гүйцэтгэх захирлын нэрээр гардаг гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй байна. 

Иймд “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад хариуцагч 2015 оны 888 дугаар шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ