Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 29

 

Ц.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01271/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1549 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Хөх дан овогтой Ц-ын Г-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Боржигин овогтой С-ийн Э-д холбогдох

         “Кран машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс үүссэн хохирол 5,120,000 төгрөг гаргуулахыг хүссэн” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нараас:

          Би Б.Цогтбаатартай 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж ковш тракторыг  нь 12,000,000 төгрөгөөр худалдан авахаар үнэ тохиролцож, бичгээр гэрээ хийсэн. Хэлцэл хийхэд Б.Цогтбаатар нь надаар гарын үсэг зуруулаад, өөрөө гарын үсэг зураад аваад явсан ба машины бичиг баримтын нэр шилжүүлэхэд мөн адил бид хоёр хамт явж солиулсан.

Уг хэлцлийг Б.Цогтбаатартай гэрээ байгуулсан гэж ойлгосон бөгөөд шүүхийн журмаар хариуцагчаас нотлох баримтыг гаргуулахад С.Э- гэгч хүн гарын үсэг зурсан ба энэ хүнийг би танихгүй огт хараагүй, ямар нэгэн эрх зүйн харилцаанд орж байгаагүй.Иймд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч Л.Оюунсувдаас:

Сөрөг нэхэмжлэлд тайлбар хийхэд шүүх хуралдаанд ковш машины баримт бичгийг Б.Цогтбаатар өөрийнхөө нэр дээр байсан гэсэн боловч нотлох баримтаар С.Э-ийн нэр дээр байгаа баримт бичгийг гаргаж байгаа тул тухайн үед ковш машин нь С.Э-ийн нэр дээр байсан нь эргэлзээтэй байна. Гэрчүүдийн мэдүүлгээр ковш машиныг аваад өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийсэн нь тогтоогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, түүний өмгөөлөгч Ё.Ринзаан нараас:

Би эхнэр С.Э-ийн өмнөөс гарын үсэг зурсан ба бид бүгд хоорондоо тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулагдсан тул хууль зөрчөөгүй болно гэжээ.  

Хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, түүний өмгөөлөгч Ё.Ринзаан нараас нэхэмжлэгч Ц.Г-т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Г- нь эхнэр С.Э-ээс ковшийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлбөрийг төлөхөөр тохиролцсноос хойш эвдрэл гарсан тохиолдолд өөрөө хариуцах, хугацаандаа төлж амжихгүй нөхцөлд өдрийн 80,000 төгрөгөөр тооцож төлбөр төлнө гэсэн нэхэмжлэгчийн баталгааны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл ашигласаны төлбөр болох 5,120,000 төгрөгийг гаргуулж Б.Цогтбаатарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1549 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6-д зааснаар 30-36ДАХ улсын дугаартай, isuzu маркийн NRR32L30000628 арлын дугаартай, ачааны краны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Г-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С.Э-эд даалгаж, нэхэмжлэгч Ц.Г-оос 5,120,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-т тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар давж заалдсан гомдолдоо:

           Нэхэмжлэгч Ц.Г- нь эхнэр С.Э- бид хоёртой 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр танилцаад Ковш тракторыг 12,000,000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдаж авахаар, Ц.Г- барьцаа болгон өөрийнхөө эзэмшлийн “isuzu” маркын ачааны краныг С.Э-ийн нэр дээр шилжүүлж, ковшийн үнийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өдрийн 80,000 төгрөгөөр тооцож хөлс төлөхөөр тохиролцож, бичгээр хэлцэл гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч миний бие гарын үсэг зурснаас хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзсэн, мөн С.Э-ийн өмчлөлийн ковшийг гэрээ ёсоор 64 хоног ашиглаж, орлого олж байсныг нотолж 5,120,000 төгрөгийн хөлс нэхэмжлэснийг гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотолж байхад Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Хэргийн 51, 52 дугаар талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Г- 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчид гардуулж, хариуцагчийг өөрчилсөн шаардлагын талаар хариу тайлбар болон түүнтэй холбоотой нотлох баримт гаргах цаг хугацаа боломжоор хангалгүй 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаан товлон зарлаж, 12 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааныг явуулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг,  нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг хүлээж авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр” гэж зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлох байтал хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 62.2-т заасныг тус тус зөрчжээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл “хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” хэргийг хэлэлцсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрт хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, гэрээнээс үүссэн хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл үндэслэх хэсэгт хэргийн 36 дугаар талд авагдсан зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтын хүчин төгөлдөр эсэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдээр дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгасан нь хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.  

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.870 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.Цогтбаатарт олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ         

                             ШҮҮГЧИД                                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                 Л.АМАРСАНАА