| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0324/Э |
| Дугаар | 833 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 833
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч Ц.Гансүлд, шүүгдэгч Б.Б , Э.Г , тэдний өмгөөлөгч О.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У..... , Б..... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01973 0108 дугаартай хэргийг 2019 оны 0..... 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. У..... , Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай Овоотын ..... гудамжны ..... тоотод оршин суудаг, ..........регистрийн дугаартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Б....., Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....... авто угаалгын газарт машин угаагч ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Хотонт цагаан сүм гудамжны .......... тоотод оршин суудаг, ........... регистрийн дугаартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яллагдагч Э.Г той бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” баарны гадна талд иргэн Д.Т г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож, улмаар биед нь эрүү ясны хоёрлосон далд хугарал, хамар ясны далд хугарал, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, дух, 2 шанаа, зүүн бугалга, нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яллагдагч Б.Б тай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” баарны гадна талд иргэн Д.Т г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож, улмаар биед нь эрүү ясны хоёрлосон далд хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36...... зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1...... зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч У..... , Б..... нар бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” баарны гадна талд хохирогч Д.Т г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодод “...эрүү ясны хоёрлосон далд хугарал, хамар ясны далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, дух, хоёр шанаа, зүүн бугалга, нуруунд зулгаралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч Д.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Г гийн хамт гарч тамхи татаад буцаад орж ирэхэд Д , Н хоёрын ширээн дээр үл таних залуу хамт суугаад юм яриад сууж байсан. Тэр залуугийн хүзүүнээс бариад чи хүний ширээн дээр юу хийж сууж байгаа юм бэ гэхэд миний өмнөөс чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Би хариуд нь гарах уу гээд би түрүүлж гараад миний араас алхаж байхаар нь би коридорт зогсоод эргэж хараад духаараа Б ын нүүр лүү нь ойртоод хоорондоо маргалдаад гадагш гаръя гээд шатаар буугаад, өмсөж явсан хүрмээ тайлж газар шидээд эргэж хараад цохих гэхэд Г ард байсан. Г би байна ш дээ гээд намайг тэврээд авсан. Тэр үед миний араас Б шанаа руу цохиод би хөл алдаад баарны хаалгаар гарч унасан. Тэр үед Б миний араас толгой руу нүдээд өшиглөх үед би хоёр гараараа нүүрээ хамгаалсан. Намайг Б цохихоо болиод холдох үед би дээшээ босох гэхэд миний зүүн эрүү рүү Г гэдэг залуу гараараа атгаж байгаад миний зүүн талын эрүү рүү цохисон. Би тэнцвэр алдах үед Б миний баруун талын эрүү рүү өшиглөсөн. Би тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23, 24-26 дугаар хуудас);
4. Гэрч Д.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй бааранд хүргэн ах Т гийн хамт үйлчлүүлж байсан. Бид хоёр бааранд бүжиглэж байгаад гарч тамхи татаад буцаж бааранд орж ирэхэд бид хоёрын ширээн дээр үл таних 25 орчим насны өндөрдүү залуу сууж байсан. Т тэр залууд хандан наад ширээ чинь хүнтэй гэж хэлэхэд тэр залуу юу гэнэ ээ гээд Т тэр хоёр хоорондоо муудалцаад, духаа нийлүүлээд, хэн нь хэлснийг мэдэхгүй нэг нь гарах уу гэхэд, нөгөө нь гаръя гээд, Т түрүүлээд явахаар нь би араас нь дагаад, нөгөө өндөр залуу миний араас дагаад, шууд баарнаас гарч, баарны үүдэнд очиход Т гадна хүрмээ тайлж газар шидээд, шууд эргэж хараад, гараараа цохих гэхээр нь би боль гээд хориглоход, өндөр залуугийн найз нь бололтой нэг залуу ирээд миний араас түлхээд баарны хаалгаар гарсан. Тэр өндөр залуу Т г цохиод газар унагасан. Тэр залуугийн найз нь намайг түлхээд, би арагшаа ухраад, явж байхдаа би салгаж байгаа хүн байна гэхэд тэр намайг хөөхөө болиод явахаар нь баарны үүдэнд очиход Т ухаан алдсан байдалтай байхаар нь түлхэж босгоод тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас);
5. Гэрч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Найз Н тай хамт ширээн дээр сууж байхад том биетэй биерхүү том залуу ирээд ширээнд суугаад ширээн дээр байсан пивыг авч уухаар нь бид 2 юм ярилгүй босоод бүжиглэх гээд явсан. ...Т ах 2 гараараа толгойгоо бариад суусан байдалтай, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Г , Түмээ ахын хажууд зогсож байсан...” (хх-ийн 31-32 дугаар хуудас);
6. Гэрч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г ын хамт араас нь гарахад баарны үүдний шатны хажууд Б газар унасан нэг залуу нь цээжин дээр нь гараад суусан нөгөө залуу нь бөгсөн бие рүү нь өшиглөж байсан. Би очоод Г гэх залууг цааш нь түлхэхэд, хана налаад зогссон. Би дахин түлхэх гэхэд надаас бултаад би хий түлхсэн. Тэгтэл миний араас түлхээд баарнаас гарсан. Би эргэж Г тай зууралдаад баарны хаалганы араар ороод Г гаас салаад буцаад эргээд харахад баарны хаалганы хажууд нэг залуу хэвтэж байсан. Тэр үед Б хүн зодчихлоо одоо явлаа гээд ганцаараа яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-42 дугаар хуудас),
7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1248 дугаартай “...Д.Т гийн биед эрүү ясны далд хугарал, зовхи болон хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, нэг хавирганы хугарал, хамар ясны хугарал, нэг шүдний сулрал, зовхинд цус хуралт, дух, шанаа, бугалга, нуруунд, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх эрүү ясны хугарал, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зовхи болон хацар шанааны зөөлөн эдийн няцрал, нэг хавирганы хугарал, хамар ясны хугарал, нэг шүдний сулрал, зовхинд цус хуралт, дух, шанаа, бугалга, нуруунд, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй..." гэсэн нэмэлт дүгнэлт (хх-ийн 39-71 дүгээр хуудас);
8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 40 дугаартай “...урьд гаргасан 4884 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, нэмэлтээр гаргасан 1284 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэв. ...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн цээжний Компьютерт Томографын зураг болон 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн цээжний хөндийн зүүн эгц болон ташуу байрлалын рентген зургуудыг давтан уншуулахад зүүн талын 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Эрүү ясны хоёрлосон далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх эрүү ясны хоёрлосон далд хугарал, хамар ясны далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, хоёр шанаа, зүүн бугалга, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой байна. Дээрх эрүү ясны хоёрлосон далд хугарал, хамар ясны далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, хоёр шанаа, зүүн бугалга, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй, нэг шүдний сулрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 75-7..... хуудас);
9. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл(хх-ийн 1..... хуудас);
10. Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 10..... хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 108 дугаар хуудас), шүүгдэгч Э.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 124 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 125 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 12..... хуудас), эд хөрөнгөтэй эсэхийн хураангуй лавлагаа (хх-ийн 129 дүгээр хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 130 дугаар хуудас);
11. Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... нэртэй бааранд найз Н , Г , Ч нарын хамт ороод 4 ширхэг жижиг шилтэй шар айраг, 0.5 литрийн архи уугаад сууж байсан. Тэгэхэд манай ширээний хажуу зэргэлдээ ширээнд үл таних хоёр эмэгтэй сууж байсан бөгөөд нэг эмэгтэй нь уйлаад байгаа харагдсан. Тэгэхээр нь би уг хоёр эмэгтэй дээр очоод ширээн дээр нь гараараа тулаад танилцах санаатай юм яриад байхад хажууд үл таних нэг залуу ирээд миний шилэн хүзүү рүү гараараа цохисон. Би эргэж хараад баарны хөгжмийн чимээнд юм сонсогдохгүй байсан учир би Т г гаръя гээд түрүүлээд алхахад Т миний араас дагаж гарч ирээд би баарны үүдэнд шатан дээр очиж зогсоод эргэж харахад Т миний ард ирсэн байсан. Т г яагаад байна аа гэхэд Т хамт явж байгаа хүмүүс яагаад өдөөд байна гээд шууд өмсөж явсан куртикээ тайлж газар хаясан. Тэгтэл Т шууд миний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохиод би газар унахад Т хамт явсан залуугийнхаа хамтаар миний дээрээс өшиглөөд цохиод байсан. Би тэр үед хоёр гараараа нүүрээ хамгаалаад хэвтэж байхад найз Н ирээд Т гийн найзыг нь татаж надаас холдуулахаар нь би Т гийн нэг хөлийг нь хөлөөрөө ороож хөшиж дээр нь гараад гараа атгаж байгаад 2,3 удаа гараараа шанаа руу нь цохиод толгой руу нь хөлөөрөө 2,3 удаа өшиглөсөн. Тэр үед хажууд баарны нэг ажилтан ирээд намайг татаж Т гаас холдуулахаар нь би ахин Т руу ойртож очоод нэг удаа толгой руу нь өшиглөөд Т гаас холдоод явсан. Тэгээд нэг харахад Г миний хажууд ирсэн байсан. Энэ хэрэгт шалгагдаж эхлэх үед Г бас Т г нүүр лүү нь нэг удаа цохисон нь тогтоогдсон бөгөөд би бол Г ыг Т гийн нүүр лүү нь цохисон үйлдлийг нь анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 92-93 дугаар хуудас),
12. Шүүгдэгч Э.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед ..... нэртэй бааранд найз Н , Б.Б , Ч нарын хамт ороод нэг ширээнд суугаад архи аваад хувааж уугаад суусан. Нэг харахад Б өөр ширээн дээр үл таних 2 эмэгтэйтэй юм яриад байж байсан. Тэгтэл Б ын хажууд үл таних 2 залуу очоод нэг залуу нь Б ын шилэн хүзүүн дээр нь гараараа цохиод Б тай юм яриад баарнаас Б ыг дагуулаад аваад гарсан гараад явсан. Би бүжгийн талбай дээр Н дээр очоод Б ыг 2 залуу зодох гээд аваад гарчихлаа гэж хэлэхэд Н баарнаас гараад явсан ба би бааранд үлдсэн. Тэгээд би удаагүй баарны гадна гарахад Т гэх залуу уначихсан. Б , Т гийн нүүр лүү нь ахин нэмж өшиглөөд Т ухаан алдчих шиг болохоор нь хаяад холдоод явсан. Н баарны зүүн талаас анх бааран дотор Т гийн хажууд нь явж байсан залуутай маргалдаж байгаад Б бид 2 дээр ирсэн. Б , Т г миний харснаар бол 2 удаа нүүр лүү нь өшиглөсөн. Харин би Т гийн нүүр рүү нь гараараа нэг удаа л цохисон. Бас би Т гийн нүүрнийх нь яг аль хэсэгт цохисноо сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 101-102 дугаар хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Т гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б , Э.Г нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд хохирогч Д.Т гийн биед тус бүр хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3...... зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх, хэн хэн нь ямар үүрэг оролцоотой байх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй хоёр ба түүнээс дээш хүн нэг санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэнийг үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч нар хүний эрүүл мэндэд хохирол учруулахад чиглэсэн идэвхтэй үйлдлийг тухайн цаг мөчид үүссэн гэмт санаа зорилгоороо нэгдэж хийсэн байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээг салгах, хүн тус бүрд нь ялгаатай зүйлчлэх боломжгүй юм. Иймд шүүгдэгч нарын нэгэн санаа зорилгоор, нэгэн газарт, нэгэн цаг хугацаанд үйлдлээрээ нэгдэж үйлдсэн гэмт хэргийг хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээгээр нь нэг зүйлчилж, харин тэдний үйлдэл оролцоог харгалзан ялгамжтайгаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Учир нь, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэж, харин энэхүү иш татсан 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэж тус тус заасан тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б ,Э.Г нарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Т гийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б , Э.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.4 дүгээр 2.1 дэх заалтад зааснаар 01 / нэг/ жил 08 / найм/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч нар гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн 6...... зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул тэдэнд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б ыг хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Г ыг нэг жил зургаан сарын хугацаагаар тус тус тэнсэж, тус бүрд нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундаа хэрэглэсэнтэй шууд холбоотой байх тул тэднийг тэнссэн хугацаанд нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б , Э.Г нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.У..... , Б..... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6...... зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б ыг хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Г ыг нэг жил зургаан сарын хугацаагаар тус тус тэнсэж, тус бүрд нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б т гурав сарын хугацаанд, шүүгдэгч Э.Г од нэг сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарыг тэнссэн хугацаанд нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Б , Э.Г нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б , Э.Г нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б , Э.Г нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА