Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1153

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Д.Нямбат,  шүүгдэгч, хохирогч Т.О , түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, шүүгдэгч, хохирогч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд, Х........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02115 1332 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Б........., Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл хоёр, эх Төмөрийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо “........” ХХК-ний хашаанд оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ........хороо Хилчиний 1 дүгээр гудамжны ...... тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ..........., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            2. Х........, Монгол улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, охин, хүргэн, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ........хороо .... дугаар байрны ...... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ............., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

             Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Т.О  нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 08 дугаар сард, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .......... дугаар хороо......... дугаар байрны ........ дүгээр орцны подвалд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Б тай хамт амьдарч байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон, ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодохдоо 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр харилцан зодолдож эрүүл мэндэд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо ........ дугаар байрны........... дүгээр орцны подвалд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч эрэгтэй Т.О тай харилцан зодолдож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Б......... нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 08 дугаар сард буюу нийт гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Б г байнга зодсон,

шүүгдэгч Т.О , С.Б  нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо....... дугаар байрны ...... дүгээр орцны подвалд харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Б гийн шүүх хуралдаанд өгсөн: “...О  урьд нь намайг зодохдоо хаалга түгжиж байгаад зоддог байсан. Би зугтаахын тулд хаалга түгжүүлэхгүй гэж ноцолдож байхдаа цээжийг нь самардсан, гарыг нь хазсан байна лээ. Би айсан байсан тул сайн санахгүй байна. Би хүн зодох хүн биш, өөрийгөө аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж байна....” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Т.О ын шүүх хуралдаанд өгсөн: “...би хаалга түгжих гээгүй, би Б г цохиж зодоогүй, түлхсэн. Б г барихаар л бие нь хөхөрчихдөг юм. Б д учруулсан  гэмтэл дээр маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Шүүгдэгч Т.О ын шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн дагуу хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Шүүгдэгч С.Б д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

4. Шүүгдэгч С.Б гийн шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн дагуу хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Шүүгдэгч Т.О т гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

            5. Хохирогч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.О тай 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гудамжинд танилцаад тэрнээс хойш дотносоод 10 дугаар сараас манай гэрт хамт амьдрах болсон. Ингэж хамт амьдарч байхдаа 2018 оны 06 дугаар сард намайг зодсон тул би охин хүргэн хоёртойгоо хамт амьдрах болсон. Эргээд 2019 оны 01 дүгээр сараас уулздаг болоод 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс манай ажлын байр болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол ..... дугаар хороо ..... дугаар байрны ..... дүгээр орцны подвалд нэг өрөө гаргаад хамт амьдрах болсон. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр намайг хардаад хаалгаа цоожилж байгаад шууд өшиглөөд, нүүр толгой руу цохиж зодсон...2018 оны 02 дугаар сард битүүний өдөр бас зодож байсан, 2018 оны 06 дугаар сард зодоход нь цагдаа дуудаж эрүүлжүүлж байсан, 2018 оны 08 дугаар сард зодоход нь гэрийнхэндээ биеэ харуулж байсан, 2018 оны 09 дүгээр сард зодоход нь цагдаад дуудлага өгч шалгуулж байсан. Ингээд намайг нийт 4 удаа зодсон...эмчилгээний зардлаа нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас);

            6. Цагдаагийн байгууллагын 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 14 дүгээр хуудас), хохирогч С.Б гийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 15-16 дугаар хуудас);

            7. Хохирогч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамгийн анх 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зодсон. Энэ нь цагаан сарын битүүний өдөр байсан. Цээж, нүүр, ам гар луу цохиж, алгадсан. Зодуулснаас болж 2 гарын шуу хөхөрч хавдсан. Гэхдээ зодуулж бэртсэнээ хэн нэгэнд харуулаагүй... 2018 оны 06 дугаар сард байх намайг зодохоор нь цагдаад дуудлага өгч эрүүлжүүлж байсан. Эмнэлэгт үзүүлээгүй. 2 гарын шуу хөхөрч хавдсан байсан тул урт бээлий өмсөөд хичээлээ зааж байсан юм. 2018 оны 08 дугаар сард бас гэртээ зодоод би түүний ээж дүү нарт нь биеэ үзүүлж зодсон тухайг нь хэлж байсан. Тэр өдөр цагдаад дуудлага өгсөн. Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр намайг зодоод цагдаад шалгуулах үедээ шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);

            8. Гэрч Б.Б ийн /хохирогчийн охин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...манай ээж Б  нь 2017 оноос нэг залуу дагуулж ирээд хамт амьдрах болсон. Түүнээс хойш салж нийлээд л яваад байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ээж хөдөө явна гээд подвал руу орсон юм. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь араас нь ортол подвалоос архи үнэртэж байхаар нь О  ээжийг зодож байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд ирэхээр нь хамт ортол ээжийг газар хэвтчихсэн О  дээрээс нь өшиглөж байсан. Тухайн үед ээжийн амнаас цус гарчихсан, толгой нь хавдаж булдруу болоод үс нь зулгаагдаж ширэлдсэн, гар тохой, нуруу, өвдөг, шилбэ нь хөхөрч хавдсан байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун хөл нь хугарсан байна гээд шохойдсон. ...Өмнө нь миний мэдэж байгаагаар 2018 оны 02 дугаар сарын 15-ны битүүний өдөр зодсон байсан. Би нөхөртэйгөө Дархан яваад шинийн 3-нд ирэхэд О  намайг битүүний өдөр зодсон гэж ээж хэлж байсан. Цагдаад хаацайлаад намайг цагдаад гомдол гаргуулаагүй юм. Хөл гар биеийнх нь энд тэндгүй хөх няц болсон байсан. Мөн 2018 оны 06 дугаар сард ээжийг зодоод би ээжийн өмнөөс цагдаад гомдол гаргаад шалгуулах гэхэд ээж мэдүүлэг өгөхгүй гээд гомдлыг маань хааж байсан. Ингэж миний мэдэхийн 3 удаа зодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас);

            9. Гэрч Т.Г ын /хэсгийн байцаагч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 26 дугаар байрны 179 тоотод оршин суух Б  нь хамтран амьдрагч О т 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зодуулсан гэх хэрэгт Аюулгүйн зэргийн үнэлгээ хийсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас);

            10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4698 дугаартай: “...С.Б гийн биед зүүн хацар, зүүн нүдний зовхи, зулайн хуйх, зүүн тохойны баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн шуу, гуя, зүүн бугалга, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 46 дугаар хуудас);

            11. Хохирогч С.Б гийн “Аюулгүйн зэргийн үнэлгээ”-нд хүчирхийлэлд өртөх эрсдэлийг өндөр гэж дүгнэсэн (хх-ийн 80 дугаар хуудас), хохирогч С.Б гийн “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ” (хх-ийн 85-93 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан багийн гишүүдийн хурлын тэмдэглэл (хх-ийн 94 дүгээр хуудас);

            12. Цагдаагийн байгууллагын АСАП сангийн: “...Т.О  нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эрүүлжүүлэгдэж байсан тухай...” лавлагаа (хх-ийн 79 дүгээр хуудас);

13. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс ирүүлсэн С.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний эмнэлэгт ирсэн тухай: “...Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас...” (хх-ийн 73 дугаар хуудас);

14. Хохирогч С.Б гийн 2018 оны 06 дугаар сард зодуулсан үеийн гэрэл зургууд (хх-ийн 128-129 дүгээр хуудас);

15. Хохирогч Т.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Б тай 2017 онд танилцаад хамт амьдарсан. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ халамцуу орж ирэхэд чи гэрт байсан хонины мах хулгай хийж зарсан байна гээд уурлаад намайг барьж аваад хүзүү, цээжнээс маажаад хамар луу цохисон. Ингээд бид 2 хэрэлдээд намайг цохиод хазаад байхаар нь эсэргүүцээд 2 удаа алгадаад, 2 удаа хөл рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас);

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4727 дугаартай шинжээчийн: “...Т.О ын биед цээж, хүзүү, хэвлийд зулгаралт, бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 53 дугаар хуудас);

            17. Хохирогч Т.О ын “Аюулгүйн зэргийн үнэлгээ"-нд хүчирхийлэлд өртөх эрсдэлийг өндөр гэж дүгнэсэн (хх-ийн 96-98 дугаар хуудас), хохирогч Т.О ын “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ” (хх-ийн 99-107 дугаар хуудас);

18. Шүүгдэгч Т.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...С.Б тай 2017 онд танилцсан. Тэгээд бид хоёр 2017 оны намар 08 дугаар сараас хамтран амьдрах болсон /сараа яг хэлж мэдэхгүй байна/. Би С.Б тай хааяа нэг хэрэлдэж маргалдаж 2 удаа эрүүлжүүлэгдэж байсан. Би хамгийн анх 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу цагаан сарын битүүний өдөр архи уусан байсан чинь Б  намайг архи уулаа гэж загнаад би түүнээс болж маргалдаад бид хоёр хэрэлдсэн. Би түүнтэй хэрэлдэхдээ гараараа ор руу түлхсэн. Тэр хойшоо ор мөргөөд хөл нь гучны гадна дээд орчимдоо хөхөрсөн байсан. Түүнээс хойш 2018 оны 06 дугаар сард нэг удаа бас согтуу маргалдаж ноцолдоод цагдаад баригдаж эрүүлжүүлэгдэж байсан юм. 2018 оны 09 дүгээр сард бас гэртээ согтуу маргалдаж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр согтуугаар Б тай маргалдаж түүнд гар хүрч зодсоны улмаас цагдаад баригдаж эрүүлжүүлэгдсэн. Би энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бусдын эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-61 дүгээр хуудас);

19. Шүүгдэгч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би О ын биед хазаж, маажиж хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 69 дүгээр хуудас);

            20. Шүүгдэгч Т.О ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 110 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 116 дугаар хуудас), шүүгдэгч С.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 119 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 124 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Харин яллах дүгнэлтэд тусгагдаж, улсын яллагчийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгч Т.О ыг гэрчээр асуусан мэдүүлгийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг зөрчсөн гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж заасан бөгөөд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд нэр холбогдсон, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн хэрэгт холбоотой гэж үзэх баримтад мэдээлэл цугларсан хүнд худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсныг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг зөрчсөн гэж үзнэ. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүгдэгч Т.О ыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 08 дугаар сар, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр буюу нийт дөрвөн удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Б г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн яллаж буй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлтэй байна.

2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Б г зодож, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Т.О ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын хэр хэмжээгээрээ, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндийг хохироосон хүндрүүлэх шинжээрээ бүхэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байхад уг үйлдлийг дээрх зүйлчлэлээс гадна мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт давхардуулан зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчмыг зөрчжээ.

Иймд шүүх шүүгдэгч Т.О ыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 08 дугаар сард буюу нийт гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Б г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд ийнхүү хэргийн үйл баримтыг шинэчлэн тогтоосон нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцохдоо би аргагүй хамгаалалт хийсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.О ын биед учирсан гэмтлийн тоо, шинж байдалтай тохирохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ... амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй байна.

Учир нь, шүүгдэгч Т.О , С.Б  нар нь харилцан зодолдож, бие биедээ олон тооны шарх гэмтэл учруулсан идэвхтэй үйлдлүүдийг аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хамааруулах боломжгүй бөгөөд тэдний гэмт санаа зорилго, сэтгэхүйн харьцаа нь уур бухимдал, хэрүүл маргаанаас үүдэлтэй шууд санаатай хэлбэрээр илрэн гарчээ.

Иймд шүүх шүүгдэгч С.Б г хууль бус ба тулгарсан довтолгооноос өөрийгөө хамгаалсан гэж үзээгүй бөгөөд түүнийг 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.О тай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Т.О , С.Б  нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Т.О , С.Б  нарыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Т.О , С.Б  нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Т.О ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” шинжийг, шүүгдэгч Т.О , С.Б  нарын үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг тус тус бүрэн хангажээ. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.О ыг Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд холбогдох зүйл, хэсэг, заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.О , С.Б  нар хохирогчийн хувьд харилцан бие биедээ гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.О , С.Б  нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 510,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар торгох ялыг 34 хоногоор тооцон хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 10 сар 4 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих, шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч Т.О ын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.О  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Мөн О  нь 76 настай эхийн хамт амьдардаг, эхийгээ асран хамгаалдаг ганц хүн нь юм. Архи уугаагүй үедээ О  нь төлөв даруу, ажилч хичээнгүй гэдгийг Б  хэлж байна. Иймд шүүгдэгч Т.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамгийн бага торгууль оногдуулж, уг торгуулийн ялыг хорих ялд шилжүүлж, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Б  өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...1,000 нэгжээр торгуулах нь хүнд байна, би тэтгэвэрт байдаг. Өөрийгөө хамгаалсан байхад ял оногдуулж байгаад гомдолтой байна. Харин хохирогчийн хувиар хэлэхэд шүүгдэгч Т.О т оногдуулах ял шийтгэлийн талаар түүний өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.

Шүүгдэгч Т.О  нь хохирогчийн хувиар шүүгдэгч С.Б д оногдуулах ял шийтгэлийн талаарх саналдаа: “...Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч С.Б д оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан ... үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан тул шүүгдэгч Т.О ын үйлдсэн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг 2018 оны 8 дугаар сард төгссөнд тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хэмжээгээр тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гээд 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж тус тус заасан тул гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгч Т.О т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн материаллаг хуулийн агуулгаар тайлбарлан хэрэглэсэн болно.

Шүүгдэгч Т.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун арван цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг ял дээр нэмж 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь, харин шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгж буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О , С.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б.........ыг Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн тус тус гэм буруутайд, Х........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгч Т.О т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О т таван зуун арван цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.Б д долоон зуун нэгж буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.О т энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар дөрвөн сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

6.Шүүгдэгч С.Б д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.О т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг тус тус нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О , С.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.О , С.Б  нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА