Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 47

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “... Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын ************  тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг илт хууль бус болгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгад:

“...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын ************  тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг илт хууль бус болгох.” 

Манай компани нь ************  тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг илт хууль бус болгох, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 9 сарын 29-ны өдрийн 760 тоот шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулж, 1*******А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ нь илт хууль бус болвол 1*******А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь үндэслэлгүй шийдвэр болно. 

Гэвч шүүхээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг илт хууль бус болохыг тогтоогоогүй байхад “тус гэрээг илт хууль бус байсан, түүнийг үндэслэн шийдвэрлэсэн шийдвэр нь илт хууль бус гэж шүүхэд маргах нь төвөгтэй байгаа тул манай компани нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зөвхөн ************  тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг илт хууль бус болгох шаардлагын хүрээнд эхлээд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

Манай компани “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 760 тоот шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулж, 1*******А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл, бид энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дараа дахин гаргана.” гэжээ. 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“... “Ж” ХХК-ийг 1996 онд миний аав Л.Цэ******* үүсгэн байгуулсан ба 2006 он хүртэл ашигт малтмал, уул уурхайн салбарт томоохон бүтээн байгуулалт хийж, нэр хүндтэй шилдэг компанийн тоонд орж явсан. Улмаар 2006 оноос хойш төр, засгийн шийдвэр, гэнэтийн ашгийн татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж татварын акт, торгуулийн асуудалд орсон. Үүний улмаас тус компани 6.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй явж ирсэн. 

Миний зүгээс тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийг нь сэргээж үйл ажиллагаагаа тогтвортой явуулан Монгол Улсынхаа уул, уурхайн салбарт хувь нэмрээ оруулахаар энэхүү асуудлыг хөндөж байгаа. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“... Дээрх гэрээг дараах хоёр үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар захиргааны гэрээ нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд илт хууль бус байна. Энэхүү ашиглалтын өмнөх гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээгээр зохицуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулахаар заасан байна.

Гэтэл 2017 оны 153 тоот гэрээг 1*******А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ж” ХХК-тай байгуулсан нь хууль бус юм. Ийнхүү гэрээ байгуулахдаа компаниудыг заавал ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг шаардан 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Өдрийн сонины 882540 дугаарт тус гэрээг байгуулах ёстой компаниудын нэрсийг жагсаасан ба уг жагсаалтын 46 дугаарт “Ж” ХХК-ийн нэрийг оруулсан байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2009 оны 12 дугаар сарын 24-ний  өдрийн 6/7467 албан тоот, 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6/7223 тоот албан бичгүүдэд “дээрх ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнүүд нь хууль бус, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах ёстой гэрээг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан байна” гэж өөрсдөө дүгнэсэн. 

Мөн тус гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14-т зааснаар төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэж байгаа. Учир нь 2007 оны 06 дугаар сард буюу энэхүү гэрээг байгуулах үед “Ж” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал нь Ц.Э******* гэж хүн байгаагүй. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар нотлогддог.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх  зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан байдаг. Гэтэл Ц.Э******* нь тухайн үед гүйцэтгэх захирлаар томилогдоогүй байсан учраас компанийг төлөөлөх эрхгүй этгээд тус гэрээг байгуулсан байна. 

Иймд дээрх 2 үндэслэлээр 2007 оны 153 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг илт хууль бус захиргааны гэрээ болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М*******шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... "Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хуулийн хугацаа хэтэрсэн байна. 

Иймд “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“...2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн бүртгэсэн. Тухайн үед нэлээн олон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нөөцгүй байсан байна. Иймд нөөцгүй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэхээр шинэчлэн бүртгээд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний хугацаандаа ашиглалтын нөөц, ТЭЗҮ-гээ батлуулаад явахаар шийдвэрлсэн учраас “Өдрийн сонин”-д 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг гарган ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан гэж үзэж байна.

2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай заалт нэмэлт өөрчлөлтөөр орсон. Иймд компаниудтай ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг тухайн үеийн нөхцөл байдал шаардаж байсан.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг бүртгэсэн ч гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 23, 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөц батлуулсан байхыг шаардах талаар заасан.

Өмнөх хуулийн дагуу нөөц батлуулаагүй тусгай зөвшөөрлүүд их байсан учраас тухайн үедээ нөөц батлуулаагүй тусгай зөвшөөрлүүдийг бүртгэн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулан богино хугацаанд нөөцтэй болгон хуульд нийцүүлэх зорилгоор хийсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.

Төрийн захиргааны байгууллагаас дээрх зорилгоо биелүүлэх үүднээс хамгийн богино хугацаанд, эрсдэлгүй, олон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг хамгаалсан, хэрэгжих боломжтой шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2007, 2009 онд манай байгууллагаас явуулсан 2 албан бичгийг би сайн ойлгохгүй байгаа. Төрийн байгууллага залгамж халаатай байх ёстой. Өмнө нийтийн эрх ашгийг бодож гаргасан шийдвэрээ хууль бус байсан гэж хэсэг хүмүүс албан бичиг явуулсан нь хачирхалтай байна.

Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журамд харилцан тохиролцож гэрээ байгуулахаар заасан. Хэрвээ гэрээний загварыг өөрчлөхөөр бол энэ тухай саналаа төрийн захиргааны байгууллагад ирүүлэн 14 хоногийн дотор тохиролцох боломжтой талаар мөн тус журамд заасан байна.

Нэхэмжлэгч нь харилцан тохиролцсоны дагуу гэрээг байгуулсан ба гэрээний нөхцөл шаардлагыг тухайн үедээ биелүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Захиргааны хэрэг болгон өөр өөрөөр шийдвэрлэгддэг ба ижил төрлийн хэрэг болгон адилхан шийдвэрлэгдэхгүй байх. Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдан хүчин төгөлдөр болсон бөгөөд 2007 оны ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд энэ хууль буцаж үйлчлэхгүй гэж үзэж байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Ж” ХХК анх шүүхэд хандан “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 9 сарын 29-ний өдрийн 760 тоот шийдвэрийг илт хууль бусад тооцуулж, 1*******А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “№************  тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг илт хууль бус болгох, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 9 сарын 29-ний өдрийн 760 тоот шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулж, 1*******А тоот тусгай зөвшөөрлийг сэргээх даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн байсан бол 2018 оны 1 сарын 4-ний өдрийн шүүх хуралдаан дээр урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлагаа тус тус багасгаж, “№************  тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг илт хууль бус болгох” хэмээн өөрчилснийг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасныг зөрчиж “Ж” ХХК-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байхад дугаар бүхий ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан нь хууль бус хэмээн маргааны зүйлээ тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 55 зүйлийн 55.1.1, 55.1.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт орж батлагдсан хуулийн хэрэгжих зурвас үед Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хууль тогтоогчоос баталж мөрдүүлсэн ба энэ үед зөвхөн “Ж” ХХК бус өөр ижил нөхцөлтэй олон компаниудтай уг гэрээг байгуулж, хуулийн заалтыг нэг мөр ойлгон хэрэгжүүлсэн, захиргааны байгууллага хуулийн дагуу ажилласан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэл, хариуцагч захиргааны байгууллагын хариу тайлбар, шүүх хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбаруудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд холбогдох хуулийн хэм хэмжээг маргааны үйл баримттай уялдуулан тайлбарлаж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 оны 7 сарын 08-ны өдөр хэлэлцэн баталжээ. Улмаар 2006 оны 7 сарын 8-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан байна.

Энэ хугацаанаас хойш буюу 2006 оны 11 сарын 09-ний өдөр тэр үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанаас Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Харуул толгой нэртэй газарт 265 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч 1*******А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгожээ.

Шинэчилсэн найруулга орж батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т: “Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллааны үе гэж үзнэ”, 23.3-т: “ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна” гэж заасан байсан бөгөөд энэ заалт нь одоо хуулийн хүчин төгөлдөр бус болсон байна.

Илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн “№************  тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ”-гээр  талууд буюу Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ж” ХХК 2007 оны 6 сарын 14-ний өдөр, АМГТГХЭГ-ын даргын 2007 оны 4 сарын 11-ний өдрийн 114 дүгээр тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам”-ыг үндэслэн хайгуул бүхий талбайд зөвхөн энэ үед хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагын талаар харилцан тохиролцож байгуулжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 23.3-ыг зөрчиж гэрээ байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар захиргааны гэрээ “хууль” зөрчсөн гэсэнд хамааруулж нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болгож байна. Ингэхдээ хариуцагч захиргааны байгууллагаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд /хуучин нэрээр/ тайлбар болгон гаргаж өгч байсан 2009 оны 12 сарын 17-ны өдрийн 6-7223  дугаартай, 2009 оны 12 сарын 24-ны өдрийн 6-7467  дугаартай албан бичгүүдийг нотлох баримтаар хэрэгт цуглуулж, уг албан бичгүүд нь хууль зөрчсөн болохыг нотолж байгааг тайлбарлаж байна.

Шүүх дүгнэхдээ нэгдүгээрт, гэрээ байгуулсан үе нь 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хүчингүйд тооцогдож, улмаар 2006 онд шинэчилсэн найруулга хийж батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хэрэгжих зурвас үед хийгдсэн, энэ байдал нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5: “үндэсний геологийн, эрдэс баялагийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах”, 11.1.14: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15: “... ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох ... ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлэх”, 11.1.16: “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” зэргээр хариуцагч захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын /одоогийн нэршлээр/ чиг үүргийн талаар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд байсан байна, хоёрдугаарт, нэхэмжлэгч “Ж” ХХК нь тухайн үедээ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шууд авсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5: “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялагийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.6: “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7: “ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” зэргийг хавсаргаж өгөх хуулийн заалт шаардлагыг биелүүлээгүй байсантай холбоотой байна гэж үзлээ. 

Илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-ний нэгдүгээр зүйлд заасан ёсоор тусгай зөвшөөрөл эзэмшигч /Жп ХХК/ нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд хийж гүйцэтгэх ажил нь дээр дурдсан хуулийн заалтыг биелүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой заалтууд тусгагдсан байна, өөрөөр хэлбэл, гэрээний гол нөхцлийн агуулгаас харахад шинэчилсэн найруулгаар батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудад нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нийцүүлэх зорилготой байна. Үүгээрээ нэхэмжлэгч компанид эрх олгосон, эерэг шинжтэй гэрээ байсан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолын 11-д: “Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “ ... ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрх ...” нь хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулсан этгээдэд нэгэн адил хамаарах бөгөөд уг этгээд нь тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагуудыг хангасан байвал зохино” хэмээн тайлбарласныг маргаантай асуудалд хамаарах чухал эх сурвалж болгон авч үзэж, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад дүгнэлт хийж, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд буюу өөр бусад нөхцөл байдлыг шалгахгүйгээр шүүхийн шалгалтын цар хүрээг тогтоож, шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тэмдэглэж байна. Тэгэхээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хэн байсан ч Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар 25.1-д заасан баримт бичгийг бүрдүүлсний эцэст тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болох байсан, уг шаардлагыг тухайн үедээ нэхэмжлэгч компани хангахгүй байсан нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг захиргааны байгууллагатай байгуулж, уг гэрээний хугацаанд нөхөн хийж гүйцэтгэх болсон гэж үзэхээр байна. Энэ нь хариуцагч захиргааны байгууллага болон нэхэмжлэгч компаний хооронд байгуулсан гэрээгээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн “манай компанитай ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-ийг зөрчсөн, энэ байдал нь уг гэрээг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болно” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын өөр нэг үндэслэл болгож буй Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.14-т зааснаар төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх үндэслэл нь нэг талаас компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зураагүй, энэ байдал нь хуулийн этгээдийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байна гэх боловч нөгөө талаас гэрээ байгуулах эрхийг хэн нэгэнд олгосон эсэх, компаний гүйцэтгэх удирдлагын хувьд өөрөө гэрээ байгуулаагүй ийм шалтгаан, ийм нөхцөл байдал байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд холбогдох байгууллага, төрийн архивт хандан албан тоот явуулахад энэ талаар баримт гаргаж ирүүлээгүйг тэмдэглэж байна. Тэгэхээр төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэж, “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 55.1.14-г зөрчсөн гэж дүгнэх нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, холбогдох нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэнэ гэвэл мөн Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т: “Захиргааны гэрээний зарим хэсэг нь илт хууль бус байх нь түүнийг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г байгуулснаас хойш үл маргаж, тусгай зөвшөөрлөө бүртгүүлэн банкны барьцаанд буюу зээлийн барьцааны гэрээний үүргийн баталгаа болгон тавьж байсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг үл марган төлж байсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т: “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-ний агуулгаас үзвэл, гэрээгээр зохицуулагдах асуудлын гол нөхцлийг харилцан тохиролцсон, Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалтыг гэрээндээ зааж өгсөн байна.

Захиргаа хуулийн шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авч тухайн үед батлагдсан журмын дагуу байгуулсан гэрээ нь нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна, гэрээний зарим хэсэг нь илт хууль бус байх нь уг гэрээг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд уг хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зааж өгсөн байдаг  бол улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааж өгсөн байдаг. Уг хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.14, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан “Ж” ХХК-ийн “№************  тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг илт хууль бус болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             У.БАДАМСҮРЭН