Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 66

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч М.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э д холбогдох, эрүүгийн 2015001050046 дугаартай, 163/2020/0062/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскавотарын оперотор мэргэжилтэй, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт М.Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э  нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ...т гэртээ Г.Э тай хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э ийн өгсөн: Өмнө мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015001050046 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ...ийн нутагт буюу М.Э ийн гэрт Г.Э  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд  М.Э ийг хэл амаар доромжлох, гэрт шүлсээ хаях, хийж байгаа хоол руу нь нулимах зэрэг зохисгүй байдал гаргасны улмаас хоорондоо маргаж М.Э  нь хоолны халбагаар Г.Э ын нүүр лүү цохиж, зүүн хацарт зүсэгдсэн шарх, доод уруулд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэрэг учралын газарт үзлэг хийж, “30 см-ийн хэмжээтэй, хар өнгийн бариултай, хоолны төмөр халбагыг” эд мөрийн баримтаар хураан авсан болон түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-3-8 тал/, хохирогч Г.Э ын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орой 19 цагийн үед Булган аймгийн ...т байрлах Т гийн гэрт орсон чинь Т  архи уучихсан согтуу байж байсан. Тэгээд Т  надруу дайраад хонины дунд чөмөгний ясаар миний баруун мөрний хэсэгт 2 удаа цохиод намайг газар унагаагаад миний дээр гарч суугаад намайг ална гэж хэлээд миний зүүн талын уруул, завжны хэсэгт хутгаар зүсэж 10 гаран см урттай зүссэн. Тэгээд би эмнэлэг дээр очиж оёдол тавиулахад 6 оёдол тавьсан. ...Эрүүл мэндийн хохирлоо нэхэмжилнэ гэх /хх-19 тал/, ...Би харахдаа хутгаар зүссэн гэж харсан. Хар иштэй юм байсан. Тухайн үед үйл явдал хурдан болоод өнгөрсөн болохоор хутга байсан уу, хоолны халбага байсан уу сайн харагдаагүй. ...Манай ээж О ийн ХААН банкны данс руу нь 150000 төгрөг шилжүүлсэн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-21 тал/, гэрч М.К ын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед Булган аймгийн ...нд байрлах Т гийн гэрт Т тэй байж байтал гаднаас Э  архи уучихсан согтуу орж ирээд Т гийн хийж байсан хоол руу шүлсээ хаяад Т г “адууны аажгай” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь Т  эргэж хараад хоол хутгаж байсан халбагаар Э ын уруул орчим нэг удаа цохиход цус гарсан. Би алчуур авч тухайн газар нь дараад байж байтал Шар гэх залуу орж ирснээ “би харьлаа” гэж хэлээд гараад явсан. Удалгүй Э ын ээж нөхөртэйгөө хамт ирээд Э ыг аваад явсан. Э  нь нилээн согтуу биеэ авч явах чадваргүй, Т  бас нилээн уусан, согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/, шүүгдэгч М.Э ийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 25- ны өдөр найз Г.Э  манайд согтуу орж ирээд намайг “адууны аажгай, адууны үтрээ” гэж хэл амаар доромжлоод гэрт шүлсээ хаяад хоол хийж байхад миний хийж байсан тогоотой хоол руу нулимсан. Тэгэхээр нь “манай гэрээс гарчих” гэхэд үгэнд орохгүй, явахгүй дахин дахин намайг хэл амаар доромжлоод байхаар нь эргэж хараад хоолны халбагаар Г.Э ыг нэг удаа цохисон. ...Г.Э т учирсан гэмтлийг би учруулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” гэх мэдүүлэг/хх-49-50 тал/, магадлуулагч Г.Э ын биед зүүн хацарт зүсэгдсэн шарх, доод уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрхи зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй, доод уруулд няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэх бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт /хх-31-32 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч М.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Э  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4/13 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Э ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Э ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Хохирогч Г.Э  эрүүл мэндийн хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн, шүүгдэгч М.Э  нь хохиролд 150000 төгрөгийг хохирогч Г.Э ын ээж О.О ийн ХААН банкны ************** дугаарын дансанд шилжүүлснээр /хх10-11 тал/ хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Шүүгдэгч М.Э ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Г.Э ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Э ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Э  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 34-44 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э  нь ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ...т оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ шүүх хуралдаанаар тогтоодсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, 30 см урттай, хоолны халбагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт М.Э ийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч М.Э ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт шүүгдэгч М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, 30 см урттай, хоолны халбагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД