| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1085/Э |
| Дугаар | 1133 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1133
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч О.Г , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01764 0785 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т......, Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эмэг эх, эх, ахын хамт Булган аймгийн Бугат сум, 1 дүгээр баг, ...... гэх газарт оршин суудаг, урьд: Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, цагдан хоригдсон 17 хоногийн нэг хоногийг 15 нэгжээр тооцон хасаж, торгох ялын хэмжээг 245 нэгж буюу 245,000 төгрөгөөр тогтоосон.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.Г нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ...... хороо, ...... тоотод оршин суух иргэн Б.Э ын байнга амьдрах өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч Samsung загварын 42 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Т...... 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...... тоотод байрлах хохирогч Б.Э ын байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтэрч, “Samsung” загварын 42 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч О.Г н шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Э ын мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутын үед гэрээ цоожлоод гарсан юм. Тэгээд офицерт байдаг ажил дээрээ байж байтал надтай хамт ажилладаг Г надаас “гэртээ харих гэсэн юм, таксины мөнгө өгөөч” гэхээр нь би “өчигдөр чамд 50.000 төгрөг өгсөн, одоо чамд өгөх мөнгө алга, чи ажил хийж чадахгүй бол яв, цалин буухаар үлдэгдэл цалинг чинь өгнө” гэж хэлсэн чинь яваад өгсөн. Муу совин татаад найз Г руу залгаад “гэрт хүн байхгүй байгаа, чи нэг шалгаадхаач” гэсэн чинь удалгүй над руу буцаж залгаад “гэр чинь онгорхой, зурагт чинь алга байна” гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгчхөөд, гэр лүүгээ явж байхдаа “Сайн” ломбардын үүдэнд Г г зогсож байхыг хараад яваад очтол цагаан өнгийн Приус-20 машинд зурагтыг маань аччихсан байхаар нь зурагтаа аваад, Г г машинд суу гэтэл зугтаад явчихсан. Би Samsung загварын 42 инчийн зурагтаа 450,000 төгрөгөөр аваад удаагүй байсан. Би Г г сайн танихгүй, манай эхнэрийн ах Г ийн найзынх нь дүү байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас);
3. Гэрч Ж.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Баянхошууны тойрог орчим явж байтал манай найз Э залгаад “манай гэрт хүн байхгүй байгаа, очоод үзээдхээч” гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...... тоотод байх найз Э ынд очиход хашааны хаалга нь онгорхой, байшингийн хаалга нь онгорхой, яваад ортол зурагт нь байхгүй байсан. Тэгэхээр нь Э луу залгаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас);
4. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Samsung маркийн 42 инчийн зурагт зах зээл дээр 400,000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт (хх-ийн 26 дугаар хуудас);
5. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40,107 хуудас), иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа (хх-ийн 96 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 99 дугаар хуудас), цагдаагийн байгууллагын АСАП сангийн шүүлт (хх-ийн 43 дугаар хуудас);
6. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоол (хх-ийн 41-42 дугаар хуудас), Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 201 дугаартай “...ялтан О.Г нь сураггүй алга болж, гүйцэтгэх хуудас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдээгүй, ял биелээгүй байна...” гэсэн албан бичиг (хх-ийн 101 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч О.Г н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын хорин хэдний үед би й ах “ажил хий” гэсэн болохоор хотод ажил хийхээр ирсэн. Тэгээд Э ахтай хамт зүүн салаанд машины гарааш барьсан. 19 дүгээр хороолол дахь барилга дээр, мөн офицерт ажилласан. Тэгээд гэр лүүгээ харих болчхоод Э ахаас зардлын мөнгө гуйхад “намар нэг мөсөн ав” гэхээр нь би шууд Зүүн салаанд байдаг тэдний гэр лүү нь очоод, байшингийнх нь урагш харсан вакум цонхны шилний хүрээг нь аваад, байшин руу орж хойморт байсан хар өнгийн Samsung загварын 42 инчийн зурагтыг нь хулгайлж аваад, хаалгыг дотроос нь онгойлгож гарсан. Тэгээд зам дээрээс такси бариад Баянхошууны “Сайн” ломбардад барьцаанд тавих гэж байхад миний гар утас руу Э ах залгаад миний зурагтыг аваад ир гэхээр нь байгаа газраа зааж өгсөн. Э ах зурагтаа авчхаад намайг машинд суу гэхээр нь би зугтаачихсан юм. Э ах мөнгө өгөхгүй байсан болохоор зурагтыг нь хулгайлсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 89-90 хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Г н үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох Samsung загварын 42 инчийн зурагтыг 400,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч О.Г нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Э ын хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох өвлийн байшингийн цонхоор нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч О.Г н үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Г г “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Э нь хулгайлагдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч О.Г г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгаа, хүний ажлын хөлсийг өгөхгүй байсан хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Урьд үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан 245,000 төгрөгийн торгуулийн ялыг шүүгдэгч О.Г нь биелүүлээгүй талаарх баримт хавтас хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан дээрх 245,000 төгрөгийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, 17 хоногийн хугацаагаар хорих ялаар солиулах саналтай байна. Шүүгдэгч О.Г нь 245,000 төгрөгийн торгох ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг зэрэг нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байх тул 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч О.Г нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн нийт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаагүй, хохирлын хувьд бусдад төлөх төлбөргүй. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь, хохирогч хүнийг сар гаруй ажиллуулчхаад цалинг нь өгөөгүйн улмаас шүүгдэгч хохирогчийн гэр лүү орсон талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хуулийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн 2 хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан ял хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч О.Г нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй байгаа, мөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй гэсэн хязгаарын дотор хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Г д хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г д энэ тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ЦШТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 245,000 төгрөгийн торгох ялыг 16 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг нэг жил арван зургаан хоногийн хугацаагаар тогтоолоо.
Улсын яллагч 245,000 төгрөгийн торгох ялыг 17 хоногийн хорих ялаар тооцож нэмэх санал нь шүүгдэгч О.Г н эдлэх торгох ялын хэмжээнээс хэтэрсэн байх тул хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, хорих ялын 17 хоногийг 15 нэгжээр үржүүлбэл 255 нэгж буюу 255,000 төгрөг болж байгаа нь Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 245,000 төгрөгийн торгох ялын хэмжээнээс 10 нэгж буюу 10,000 төгрөгөөр илүү байна.
Шүүгдэгч О.Г нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Т...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч О.Г д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г д энэ тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ЦШТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 245,000 төгрөгийн торгох ялыг 16 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг нэг жил арван зургаан хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г н цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Г д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Г д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА