| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0766/Э |
| Дугаар | 779 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 779
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02588 0923 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц........, Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “.....” ХХК-д хамгаалалтын албаны жолооч ажилтай, ам бүл нэг, Баянгол дүүргийн ..... хороо, ..... хороолол, .....тоотод оршин суудаг, ......... регистрийн дугаартай, урьд:
- Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолтоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 0..... сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .....хороо, Хангайн .....тоотод иргэн З.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хүрзээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ц........ нь 2019 оны 0..... сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .....хороо, Хангайн .....тоотод З.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой руу нь хүрзээр цохиж, түүний бие махбодод “...баруун дээд зовхинд шарх бүхий...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Э ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч З.Э ын шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны ..... сарын 25-ны өдөр манай найз Б ын төрсөн өдөр болсон намайг урьсан болохоор би очсон. Очоод хоол цай идэж уугаад байж байтал гаднаас А , Э хоёр хамт орж ирсэн. Тэгээд бид хэд хамт архи уугаад тэндээ бүгд унтсан. Маргааш өглөө нь намайг сэрэхэд тэнд байсан хүмүүс мод тарих гээд хөдөө явсан байсан. Тухайн гэрт А Э бид 3 үлдсэн. Бид гурав дэлгүүрээс архи пиво аваад сууж байтал А босож ирээд намайг хоол ид гэсэн. Тухайн үед А гийн хүзүү нь өвчин орчихсон байна бариад өг гэхээр би А гийн хүзүүг гараа хэд атгасан. Тэр үед намайг А тай хардсан байх гэж би бодож байна. Э ыг уурлаад байхаар нь Э т хандаж чи одоо болиоч ээ миний найзыг хайрлана гэж авч суучхаад дарамталлаа гээд маргалдсан. Тэгээд би архи уугаад согтоод уначихсан байсан. Сэрээд хартал миний толгойноос цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч З.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А , Э бид гурав архи, пиво хувааж уугаад би нэлээн согтоод сууж байхад Э найз А руугаа агсамнаад хэрүүл хийгээд байсан. Би тасраад унтаад өгсөн. Би түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ...Би сэрэхэд миний өмсөж явсан хувцас, хунар нэлэнхийдээ цус болсон баруун хөмсөгний арьс нь язарсан баруун нүд хавдсан байсан. А , С 2 надад хэлэхдээ Э чамайг хүрзээр цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас),
4. Гэрч Г.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би орой гэртээ 18 цагийн үед ирэхэд Э манай гэрт ганцаараа хөнжил толгой дээгүүрээ нөмрөөд унтаж байсан. ...би Э ахын хөнжлийг сөхөөд үзэхэд баруун хөмсөг нь язарсан, хувцас, ор хөнжлийн даавуу зэрэг нь цус болсон байсан... Удаагүй манай нөхөр ирээд Э ыг гэмтлийн эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас),
5. Гэрч Г.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э , Э хоёр хэрэлдээд сууж байхаар нь Э ыг унтаж амар, Э ыг гэр лүүгээ яв, харь гэж хэлээд түлхэж гэрээс гаргаад хашааны хаалга түгжсэн. ...Э хугархай хүрз гартаа бариад машин тойрч гүйгээд хашааны хаалгаар гүйж гэрт ороод Э ыг хэвтэж байхад нь толгой руу нь нэг удаа цохисон. Би Э ыг хүн алчихлаа гэж хэлээд гартаа барьсан хүрзний ишээр мөр лүү нь цохиход Э гэрээс гараад гүйсэн. ...Э ын баруун хөмсөгний доод талаас цус гарсан байдалтай босоод орон дээр сууж байхад нь С бид 2 цусыг нь тогтоож, боолт хийж өгөхөд унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6022 дугаартай “...З.Э ын баруун дээд зовхинд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн .....хуудас);
7. Шүүгдэгч Б.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 38 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 40 дүгээр хуудас), “.....” ХХК-ийн тодорхойлолт (хх-ийн 39 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 37 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 46 дугаар хуудас),
8. Шүүгдэгч Б.Э ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би миний араас шидсэн хүрзийг барьж хашаа руу ороод Б ын гэрт ороход Э орон дээр хэвтэж байхаар нь толгойн баруун хэсэгт нь нэг удаа цохиод гараад явсан. Би тухайн үед Э миний араас хүрз идсэн гэж буруу ойлгосон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч З.Э ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч З.Э ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч З.Э д мөрдөн байцаалтын шатанд нэг сая төгрөг хүлээн авсан бөгөөд дахин таван зуун мянган төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Э ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогчийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд тусгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.Э өөрийгөө өмгөөлж: “...Хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ц........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хохирогч З.Э нь өөрт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч З.Э д нэг сая төгрөг нөхөн төлсөн бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА