| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0827/Э |
| Дугаар | 834 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 834
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/, шүүгдэгч А.М , түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б...... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02440 0940 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б......, Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...... хороо, Сэлбийн ...... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ......, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 164 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 19 хоногийн тэнсэн суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч А.М нь 2019 оны 0..... сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... хороо, ..... тоот хашаанд байрлах иргэн Д.Н ийн хүн байнга амьдрах зориулалтай монгол гэрт нэвтрэн ДДШТВ-ийн хүлээн авагч, газын хошуу, ДВД тоглуулагч, зурагт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Б...... нь 2019 оны 0..... сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ..... хороо, ..... тоот хашаанд байрлах хохирогч Д.Н ийн хүн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 390,500 төгрөгийн үнэлгээ бүхий DDSh ТВ-ийн хүлээн авагч, газын хошуу, DVD тоглуулагч, зурагт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч явах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч А.М гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би тухайн өдөр ажлаа хийж явж байгаад таньдаг хүнтэйгээ тааралдаад хамт 4 шил архи уусан. Тэгээд би ухаан ороод сэрэх үед эрүүлжүүлэхэд байсан...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн ..... хороо, ..... тоот хашаанд айлын хашаа түрээсэлж амьдардаг бөгөөд 2019 оны 0..... сарын 23-ны өдөр гэрээсээ гараад явсан. Орой 18 цагийн үед манай хашааны эзэн А над руу залгаад танай гэрт хулгай орчихлоо хурдан ирээрэй гэхээр нь би ажлаасаа гэр лүүгээ 5 минут орчмын дараа ирэхэд цагдаа нар ирчихсэн манай гэрт орсон хулгайчийг барьсан байсан. Тооноор орсон бололтой байсан. ...Би алдсан эд зүйлээ олж авсан. ...Намайг гэртээ очих үед гэр дээр газын хошуу, зурагтын антен гаргаад тавьчихсан зурагтыг болохоор тооноор гаргах гээд багтаагүй бололтой гэр дотор газар шалан дээр тавьчихсан байсан бөгөөд 2 эргүүлийн цагдаа ирчихсэн нөгөө хулгайчийг машин дотроо гавлаад суулгачихсан байсан. Тэгээд надаар үүд онгойлгуулаад зурагт энэ тэр чинь байна уу, өөр алга болсон зүйл байна уу үзчих гэсэн би орж үзэхэд бүгд байсан. Тэгээд би нөгөө 2 цагдаа болон тэр хулгайчтай хамт дүүрэг дээр ирж байцаалт өгсөн. Тэгээд би гэртээ очоод бүрэлдэхүүн очтол хүлээж бай гэхээр нь гэрийн гадаа хүлээж байхад цагдаагийн 3-4 хүн ирээд зураг авсан. Тэгээд гэр дээрх зүйлүүдээ оруулсан. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20, 25 дугаар хуудас);
3. Гэрч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 0..... сарын 23-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад 17 цаг 40 минутад Сонгинохайрхан дүүргийн ..... хороо, ..... тоот хашаанд айлын хашаанд байрлах монгол гэрт хулгай ороод байх шиг байна гэсэн дуудлага ирэхээр нь дуудлагын дагуу монгол гэрийг шалгахад уг гэр нь цоожтой байсан ба тооно нь онгорхой байхаар нь гэрийн орой дээр гарч шалгахад 25-30 орчим насны бор царайтай 175 см орчим нуруутай ноорхой хувцастай эрэгтэй хүн хар өнгийн LCD зурагтыг тооноор гаргах гээд өргөөд зогсож байхаар нь үйлдлийг нь таслан зогсоож тухайн этгээдийг шалгахад гэрийн үүд хэсэгт DDSh ТВ-ийн хүлээн авагч, газын хошуу, зурагт зэрэг эд зүйлсийг авч гарахаар бэлдэж тавьсан байсан ба А.М /РД:........./ гэсэн этгээд байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 3..... хуудас);
4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 602 дугаартай “32 инчийн зурагт, DDSh ТВ-ийн хүлээн авагч, зурагтын антеныг нийт 388,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 45 дугаар хуудас), ...газын хошууг 2,500 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 51 дүгээр хуудас);
5. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн ..... хороо, ..... тоот манай гэрт хулгай орж эд зүйл хулгайлсан байна...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 7 дугаар хуудас);
6. Хэргийн газрын үзлэгийн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ..... хороо, ..... тоот хашаа байв. Тухайн хашаа руу дотогш ороход ертөнцийн зүгээр зүүн урд талд нь цагаан өнгийн даавуугаар бүрсэн цоожтой ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. ...Зурагтын тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн зурагтыг гэрийн гол хэсэгт буюу зуухны хажуу талд байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9 дүгээр хуудас);
7. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл: “...Монгол гэрт хулгай хийж байхад нь барьсан...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 95 дугаар хуудас);
8. Шүүгдэгч А.М гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 72 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 83 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 84-92 дугаар хуудас);
9. Шүүгдэгч А.М гийн яллагдагчаар өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 63 дугаар хуудас);
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.М гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэрэхэд чиглэсэн идэвхтэй үйлдэл мөн байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.М нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор хүн байнга амьдрах зориулалтай бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, эд зүйлсийг авч явахаар бэлтгэсэн байсан боловч энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн цагдаагийн алба хаагч Ц.Б түүний үйлдлийг таслан зогсоосон байх тул шүүгдэгч А.М гийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй, эд зүйлсийг захиран зарцуулах бодит боломж бий болоогүй гэж үзэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцно.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн халдлагын зүйлс болох 32 инчийн зурагт, DDSh ТВ-ийн хүлээн авагч, зурагтын антен зэрэг 388,000 төгрөгөөр, газын хошууг 2,500 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирч болох байсан хохирлын хэр хэмжээг 390,500 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч А.М нь хулгайлах гэмт хэргийг Д.Н ийн гэрт нэвтэрч үйлдсэн байх тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохын зэрэгцээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн нэг хэсэг болох хууль тогтоогчийн хуульчилсан тайлбар ёсоор хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.М гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явахаар завдсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч А.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.М г “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Н гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.М г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.М нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохиролгүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 47 (дөчин долоо) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...А.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч А.М д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирч болох байсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт нийт 48 (дөчин найм) хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, тэрээр бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б...... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч А.М д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М гийн цагдан хоригдсон нийт 48 (дөчин найм) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.М д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА