Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 73

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У т холбогдох 163/2020/0070/Э индекстэй, 1915005690039 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн “Б” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан, ам бүл 5, Б овгийн Б.У.

            Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.У  нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймга Булган аймгийн чиглэлд **-** УБЗ улсын дугаартай сааран өнгийн Hyundai Accent маркийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож яваад Булган аймгийн Орхон сумын нутагт байрлах Оросын булаг гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7.а заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч явсан Ц.У  нь гавал тархи болон цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915005690039 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ц.У ын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед Улаанбаатар хотод байдаг охин С өөрийн дугаараасаа миний утасны дугаар луу залгахаар нь утсаа автал манай охин ах У  Булган Эрдэнэтийн замд осолд ороод нас барсан гэнэ шарил нь Булган аймгийн моорогт байгаа гэнэ гэж хэлсэн..., миний дүүд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй тээврийн хэрэгсэл угаасаа барьж чаддаггүй, барьж ч үзээгүй...гэх мэдүүлэг /ххийн 30 дугаар хуудас/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...миний бие 2019 оны ээлжийн амралт дуусч ажилд орохоор Орхон аймгаас Булган аймгийн Орхон сум руу тээврийн хэрэгсэлтэй явж байх үед өдрийн 14 цаг 40 минутын орчимд “Оросын булаг”-ийн орчимд хот хоорондын зам дээр замын хойд талдаа шороон дээр саарал өнгийн аксент маркийн суудлын автомашин тэнхлэг нь дээшээ харсан байдалтай байж байсан. Ингээд дэргэд нь явж очоод зам дээрээс хартал дээрх автомашины дугуй нь эргэж байхаар нь осол гараад удаагүй юм байна гэж үзээд цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор тээврийн хэрэгслээс бууж очтол тээврийн хэрэгсэл дотор жолооны хүрдний арын суудал дээр эрэгтэй хүн ухаангүй, тээврийн хэрэгслийн урд талын копуд хэсгиин доод талд хүний гар цухуйж байсан. Ингээд жолоочийн суудал дээр сууж явсан жолоочийн биеийн байдлыг асуугаад цонхыг нь салгаж аваад дээрх жолоочийг тээврийн хэрэгслээс гаргаад, Булган аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн офицер дэслэгч Б д дээрх дуудлагын талаар өөрийн утаснаас мэдээлэл өгсөн. Харин тээврийн хэрэгсэл доор дарагдсан хүний гарын бугуй хэсгийн гол судсыг дарж үзэхэд цохилохгүй, дуудаж асуухад өөдөөс ямар нэгэн хариу үйлдэл байхгүй хөдөлгөөнгүй байсан. Иймд Орхон аймгийн Эрүүл мэндийн төвийн жижүүрийн утсанд мэдээлэл мөн өгсөн. Ингээд тухайн хэргийн газарт “Оросын булаг” гэх газрын ойролцоо байнгын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байсан тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Б  удалгүй над дээр ирсэн. Намайг очиход ямар нэгэн хамгаалалтын бүсийг тухайн жолооч зүүгээгүй явсан... намайг зам тээврийн осолд очихоос өмнө ямар нэгэн тээврийн хэрэгсэл зөрөөгүй, харин тэр тээврийн хэрэгсэл нь намайг Булган чиглэл рүү явж байхад нэлээн урд талд их хурдтай машинуудыг гүйцэж түрүүлээд Оросын булаг гэх нэртэй газрын хошуу тойрох шиг болсон. Би араас нь яваад Оросын булаг гэх газрын хошууг тойртол тэр машин замын хажуу руу орчихсон дээшээ харсан байдалтай дугуй нь эргэлдэж байсан. Намайг очиход тэр хүн нилээн согтуу машинаас нь гаргасан чинь хөл дээрээ тогтож чадахгүй машин дотроо дарагдсан хүнийг дуудаад гараад ир ахаа машин дотроо унтаж байгаа гэх мэт зүйл яриад байсан. Өөр зүйл яриагүй аваар болсон гэдгээ ч ойлгохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-37 дугаар хуудас/,

Яллагдагч Б.У  мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  би ажилдаа гарах гээд ажил дээрээ явж очтол урд өмнө ээлжийн амралтаа авчихсан байсан харуул ажилдаа орчихсон харуулд гарч байсан учир би тэр өдрөө харуулд гараагүй. Тэгээд би харих гэтэл манай ажилтай ойрхон өөр хамгаалалтын албанд ажилдаг таньдаг ах У  намайг чи машинтайгаа ява юмуу хоёулаа Шандад нэг ойлд очоод нэг хүн эргэчихээд тэгээд цааш Булган аймаг орж эгчийндээ очоод ирье гэж гуйхаар нь би зөвшөөрөөд бид хоёр Шанд руу явсан замдаа хүнсний дэлгүүрээс тамхи 0.5 л нэрийг нь сайн мэдэхгүй архи У  ах авсан тэгээд Шандад байдаг айлд нь очоод дэлгүүрээс авсан архи тамхиа өгөөд тэнд нэг шил архиа хувааж ууж дуусгаад тэр айлаас гараад явж байтал У  ах замын хажууд байсан дэлгүүрийг хараад энд зогс гэсэн тэгээд би зогссон чинь У  ах дэлгүүр орчихоод гараад ирье гэж хэлээд дэлгүүр лүү ороод удалгүй 0.5 л ерөөл нэртэй архи аваад гарч ирээд намайг төвөөс нилээн гараад замын хажууд зосчих гэсэн тэгээд бид хоёр Булган явдаг зүг рүү явж байгаад замын хажуу руу зогсоод У  ахын авсан архийг У  ах бид хоёр ууж дуусгаад хөдлөхдөө У  ахыг та суудлынхаа бүсийг зүүчих гэсэн чинь ах нь зүүхгүй гэсэн тэгээд би хамгаалах бүсээ зүүсэн тэгээд бид хоёр явж байгаад Орхон сумын нутаг дэвсгэр Оросын булаг гэх нэртэй газар явж байтал цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл нь цагаан зураас давчихсан явж байхаар би тээврийн хэрэгслийнхээ хүрдийг баруун тийш дарчихсан чинь машин замын баруун тал руу шидэгдсэн би тэгээд ухаан алдсан юу болсоныг сайн мэдэхгүй байна. Тэгээд Орхон аймгийн эмнэлэгт сэргэж ухаан орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 165 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн У  гэж хаяглан ирүүлсэн цусанд 5.4% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 89 дугаартай: 1. талийгаач Ц.У ын биед бага тархины 2 тал бөмбөлгийн нэлэнхийд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, гавлын суурь арын хонхор ясны хугарал, баруун бугуй, шилбэ ясны хөндлөн, бага зэрэг ташуу хугарал, өвчүү, зүүн талын 2, 3, 4-р баруун 2,3,4,5,6,7,8,9-р хавирга эгэмний дунд шугамаар 4,5,6,7-р хавирга суганы арын шугамаар хоёрлосон хугарал, эгэм, цээжний урд хэсгийн цус хуралт, баруун чамархай, хацар, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Талийгаачийн биед бага тархины 2 тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, гавлын суурь арын хонхор ясны хугарал, баруун бугуй, шилбэ ясны хөндлөн, бага зэрэг ташуу хугарал, өвчүү, зүүн талын 2,3,4-р баруун 2,3,4,5,6,7,8,9-р хавирга эгэмний дунд шугамаар 4,5,6,7-р хавирга суганы арын шугамаар хоёрлосон хугарал, эгэм, цээжний урд хэсгийн цус хуралт, баруун чамархай, хацар, тохойд зулгаралт гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байна. 4. Талийгаач нь гялтан хальсны үрэвсэл бүхий өвчинтэй байжээ. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. 5. Талийгаач нь гавал тархи болон цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ....гэх дүгнэлт / хх-ийн 5253 дугаар хуудас/,

3. Булган аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчий 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн:  1. жолооч Б овогтой У  нь Цагдаагийн ерөнхий газрын ТРS систем лавлагаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна. 2. Жолооч Б овогтой У  // нь холбогдох ... Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б овогтой У  нь 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын Тээвриин хэрэгслииг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3. зам тээврийн осол гарах болсон шалтгаан: жолооч Б овогтой У  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 165 дугаартай Б.У  гэх цусанд 5.4% спиртийн зүйл илэрсэн байна гэх дүгнэлт / хх-ийн 57 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 9 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 10-11 дүгээр хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 1317 дугаар хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1822 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 98 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 99-110 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 111 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У  нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгаас Булган аймгийн чиглэлд **-** УБЗ улсын дугаартай сааран өнгийн Hyundai Accent маркийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож яваад Булган аймгийн Орхон сумын нутагт байрлах Оросын булаг гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7.а заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч Ц.У  нь гавал тархи болон цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон хэрэг болсон үеийн нөхцөл байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц..У ын мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 89 дугаартай дүгнэлтээр ….талийгаач нь гавал тархи болон цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ....гэх дүгнэлт, Булган аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаарх дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Б.У ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүн нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У  нь гэм хорын хохиролд 11.500.000 төгрөгний хохирол төлсөн ба хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг хангасан, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгтийн 1.3 энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хшртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэж хуулчилсан байх ба шүүгдэгч Б.У  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан байх тул шүүгдэгчид дээрхи хуулийн хөнгөрүүлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хорих ялын хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр 01 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

       Шүүгдэгч Б.У  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.У  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.2 дугаар зүйлийн

1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Б.У ыг авто тээврийн хэрэгслийнжолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахьхэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шүүгдэгч Б.У ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Б.У т оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Б.У ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/  жилийн хугацаагаар хассан ялыг шүүгдэгч хорих ялыг эдлэж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.
  5. Шүүгдэгч Б.У  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.У  ньгомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН