Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01097

 

“Х Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02721 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 598 дугаар магадлалтай,

“Х Л” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Ч Т” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 87 743 447 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул автомашины өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ”Ч Т” ХХК нь тус компанитай 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 41000059 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 2011 онд үйлдвэрлэсэн НҮМЕR-В698 маркийн 9965 УНК улсын дугаартай аялалын зориулалт бүхий автомашиныг 48 сарын хугацаатай санхүүгийн түрээсээр авсан бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дууссан. “Ч Т” ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт 1-д заасан санхүүгийн түрээсийн төлбөр төлөх үүргээ 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс хойш гүйцэтгээгүйн улмаас манай компанид 140 623 696 төгрөгийн хохирол учраад байна. 140 623 696 төгрөгийн хохирлоос Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 102/ШШ2015/01549 дугаартай захирамжаар 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл гэрээний дагуу төлөх төлбөрт 52 880 248 төгрөгийг “Ч Т” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр шийдвэрлэсэн боловч хугацаандаа төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. Манай компанийн зүгээс гэрээнд заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч захирал Р.Бадрал нь бидэнтэй огт уулздаггүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудахад ирдэггүйн улмаас үр дүнгүй байна. Нөгөө талаас, хариуцагч нь өнөөдрийг хүртэл түрээсийн зүйл буюу 9965 УНК улсын дугаартай аялалын зориулалт бүхий автомашиныг өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа тул уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлбөрт 87 743 447 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх 2012 оны 08 сард Хасуу цамхаг ХХК-ийн Гүйцэтгэх захирал н.Болд “Ч Т” ХХК-ийн захирал Р.Бадралтай уулзаж манай компани барилгаа дуусгах гэсэн санхүүжилт дутчихлаа, банкнаас зээл авах шаардлагатай байна, та барьцаа хөрөнгө гаргаад өг бусад банкны асуудлыг бид өөрсдөө зохицуулчихна гэж гуйсан байдаг. Хасуу цамхаг ХХК нь тухайн үед хэд хэдэн томоохон төсөл дээр ажиллаж байсан ба Р.Бадралын хувьд зээл аваад буцаагаад төлчих байх гэж найдан өөрийн өмчлөлд байсан цоо шинэ НҮМЕR- В698 маркийн аяллын зориулалт бүхий ачааны автомашиныг барьцаанд тавьж болох юм гэхэд наад хөрөнгө чинь болно бид банкны асуудлаа зохицуулчихна та намайг дуудахаар ирээд гэрээн дээр гарын үсэг зурчих гэсэн байдаг. Улмаар 2012 оны 08 дугаар сарын 06-нд н.Болд дуудаж Хас лизингтэй тохирчихлоо та машинаа “Х Л”ХХК руу шилжүүлчих, шилжүүлсний дараа гэрээгээ байгуулна гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу автомашиныг “Х Л”ХХК руу 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн ба 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулахаар очтол 41000059 дугаартай Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ байгуулж, миний машиныг надад 100 000 000 төгрөгөөр буцааж худалдахаар гэрээ байгуулсан. Тухайн үед Хасуу цамхаг ХХК-г зээлийг асуудалгүй буцаан төлнө гэж найдаж байсан тул гэрээнд гарын үсэг зурсан. Зээл авснаас хойш 1 жил 6 сарын турш Хасуу цамхаг ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлж нийт 61 503 266 төгрөг төлсөн болох нь “Х Л”ХХК-иас гаргаж өгсөн дансны хуулгаас харагддаг. Гэвч эдийн засгийн хямрал, барилгын салбарын уналт зэргээс шалтгаалан Хасуу цамхаг ХХК гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлж чадалгүй, зээлийн тасалдал үүссэн ба зээлээ эргэн төл гэж “Х Л”ХХК-иас залгаж хэлснийг Хасуу цамхаг ХХК-д мэдэгдэхэд за ойлголоо төлнө гэх зэргээр байнга хэлдэг байсан. Хасуу цамхаг ХХК нь гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй 3 сар болсон тул 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж манай компанийг хариуцагчаар татсан бөгөөд Хасуу цамхаг ХХК-д энэ талаар мэдэгдэхэд төлбөрийг бид нар төлнө асуудал байхгүй та өөрийн компанийг төлөөлөх бүрэн эрх олгосон итгэмжлэл манай хуульчид өгчих гэсний дагуу тус компанийн хуульч Б.Баттулга гэх этгээдэд бүрэн эрх олгон итгэмжлэл өгсөн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ч Т” ХХК-ийг төлөөлж Хасуу цамхаг ХХК-ийн хуульч Б.Баттулга оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. “Ч Т” ХХК дээрх асуудалд оролцоогүй бөгөөд төлбөр төлөх, хэзээ төлөх зэрэг асуудлыг Хасуу цамхаг ХХК шийдвэрлэж эвлэрсэн. Зохигчдын хооронд 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч буюу “Х Л”ХХК нь 2011 онд үйлдвэрлэгдсэн НҮМЕR-В698 маркийн аяллын зориулалт бүхий автомашиныг 48 сарын хугацаатай түрээсэлсэн гэх боловч бодит байдал дээр уг автомашин нь хариуцагчийн өмчлөлийн автомашин байсан бөгөөд дээр дурдсанчлан Хасуу цамхаг ХХК-д зээл авч өгөхөөр нэрийг нь шилжүүлж гэрээ байгуулсан. Бидний хувьд хэдийгээр зээлийг авч өөрсдөө ашиглаагүй боловч өөрсдийн өмчлөлийн автомашинаа алдахгүйн тулд тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр шийдвэрлэж автомашинаар аяллын үйл ажиллагаа зохион байгуулахаар болж зөвшөөрөл авахаар хөөцөлдөж үзэхэд “Х Л”ХХК нь тус 9965 УНК улсын дугаартай автомашиныг Баян-Өлгий аймгийн харьяалалтай иргэнд шилжүүлэн өгсөн талаар мэдсэн. Манай компани нь өндөр зэрэглэлийн жуулчин авч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн үйлчилгээ үзүүлж буй автомашин нь манай компанийн эсхүл банкны нэр дээр байгаагаас бусад тохиолдолд зам шалгалтад орвол тэнцэхгүй, аяллыг зогсоох, цаашилбал автомашиныг хураах зэрэг арга хэмжээ авагдах тул бизнесийн нэр хүндээ бодолцон үзэж үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн. Тус автомашиныг огт ашиглаагүй хадгалагдаж байгаа бөгөөд ”Х Л”ХХК-иас ашиглах боломжийг нь хаасан ба нэхэмжлэлд дурдсанаар манай компанийг тухайн машиныг өнөөдрийг хүртэл ашиглаж ашиг олж байгаа мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм. Мөн тухайн гэрээ байгуулах үед Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан 100 000 000 төгрөгийг бүхэлд нь олгоогүй бөгөөд зээлийн гэрээний шимтгэлд 1 000 000төгрөг, автомашины даатгал хийлгүүлэхдээ манай харилцдаг компани хэмээн зах зээлийн үнээс 2 дахин илүү үнэтэй даатгалын компани санал болгон гэрээний 6.3-т заасны дагуу жил бүр авах ёстой даатгалын нөхөн төлбөрийг нэг дор буюу 4 жилийн даатгалын төлбөрт 4 410 000 төгрөг суутган бидэнд 94 590 000 төгрөг бодитоор өгсөн. Нэхэмжлэгч 100 000 000 төгрөгөөс тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч “Х Л”ХХК болон хариуцагч “Ч Т” ХХК нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 41000059 дугаартай Бараа худалдах, Худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээг байгуулах болсон үндсэн нөхцөл нь Хасуу цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Болд гэгч этгээд “Ч Т” ХХК-ийн захирал Р.Бадралтай ирж уулзан зээл авах хүсэлтэй байгаа, барьцаа хөрөнгө гаргаад өгөөч гэж гуйсан талаар хариу тайлбартаа дурдсан билээ. Хариуцагч “Ч Т” ХХК болон “Х Л”ХХК-ийн гэрээ байгуулах хүсэл зориг нь зээлийн гэрээ байгуулах байсан боловч ”Х Л”ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй учир өөрсдийн компанийн үйл ажиллагаанд чиглэлд тааруулан Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулсан байдаг. Гэвч дээрх гэрээ бодит байдал дээр санхүүгийн түрээсийн гэрээ биш зээлийн гэрээ болох нь гэрээний 1.1, 3.1 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтаас харагддаг. Иргэний хууль, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай Монгол Улсын хуульд зааснаар Санхүүгийн түрээсийн гэрээ нь түрээслэгчийн хүсэлт, захиалгын дагуу эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч тодорхой хугацааны турш түрээсийн төлбөр авч, өмчлөх эрхийг шилжүүлэх буюу шилжүүлэхгүй байхаар тохиролцож байгуулсан гэрээг ойлгодог. Харин манай тохиолдолд түрээслэгч “Ч Т” ХХК-ийн өмчлөлийн зүйлийг худалдан авч байна гэсэн нэрийдлээр 100 000 000 төгрөг зээлж, гэрээний 3.1, 3.2-т зааснаар 48 сарын хугацаанд сар бүр үндсэн төлбөрөөс тодорхой төгрөг, 2 хувийн хүү, авахаар тохиролцож хийсэн зээлийн гэрээ байдаг. Талуудын байгуулсан Бараа худалдах, Худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ гэх санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хууль зөрчсөн... хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д хамаарч байна. Талуудын байгуулсан Бараа худалдах, Худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасны дагуу талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. “Х Л”ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаас харвал зээл авснаас хойш 2014 оны 03 дугаар сарын 03-ныг хүртэл нийт 61 503 266 төгрөгийг хариуцагч төлсөн. Мөн зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээний дагуу 52 880 248 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн ба төлсөн нийт дүн нь хариуцагчийн хүчин төгөлдөр бус байх хэлцлээр хүлээн авсан 100 000 000 төгрөгөөс илүү гарсан байна. Иймд 9965 УНК улсын дугаартай НҮМЕR-В698 маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч ”Х Л”ХХК-иас хариуцагч “Ч Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ-ний зохицуулалтаас харвал талуудын хооронд худалдах, худалдан авах болон санхүүгийн түрээсийн гэсэн хоёр тусдаа харилцаа үүссэн болохыг тодорхойлж болно. Худалдах худалдан авах харилцаа нь хэрэгт авагдсан 9965 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөх эрх нь 2012 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид шилжсэн тэмдэглэлээр нотлогдох бөгөөд энэ нь түрээсийн зүйлийн бэлтгэн нийлүүлэгч буюу гуравдагч этгээд нь хариуцагч өөрөө байсан болох нь тогтоогдоно. Нөгөө талаас Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээ нь Санхүүгийн түрээсийн гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан учраас Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ-г талууд байгуулсан. Харин Санхүүгийн түрээсийн гэрээ буюу санхүүгийн түрээсийн харилцаа үүссэний тухайд талууд гэрээгээр санхүүгийн түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн зүйлийн өмчлөх эрх шилжихээр гэрээгээр тохирсон.Талуудын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн талаар маргаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн болох нь уг хүчин төгөлдөр захирамжаар тогтоогдож байгаа нь сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэл нь үндэслэлгүй, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02721 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар “Ч Т” ХХК /РД:5308364/-иас 87 569 275 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х Л”ХХК /РД:5138833/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 174 172 төгрөгийг, автомашины өмчлөх эрхийг хариуцагч “Ч Т” ХХК-д шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч Т” ХХК-иас 595 796 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Л”ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 598 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02721 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ч Т” ХХК-иас 81 616 486 төгрөгийг гаргуулан “Х Л”ХХК-д олгож, үлдэх 6 126 961 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Hymer-В698 маркийн, 99-65 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Ч Т” ХХК-д буцаан шилжүүлэхийг “Х Л”ХХК-д даалгасугай. гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...хариуцагч “Ч Т” ХХК-иас 595 796 төгрөгийг гаргуулан гэснийг 566 032,43 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 595 797 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн хяналтын гомдолдоо: Магадлалын холбогдох хэсгийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал, талуудын хооронд байгуулсан гэрээ, гэрээ байгуулах хүсэл зоригийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэсэн боловч гэрээний үр дагаврыг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй магадлал болсон байна. Монгол Улсын Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1-т “Санхүүгийн түрээс”-г тодорхойлж өгсөн бөгөөд тухайн зүйл зааснаар “Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг” ойлгохоор заасан бөгөөд уг зохицуулалтын дагуу ““Х Л”” ХХК нь маргаан бүхий УНК 9965 улсын дугаартай НҮМЕР-698 маркийн аяллын машиныг бусад этгээдээс худалдан авч ““Ч Т”” ХХК-д түрээслүүлэх буюу ашиглуулсан тохиолдлыг ойлгохоор байна. Харин манай тохиолдолд ““Х Л”” ХХК нь ““Ч Т”” ХХК-д зээл олгож, барьцаанд нь УНК 9965 улсын дугаартай НҮМЕР-698 маркийн аяллын машиныг авсан болох нь талуудын байгуулсан гэрээнээс тодорхой харагдах бөгөөд маргаан бүхий “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ” нь Монгол Улсын иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1,3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл"-д хамаарах юм. Давж заалдах шатны шүүхээс тухайн нөхцөл байдлыг зөв тодорхойлж дүгнэсэн бөгөөд магадлалын хянавал хэсэгт “Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч нь бусдад зээл олж өгөхийн тулд уг гэрээг байгуулсан гэх ба нэхэмжлэгч нь түүнд 100 000 000 төгрөгийг зээл хэлбэрээр өгсөн нь хэргийн 17 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж дүгнэв’’, “Талуудын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан нь хэргийн 12, 17 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон ба энэ хэлцлийг санхүүгийн түрээсийн гэрээгээр халхавчилж хийсэн байх тул уг хэлцэл нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарна гэж үзэх үндэслэлтэй", гэж талуудын хооронд байгуулагдсан “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн боловч тухайн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг тооцохдоо хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Монгол Улсын иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд тухайн халхавчлагдаж байгаа хэлцэл нь хэлцэл хүчин төгөлдөр байх бүх нөхцөл өгөгдсөн тохиолдолд /хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан тохиолдол/ хүчин төгөлдөр байж болохоор зохицуулж өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ"-нь халхавч хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ бөгөөд зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага байхгүй, зээлийг олгосноор буцаан төлөх үүрэг хүлээдэг гэрээ байдаг билээ. Гэвч зээлийн гэрээний дагуу хүү тогтоосон тохиолдолд зээлийн гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага тавигдсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан “Бараа худалдах, худалдан авах болон буцаан түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ”-ний халхавч хэлцэл болох 100 000 000 төгрөг зээлж буй зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр боловч уг гэрээний дагуу хүү төлөхийг шаардах эрхгүй юм. Хариуцагчийн хувьд зээлийн гэрээний эргэн төлөлтөд 61 503 266 төгрөг төлж, эвлэрлийн гэрээний дагуу 52 880 249 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснөөр гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох 100 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэг дуусгавар болж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь өөр ямар нэг төлбөр төлөх үүрэг хүлээхгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх “Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүлээн авсан 100 000 000 төгрөгийн хүүнд /48 сар/ 96 000 000 төлөх үүрэгтэй ба гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих төлбөр нь 196 000 000 төгрөг байна.” гэж бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүрэг хүлээлгэж байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.3-д заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэлээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Л”ХХК нь хариуцагч “Ч Т” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 87 743 447 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, автомашины өмчлөх эрхийг  шилжүүлэх сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. “Х Л”ХХК-ийн нэхэмжилсэн 87 743 447 төгрөгийн шаардлагад түрээсийн төлбөр 58 379 517 төгрөг, алданги 29 363 941 төгрөг багтсан болохыг шүүх хуралдаан дээр тодруулсан байна.

“Х Л”ХХК болон “Ч Т” ХХКомпанийн хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний дагуу “Х Л”ХХК нь Hymer-B698 маркийн, аялалын зориулалттай автобусыг, 48 сарын хугацаагаар түрээслүүлэхээр шилжүүлэх, “Ч Т” ХХК нь гэрээний зүйлийн даатгалын төлбөрийг төлөх, 48 сарын турш, сар бүр түрээсийн төлбөр, хүүд нийт 3 300 000 төгрөгийг төлөхөөр хавсралтад зааж, хэлцлийг бичгээр байгуулжээ.

“Х Л”ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээ байгуулахаас өмнө “Ч Т” ХХКомпаниас аялалын зориулалттай уг автобусыг 100 000 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөлдөө бүртгүүлсэн байх ба автобусыг санхүүгийн түрээсийн гэрээгээр тус компанид шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч “Х Л”ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бол хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах зорилгогүйгээр, Хасуу цамхаг ХХКомпани зээл авахын тулд гэрээг дүр үзүүлэн хийсэн, би өөрийнхөө өмчлөлийн зүйлийг худалдаад түрээслэх шаардлага байхгүй,  түрээсийн төлбөрийг Хасуу цамхаг ХХК төлж байсан, нийт 61 503 266 төгрөгийг төлсөн байна, шүүхийн шийдвэрээр 52 880 248 төгрөгийг төлөхөөр болсноос үзэхэд гэрээний дагуу авсан мөнгийг буцааж төлсөн гэж мэтгэлцэж, гэрээ хүчин төгөлдөр бус тул автобусны өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. 

Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг. Уг гэрээний гол шинж нь түрээслэгч талд хэрэгцээтэй байгаа эд хөрөнгийг олж түрээслүүлэх, түрээслэгч ашигласны төлөө төлбөр төлөх харилцаа байдаг байна. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөртөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй гэж заажээ. Хэрэв түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ бусдад түрээслүүлж байгаа бол энэ нь санхүүгийн түрээсийн гэрээ бус Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ юм. “Х Л”ХХК нь “Ч Т” ХХКомпанитай худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, аялалын зориулалттай автобусыг 100 000 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхээ бүртгүүлсэн байх ба уг автобусыг түрээслүүлэхээр  “Ч Т” ХХКомпанитай санхүүгийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.2, 313 дугаар зүйлийн 313.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3-т заасан санхүүгийн түрээсийн гэрээг байгуулах хүсэл зориг, гэрээнд тавигдах шаардлагын талаар хуулийн зохицуулалтын дагуу үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг хийж, сөрөг нэхэмжлэлийг хангасан боловч  хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас гэрээний талууд өгсөн, авснаа харилцан буцаах үр дагаврыг шийдвэрлэхдээ зохигч талуудын хооронд бодитой байгуулагдсан зээлийн гэрээний харилцааг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгсөн нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан байх тул буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Харин зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг үндэслэл муутай тогтоосныг зөвтгөх боломжтой байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангана.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 100 000 000 төгрөгийн зээлийг авч, буцааж 153 899 608 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс 61 503 266 төгрөгийг төлсөн, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/01549 тоот шүүгчийн захирамжаар 52 880 248 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталсан, эдгээр төлөлтийг хасч тооцвол хариуцагч нь 39 516 093 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэрээний хугацаагаар хүүг гаргуулахаар тооцсон тул алдангийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв. Давж заалдах шатны шүүх гэрээнд заасан алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй талаарх дүгнэлтийг магадлалд тодорхой тусгажээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 598 дугаар магадлалын 1 дэх заалтад “...81 616 486 ...гэснийг 39 516 093...” гэж, “...566 032,43” гэснийг “...355 530” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 566 033 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА