Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 0125

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч А.Тунгалагтуяа,  шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 06214 0041 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Б........, Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ........ дүгээр гудамжны ...... тоотод оршин суудаг, регистрийн дугаар: чд............., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Б.У нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Оношилгооны төвийн гадаа Д.Б той “урсгал сөрж орж ирлээ” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний зүүн нүдний алимд цус хуралт, хамар зулгаралт үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б........ нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Оношилгооны төвийн гадаа “урсгал сөрж орж ирлээ” хэмээн хохирогч Д.Б той маргалдаж, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, түүний бие махбодод “...зүүн нүдний алимд цус хуралт, хамар зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Уын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд тусгасан хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон ялын төрөл, хэмээг ухамсарлан ойлгосон...” гэсэн мэдүүлэг;

   2. Хохирогч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто оношилгооны төв дээр экскаватор оношлуулахаар өөрийн эзэмшлийн 92-50 УБН улсын дугаартай Toyota RAW-4 маркийн машинтай орох хаалгаар орох гэтэл Toyota PRIUS-20 маркийн машин асахгүй байсан болохоор нь гарах хаалгаар урсгал сөрөөд орох гэтэл .... УНВ улсын дугаартай Toyota PRIUS маркийн машин гэрлээр дохиод оруулахгүй урсгал сөрсөн тэнэг гэхээр нь би өөдөөс нь салаавч өгсөн чинь буугаад ирсэн. Намайг машин дотор цохих гээд байхаар нь хөгшин хүн зодох гээд байгаа юм уу гээд буугаагүй юм. Миний араас ирж байсан том машин урсгал сөрөөд орж ирэх гэхээр нь машинаасаа буугаад нөгөө замаар нь ор гээд дохичхоод машиндаа суух гэтэл нөгөө залуу машин дотроосоо “салаавч гаргаад байсан уу” дахиад гаргачих гэхээр нь “дахин салаавч гаргах” үед тэрээр миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед манай нягтлан Тэлмэн ирж хөгшин хүн цохилоо гээд болиулсан. Б.У надад эмчилгээний 350,000 төгрөг төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);

   3. Гэрч П.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг оношилгооны төв дээр мөнгө тушаачхаад гараад иртэл Д.Б  ах үл таних /... / машин орох, гарах асуудал дээр маргалдаад зогсож байсан. Би У ыг чи хажуугаар нь “гараад явж болохгүй юм уу би чиний машиныг гаргаад өгчихье” гэж хэлтэл тэр залуу уурлаад Б  ахыг ухар тэгээд би гарна гэж хэлээд маргалдсан. Чи ямар сонин залуу бэ хөгшин хүнтэй маргалдаад байх юм гэж хэлтэл Б  ахын хамар, нүүр лүү гараараа нэг удаа цохиход Д.Б  ах хойшоо унахаар нь би тэр залууг боль гэсэн. Б  ах цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас);

            4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14076 дугаартай: ”...Д.Б ын биед зүүн нүдний алимд цус хуралт, хамар зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 28 дугаар хуудас);

            5. Шүүгдэгч Б.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 41 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49 дүгээр хуудас);

            6. Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах техник оношилгооны газарт машиныхаа нэрийг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлчих гээд очтол шилжүүлдэг газар нь дотоод ажилтай гэхээр нь би тухайн газраас гараад төв зам руу гарах гээд өөрийн эзэмшлийн .... УНВ улсын дугаартай авто машинтайгаа явж байтал урдаас урсгал сөрөөд цагаан өнгийн Toyota RAW-4 маркийн авто машин ирэхээр нь би гэрлээ шилжүүлж анхааруулсан чинь урдаас чигээрээ яваад байсан. Тэгэхээр нь би ухраад зам тавьж өгтөл тухайн машин урдаас тулаад зогсохоор нь гараараа хажуу талаар гарчих гэж хэлтэл урдаас салаавч өгөөд байхаар нь би машинаасаа буугаад “та урсгал сөрж байна шүү дээ. Зай тавьж өгч байхад баруун талаар гараад явчихгүй яасан юм бэ? Яагаад урдаас салаавч гаргаад байгаа юм” гэж хэлтэл “дуугүй наанаасаа холд зайл” гэхээр нь би урдаас нь уурлаад “та нас намбатай хүн байж хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү” гэтэл тэр үл таних ах Д.Б  “чи чаддаг юм бол намайг цохичих” гэж хэлчхээд дараа нь “чи намайг цохих юм бол би наад лааз нэртэй приус машиныг чинь өөрийн болгоод авчхаж чадна шүү” гэж хэлэхээр нь би уурлаад “яахаараа хүний юмыг өөрийн болгож авдаг юм бэ танил талтай гэхээрээ хүн ингэж дээрэлхэж болдог юм уу” гэж хэлсэн юм. Тэгсэн хажуу талдаа Д.Б  гэх хүний компанийнх нь менежер гэх хүн /Тэлмэн/ над дээр ирээд “юу болоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Д.Б  гэх хүн “за чи намайг цохичих гэрчтэй байна” гээд уур хүргээд байхаар нь би зүүн нүд хамар орчим руу нь баруун гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Б  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Уын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Б ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б  нь гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн урсгал сөрсөн, салаавч гаргасан зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Ут оногдуулсан таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн хуульд заасан хугацаанд буюу гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Ут торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ут урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА