Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0278

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч А.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр шийдвэртэй, А.Э-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2-т заасныг тус тус баримтлан, А.Э-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Г нарын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлүүд хууль бус болох нь тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот, 132,2 м.кв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1-А-05 тоот автомашины зогсоолыг тус тус А.Э-ын өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Энэхүү хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хэргийн бодит үнэнд огт нийцээгүй, хууль зүйн огт үндэслэлгүй, нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, хэрэгт авагдсан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн зөв үнэлж, дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлүүдийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.

Нэхэмжлэгч А.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Г нарын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлүүд хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот 132,2мкв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1-А-05 тоот автомашины зогсоолыг тус тус А.Э-ын өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ: Намайг “Могул скай” ХХК-тай захиалгын гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд бүртгэгдээгүй байсан, барьцааны гэрээ бүртгүүлэх үед надад мэдэгдээгүй, барьцааны бүртгэл хийгдэхээс өмнө захиалгын гэрээ байгуулагдсан байхад сүүлд байгуулагдсан барьцааны гэрээний бүртгэлийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус, Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцааны зүйлд миний захиалгаар бариулсан 901 тоот орон сууц болон 1А-05 тоот автозогсоол байхгүй, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6408 дугаартай захирамжаар “Могул скай” ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэхээр заасан байхад захиргааны байгууллага бүхэлд нь битүүмжилж, улмаар бүртгэл хийхээс татгалзаж байгаа нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актын талаар дүгнэлт хийсэн байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбарлаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийгээгүй, түүнийг няцаасан үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Хамгийн анх А.Э нь “Могул скай” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” №1А/64 тоот гэрээг 2011 оны 01 сарын 10-ны өдөр байгуулсан, 2011 оны 06 сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 тоот 3564 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгаа “Могул скай” ХХК-ийн өмчлөлд, аялал жуулчлалын цогцолборын зориулалттайгаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгүүлжээ.

Үүнээс 1 сар 5 хоногийн дараа буюу 2011 ны 07 сарын 27-ны өдөр  “Могул скай” ХХК нь дээрх 3564мкв талбай бүхий дуусаагүй барилгыг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт Улаанбаатар хотын банктай байгуулсан ЗГ0001/110727 тоот зээлийн, ЗБГ0001/110727 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан байна. Дээрх үйл баримтаас үзэхэд эхэлж орон сууцны захиалга хийгдэж төлбөр нь төлөгдсөн болох нь  тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот 132,2мкв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1А-05 тоот автомашины зогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр А.Э-оос 2020 оны 05 дугаар сарын 15-ний өдөр гаргасан мэдүүлгүүдийг улсын бүртгэгч Х.Уранцэцэг болон Г.Ганцэцэг нараас “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр ... захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Улаанбаатар хотын банктай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна, нэгж талбарын дугаар тусгасан газрын кадастрын зураг хавсаргах, мэдүүлэг, албан бичиг, захиалгын гэрээнд авто зогсоолын м.кв тусгах” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн татгалзалд дурдаад байгаа нэгж талбарын дугаар тусгасан газрын кадастрын зураг хавсаргах, мөн мэдүүлэгт авто зогсоолын м.кв тусгах, албан бичиг авто зогсоолын м.кв тусгах, захиалгын гэрээнд авто зогсоолын м.кв тусгах зэрэг шаардлага нь ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн тавигдсан шаардлага болох, энэхүү шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6408 дугаар захирамжаар “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/ ар зайсангийн гудамж 98 тоотод байрлах ГД:000151030, Ү-2206018350 эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн дугаартай, 3564 м.кв талбайтай, 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт ...” барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн гэдгийг анхан шатны шүүх дурдаж байгаа боловч “Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн”, мөн тухайн барилга ашиглалтад ороод нийтдээ 93 айлын орон сууц бий болсноос 81 айлын орон сууцыг битүүмжилсэн зэрэг дүгнэлт хийгээгүй, А.Э-ын орон сууц битүүмжлэгдсэн эсэх талаар тодруулаагүй байна.

Анхан шатны шүүхээс “Түүнчлэн нэхэмжлэгч нь ... Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцааны зүйлд миний захиалгаар бариулсан 901 тоот орон сууц болон 1А-05 тоот автозогсоол байхгүй” гэх зэргээр маргах боловч эдгээр нь хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй, гуравдагч этгээдүүдийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамааралтай байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд барьцааны бүртгэлийг бүртгэхдээ зайлшгүй ямар хэмжээтэй, ямар гүйцэтгэлтэй,  ямар үл хөдлөх эд хөрөнгийн аль аль хэсгийг битүүмжилж байгаа болох, ямар үнийн дүнтэй эд хөрөнгийг битүүмжилж байгаа болохыг бүртгэлийн байгууллага тодруулж бүртгэх үүрэгтэй гэж үзнэ.

Гуравдагч этгээдийн тайлбараас үзвэл шүүхийн шийдвэрээр 2,055,460,140 төгрөгийг “Могуль скай” ХХК-иас гаргуулж банканд олгохоор шийдвэрлэж байсан боловч өнөөдрийн байдлаар 978,919,251 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ажээ.

Мөн 98 дугаар байр нь ашиглалтад орсон /93 айлын орон сууц/ бөгөөд үүнээс 81 айлын орон сууцыг шүүгчийн захирамжийн дагуу битүүмжилсэнд дүгнэлт өгөөгүй байна.

Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заажээ. Энэхүү 98 дугаартай орон сууцны барилгын тухайд барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэн эсэх, улмаар барьцаагаар хангагдах шаардлага үүссэн эсэх нь тодорхойгүй байна.

Мөн түүнчлэн А.Э нь тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан гэж тайлбарлаж байгааг судлах, энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл бүхий эсэх талаар нь дүгнэлт хийх боломж бүрдэх юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧ                                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР