Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 71

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Т.Б*******, түүний өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй   явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Х******* цувдаг овогт Т*******ын Б*******д холбогдох эрүүгийн  дугаартай, 178/2019/0077/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04  сарын 14-ний  өдөр  хүлээн  авч  2020 оны 04 сарын 20-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                   Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Т.Б******* нь  2020 оны 03 сарын 03-ны өдөр  Ховд аймгийн Ж*******  сумын М******* багийн нутаг дэвсгэрт байрлах  72 айлын орон сууцны тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү Б.*******ын толгойн хэсэгт модон сандлаар, нүүрэн хэсэгт гараараа цохиж иргэн Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч  өгсөн...2020 оны 03 саын 03-ны өдрийн 17  цагийн үед намайг гэртээ байж байтал аав Т.Б******* гаднаас эрүүл орж ирээд миний хүү манайд ахынхан чинь ирнэ гэнээ. “Чи цай  чана”  гэхээр нь би цай чанаад байж байтал ах, эхнэр хүүхдийн хамт ирцгээсэн. Би цай хийж өгчихөөд хүмүүстэй байж байтал ээж над руу залгаад хүмүүс ирсэн эсэхийг асуугаад удалгүй манай дүү Б.гийн хамт гэртээ ирсэн. Ээжийг гэрт орж ирэхэд аав гэнэт согтсон юм шиг ааш гаргаж эхэлсэн. Гэрт ирсэн хүмүүс 18 цаг өнгөрч байхад явцгаасан. Хүмүүсийг гарсны дараа аав үлдэгдэл банш идэж байгаад болиод дүү бид 2-ыг банш ид гэхээр нь бид 2 идээд дуусангуут аав “би хоол идмээр байна хоол хий” гэхэд ээж “би хоол хийгээдэхье.  Чи наанаа хэвтэж бай” гэхэд аав би өөрөө хоол хийнэ гээд дүүг дагуулаад гал тогооны өрөөрүү орсон. Будаа агшаах гэж байгаад шалан дээр тос асгачихсан. Ээж “чамайг унтаж бай гэхэд чи наанаа тос асгачихлаа ш дээ” гэхэд манай дүү тэр тосыг нь арччихсан чинь аав тос асгасан газар руу заагаад энд хаана тос байна гээд байсан. Ингээд аав том өрөөндөө ороод хэвтэж байхаар нь би араас нь ороход манай дүү Б. руу “хэн намайг алж шоронд орох юм” гэсэн утгатай зүйл ярихаар нь би дүүдээ “агаан дүү хэрэггүй наадхаа хаячих” гэсэн чинь аав “чиний цурс шээс чинь намайг тоохгүй, надтай юм ярихгүй байна”  гээд ээжтэй хэрэлдээд байсан. Би дүүгээ дагуулаад гал тогооны өрөөнд байж байтал аав гэнэт “зайл муу янхан минь”  гээд ээжийг цохих сонсогдоод ээж “ёо ёо чи тэгвэл намайг цохиод алаач” гэхээр нь би том өрөөнд яваад очтол ээжийн хамар хавдчихсан байсан. Аав ээжийг “зайл” гэхэд ээж “чи дандаа намайг зайл гэж хөөдөг.Өмнө нь бас өөр байрнаас хөөж явуулаа биз дээ”  гэхэд нь өөдөөс нь харж зогсож байгаад өвдөглөчихсөн чинь аавын төмсөгөнд хүрчихсэн. Аав уурлаад “би гарч  архидлаа” гээд 2 шил архи халаасандаа хийгээд гутлаа өмсч байх үед ээж надаас нэг зүйл асуусан. Би одоо юу гэж асуусныг нь санахгүй байна. Би тийм гээд хэлчихсэн чинь “чи яасан овоо шургадаг цурс шээс вэ? чамайг алнаа гээд гал тогооны өрөөрүү хутга авна”  гээд  орох гэхэд нь ээж, дүү 2 татаад оруулаагүй. Тэгэнгүүт аав ээжийн толгой руу 3 удаа гараараа цохисон . Би ээжийг өмөөрөөд аавыг заамдаад автал аав миний нүүр рүү гараараа 7-8 удаа цохиод дараа нь өөрийн сууж байсан модон сандлаар  толгой руу 3 удаа цохиод тэр сандлаараа ээжийн толгой руу 2 удаа цохихоор нь би ээжийн толгойг элгэндээ наагаад байж байтал аав дахиад нөгөө сандлаараа миний толгой руу цохиход нь би манараад доошоо суугаад эргээд харахад гаднаас манай найз О., нар орж ирж салгасан. Манай найзуудыг орж ирсэний дараа ч аав намайг зодох гээд дайраад байсан.Энэ хооронд ээж цагдаа дуудсан. Аав манай найз нарыг түлхчихээд гадагшаа гараад зугтсан. 2019 онд сарыг сайн санахгүй байна. Ээжийг зодож хэл амаар доромжлоод байхаар нь би өмөөрөхөд аав миний нуруу руу шилтэй архиар 2 удаа цохисон. Тухайн үед миний баруун дал хэсэг өвчин орсон байсан. 2019 оны 3, 4 сарын үед согтуу ээж рүү дайраад байхаар нь би бас өмөөрөөд үг хэлтэл энэ ээжийн чинь буруу биз дээ гэхэд нь  “би ямагт ээжийнхээ талд орноо” гээд хэлэхэд намайг газар хэвтэж  байхад миний нүүр рүү 1 удаа дэвсэж,  пивор сандлаар нурууруу 2 удаа цохисон. Аав сардаа 4-5 удаа архи ууна. Уух тоолондоо ээжийг элдвээр хэл амаар доромжилно. Ингэхдээ хэлэхэд ч ичмээр муухай үгээр дайрч доромжилдог. Зөвхөн ээжийг ч биш дүү бид 2-ыг шээс энэ тэр гэж байнга хэл амаар дайрч доромжилдог. 2017 оны 07 сард наадмаар манайх Их монгол байрны тоотод амьдардаг байхад аав ээж дүү бид 3-ыг гэрээсээ хөөгөөд бид 3 голын ард майхан бариад сар гаруй хугацаанд амьдарч байсан. Аавтай хамт амьдрахад маш хэцүү. Миний толгой, ар дагз хэсэгт хагарч 3 оёдол тавиулсан. Баруун нүд хөхөрч  хавдсан. Баруун дал хэсэгт хавдсан, хөндүүр ихтэй байна. Намайг ухаан орсоноос хойш ээжийг байнга хэл амаар доромжилж зоддог.  Энэ хүнийг би дахиж хармааргүй байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг / хэргийн 08-09 дүгээр хуудас/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  Н.О*******ийн  гэрчээр өгсөн...Би Т.Б******* гэдэг хүнтэй хамт амьдраад 18 жил болж байна. Энэ хугацаанд хүү, охин 2-той болсон. Т.Б******* хамт амьдарснаас хойш жилийн дараанаас байнга бусадтай хардах, ах дүү нараа өмөөрөх зэрэг шалтгаанаар зодож эхэлсэн. 20 онд Солонгос яваад 2006 онд буцаж ирэхдээ ааш зан нь өөрчлөгдсөн бүр догшин авиртай болсон. 2006 онд өөрийнхөө хөөргийг алга болгочихоод чамаас боллоо гэж намайг хэвтэрт ортол зодож байсан. Тухайн үед намайг зодчихоод гэрт цоожлоод гараад явчихдаг. Хадам ээж хоол, цай оруулж өгчихөөд буцаагаад хаалга цоожилчихдог байсан. Би тэр үед 2 хоног хэвтэрт байж байгаад боссон. Үүнээс хойш бүр нэг хэвтэрт ортол зодож байгаагүй ч ялихгүй зүйлээс шалтаглаад зодож, нүд, гар, хөл хөхрүүлэх зэргээр зоддог байсан. 2010 билүү 2011 онд надад машин авч өгсөнгүй гэж зодоод 2 талын ах дүү нарыг дуудаад  тухайн үед салах гээд шүүхэд өргөдөл өгсөн боловч Т.Б******* дахин ингэхгүй гээд уучлалт гуйгаад мөн шүүхээс нөхөр чинь салахгүй гээд байхад хүүхдүүдээ бод гээд сарын дараа эргээд нийлсэн. 2017 оны наадмаар Баян-Өлгийгөөс миний ачаа ирэхээр нь би Т.Б*******ыг хамт очиж бараа зөөе гэхэд явахгүй гээд байхаар  нь  охиноо дагуулж гараад ганцаараа бараагаа  авч байсан. Охин наадмын талбай гаръя гэхээр нь нөхөрт хэлэхэд өмсөх хувцас байхгүй гээд гараагүй. Би охинтойгоо, ах, дүү нартайгаа наадмын талбай гарчихаад орой шоунд орчихоод гэртээ ирэхэд Т.Б******* надад хоол авч ирсэнгүй, хоол хийж өгсөнгүй гээд мөн манай ах дүү нар манайд ирнэ  гэдгийг хэлэхэд гэртээ оруулахгүй гэж хэрүүл хийгээд гарч архи авч ирээд ууна гээд хийж өгсөн хоолыг цацаж, охинтой минь хамт зайл гээд гэрээс хөөж гаргасан. Тэгээд хүргэн ахындаа 2 хүүхдээ дагуулаад 3 хоног амьдраад айлд удаан байж чадалгүй хүү, охин 2-оо дагуулаад Улаанбаатарт очиж 14 хоноод буцаж ирсэн. Ингээд гэртээ очиж чадалгүй 2 хүүхдээ дагуулаад Зэрэгт очиж 3 хоноод буцаж аймагт ирээд голын ард ахынхаа  гэрийн хажууд майхан барьж, тэндээ 2 хүүхэдтэйгээ 14 хоносон. Энэ хугацаанд Т.Б*******аас айгаад гэртээ очиж чадаагүй. Ингээд 72 айлын орон сууцанд би өөрөө байр аваад 2 хүүхэдтэйгээ амьдарч байхад Т.Б******* 2 хүүхдээ бодож сайхан амьдаръя гээд гуйгаад ирсэн. Бид 3-ыг гэрээс хөөгдсөний дараа Их Монголын байранд элдэв хүмүүс цуглуулж архиддаг эмэгтэйчүүд цуглуулдаг байсан. 2018 оноос хойш нэг эмэгтэй утасдаад Т.Б*******аас хүүхэдтэй болсон уулзмаар байна гээд шөнө орой утасддаг байсан. 

2020 оны 03 дугаар сарын 03-ны орой Т.Б******* хөдөөнөөс дүү нар золгох гээд ирчихлээ гээд дуудахаар нь би гэртээ ирсэн. Намайг орж ирэхэд Т.Б******* согтуу байсан. Гэрт ирсэн хүмүүс 18 цаг өнгөрч байхад явцгаасан. Хүмүүсийг гарсны дараа Т.Б******* үлдэгдэл банш идэж байгаад болиод би хоол идмээр байна, хоол хий” гэхэд би хоол хийгээдхэе чи наана хэвтэж бай” гэтэл Т.Б******* “би өөрөө хоол хийнэ” гээд гал тогооны өрөө рүү орсон. Будаа агшаах гэж байгаад шалан дээр тос асгачихсан. Тэгэхэд нь би “чамайг унтаж бай гэхэд чи наанаа тос асгачихпаа ш дээ” гэхэд би тос асгаагүй гээд байсан. Ингээд охиныг аавыгаа дагуулаад том өрөөнд оруулаад хэвтүүлчих гэсэн. Т.Б******* охинд ямар нэгэн зүйл хэлээд охин сонсохгүй байхад нь хүү Б.******* дүүгээ өмөөрөөд “агаан дүү хэрэггүй наадахаа хаячих” гэсэн чинь Т.Б******* хүүг “чиний цурс шээс чинь намайг тоохгүй, надтай юм ярихгүй байна” гээд надтай хэрэлдээд байсан. Б.******* дүүгээ дагуулаад гал тогооны өрөөнд байж байтал Т.Б******* гэнэт намайг “зайл муу янхан минь” гээд миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиход 2 хүүхэд ирээд үүдэн дээр хараад зогсоод байхаар нь 2 хүүхдээ цаашаа байж бай гээд өрөөнд оруулаагүй. Гэтэл Т.Б******* дүү нарынхаа авч ирж өгсөн архийг гарч ууна гээд халаасандаа 2 шил архи хийхээр нь би “чи унтаад амарчихаач” гээд түүнийг ор руу түлхээд өвдгөөрөө төмсгөнд нь санаандгүй цохичихсон. Гэтэл Т.Б******* “чи намайг төмсөгддөг хэн бэ” гээд шууд миний хамар руу гараараа 1 удаа цохиход хүү, охин 2 хүрч ирээд хүү Б.******* “ээжээ та яагаад дандаа ингэж зодуулдаг” юм бэ гэсэн. Тэгэхээр нь би Т.Б*******ыг “за тэгвэл гараад архиа уу” гэхэд тэр “чи надаас сал” гэхээр нь би чи өөрөө өргөдлөө өг, байраа аваад сал гэсэн. Гэтэл Т.Б******* тэр байрыг авахгүй гэхэд манай хүү Б.******* “ээжээ наадах чинь байр авахгүй гэдэг нь худлаа ш дээ нөгөө хачин хачин хүүхнүүдээ цуглуулах гээд байр авна ш дээ” гэхэд Б******* “цурс шээсийг ална” гээд гал тогооны өрөөнөөс хутга авна гээд зүтгэхээр нь охин бид 2 хориглож зогсоосон. Т.Б******* намайг түлхчихээд том өрөө гүйгээд хүү Б.*******ыг бариад авахаар нь би салгах гээд очиход Т.Б******* модон сандал аваад хүүгийн толгой руу 3 удаа миний толгой руу 2 удаа цохисон. Би Т.Б*******ыг дийлэхгүй нь гэдгээ мэдээд охин руугаа гараад хүн дуудаадах гээд орилоход охин гүйж гараад гаднаас манай хүүгийн 2 найзыг дагуулж орж ирсэн. Би цагдаа дуудахад Т.Б******* манай хүүгийн найз нарыг түлхчихээд гадагшаа гараад зугтсан.  Өмнө 2019 онд сарыг сайн санахгүй байна, намайг зодож хэл амаар доромжлоход Б.******* өмөөрөөд “ааваа та тийм их мундаг юм бол 3-ын эсрэг ганцаараа үзчих гэж хэлэхэд нь хүүгийн нуруу руу шилтэй архиар 2 удаа цохисон. Мөн 2019 оны 3 билүү 4 сарын үед мөн над руу Т.Б******* согтуу дайраад байхаар нь мөн Б.******* өмөөрөөд би үргэлж ээжийнхээ талд орноо гэж хэлэхэд нь хүүгийн нүүр рүү 1 удаа дэвсэж, пивор сандлаар нуруу руу нь 2 удаа цохиж байсан. 2020.03.03-нд Т.Б******* Б.*******ын толгой руу модон сандлаар 4-5 удаа цохиж, нүүр рүү нь гараа атгаж байгаад нилээд хэдэн удаа цохисон үүний улмаас Б.*******ын толгой хагарч, 3 оёдол тавиулж, баруун нүд хөхөрч хавдсан, баруун дал хэсэгт хавдсан, хөндүүр ихтэй байна. Т.Б******* намайг болон хүүхдээ зодохоос гадна хүүхдүүдийн хажууд надтай бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Манай хүү Б.*******ын утсанд өөрийхөө фэйсбүүк хаягийг нээж орхичихоод эр хүний бэлэг эрхтний зургийг аваад өөр эмэгтэй рүү явуулсан байсан. Үүнийг нь хүү надад үзүүлж байсан. Мөн дандаа жаахан охидуудтай чат бичсэн байдаг. Мөн намайг  бараг эр хүн болгонтой хардаж хүүхдүүдийн хажууд  элдвээр хэлж доромжилдог. Энэ мэтээр Т.Б*******  хүүхдийн хүмүүжилд  сөргөөр нөлөөлөх маш олон муу үг үйлдэл гаргадаг. Намайг болон миний хүүг зодсонд гомдолтой байна. Үр хүүхдээ өнчрүүлэхгүй гээд энэ хүнээс салж чадалгүй олон жил тэссэн. Одоо үр хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг хохироох юм байна. Энэ асуудлыг цагдаагаар шийдүүлэхээс гадна гэр бүлээ цуцлуулна...”гэх мэдүүлэг / хэргийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй О.ын гэрчээр өгсөн...2020 оны 03 дугаар сарын 03-ны орой цагийг сайн санахгүй байна, би найз Б.******* руу залгаад гарах уу гэхэд ******* “ гарнаа манай байрны гадаа хүрээд ир” гэхээр нь Б.Энхтүвшин, гэдэг 2 найзынхаа хамт тэдний байрны орц руу ороод 2 давхарт явж байтал Б.*******ын гэр дотор юм пижигнэж дуугараад хүмүүс орилж хашгираад байсан. Тэгснээ Б.*******ын дүү охин гүйж гарч ирээд “аав ээжийг зодоод байна, ороод ирээч” гээд уйлаад хэлсэн. Тухайн үедээ бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гуталгүй, оймстой байсан.  Ингээд гэрт нь Б.Энхтүвшин бид 2-ыг ороход Б.*******, ээжтэйгээ хоёулаа газар дээр хэвтчихсэн, Б.Өсөхөө ээжийгээ хамгаалсан байдалтай гараараа тэврээд биеэрээ хаасан байдалтай байсан. Аав нь харин гартаа улбар шар өнгийн модон сандал барьчихсан тэр 2 руу далайгаад байж байсан. Би оронгуутаа сандалнаас нь бариад Т.Б******* ахыг гараараа түлхээд холдуулахад тэр “одоо байж бай, эвээр ярья” гээд куртикны халаасандаа хийсэн байсан 2 шил архиа гаргаад коридорт байсан угаалгын машин дээр тавиад нэг хайрцаг тамхи авч халааслаад Энхтүвшин бид 2 руу хандаж “ах нь  гарчихаад ирье” гэхэд нь бид 2 Б******* ахын 2 гарнаас бариад хориглоод байж байтал Б.******* “гаргаад явуулчих” гэсэн. Харин Оюунаа эгч “битгий явуул” гэж байсан. Б.******* явуулчих гэсэн болохоор бид 2 Т.Б******* ахыг гаргасан. Тухайн үед Б.*******ын баруун нүд хавдаж, толгойны ар дагз нь хагарч цус гарсан, өмсч байсан бор ноосон цамцны ар тал, гар нь нил цус болчихсон байсан. Би Б.*******тай 2015 оноос хойш найзалж байна. Б.*******ын аав нь нилээн уудаг харагддаг. 2020 он гарснаас хойш Б.******* аавтайгаа бараг харьцахгүй, юм ярьдаггүй болчихсон байсан. Аав намайг “чи миний хүүхэд биш” гэж хэлдэг гэж надад хэлж байсан. Хуучин Б.*******ынх Их монголын байранд байж байгаад тэндээсээ нүүчихсэн юм нүүсэн шалтгаан нь аав, ээж 2 нь мөн л хэрэлдээд салах гээд нүүсэн гэж ярьдаг. Би он, сарыг нь сайн хэлж мэдэхгүй байна.  Б.******* гэрт нэг удаа  “аав согтуу ирээд ээжийг байнга хэл амаар доромжлоод, зодох юм намайг ээжийгээ өмөөрсөн чинь зодлоо” гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Б.Энхтүвшингийн гэрчээр өгсөн...2020 оны 03 дугаар сарын 03-ны орой цагийг сайн санахгүй байна, О., бид нар Б.*******ын байранд амьдардаг ийн найз охиныг гэрт нь хүргэж өгөхөөр 72 айлын орон сууц руу явцгаасан. Амин-эрдэний найз охиных Б.*******ынхтай нэг орцонд байдаг юм. Ингээд орц руу нь ороод явж байтал Б.*******ын гэрээс түүний дүү охин бүтэн нэрийг нь мэдэхгүй байна сандарчихсан, уйлчихсан гарч ирээд “аав ээжийг зодоод байна" гэхээр нь О. бид 2 гэрт нь яваад ортол Б.******* коридорт ээжийнхээ дээрээс дараад хамгаалсан байдалтай хагас суугаа байдалтай байсан. Харин түүний аав Т.Б******* нь шар өнгийн модон сандал барьчихсан тэр 2-ыг цохичихоод дахиад цохих гээд далайж байсан. Бид 2 Б******* ахыг түлхэж салгасан. Тэгэхэд Т.Б******* ах “чи найзуудтайгаа польдож үздэг гэлүү” гээд Б.******* руу дайраад байсан. *******ын ээж цагдаа дуудсан гэтэл аав нь гарч явах гээд байсан, О. бид 2 гаргахгүй гээд түүний гарнаас нь бариад байж байтал Б.******* явуулчих гээд байхаар нь тавиад явуулсан. Тухайн үед Б.*******ын толгойны дагз хэсэгт хагараад цус гарч байсан баруун нүд нь хавдаад улайчихсан байсан, харин түүний ээж зүүн гарын хуруу өвдөөд байна гэж байсан. Би Б.*******тай найзлаад 2 жил болж байна. түүний аав, ээжийн талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/ хх-ийн 15-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн...2019 оны 03 сарын 09-ний өдрийн 240 дугаартай...Н.О*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. Н.О*******ийн биед баруун нүдний дотор ухархай хэсгээр цус хуралт толгойн зүүн чамархай хэсгийн  хуйхан доорх зөөлөн эдийн няцрал зүүн гарын 3 дугаар хурууны 2 дугаар үений хэсгийн зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.  Н.О*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.О*******ийн биед учирсан гэмтлүүд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн  зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт/ хэргийн 17 дугаар  хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 сарын 09-ний өдрийн 241 дугаартай...Б.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед дагзны хуйх хэсэгт шарх, баруун нүдний  дээд, доод хэсэгт цус хуралт, баруун мөрний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Б.*******ын биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.О*******ийн биед учирсан гэмтлүүд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 17 дугаар  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад төрсөн дүү нөхрийн хамт манайд цагаан сарын золголт хийхээр ирж  байна гэж над руу залгасан. Би эхнэр рүүгээ залгаад тэр 2-ыг ирж байгааг хэлэхэд эхнэр “чи өөрөө банш, цайг нь хийж өгөөд гаргачих, ирдэггүй юм ирж байгаа биш би зах дээр байна” гээд өөдөөс уурласан. Би гэртээ яваад ортол дүү нь  нөхөртэйгээ  ирчихсэн байсан. Удалгүй гаднаас эхнэр, охин 2 орж ирсэн. Би дүү нар  нь ирсэн гээд 50  орчим граммын хундагаар 4-5 удаа архи уусан. Дүү нар   удалгүй явцгаасан. Би хоол  хийнэ гээд будаа агшаах гэж байгаад тосыг нь ихдүүлчихсэн чинь эхнэр “чи согтуу  толгой чадахгүй байж холдооч” гээд түлхсэн. Тэгэхээр нь би архиа уулаа гэхэд хүү Б.******* “та 2 дандаа архи ууж байх юм” гээд уурласан. Би гэрт ууж болдоггүй  юм бол гараад уучихья гээд 2 шил архи халаасандаа хийгээд гарах гээд үүдэн дээр зогсч байтал манай хүү “түлхүүрээ өгчихөөд эргэж ирэлгүй тэр чигтээ зайлаарай  гэсэн. Би тэгэхээр нь “чи гаргасан шээс байж эцгээ хөөдөг хэн юм бэ” гээд би  2 шил  архиа гаргаад охиндоо өгөхөд манай хүү миний өөдөөс “яадаг юм бэ” гээд цамцнаас заамдаад дайрахаар нь би зүүн гараараа баруун талын нүд рүү нь 2 удаа цохисон. Тэгээд гаднаас 2 банди ороод ирэхээр нь коридорт байсан модон сандал аваад Б.*******ын толгойн ар хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд гэрээсээ гараад явсан. Араас эхнэр бариад аваарай гэж байсан.Гарны гэмтлийг  хүү бид 2 зодооныг салгах гэж байхад учирсан байх. Хүүг сандлаар цохиж байхад учирсан байж  магадгүй. Бид эвлэрсэн дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг.

   Аюулгүйн зэргийн үнэлгээ тогтоосон байдал...Гэр бүлийн тухай хууль, бусад хуулийн талаар тайлбарлан өгөх, нийгмийн ажилтан болон хамтарсан багт мэдэгдэх, мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзуулан зөвлөгөө өгүүлэх...эрсдлийн түвшин дунд зэрэг...гэх  баримт / хэргийн 45-52 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан... Модон материалаар хийсэн шар өнгийн сандлыг хураан авав...гэх тэмдэглэл / хх-ийн 56-рт/

Эд зүйлд үзлэг хийсэн...Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын хууль ёсны төлөөлөгч Н.О*******ээс гарган өгсөн сандал мэт зүйл нь 21.5 см урттай, 4 м өргөнтэй 24 ширхэг модыг давхарлаж хадсан 21х21.5 см бүхий тавцантай, шар өнгийн  будгаар будсан, модон материалаар хийгдсэн 2.9 кг жинтэй сандал мэт зүйл байв ...гэх тэмдэглэл/ хх-ийн 57-рт/

Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын эмчилгээнд зарцуулсан зардлын тооцоо нийт 268000 төгрөг  / хэргийн 60 дугаар хуудас/...гэх баримт  зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

 Шүүгдэгч Т.Б******* нь эхнэр , хүү охины хамт амьдардаг бөгөөд  2020 оны 03 сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Ховд аймгийн Ж*******  сумын М******* багийн нутаг дэвсгэрт байрлах  72 айлын орон сууцны тоотод байх өөрийн гэртээ  өөрийн төрсөн хүү Б.*******ын толгойн хэсэгт модон сандлаар, нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б*******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж,хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Хохирогч Б.******* нь  шүүгдэгч Т.Б*******ын  гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу  хүүхэд нь мөн болох нь гэрч Н.О*******ийн ...  Т.Б*******тай гэр бүл болоод 18 жил болж байна. Хүү Б.*******ыг 2003 оны 06 сарын 12- ны өдөр төрүүлсэн,,, гэх мэдүүлэг,  дугаарын регистртэй, Б*******ын *******ын төрсний гэрчилгээний хуулбар,  дугаарын регистртэй,  Х*******цувдаг овогт Т*******ын Б*******,   дугаарын регистртэй, овогт Нийн О******* нарын  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар  тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.Б******* нь  хүү Б.*******ыг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэлд байлгасан нь  насанд хүрээгүй хохирогч Б.*******ын ... 2019 онд шилтэй архиар цохиж, ээжийгээ өмөөрлөө гэж газар хэвтүүлж байгаад дэвсэж байсан... гэх мэдүүлэг, гэрч Н.О*******ийн ... 2019 онд хүү Б.*******ыг  шилтэй архиар цохиж байсан, мөн нэг намайг өмөөрлөө гэж газар унагаж байгаад дэвсэж  цохиж байсан... гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “ дунд ”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна гэх дүгнэлтээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.Б******* нь эхнэр Н.О******* болон хүү Б.******* нартай  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж,  эхнэр Н.О*******ийн хамар луу гараараа цохиж байгааг болиулах гэсэн хүү Б.*******ын толгойн хэсэгт модон сандалаар гурван удаа цохиж, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж,  эрүүл мэндэд нь хохирол учирна  мэдсээр байж түүнийг  хүсч үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...дагзны хуйх хэсэгт шарх, баруун нүдний  дээд, доод хэсэгт цус хуралт, баруун мөрний хэсгийн  зөөлөн эдийн няцрал...гэх хөнгөн гэмтлийг санаатай учруулсан.

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ...гэж заасан ба ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн  гарчгийн. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн “ хохирол” гэсний дараа  “ санаатай “ гэж нэмэлт оруулсан ба энэхүү хууль  нь 2020 оны 02 сарын 23- ны өдрөөс  хүчин төгөлдөр болсон тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан, тухайн хууль хүчин төгөлдөр болсон  цаг хугацаанд буюу 2020 оны 03 сарын 03-ны өдөр  шүүгдэгч Т.Б******* нь   дээрхи гэмт хэргийг үйлдсэн  нь тогтоогдож байгаа болно.

Иймд шүүгдэгч Т.Б*******ыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн хүү Б.*******ыг  зодож, эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан...гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс  шүүгдэгч Т.Б*******ыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Өсвөр насны хохирогч Б.*******  нь  мөрдөн байцаалтад...Б.******* нь ямар нэгэн гомдол санал байхгүй шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа...хэргийн 70 дугаар  хуудаст гаргасан хүсэлтдээ дурдсан байх ба шүүгдэгч Т.Б******* нь... Миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн хохиролгүй, цаашид гарах хор уршгийг ухамсарлан ойлгож байгаа  талаараа дурдсан байх тул хохиролгүй гэж үзнэ.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х******* цувдаг овогт Т*******ын Б******* нь ял шийтгүүлж байгаагүй нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 30 дугаар хуудсанд байгаа баримтаар тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Улсын яллагчийн дүгнэлт, тайлбартаа:  Шүүгдэгч Т.Б******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  заасан,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Т.Б*******ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750000 төгрөгийн торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст  даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй 268000 төгрөгийг төлсөн, битүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах саналтай гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт,тайлбартаа:  Шүүгдэгч Т.Б******* нь  2020 оны 03 сарын 03-ны өдөр  Ховд аймгийн Ж*******  сумын М******* багийн нутаг дэвсгэрт байрлах  72 айлын орон сууцны тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү Б.*******ын толгойн хэсэгт модон сандлаар, нүүрэн хэсэгт гараараа цохиж  түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа ба анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн  тул улсын яллагчийн санал болгосон 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750000 төгрөгөөр торгох саналыг 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж өгнө үү гэв.  

 Шүүхээс шүүгдэгч Т.Б*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар, дүгнэлт зэргийг харгалзан   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар шүүгдэгч Т.Б*******ыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний, долоон зуун  тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б*******д  оногдуулсан 750000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож,  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүээгүй бол  шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав.  

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн    шар өнгийн модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст  даалгаж, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х******* цувдаг овогт Т*******ын Б*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х******* цувдаг овогт Т*******ын Б*******ыг  долоон  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х******* цувдаг овогт Т*******ын Б*******д оногдуулсан долоон зуун тавин мянган төгрөгний торгох ялыг 6 /зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан   шар өнгийн модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст  даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.*******т төлөх 268000 төгрөг төлөгдсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг  тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Б*******д тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Тэгшжаргалд  оногдуулсан 750000 төгрөгний  торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

 

6. Шүүгдэгч  Т.Б*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.ЦЭЦЭГМАА