Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 34

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б., хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Уовогт Б.Д /РД:**********/,

Хариуцагч: Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга,             

Нэхэмжлэлийн шаардлага: “...Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны  комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Б.Д.миний бие Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Эдийн засгийн хөгжлийн яаманд миний хариуцаж байсан ОХУ, ТУХН-ийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэний ажлын байрны үндсэн чиг үүрэг 

Гадаад харилцааны яамны ГХЭЗХАГ-ын Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн чиг үүрэгт хэвээр хадгалагдаж үлдсэн байна.  

Би улсад нийт 31 жил, үүнээс төрийн албанд 23 жил ажилласан. Төрийн албанд ажилласан 23 жилийн 9 жилд нь төрийн тусгай алба-дипломат албанд ажилласан болно. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг 2001 онд өргөсөн, төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн гутгаар зэрэгтэй, төрийн тусгай алба-дипломат ажилтны тангараг 2004 онд өргөсөн. Төрийн тусгай алба-дипломат ажилтны мэргэжлийн шалгалт 2009 онд өгч тэнцсэн. Төрийн жинхэнэ албан хаагч, болгар, орос хэлтэй, тэргүүн итгэмжит дипломат цолтой.

Миний бие 1984-1993 онд Хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа байгууллага, улсын үйлдвэрийн газарт технологич, цехийн дарга, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 1994-2000 онд хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид тэргүүн дэд захирал, захирал, менежер, 2000-2004 онд Үйлдвэр, худалдааны яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга, 2004-2008 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газарт худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, 2008-2010 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Дипломат шуудан, нууцын эрхлэгч, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2010-2013 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар шилжин томилогдсон. Элчин сайдын яаманд ажиллаж байх хугацаанд Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудал тухайлбал, танхим хоорондын хамтын ажиллагаа, нефть, нефтийн бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт, байгаль орчны салбар, цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны асуудлыг хариуцаж байсан. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар мөн Элчин сайдын яаманд зөвлөхөөр дэвшүүлэн томилсон. Томилолтын хугацаагаа дуусгаад иртэл Москвад суугаа Элчин сайдын яаманд миний оронд Эдийн засгийн хөгжлийн яамнаас ажилтан томилогдсон гэсэн үндэслэлээр намайг Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлсэн. 2013 оны 10 дугаар сарьн 01-нээс Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газарт Оросын Холбооны Улс, Тусгаар Улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилласан болно. 

Улсын Их Хурлаас 2014 оны 10, 12 дугаар сард Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд 2 удаа өөрчлөлт оруулснаар Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж хариуцаж байсан чиг үүрэг нь яамдад хуваагдаж, миний бие эрхэлж байсан албан тушаалынхаа дагуу буюу Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газарт Оросын Холбооны Улс, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтний ажил үүргийнхээ дагуу Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Гадаад харилцааны яамны мэдэлд шилжсэн. Гэтэл ажилд томилсон тушаал гаргаагүй асуудал үүссэн. Тиймээс хуульд заасан эрх ашгаа хамгаалуулах үүднээс миний бие Төрийн албаны зөвлөл, Ерөнхий сайдад хандаж хүсэлт хүргүүлж байсан.

Үүний дагуу Төрийн албаны зөвлөл, Ерөнхий сайдаас холбогдох албан тоотыг Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн боловч тодорхой арга хэмжээ авч ажлын байр албан тушаалд томилоогүй. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Гадаад харилцааны яамны мэдэлд шилжих үед Засгийн газрын 399 тогтоол гарч шилжин очсон ажилтнуудыг Эдийн засгийн хөгжлийн яаманд ажиллаж байсан чиг үүргийнх нь дагуу ажилд томилох чиг үүрэг өгсөн боловч үүнийг хэрэгжүүлж ажилд томилоогүй юм.

Ингээд 2015 он гарсан бөгөөд төрийн албаны дээд байгууллага Төрийн албаны зөвлөлд хандаж “Гадаад харилцааны яам ажилд томилохгүй эс үйлдэхүй гаргаж миний эрх, ашгийг хохироож байна, энэ талаар арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс Гадаад харилцааны яаманд Эдийн засгийн хөгжлийн яамнаас шилжин очсон ажилтныг ажиллаж байсан чиг үүргийнх нь дагуу ажилд томилох тухай албан тоот хүргүүлсэн нь нотлох баримтаар харагддаг.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б/47 тоот тушаал гаргаж Эдийн засгийн хөгжлийн яамнаас шилжиж очсон Б.Д болон нэр бүхий 7 ажилтанд 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон. Уг тушаалд ажлаас чөлөөлсөн эсэх талаар ямар нэгэн үндэслэл дурдаагүй болно.

Тэтгэлэг олгох нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны хүрээнд шийдэгдсэн асуудал бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүсэлтээ гаргаагүй нөхцөлд тэтгэлэг олгоод ажлаас чөлөөлнө гэсэн ойлголт, үндэслэл, заалт хуульд тогтоомжид байхгүй хэмээн ойлгож байна.

Асуудал даамжирсаар байсан тул Төрийн албаны зөвлөл, Гадаад хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисст хандаж “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, ашиг зөрчигдөж байна, энэ талаар шалгаж өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс зохих шийдвэр гаргаж Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн. Төрийн албан хаагчийн эрх, ашиг зөрчигдөж байна. Ажлын бүрэн харилцаа үүсгэсэн шийдвэр гаргахгүй байгаа нь төрийн албан хаагчийн шүүхэд хандах эрхийг нь зөрчиж байна гэсэн  шаардлагыг хүргүүлсэн. Энэ шаардлагыг хүлээн аваад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 тоот тушаал нөхөн гаргасан бөгөөд гол агуулга нь Б.Дийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн тушаал гаргасан.

Энэ тушаалыг би гардаж аваад хүлээн зөвшөөрөөгүй тул Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл гомдлыг хянаж үзээд ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хууль бус байна. Тиймээс Б.Дийг үүрэгт ажлаас чөлөөлсөн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 тоот тушаалыг хүчингүй болгож ажлын байраар хангахыг үүрэг болгох 665 дугаартай албан тоот хүргүүлсэн. Энэ албан тоотод дурдахдаа 2016 оны 07 дугаар сарын 15-ны дотор холбогдох арга хэмжээг авч ажлын байраар ханга гэсэн агуулгатай албан бичиг байсан. Гэтэл Гадаад харилцааны яам энэ хугацаанд албан тоотод заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асуудлыг шийдвэрлэж хариу өгөөгүй тул миний бие Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд 2016 оны 8 дугаар сарын 02-нд хүсэлт гаргаж Төрийн албаны зөвлөлөөс өгсөн үүргийг хэрэгжүүлж, ажлын байраар хангахад туслалцаа дэмжлэг хүссэн боловч хүсэлтийн хариуг албан ёсоор аваагүй болно. Өргөдлийн хариуны асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Атай нартай уулзсан Төрийн албаны зөвлөлөөс гаргасан албан тоот, шийдвэрийг хэрэгжүүлээч гэсэн хүсэлт гаргасан. Ингэж уулзаж байхад надад тэрээр та бол манайд олон жил ажилласан тул таныг ажилд авна. Гэхдээ одоохондоо орон тооны асуудал хүнд байна, гадаадаас томилолт нь дуусаад эргэж ирсэн хүмүүсээ байрлуулж дуусаад дараа нь таны асуудлыг шийднэ гэсэн юм.

2017 он гарч Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Атай уулзахад орон тооны асуудал хүнд байна, оновчтой шийдэл олоогүй байна гээд хүлээж байх, боломж гармагц ажилд томилох юм байна гэсэн итгэл үнэмшлийг надад төрүүлж, хүлээлгэж байсан.

2017 оны 06 дугаар сард дахин Н.А захиралтай уулзаж сар орчим хүлээе, дараа нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад хүсэлт гаргая гэж хэлээд хүлээсэн. Ингээд сар орчим хүлээсний дараа 2017 оны 7 дугаар сард Төрийн нарийн бичгийн даргад өргөдөл өгсөн. Төрийн албаны дээд байгууллага Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 665 тоотоор өгсөн үүргийг хэрэгжүүлэн, “Б.Дийг ажлаас чөлөөлөх тухай” Гадаад хэргийн яамны 2016 оны Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд томилж өгнө үү гэсэн гомдол өгсөн. Үүнийг хариуг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Амарсайхан гэсэн гарын үсэгтэй албан тоотыг надад өгсөн. Үүнд таныг ажлын байраар хангах боломжгүй гэсэн хариу байсан.

Тиймээс 2017 оны 08 дугаар сард Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд томилохгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож ажлын байраар хангуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулж өөрчлөн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг тодруулж гаргасан.

            Миний бие төрийн жинхэнэ албан хаагч, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн гутгаар зэрэгтэй, төрийн тусгай алба, дипломат албаны тэргүүн итгэмжит дипломат цолтой, төрийн тусгай алба дипломат ажилтны ажилтны тангараг өргөсөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл түүний шаардлагыг дэмжиж байна. Мөн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаалыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан гэж хариуцагч тайлбарладаг. Төрийн нарийн бичгийн даргад Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуулиар төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг олгосон. Гэхдээ зөвхөн хуульд нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг нарийвчлан зохицуулсан байдаг. Гэтэл Б/74 дүгээр тушаалд Б.Дийг ажлаас чөлөөлсөн  ямар ч үндэслэлийг заагаагүй. Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд ямар тохиолдолд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх вэ гэдгийг заасан байдаг. Гэтэл уг тушаалын үндэслэл ямар нэг байдлаар үүнд хамаарахгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 23, 24  дүгээр зүйлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх зохицуулалт байхад энэ хуульд зохицуулаагүй үндэслэлээр төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагчийн тайлбарт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж байна. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлээр биш төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг заасан зохицуулалт байдаг юм.

Хариуцагчаас төрийн албан хаагчийн баталгааг нь эдлүүлж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон гэдэг. Нэхэмжлэгч Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б/47 тоот тушаалтай маргадаггүй. Гэхдээ энэ тушаалаар төрийн албан хаагчийг ажилд томилоогүйтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалинг тооцож олгосон байна. Түүнээс биш энэ тушаалаар төрийн албан хаагчийг бүтэц, орон тоо байхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал биш юм. Хариуцагч үүнийг зөрүүтэй тайлбарлаж байна.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/74 дүгээр тушаалыг гаргахдаа 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр огноолж гаргасан. Гэтэл энэ тушаал нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсүгэй гэсэн зохицуулалттай байна. Захиргааны акт батлагдан гарснаар хүчин төгөлдөр болж, батлагдан гарснаас хойшхи харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг жил 3 сарын өмнөх харилцааг зохицуулахаар нөхөж гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд төрийн байгууллагын алдаатай үйл ажиллагаа гэдэг нь нотлогдож байна. Энэ тушаалаар Б.Дийг Засгийн газрын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбоотой үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж гарсан. Гэтэл Б.Дийг Гадаад харилцааны яаманд ажилд томилоогүй бөгөөд ажил үүрэг гүйцэтгээгүй байхад үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж захиргааны акт гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт хуульд нийцсэн бодитой, үнэн байх ёстой гэсэн зохицуулалтыг зөрчсөн нь захиргааны акт өөрөө алдаатай, хууль бус гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгч Эдийн засгийн хөгжлийн яамнаас Гадаад харилцааны яам уруу шилжүүлсэн гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч бүтэц, орон тоо байхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг. Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан хүн бүтэц, орон тоо нь цөөрч ажлаас чөлөөлөгдсөн асуудал биш юм. Бүтэц орон тоо нь цөөрч ажлаас чөлөөлөгдөх асуудал байсан бол Эдийн засгийн хөгжлийн яам ажлаас чөлөөлөөд төрийн албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангах байсан. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яаманд эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг нь Гадаад харилцааны яаманд шилжсэн. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 289 дугаар тушаалаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан эрхлэх асуудлын чиг үүргийн дагуу энэхүү тушаалын гуравдугаар хавсралтад дурдсан албан хаагчдыг Гадаад харилцааны яамны, Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт тус тус шилжүүлсэн байна. Энэ хавсралтын 5 дугаарт Бямбаагийн Дашдорж ахлах мэргэжилтэн гэж зааж өгсөн. Үүнээс орон тоо хасагдаагүй эрхлэх асуудлын чиг үүрэг нь шилжсэн гэдэг нь тодорхой харагдаж байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоол гарсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан. Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой яам ямар газар, хэлтэстэй байх бүтцийг зааж өгсөн байдаг. Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдсантай холбогдуулан Гадаад харилцааны яаманд Эдийн засгийн хамтын ажиллагааны газар гэж байгуулагдсан. Үүнээс Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газар нь Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газарт шилжиж чиг үүрэг нь хадгалагдсан нь тодорхой харагдаж байна. Сүүлд Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор 2014 оны 382 дугаар тогтоолыг хүчингүй болгосон ч гэсэн Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор Гадаад харилцааны яаманд Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар гэж байгаа юм. Үүнээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан газар нь байхгүй болоогүй байна. Мөн ажлын байрны тодорхойлолтоос нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр, чиг үүрэг хэвээрээ байгаа нь дахин харагдаж байна. Эдийн засгийн хөгжлийн яаманд Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газарт хамаарч Б.Д. эрхэлж байсан албан тушаал нь Оросын Холбооны Улс, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцсан ахлах мэргэжилтний чиг үүрэгт хамаарч байсан юм. Гадаад харилцааны яаманд энэ чиг үүрэг, албан тушаал нь яг хадгалагдаж үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд чиг үүрэг нь хадгалагдаж үлдсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Яагаад ингэж маргаж байна вэ гэвэл, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.

Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно. Мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж заажээ.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нэршлийн хувьд өөрчлөгдсөн ч чиг үүргийн хувь хадгалагдан үлдсэн. Тэгэхээр хариуцагчийн бүтэц, орон тооны цөөрч ажлаас чөлөөлөгдсөн гэсэн үндэслэл нь няцаагдаж байна. Хариуцагч орон тоо, албан тушаал байхгүй гэсэн атлаа холбогдох албан тушаалд төрийн албаны сонгон шалгаруулалт зарлаж албан хаагч авч ажиллуулсан байдаг. Энэ нь Гадаад харилцааны цахим мэдээллийн санд тавигдсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн албан тоотоор тогтоогддог. Энэ сонгон шалгаруулалтаар 18 ажлын байранд 25 албан хаагч тэнцсэн гэсэн мэдээлэл тавигдсан байдаг. Үүнээс орон тоо байсан гэдэг нь харагдаж байна.  Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 665 дугаар албан тоотоор 2014 оны 12 дугаар сараас хойш танай яаманд сул орон тоо ч гарсан, шинээр ч ажилтан авсан тохиолдолууд байгаа ба 2015 оны 7 дугаар сард дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт авсан нь ажлын байр байхгүй гэсэн шалтгаан үндэслэлгүй гэдгийг нотолж байна. Тэрчлэн Дипломат албаны тухай хуулийн 131-д Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалд “мэргэжилтэн” гэсэн албан тушаал байхгүй байхад 10 гаруй хүнийг албан тушаалд мэргэжилтэн ажиллаж байгаа нь хууль бусаар гэрээт ажилтан ажиллуулж байна гэж ойлгогдохоор байна гэжээ. 

Бүтэц, орон тоо хасагдсан гэж үзвэл, тухайн газар, хэлтсийн албан тушаал 8 байснаас 6, 4 болж цөөрснийг ойлгох юм. Гэтэл харин ч сонгон шалгаруулалт зарлан шинээр  төрийн албан хаагч авч ажиллуулж байгаа нь  орон тоо нэмэгдсэн гэж харагдаж байгаа ба Төрийн албаны зөвлөлийн албан тоотоор нотлогдож байна. Тиймээс Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.  

Хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... 2014 онд Эдийн засгийн хөгжлийн яаманд ажиллаж байсан албан хаагчдаас тус яам өөрийн батлагдсан бүтцийн орон тооны дээд хязгаарт багтаан томилон ажиллуулсан байна. Улмаар тухайн үеийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос 2014 оны 12 дугаар сарын 03 өдрийн ХЭГ/2023 тоот албан бичгээр ирсэн чиглэлийн дагуу нэр бүхий албан хаагчдыг ажлаар хангаж, мөн тус албан бичгээр ажлын байр, албан тушаал цомхтгогдож байгаа Эдийн засгийн хөгжлийн яамны албан хаагчдад 6 сарын тэтгэлэг олго гэх чиглэл өгсний дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/47 дугаар тушаалыг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байх бөгөөд тус тушаалаар тэтгэлэг олгогдсон тэдгээр хүмүүсийг ажилд томилсон тушаал тухайн үеийн удирдлага гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Д хувьд удаа дараа төрийн байгууллагуудад өргөдөл гаргаж, шахаж шаардсаны үр дүнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос 2015 оны 01 дугаар сарын 14 өдрийн ХЭГ/99 тоот албан бичгээр ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийг дурдсан холбогдох шийдвэрийг гарга гэх чиглэл өгсний дагуу хэдийгээр нэхэмжлэгч Б.Да ажилд томилсон тушаал тус яам гаргаагүй ч тэтгэлэг олгож ажлаас халах агуулга бүхий Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг нөхөн гарсан байдаг.

Нэхэмжлэгч Б.Д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасныг үндэслэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/47, Б/74 дүгээр тушаалын дагуу 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Д нь тухайн үед уг тэтгэлгийг авсан нь дээрх зүйлийн зохицуулалтын дагуу ажлын байраар хангуулах өөрийн эрхээсээ татгалзаж, тус яамны удирдлагын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Д нь Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47,  2016 оны Б/74 дугаар тушаал тус тус гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т иргэн хуулийн 6.1-д заасан хугацаанд буюу захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд хууль ёсныхоо эрх ашгийг хамгаалуулахаар хандаагүй, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47 дугаар тушаал гарснаас хойш 2 жил 9-н сар, 2016 оны Б/74 дүгээр тушаал гарснаас хойш 1 жил 5 сар өнгөрөхийг хүлээсэн явдал нь дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47, 2016 оны Б/74 дүгээр тушаал гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсныг зориуд дурдмаар байна. Нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлд хавсаргасан Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Албан хаагчдыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр тушаал нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд тус тушаалыг тухайн үеийн яамны удирдлага заавал биелүүлэх шаардлага эрх зүйн хувьд үүссэн, тус яамны зүгээс Б.Дийг ажилд томилохгүй байгаа үйлдэл, эс үйлдэл гаргасан гэж үзэхгүй байна. Мөн, нэхэмжлэгч Б.Дийг ажилд томилсон тушаал тус яам гаргаагүй байх тул түүний ажилгүй байсан цалинг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөх, дэвтэрт бичилт хийх шаардлагыг хангах хууль зүйн үндэсгүй юм.

Нэхэмжлэлд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан байна. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т иргэн хуулийн 6.1-д заасан хугацаанд буюу захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж тус тус хуульд заасан, гэтэл нэхэмжлэгч Б.Д нь 2016 оны Б/74 дүгээр тушаалыг гарсныг мэдсэн болон гардаж авснаас хойш 1 жил 5 сарын дараа буюу дээрх хуулиудад тодорхой заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсэгсэнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрсөн гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч Б.Дийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус яаманд ирүүлсэн өргөдөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/47, Б/74 дугаар тушаалаар өөрийнх нь асуудлыг урьд нь хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу, мэдээлэл өгсөн бөгөөд Б.Дийг ажилд авах, авахгүй асуудлыг шийдвэрлээгүй болно. Харин уг хариуг шийдвэр гэж тайлбарлан хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь хууль зүйн үндэсгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ааас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “... Гадаад харилцааны яам болон нэхэмжлэгчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд тус яам Б.Дийг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэл гаргасан гэж үзэхгүй байна.Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Албан хаагчдыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр тушаалын хавсралтаар тухайн үеийн Гадаад хэргийн яамны мэдэлд шилжүүлэх 13 албан хаагчдын жагсаалт гаргасан байдаг. Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тогтоолоор өгсөн үүргийг хэрэгжүүлэх үүднээс Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 289 дүгээр тушаалын хавсралтаар тус яамны мэдэлд шилжүүлэх 13 албан хаагчдын жагсаалтаас 6 албан хаагчийг мэргэжил, мэргэшил, ажлын чиг үүрэг онцлогийг харгалзан, тус яам өөрийн батлагдсан бүтцийн орон тооны дээд хязгаарт багтаан ажилд авсан бөгөөд ажилд аваагүй албан хаагчдад өгөх тэтгэлгийн асуудлыг Сангийн яамтай хамтарч шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02/273 тоот албан бичигт тодорхой дурдсан байгаа.          Нэхэмжлэгч Б.Дийг ажилд авна гэж итгэл найдвар төрүүлсэн ямарваа үйлдэл тус яамны удирдлагын зүгээс гаргаагүй байна. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг авсан Эдийн засгийн хөгжлийн яамнаас шилжсэн гэх хүмүүс болон нэхэмжлэгч Б.Дийг ажилд томилсон тушаал тус яамны тухайн үеийн удирдлага гаргаагүй, Гадаад харилцааны яам болон нэхэмжлэгчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байна.

Нөгөө талаар Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дээр дурдсан тушаалыг тус яамны удирдлага шууд хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй юм. Иймд Гадаад харилцааны яам болон нэхэмжлэгч Б.Дийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б.Дащдоржийг ажлаас чөлөөлөх тухай Б/74 дүгээр тушаал нэхэмжлэгч Б.Дийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлан зөрчсөн, мөн тус яамны удирдлага нэхэмжлэгчийг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэл гаргасан гэж тус яам үзэхгүй байгаа тул Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Д нь 2015 оны Б/47, 2016 оны Б/74 дүгээр тушаал тус тус гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх түүнийг нь хүлээж авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Д нь Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47, 2016 оны Б/74 дүгээр тушаал тус тус гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу шүүхэд хууль ёсныхоо эрх ашгийг хамгаалуулахаар хандаагүй, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47 дугаар тушаал гарсныг мэдсэн болон гардаж авснаас хойш 2 жил 9 сар, 2016 оны Б/74 дүгээр тушаал гарснаас хойш 1 жил 5 сар өнгөрөхийг хүлээсэн явдал нь тус яамны удирдлагын дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.

2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан. Иймд дээр дурдсан хуулиудад тодорхой заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байхад нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан, мөн түүнийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн явдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авах хөөн хэлэлцэх хугацааг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дүгээр тушаалыг нэхэмжлэгч мэдсэн буюу гардаж авсан хугацаанаас хойш тоолох ёстой байсан ч шүүх хуулийг буруу хэрэглэн тус яамны 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Өргөдлийн хариу өгөх тухай” 08/4762 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч хүлээж авсан өдрөөс эхлэн тоолсныг хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна.

Тус яамны 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Өргөдлийн хариу өгөх тухай” 08/4762 дугаартай албан бичгээр Б.Дийг ажилд авах, авахгүй асуудлыг шийдвэрлээгүй, тус яам Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд тодорхойлсончлон захирамжилсан шийдвэр буюу захиргааны акт гаргаагүй болно. Харин уг хариуг Б.Дащдоржийг ажилд авах, авахгүй асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр гэж тайлбарлан хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь хууль зүйн үндэсгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Доос 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилсөнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяраас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  

“... Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн өөрчлөлт орж, Гадаад харилцааны яамны эрхлэх асуудлын хүрээнд гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хуулиар хамрах болсны дараахь үеийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод Эдийн засгийн хөгжлийн яаманд хариуцаж байсан ажлын байрны чиг үүрэг байгаа тул тухайн ажлын байранд томилуулах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлээ тодотгосон нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас түүний тодотгосон нэхэмжлэлд дурдсан импортын бодлого, евразийн эдийн засгийн комиссын асуудал нь ОХУ, ТУХН-ийн орнуудтай хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаас өөр юм. Торуулбал, евразийн эдийн засгийн комисс нь олон талт олон улсын холбоо бөгөөд импортын бодлого нь зөвхөн Б.Дийн нэхэмжлэлд дурдсан ОХУ, ТУХН-ийн орнуудаас орж ирэх импортын бус, Монгол Улсын импортын бодлогын асуудал болно. 

Иймд дээрх үндэслэлээр Б.Дийн нэхэмжлэлийн тодотгосон шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ. 

Хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Б.Д 2014  оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/47 дугаар тушаал, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрөөд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг хүлээн авсан. Энэ нь гаргасан нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дээрх 2 тушаал хоёулаа адилхан үндэслэлээр гарсан. Б.Д гуай нэхэмжлэлийн шаардлагадаа дурдахдаа Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тогтоолыг тус яам биелүүлээгүй гэж байна. Нэхэмжлэгчийг албан тушаалд томилохгүй байна гэж маргаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тогтоолд  нь “... түр томилон ажиллуулах арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүд, сайдын үүрэг хариуцагч нарт тус тус даалгасугай” гэсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч буруу ойлгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар хэсгийн 3-т шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг  нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэхийг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч  нарт үүрэг болгосныг үндэслэн Б/47, Б/74 дүгээр тушаалыг тодорхой хэлбэртэй гаргасан байна. Эдгээр тушаалаас харвал Б.Д гуайд буцааж ажилд авах гэсэн ямар нэг итгэл найдвар төрүүлсэн зүйл харагдахгүй байна.

2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 тушаал нь өмнө нь гарсан тушаал юм. Нөхөж гаргасан учир нь Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос “...шийдвэр гаргаагүйн улмаас харьяалах нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй байна. Тиймээс холбогдох шийдвэрийг гарга” гэсэн албан тоот ирсэн. Уг нь Б/47 дугаар тушаалаар тухайн асуудлыг бүрэн шийдсэн байдаг. Б.Д нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй байсан учраас Б/74 дүгээр тушаалыг нөхөж гаргах шаардлагатай болсон.

Гадаад харилцааны яам Б.Дийг ажилд томилоогүй, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн ямар нэг харилцаа үүсээгүй байсан тул Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн тушаал гаргаагүй байсан.

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр тушаалаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан эрхлэх асуудлын чиг үүргийн дагуу энэхүү тушаалын гуравдугаар хавсралтад дурдсан албан хаагчдыг Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт шилжүүлсэн. Энэ тушаалыг Гадаад харилцааны яам биелүүлэх ёстой гэж нэхэмжлэгч дурдсан. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нэг яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг тус яам шууд биелүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Б/74 дүгээр тушаал нь Б.Д гуайн эрх зүйн байдлыг дордуулаагүй бөгөөд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авсан тул Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Энэ тушаалаар Б.Д гуайг төрийн албанаас чөлөөгүй, зөвхөн ажлаас чөлөөлсөн утга агуулгатай байгааг шүүгч анхаарч үзнэ үү.

2014  оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/47 дугаар тушаал, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаал гарахад үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэр тухай 2002 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

 Б.Д гуай энэ эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд Б/47 дугаар тушаал гарснаас хойш 2 жил 9 сар, Б/74 дүгээр тушаал гарснаас хойш 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааг хүлээсэн нь энэ тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Д гуай 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг 2014 оны 05 дугаар сарын 24-ны өдөр гардан авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Б/74 тушаалыг гардан авснаас хойш Төрийн албаны зөвлөлд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус тус хандаж өргөдөл гаргасан ч 2016 онд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй байдаг.

Захиргааны шүүхээс Б.Д гуайн нэхэмжлэлийг хүлээн авч хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо манай газрын дэд захирлын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийн хариу өгөх бүртгэлийн 08/4762 тоот дугаартай албан бичгээс тоолж авсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэжээ. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийн хариу өгөх бүртгэлийн 08/4762 тоот дугаартай албан тоотыг захиргааны акт гэж үзэхгүй байна. Тэр тусам Б.Д гуайг ажилд томилох, томилохгүй тухай асуудлыг шийдсэн захиргааны акт гэж үзэхгүй байна.

Албан хаагчийг томилохдоо Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажилд томилж, чөлөөлдөг. Энэ нь Монгол Улсын яамны эрх байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д зааснаар бүрэн эрх олгогдсон байдаг. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийн хариу өгөх 08/4762 тоот дугаартай албан бичиг манай газрын дэд захирлын гарын үсэгтэй иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэж өгсөн хариу албан бичиг юм. Энэ албан бичгээс хөөн хэлэлцэх хугацаа тоолж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92-94-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой эсэхийг шүүхээс шалгах ёстой байсан гэж үзэж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Д шүүхэд хандан “Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мэргэжил, мэргэшлийн дагуу зохих албан тушаалд томилохыг даалгах, ажлын байраар хангаагүй хугацааны цалинг төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 сарын 13-нын өдөр “Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гадаад харилцааны яамны ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” хэмээн тодруулан өөрчилж шүүхэд ирүүлжээ.

Түүнчлэн дээрх хугацаанаас хойш буюу 2018 оны 1 сарын 02-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн ба ингэхдээ: “Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” хэмээн гаргасан байдаг ба шүүх хуралдаанаар энэхүү сүүлийн байдлаар өөрчилсөн шаардлагатай нэхэмжлэлийг хэлэлцэн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийнх нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөр эрхлэх эрх зөрчигдсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа алдагдсан, ажилд томилох талаар найдлага төрүүлж, хүлээлт үүсгэсэн, тэтгэлэг олгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны хүрээнд шийдвэрлэгдсэн асуудал, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг маргаан бүхий захиргааны актандаа дурдаагүй, ямар үндэслэлээр ажлын байраар хангахгүй байгаа тухайгаа огт мэдэгдээгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Б.Дийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх хүлээн авч ийнхүү шийдвэрлэж байгааг буруутгаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, тэрээр ажлын байраар хангуулах эрхээсээ өөрөө татгалзаж, зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан, нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй, түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаал хадгалагдан үлдээгүй болохыг тайлбарлаж, захиргааны байгууллага хууль ёсны дагуу ажиллаж байгааг тэмдэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлаа тайлбарлаж байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед шүүх хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар бичгийн бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ийнхүү хүчингүй болон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосны үр дагаврыг шийдвэрлэж, хамаарах хугацааны цалин хөлсийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар зааж, мөн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Нэг. Маргааны үйл баримт хийгээд нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл.

Засгийн газрын бүтцийн тухай 2012 оны 8 сарын 16-ны өдрийн хуулинд Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 10 сарын 07-ны өдрийн хуулиар “1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам” гэх өөрчлөн найруулга хийсэн. Мөн Засгийн газрын бүтцийн тухай 2014 оны 12 дугаар 04-ний өдрийн хуулиар Монгол Улсын Засгийн Газрын бүтцийн дотор ерөнхий чиг үүргийн яамдын нэг нь Гадаад хэргийн яам байхаар хуульчилсан байна.

Улсын Их Хурлын 2012 оны 8 сарын 17-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 14 дүгээр тогтоолын хавсралтаар “Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд”, “Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэж байсныг мөн Улсын Их хурлын 2014 оны 10 сарын 07-ны өдрийн 55 дугаар тогтоолоор “Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд” хэмээн өөрчлөлт оруулсан, мөн Улсын Их Хурлын 2014 оны 12 сарын 04-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” 75 дугаар тогтоолын хавсралтаар “Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэж заасан, ингэхдээ өмнөх 14 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсон. 

Улсын Их Хурлаас дээрх 75 дугаар тогтоолыг хүчингүй болгож,  2016 оны 07 сарын 21-ний өдөр 12 дугаар тогтоолыг баталсан ба уг тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн заахдаа “Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэсэн байна.

Засгийн газрын 2012 оны 8 сарын 29-ний өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 14 дүгээр тогтоол ёсоор Гадаад харилцааны яам нь нэр бүхий 10 газартай мөн нэг албатай байхаар, Эдийн засгийн хөгжлийн яам нь нэр бүхий 6 газартай байхаар үүний дотор нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх “Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газар”-тай байхаар батлагдсан байсан байна. 

Засгийн газрын 2014 оны 10 сарын 18-ны өдрийн “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 349 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлыг Ерөнхий сайд, Сангийн сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд нарт хариуцуулсантай холбогдуулан тухайн асуудлыг хариуцсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан болон бусад зардлын хамт шилжүүлэн яамдын бүтцийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд хариуцсан ажилд түр томилон ажиллуулах арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүн, сайд нарт даалгаж байжээ. Үүнийг тухайн шилжилтийн үеийг зохицуулсан тогтоол гэж үзэхээр байна.

Түүнчлэн 2014 оны 12 сарын 15-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолоор Гадаад хэргийн яам нь нэр бүхий 11 газартай байхаар, ингэхдээ урьд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 14 дүгээр тогтоолоор байгаагүй “Эдийн засгийн хамтын ажиллагааны газар”-тай байхаар заагджээ. 

Засгийн газрын 2016 оны 7 сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоол нь одоо хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам нь нэр бүхий 13 газартай байхаар үүний дотор “Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар”-тай байхаар тогтоож өгчээ. Энэ тогтоол гарснаар дээрх 382 дугаар тогтоолыг хүчингйүд тооцсон байна.

Иргэн Б.Д нь 2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд  томилогдсон улмаар 2010 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд  шилжин томилогдсон, 2013 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар  Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Эдийн засгийн хөгжлийн яамны мэдэлд шилжин ажиллах болжээ. 

Улмаар нэхэмжлэгч Б.Д нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар  тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газарт ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд тэрээр төрийн захиргааны албан хаагчийн тангараг , Монгол Улсын дипломат албаны ажилтны тангараг  өргөсөн, “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу үр дүнгийн гэрээ  байгуулан ажиллаж байсан, уг гэрээгээ илтгэх хуудсаар  дүгнүүлэн ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас “Албан хаагчдыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” 289 дүгээр тушаалыг  2014 оны 10 сарын 08-ны өдөр баталсан ба уг тушаал ёсоор Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яамны ажилтнуудыг нэгдүгээр хавсралтаар 2014 оны 10 сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, эрхлэх асуудлын чиг үүргийн дагуу тушаалын гуравдугаар хавсралтанд дурдсан албан хаагчдыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд цалингийн сангийн хамт шилжүүлэх, түүнчлэн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, нийгмийн болон эрүүл мэндийн даатглын дэвтрийг зохих журмын дагуу хүлээлцэхийг холбогдох албан тушаалтанд даалгаж зохицуулалт хийж байжээ. Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын  хоёр дахь хэсгийн 50-рт, гуравдугаар хавсралтын 5-рт нэхэмжлэгч Б.Дийн нэр тус тус бичигдсэн байна.

Тэрчлэн Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж байсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, Гадаад худалдааны бодлого, зохицуулалт” зэрэг чиг үүргүүдийг Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2014 оны 10 сарын 07-ны өдрийн 55 дугаар тогтоолын дагуу Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулахаар хуульчилсныг дурдаж, уг чиг үүргүүдийг хариуцаж байсан албан хаагчдын нэрс бүхий тушаал, холбогдох баримт бичиг, 2014 оны үлдэгдэл цалингийн тооцооны хамт шилжүүлж өгсөн байна. 

Ийнхүү дээр дурдсан хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол батлагдаж мөрдөгдсөнөөр хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байсан төрийн жинхэнэ албан хаагч /нэхэмжлэгч/-ийн харьяалах байгууллага, ажлын байр, ажил, албан тушаал тус тус нэршлийн хувьд өөрчлөгдөж, чиг үүрэг нь шилжсэн боловч шилжүүлэн авсан Гадаад харилцааны яамны зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь энэ маргаан гарах үндэслэл болжээ. 

Нэхэмжлэгч Б.Д нь 2014 оны 12 сарын 29 -нд Төрийн албаны зөвлөлд, 2015 оны 3 сарын 16 -нд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, 2015 оны 7 сарын 20 -нд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Ганхуягт, 2015 оны 10 сарын 07 -нд Төрийн албаны зөвлөлд, 2016 оны 3 сарын 17 -нд Хүний Эрхийн Үндэсний комисст, 2016 оны 5 сарын 30 -нд Төрийн албаны зөвлөлд, 2016 оны 8 сарын 02 -нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд, 2017 оны 7 сарын 21 -нд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Даваасүрэнд тус тус “өөрийн ажилгүй болсон байдал болон ажил эрхлэх боломжийг олгох” талаар хандаж өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байснаас Хүний Эрхийн Үндсэний комисс болон Төрийн албаны зөвлөл тухай бүр хариуг өгч байсан нь хэрэгт баримтаар авагдсан байна. 

Захиргааны эрх зүйд хугацааг тодорхойлох, хугацаа тоолох асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд зааж зохицуулсан ба энэ хуулийн 33.15-д: “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16-д: “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” хэмээн заасан. Үүнээс үзэхэд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны акт болон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох асуудал буюу ажлаас чөлөөлөх тушаал, ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйн талаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх тухай бүрт, гомдлыг хүлээн авсан мөртлөө хуулийн дагуу хариу хүргүүлэхгүй байгаа тохиолдол бүрт хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдож байсан гэж үзэхээр байна. 

Харин хамгийн сүүлд хариуцагч захиргааны байгууллагаас “... ажлын байраар хангуулах эрхээсээ татгалзаж, тухайн үеийн удирдлагын ажлаас чөлөөлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байх тул таныг ажлын байраар хангах боломжгүй байна” гэсэн хариуг  нэхэмжлэгчид өгснөөр шүүхэд хандах болжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2017 оны 8 сарын 25-ны өдөр хандан нэхэмжлэл гаргасан байдаг ба шүүх 2017 оны 9 сарын 01-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэл буюу нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. 

Улмаар нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжинд давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 9 сарын 27-ны өдөр “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон ба ингэхдээ анхан шатны шүүхийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16-д заасантай нийцээгүй болохыг, түүнчлэн нэхэмжлэгч Б.Дийг “шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж үзэх үндэслэл байхгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар нэгэнт шийдвэрлэсэн боловч хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт уг асуудлын талаар удаа дараа тайлбарлаж, шүүх хуралдаан дээр асуулт асууж, нэхэмжлэгчийг уг хугацааг баримтлаагүй талаар буруутгасан тул шүүх яагаад нэхэмжлэлийг хэлэлцэж байгаагаа тодорхойлон хариулт өгөх нь зүйтэй гэж үзсэн болно.

Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “нэхэмжлэгч нь 2015 оны Б/47,  2016 оны Б/74 дугаар тушаал гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу шүүхэд хууль ёсныхоо эрх ашгийг хамгаалуулахаар хандаагүй, 2015 оны Б/47 дугаар тушаал гарснаас хойш 2 жил 9-н сар, 2016 оны Б/74 дүгээр тушаал гарснаас хойш 1 жил 5 сарын дараа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж байна” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хоёр. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар  Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 сарын 24-ний өдрийн “Б.Дийг ажлаас чөлөөлөх тухай” Б/74 дүгээр тушаалыг тодорхойлсон байна. Хариуцагч захиргааны байгууллага уг тушаалыг гаргахдаа Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Засгийн газрын 2014 оны 147, 382 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 1 сарын 21-ний  өдрийн Б/47 дугаар тушаалыг тус тус үндэслэсэн байх бөгөөд тушаалдаа “Бямбаагийн Дашдоржийг Гадаад хэргийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож, 2015 оны 2 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх”-өөр заажээ.

Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д: “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг ... чөлөөлөх, ... төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж заасан ба энэ нь Төрийн нарийн бичгийн даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийн нэг хэсэг нь байна. Мөн хуулийн 9.8-д: “Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж ... нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг нь хангуулна” гэжээ.

Шүүх үзэхдээ, уг хуулийн заалтын зорилгод үл нийцсэн байдлаар чухам ямар ажил, албан тушаалаас нэхэмжлэгчийг чөлөөлж байгаа нь тодорхойгүй байна, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тухайлбал, төрийн албанд томилох, төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, албан тушаал бууруулах, төрийн албанаас халах зэргээр Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулсан байхад холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байна, “нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй” гэсэн атлаа нэхмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь бодит байдалтай /тайлбартай/ нийцэхгүй байна гэж тус тус үзлээ.

Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д: “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж хуульчилжээ. 

Хуулийн дээрх заалт нь захиргааны байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тохиолдолд үүсэх харилцааг зохицуулахаар байна. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч /нэхэмжлэгч/ ажлын байраар хангуулах талаар маргаж буй тохиолдолд хэрэглэх боломжгүй зохицуулалт байна.

Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д: “ энэ хуулийн 16.1-16.4-т зааснаас бусад дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө” гэжээ.

Нэхэмжлэгч нь Дипломат албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 131 зүйлд зааснаар дипломат ажилтан бус байхад түүнийг дипломат албан тушаал хашиж байсан мэтээр уг хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан нь буруу байна.

Засгийн газрын 2014 оны 5 сарын 10-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар, мөн Засгийн газрын 2014 оны 12 сарын 15-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолууд нь бүхэлдээ олон асуудлыг хамран зохицуулалт хийсэн, уг тогтоолуудын чухам аль аль заалтыг үндэслэж тушаалаа гаргаж буй нь тодорхой бус байгаа нь үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт нь бүхэлдээ төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсны зарчмуудыг, төрийн албаны ил тод байх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах зарчмуудыг тус тус зөрчсөн, бодитой бус, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах”, 27.2.2-д заасан “ ... улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх”, 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан нь ... ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол ... хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж авах”, 27.2.4-д заасан “... хууль тогтоомжид заасан журмаар ажлын байраар хангуулах ... “ гэхчлэн төрийн албан хаагчийн баталгаа, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг алдагдуулсан, хэрэгжүүлээгүй хууль бус байна, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч байгууллагын “бид аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргасан” гэж, нөгөө талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны ХЭГ/99 дүгээр албан тоотын дагуу маргаан бүхий захиргааны актыг нөхөж гаргасан гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай, уг албан тоот нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг анхаарч, ажлаас чөлөөлсөнтэй холбоотой гомдлыг шилжин ирсэн ажилтныг хүлээн авч байршуулан томилох байгууллага хариуцахыг анхааруулсан агуулгатай байхад шууд “шийдвэр гарга” гэсэн гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Гурав. Захиргааны байгууллагын эс үйлдэхүйн тухайд.

Энэ шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн нэгд буюу “Маргаан бүхий үйл баримт хийгээд нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл”-д дурдсанчлан нэхэмжлэгчийн зүгээс шууд хариуцах захиргааны байгууллагад хаяглан хүргүүлсэн гомдол, хүсэлтүүдэд, Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөс хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн албан тоотуудад хариулт өгч, хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар захиргааны байгууллага шийдвэр гаргаагүй байна. Үүнд хамаарах нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж чадахгүй байгаагаас гадна нэхэмжлэгч ийнхүү хандаж байсан эсэх дээр маргахгүй байсныг тэмдэглэж байна.

Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагад нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 03 сарын 16, 2015 оны 07 сарын 20, 2016 оны 08 сарын 02, 2017 оны 07 сарын 21-ний өдрүүдэд тус тус хандаж “ажилд томилуулах, ажлын байраар хангуулах” талаар өргөдөл, хүсэлтээ гаргасан ба эдгээр тохиолдлуудын алинд нь ч уг асуудлаар ямар нэгэн тушаал гараагүй байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 01 сарын 10-ны өдрийн 38 дугаартай албан бичиг , 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 1503 дугаартай албан бичиг , 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 665 дугаартай албан бичиг -ээр тус тус хариуцагч захиргааны байгууллагад нэхэмжлэгч Б.Дийн талаар хандаж, түүнийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон байхад мөн  холбогдох арга хэмжээ авч шийдвэрлээгүй байна.

Нөгөө талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 сарын 08-ны өдрийн “Албан хаагчдыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” 289 дүгээр тушаалыг манай яам шууд биелүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэж шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аын тайлбарт  “... 289 дүгээр тушаалын хавсралтаар тус яамны мэдэлд шилжүүлэх 13-н албан хаагчдын жагсаалтаас 6 албан хаагчийг мэргэжил, мэргэшил, чиг үүрэг, онцлогийг харгалзан, тус яам өөрийн батлагдсан бүтцийн орон тооны дээд хязгаарт багтаан ажилд авсан ..., Гадаад харилцааны яам болон нэхэмжлэгчийн хооронд хөдөлмөрийн харицлаа үүсээгүй байна” гэжээ. Зүй нь албан хаагчдын тэр дундаа төрийн жинхэнэ албан тушаалын ажил эрхэлж байсан албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг хэвийн үргэлжлүүлж ажилд томилох талаар шийдвэр гаргах байсан, үүний дараа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан зохицуулалтын дагуу үргэлжлүүлэн ажиллуулах, сонгон шалгаруулалт явуулах, сургалтанд хамруулах, тэтгэлэг олгох, төрийн албанаас чөлөөлөх зэргээр албан хаагч нэг бүрийн хөдөлмөрийн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгох байтал ямар үндэслэлээр 6 албан хаагчийг үлдээсэн нь тодорхой бус, захиргааны байгууллага нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хууль бус байна.

“Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан байдаг. Тэгэхээр нэг талаас ажилд томилуулах талаар удаа дараа хандсан нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргаа буюу Гадаад харилцааны яам биелүүлээгүй, харин ч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй гэсэн нь шийдвэрлэхгүй орхигдуулснаа нотолж, эс үйлдэхүй хууль бус байсныг харуулж байна.

Дөрөв. Ажил, албан тушаалд томилохыг даалгах шаардлагын тухайд. 

Маргаан бүхий ажлын байрны шинэ  хуучин  хоёр ажлын байрны тодорхойлолтонд дүгнэлт хийж үзвэл, албан тушаалын ангилал, зэрэглэл адилхан байна. Харин ажлын байрны нэр, зорилгод өөрчлөлт орсон, гэхдээ агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжтой. Учир нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны дөрвөн зорилтын нэг, хоёр, гурав дахь зорилт нь одоогийн маргаан бүхий ажлын байрны хоёр дахь зорилт болж шууд тусгагдан нийт гүйцэтгэвэл зохих ажил үүргийн 50%-ийг энэ зорилтын хүрээнд тухайн ахлах мэргэжилтэн хийхээр заагджээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг үргэжлүүлэн ажиллуулах...” гэж хуульчилсан байна. 

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолын 15-д: “хуулийн энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг хэлнэ”, мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” хэмээн тайлбарласныг маргаантай асуудалд хамаарах чухал эх сурвалж болгон авч үзэж, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад дүгнэлт хийгээд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал /ажлын байр/-ын нэр буюу ОХУ, ТУХН-ийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал хариуцсан гэсэн нь Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан гэж өөрчлөгдсөн боловч түүний /нэхэмжлэгч/ хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, бүхэлдээ одоо маргаж буй албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын 2-р зорилтын хүрээнд бүрэн тусгагдсан байхад, түүнчлэн маргаан бүхий ажлын байрыг цөөрүүлсэн, маргаан бүхий ажлын байрны орон тоо хасагдсан нөхцөл байдал бий болоогүй /энэ талаар хариуцагч нотолж чадахгүй байна/ бүтцийн хувьд Засгийн газрын 2012 оны 8 сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоол ёсоор Эдийн засгийн хөгжлийн яаманд байсан “Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газар” нь Засгийн газрын 2014 оны 12 сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоол ёсоор Гадаад хэргийн яамны “Эдийн засгийн хамтын ажиллагааны газар”, мөн Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоол ёсоор Гадаад харилцааны яамны “Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар” болж тус тус өөрчлөгдсөн байхад хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг гаргаж ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хууль бус байна, мөн ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна гэж шүүх үзлээ. 

Тэрчлэн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчим зөрчигдсөн, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэрийг захиргааны байгууллага гаргасныг шүүхээс буруутгаж, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт, захиргааны байгууллагын ажилд томилох талаарх шийдвэр гаргахгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ. 

Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байгааг үл анхаарч, зөвхөн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн байхад хуулийг буруу тайлбарлан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон хасагдсан гэсэнтэй адилтган нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь буруу гэж шүүх дүгнэснээр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаал буюу маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүйд тооцон, нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байсан захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд томилох тухай шийдвэр гаргахыг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Тав. Ажиллаагүй хугацааны цалин гаргуулах тухайд. 

Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаарх шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон, түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагын нэхэмжлэгчийг ажилд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэсэн тул үүний үр дагаврыг шийдүүлэхийг хүсэж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үүнд хамаарах шаардлага мөн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заажээ. Хэдийгээр шүүх нэхэмжлэгч Б.Дийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй боловч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн тул хуулийн энэ заалтыг төсөөтэй хэрэглэж, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д: “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” хэмээн хохирол шаардах эрхийг хуульчилсан, шүүх захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус байсан гэж үзсэн, нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй “цалин” нь нэхэмжлэгчийн хувьд ямар нэг байдлаар ирээдүйд олох байсан орлого эсхүл, дам байдлаар үүссэн хохирол бус, харин түүнд учирсан бодит хохирол байна гэж үзэж, мөн уг хуулийг хэрэглэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал , Эдийн засгийн хөгжлийн яамнаас Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд шилжин ажиллах ажилтнуудын жагсаалтын 4-рт бичигдсэн Б.Д, ахлах мэргэжилтэн, ТЗ-8-5, 795.935 төгрөг гэх баримт , цалингийн тодорхойлолт , цалингийн карт , нийгмийн даатгалын дэвтэр , Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47-р тушаал  зэргийг нотлох баримтаар үнэлж, 2015 он, 2016 он, 2017 оныг тус тус бүхэлд нь 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэлх ажлын 13 хоногийн хугацааг нийтэд нь /36 сар 13 хоног/ нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацаанд тооцож, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдэл, урамшууллын хэмжээг түүний цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтэр ёсоор үндсэн цалин болох 795935 /долоон зуун ерэн таван мянга есөн зуун гучин тав/ төгрөг дээр холбогдох нэмэгдэл болох удаан жил-20% буюу 159187 /нэг зуун тавин есөн мянга нэг зуун наян долоо/ төгрөг, зэрэг дэв-15% буюу 119390 /нэг зуун арван есөн мянга гурван зуун ер/  төгрөгийг нэмж тооцон нийт олговол зохих 1130227 төгрөгийг ажиллаагүй сар, хоногоор тооцож, нийт 41356033 /дөчин нэгэн сая гурван зуун тавин зургаа гучин гурав/ төгрөгийн цалин, олговроос хуульд заасан холбогдох суутгал хийж, түүний ажиллаагүй бүх хугацаанд олгогдох цалин хөлсийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны1 сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Дид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн ба уг акт нь нэхэмжлэгчид эерэг агуулгатай акт байж, тэтгэлэгийг авснаа нэхэмжлэгч тайлбарласан тул нийт олговол зохих төлбөрөөс баримтын дагуу уг тэтгэлэгийг хасаж захиргааны байгууллага тооцох нь зүйтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д: “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, мөн зүйлийн 101.2-т: “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж хуульчилснаар хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн албанаас халагдахгүй байх эрхүүдийг зөрчсөн буруутай байх тул хохиролд тооцон нэхэмжилсэн ажилд томилохгүйгээр ажиллуулаагүй үеийн цалинг ажилласнаар тооцон хариуцагчийн ажиллаж буй захиргааны байгууллагын санхүүгээс гаргуулах нь зүйтэй болно.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласан ба уг журмын 4 дүгээр зүйлд ажилтанд олгож байгаа хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зохицуулсан байх тул Гадаад харилцааны яамнаас өөрийн ажилтнуудад хоолны хөнгөлөлтөнд сар бүр олгодог мөнгөн дүнг болон нэхэмжлэгч нь Эдийн засгийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа авч байсан нууцын нэмэгдлийг тус тус нэхэмжлэгчийн цалингийн нэмэгдэлд оруулахгүй болохыг тэмдэглэж байна. 

Зургаа. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагын тухайд.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 46.2-д ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг тус тус хуульчилж өгсөн байна. 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллага, нэхэмжлэгч ажилтан хоёрын хэн аль нь холбогдох хуульд заасны дагуу шимтгэл төлөх үүрэгтэй байна. Гэхдээ захиргааны байгууллага буюу ажил олгогчийн үүргийг илүүтэйгээр зааж тодруулбал, дэвтэр нээх, түүнд бичилт хийх гэх мэтээр зааж хуульчилжээ. Ийнхүү хуулиар зааж өгсөн үүргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа тодорхойлж гаргасан, шүүхээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг тус тус харгалзан шаардлагын энэ хэсгийг мөн ханган гэхдээ даалгаж бус шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцдаа хэрэгжүүлэхийг дурдаж шийдвэрлэв. Нэгэнт хуулиар үүрэг болгосон буюу нэхэмжлэгчийг ажилласан гэж үзвэл, ажлын хөлсөнд тохирсон шимтгэлийг тооцож авах, ийнхүү авсныг тэмдэглэх нь зүйн хэрэг байна.

Шүүх энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр хэн нэгнийг татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно. Яагаад гэвэл, нэхэмжлэгч нь өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг, холбогдох цалингийн сангийн хамт Гадаад харилцааны яаманд шилжсэн гэж үзэж байгаа, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч, ямар ажил, тушаалаас чөлөөлсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн ажилд томилохыг даалгах шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн ажлын байранд нэхэмжлэгч Б.Д ямар учраас шаардлага хангахгүй талаар маргаагүй, тухайн ажлын байр нь Гадаад харилцааны яаманд Эдийн засгийн хөгжлийн яамны зарим чиг үүрэг нэгдэхээс өмнө байсан, эсхүл байгаагүй талаар маргаагүй, тухайн албан тушаалд тохирох этгээдийг байршуулсан талаар маргаагүй, нотлоогүй, хамгийн гол нь нэхэмжлэгч Б.Дийг Гадаад харилцааны яаманд шилжүүлэх шийдвэр хууль болон холбогдох хууль тогтоомж, шийдвэрээр бий болсон байхад үүнийг захиргааны байгууллага биелүүлээгүй байгаа нь нэхэмжлэгчтэй өрсөлдөхүйц хэмжээний хэн нэгэн гуравдагч этгээд байсан гэж үнэлж, энэ талаарх шийдвэр гаргах боломжгүй байв.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилаж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно. Уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, 9.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гадаад хэргийн яамны /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 сарын 24-ний өдрийн “Б.Дийг ажлаас чөлөөлөх тухай” Б/74 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Дийг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг баримтлан хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Гадаад харилцааны яам/-аас 41356033 /дөчин нэгэн сая гурван зуун тавин зургаан мянга гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, ийнхүү олгохдоо Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Дид олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгт олгосон нийт мөнгөн дүнг, холбогдох хуульд заасан бусад суутгалуудыг тус тус хасч тооцоо хийхийг хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Гадаад харилцааны яам/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга энэхүү шийдвэрийг биелүүлэхдээ нэхэмжлэгч Б.Дийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийт /2015, 2016, 2017, 2018 онд хамаарах буюу 36 сар 18 хоног/ ажилгүй байсан хугацаагаар тасралтгүйгээр нөхөн төлж, ийнхүү төлсөн талаарх тэмдэглэгээг түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт тодорхойлон бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            У.БАДАМСҮРЭН