| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0767/Э |
| Дугаар | 780 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 780
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Гансүлд, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02399 0919 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар 01-ний өдөр авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б...., Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... хороо, Алтан овоо ...... тоотод түр оршин суудаг, ............... регистрийн дугаартай, урьд:
- Төв аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112, 239 дүгээр зүйлийн 112.2, 239.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...... хороо, Алтан овоо ......тоот хашаанд "заамдаж бариад тавихгүй байсан шалтгаанаар иргэн Г.Ж ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б.... нь 2019 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ...... хороо, Алтан овоо ......тоот хашаанд Г.Ж ыг "заамдаж бариад явуулахгүй байна” гэсэн шалтгаанаар нүүр лүү нь гараараа цохиж, түүний бие махбодод “...нэгдүгээр шүдний булгаралт, буйланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд цус хуралт...” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Д ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Г.Ж ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийн хамт унтах гээд байж байтал хашааны банз дуугараад байхаар нь би гэрээс ганцаараа гарч гэрээ тойроод хартал манай хашаанд байрлах байшингийн урд хаалганы дэргэд согтуу залуу ганцаараа зогсож байсан. Тэгээд би “...чи юун хүн бэ, яагаад наанаа зогсож байгаа юм, цагдаа дуудлаа шүү...” гээд хэлтэл тэр залуу “...би энэ айлыг таньдаг юм, чи битгий далдганаад бай...” гэж хэлээд явах гэхээр нь би зуурч аваад хашааны эзний хаалгыг цохиод “...энэ хүн танайхыг таньдаг гээд байна, таних юм уу...” гэж байтал нөгөө залуу шууд үгийн зөрүүгүй өөдөөс гараа атгаж байгаад миний аманд цохиод авсан. Миний амнаас цус гарах үед үүдэн дээд 1 шүд хөдөлчихсөн, доод уруулын дотор тал язарсан. Үүдэн дээд нэг шүд хөдлөөд байхаар нь авхуулсан. Шүдээ хийлгэж авбал өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас);
3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 5368 дугаартай “...Г.Ж ын биед 1-р шүдний булгаралт, буйланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 19 дүгээр хуудас);
4. Шүүгдэгч Б.Д ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 31, 38 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 40 дүгээр хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 50-62 дугаар хуудас),
5. Шүүгдэгч Б.Д ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө СХД-ийн ...... хороо Алтан овооны ......тоотод амьдардаг Л гэх эмэгтэйтэй уулзах гээд хашааг нь дараад ортол тэр хашаанд шинээр буусан айлын залуу сүүлд нэрийг мэдсэн Ж намайг барьж аваад “...юун хулгайч вэ...” гээд надаас зуураад авахаар нь “...би хулгайч биш ээ, хүнтэй уулзах гээд орж ирсэн юм...” гэж хэлтэл заамдаж аваад тавихгүй байхаар нь гараараа нэг удаа амруу нь түлхэж унагаачхаад би гэртээ ороод унтаж байтал цагдаа нар ирээд намайг саатуулахад авч ирсэн боловч даралт ихтэй гээд саатуулаагүй намайг явуулсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг би Ж ын ам руу нэг удаа гараараа түлхэж байхдаа учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Ж оос уучлалт гуйж, бид хоорондоо эвлэрсэн эмчилгээнд 300,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Ж ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Ж ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Д ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Ж нь мөрдөн байцаалтын явцад нийт 300,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хохирлоо бүрэн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Д ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.Д өөрийгөө өмгөөлж: “...Хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА