Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 72

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч П.Т*******, хохирогч Ц.О*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2036000440049  дугаартай, 178/2020/0078/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр  сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч П.Т******* нь 2019 оны 08 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн 02 дугаар гудамжны 07 тоотод  оршин суух Ц.О*******ийн гэрт эхнэр С.тэйгээ маргалдаж байгаад  Ц.О*******ийн өмчлөлийн 42 инчийн “HAIER” маркын зурагт руу гар утас шидэж хагалж,  хохирогчид 750000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Эд зүйлд үзлэг хийсэн... хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт байх ба зурагтны ******* доод булан хагарч цуурсан, зурагтны ар хэсгийг харахад “HAIER” гэсэн бичиглэл бүхий мэдээлэл хэсэг байв. Уг зурагтыг тогонд залгаж асааж үзэхэд дэлгэцэнд гэрэл асаж нээгдэх ба дэлгэцний 40 орчим хувь нь хар, бусад хэсэг нь зураас татаж дүрс гарахгүй байв. Тухайн эд зүйлийг Ц.О******* хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл, гэрэл  зураг / хэргийн 13-14 дүгээр хуудас/

Хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн...”HAIER” маркын  42 инчийн зурагт – 750000 төгрөг...гэх дүгэнлт/ хэргийн 16 дугаар хуудас/

Мөрлөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өгсөн...2019 оны 08 сарын 11-ний  орой жижүүртэй хоноод гэртээ ирэхэд С. болон түүний нөхөр П.Т******* нь маргалдаж байгаад П.Т******* манай зурагт руу гар утас шидээд  зурагт хагарчихсан байсан. С. нь манай нөхөр П.Т******* хагалсан гэсэн. П.Т******* руу ярихад төлж өгнө гэсэн  боловч өнөөдрийг хүртэл төлж өгөөгүй байна. Манайх зурагтаа 2018 оны 06 дугаар сард 900000 төгрөгөөр худалдаж авч  байсан. Миний хохирлыг төлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ийн өгсөн...2019 оны 08 сарын 11-ний өдөр өөрийн хамаатан Ц.О*******ийн гэрт түр байсан. Намайг эмнэлэг яваад ирэхэд нөхөр П.Т******* нь архи уусан байсан. Нөхрийгөө “хадлангийн цаг боллоо ******* сум руу яв” гээд яриад байж байтал чамд хамаагүй гэж хэлээд маргалдаж байгаад цэнэглэсэн байсан гар утас аваад   шидээд зурагтны ******* доод өнцөг хагалчихсан. Манай хүргэн дүү байсан.  Дуу нь згээр сонсогдож байсан ч дүрс нь гарахгүй байсан...гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн...Манай эхнэр эмнэлэгт хэвтсэн байсан. Хөдөөнөөс хамаатны ах П.Т*******, эхнэр С. нар нь ирсэн байсан. С., П.Т******* нар нь хоорондоо гэр бүлийн маргаанаас болж маргалдаж байгаад П.Т******* нь С.ийн гар утсыг аваад шидсэн. Утас нь зурагт оноод эвдчихсэн. Удалгүй П.Т******* гэрээс гараад явсан. Би түүнийг ******* сум явах машинд  хүргэж өгсөн. Зурагтны дэлгэц хагарч шатсан. Урд өдөр намайг очиход зүгээр асаж , дуу дүрс нь гарч байсан. Ц.О******* ажил руугаа явсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 20 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Т*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...2019 оны 08 сарын 11-ний өдөр Ц.О*******ийн гэрт эхнэр С.Атанцэцэгтэй уулзахаар очсон. Тэгтэл С. уурлаад хэл амаар доромжлоод  байсан. Би гар утас аваад шидтэл санаандгүй зурагт оночихсон. Тэгээд би Ц.О*******т зурагтыг чинь төлж өгнө гэдгээ хэлсэн. Тухайн үед манай эхнэр С., хамаатан Б. нар байсан. Хохирлыг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Ямаагаа самнаж байгаад төлнө. Прокурорын санал болгосон 750000 төгрөгний торгуулыг төлнө. Гэм буруугаа ойлгож байна...гэх мэдүүлэг зэрэг болно.     

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч П.Т******* нь 2019 оны 08 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн 02 дугаар гуламжны 07 тоотод оршин суух Ц.О*******ийн гэрт эхнэр С.тэйгээ маргалдаж байгаад цэнэглэж байсан гар утсыг шидэж хохирогч Ц.О*******ийн “HAIER” маркын 42 инчийн 750000 төгрөгний үнэ бүхий зурагтыг хагалсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Т******* нь хохирогч Ц.О*******ийн 750000 төгрөгний үнэ бүхий зурагтыг гар утас шидэж, хагалж, гэмтээсэн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч маргахгүй байна.

Шүүгдэгч П.Т******* нь хохирогчийн 750000 төгрөгний үнэ бүхий зурагтыг гэмтээсэн нь  эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул  хохирогчид 750000 төгрөгний хохирол учруулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т...бага хэмжээний хохирол “... гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ гэж хуульчилсан ба  шүүгдэгч П.Т******* нь хохирогчид 750000 төгрөгний хохирол учруулсан байх тул  түүнийг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Т*******ын гар  утас шидэж хохирогчийн 750000 төгрөгний зурагтыг хагалж  гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч П.Т*******ын  гар утас шидэж хохирогчийн 750000 төгрөгний зурагтыг гэмтээсэн  үйлдэл нь...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч П.Т*******ыг...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ц.О*******ийн  хохирлоо  төлүүлнэ гэх мэдүүлэг, шинжээчийн  42 инчийн зурагтыг 750000 төгрөгөөр үнэлсэн  дүгнэлт зэргийг үндэслэн  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Т*******аас 750000 төгрөг  гаргуулан хохирогч Ц.О*******т олгов.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.Т******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 71-р /  тогтоогдож байна

Шүүгдэгч П.Т*******д  эрүүгийн  хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч П.Т*******ыг  бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч П.Т*******ыг долоон зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид  учирсан 750000 төгрөгний хохирлыг төлүүлэх, шүүгдэгчийн  өмчлөлийн хар халзан зүсмийн 11 настай, эм үхрийг  битүүмжилсэн прокурорын  2020 оны 003 дугаар сарын 05- ны өдрийн 5/26 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээх... гэх дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө  өмгөөлж хэлсэн дүгнэлт тайлбартаа: Бусдын  зурагтыг хагалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролыг 2020 оны 05 дугаар сард төлнө. Торгууль төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч П.Т******* нь анх  удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар  долоон зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний   долоон зуун тавин  мянган  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч  П.Т*******д   тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч П.Т******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Т*******аас 750000 төгрөг  гаргуулан хохирогч Ц.О*******т олгохоор  шийдвэрлэсэн мөн торгох ял оногдуулсан тул түүний  өмчлөлийн хар халзан зүсмийн 11 настай, эм үхрийг  битүүмжилсэн прокурорын  2020 оны 03 дугаар сарын 05- ны өдрийн 5/26 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн Т*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн Т*******ыг  долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  долоон зуун тавин   мянган    төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Т*******д  оногдуулсан  750000 төгрөгний  торгох ялыг  06 / зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хяхан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Т*******аас 750000 төгрөг  гаргуулан хохирогч Ц.О*******т олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч П.Т*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Т*******д  оногдуулсан 750000 төгрөгний  торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7. Шүүгдэгч П.Т*******ын   өмчлөлийн хар халзан зүсмийн 11 настай, эм үхрийг  битүүмжилсэн прокурорын  2020 оны 03 дугаар сарын 05 - ны өдрийн 5/26 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч П.Т*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form