Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 28

 

Э.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01563/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1619 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Хадныхан овогтой Э-ын М-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Боржигон овогтой Д-ын Г-д холбогдох

          “Ц.Цэндсүрэнд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбогдолтой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн” иргэний хэргийг

          Хариуцагч Д.Гантулгын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Д.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Э.М-э, түүний итгэмжлэгдсэн өмгөөлөгч Л.Оюунсувд нараас:

Би эмээ Ц.Цэндсүрэнтэй хамран амьдардаг байсан боловч эмээ маань нас барсан. Энэ үеэр байрны гэрчилгээ байхгүй байсан. Ингээд энэ талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад У.Мөнх-Ундраа гэдэг эмэгтэйн нэр дээр байрны гэрчилгээ шилжин ээжийн нэрийг хасуулж өөр эмэгтэйтэй хамтран өмчлөгч болсон. Өмчлөх эрхийн талаар маргаан үүсч би урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад хандан захиргааны хэргийн шүүхэд хууль бусаар олгогдсон гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж холбогдох байгууллагуудаас ирсэн материалтай танилцахад 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ээжийн өмчийг эмээд өвлүүлсэн, өвлөх эрхийн гэрчилгээ гаргасныг мэдсэн. Мөн өдрөө орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл нотариатаар хийгдэж дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээ эмээ Ц.Цэндсүрэн, У.Мөнх-Ундраа нарын нэр дээр шилжсэн байсан.     

Би Ц.Нэргүйгийн цорын ганц хүү нь өв хүлээн авахаас татгалзах талаар хүсэлт гаргаагүй 1-р зэргийн өмчлөгч, нэмж оруулах хэлцэл нотариатын үйлдлээр хийгдсэн байсан. Иймд хууль зөрчиж хийгдсэн нотариатч Д.Гантулгын өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г-аас:

Дархан-Уул аймаг, Дархан сумын 13-р баг, 22-р байрны 50 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч Ц.Цэндсүрэн, Ц.Нэргүй нарын дундын өмчлөл байсан. Тус байрны өмчлөгч талийгаач Ц.Цэндсүрэн нь Иргэний хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ Ц.Цэндсүрэн нь өөрийн хамтран өмчлөгч болох охин Ц.Нэргүйгийн өөрт ногдох хэсгийн хэсгийг өвлөх хүсэлт гаргасан бөгөөд нотариатч би Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар уг хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Өмчлөгч Ц.Цэндсүрэн нь өөрийн орон сууц болон бусад хувиа Иргэний хуульд зааснаар шилжүүлэх боломжтой байдаг тул хамтран өмчлөгчөөр У.Мөнх-Ундрааг нэмж оруулсан. Иймд нотариатч Д.Г- миний бие холбогдох хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаагүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын

14-ний өдрийн 1619 дугаар шийдвэрээр:

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч Д.Гантулгын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой хийгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Г- давж заалдсан гомдолдоо: 

Нотариатч Д.Г- миний бие Ц.Цэндсүрэнд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хуулийг буруу тайлбарлаж, хууль зөрчөөгүй. Тухайн үед Ц.Цэндсүрэн нь ганцаараа амьдарч байсныг багийн засаг даргын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Э.М-э өвлөх тухай хүсэлтээ манай байгууллагад гаргаагүй учир Иргэний хуулийн 582 дугаар зүйлийн 582.3-т зааснаар өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэхээр байна. Шүүх өвлөх эрхийн гэрчилгээ, хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчингүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримт байхгүй гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхол зөрчигдсөн эсэх дээр дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Учир нь дээрх маргааны зүйл болох орон сууц нь У.Мөнх-Ундраа гэдэг хамтран өмчлөгч байгаа энэ талаарх шийдвэрт дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамтран өмчлөгч нэмж оруулсан, хэлцэлд холбогдох гэрээний нотлох баримтууд байхгүй зэрэг үндэслэлээр хэргийг тал бүрээс нь бодитоор дүгнэж, шийдвэрлээгүй тул гомдолтой байна гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Э.М-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Д.Г-д холбогдох Ц.Цэндсүрэнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч У.Мөнх-Ундрааг нэмж оруулсан үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулаагүй нь уг хэргийг шийдвэрлэснээр гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдөх нөхцөл бий болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголгүйгээр түүнийг залруулах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагыг судалж үзвэл өмчлөгч нэмж оруулсан хэлцлийг хүчингүй болгох шаардлага гаргасан байх бөгөөд шаардлагыг шийдвэрлэх нь уг хэлцлээр өмчлөх эрх олж авсан гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхөөр байна.

Энэ тохиолдолд шүүх уг этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулж болохоор заасан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байсан.

Ийнхүү гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож зохигчийн зарим нэг эрхийг эдлэх, нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх боломжийг хангаагүй шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэх боломжгүй юм.

Иймд гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхол зөрчигдсөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн гэсэн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1619 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                     

                                      ДАРГАЛАГЧ

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ 

                                      ШҮҮГЧИД                                               С.ОЮУНЦЭЦЭГ         

                                                                                                      Л.АМАРСАНАА