Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0280

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.Б, хариуцагч И.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 228 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-д  холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 228 шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “М” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0059327 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...хариуцагч нь хяналт, шалгалт явуулах удирдамжаар шатахуун түгээх станцын үйл ажиллагааг шалгахтай холбоотой эрх олгогдоогүй байхад Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай холбоотой гаргасан иргэний гомдлоор Хан-Уул дүүрэгт байрлалтай шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд “М” ХХК нь дизелийн түлшийг худалдаалахгүй байгаа үйлдэл бүх нийтэд ил, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчинд хангалттай нотлохоор цацагдсан байна. “М” ХХК-ийн шатахуун түгээх станцийн түгээгч нар энгийн болон евро дизелийн түлш хангалттай нөөцтэй байгаа гэх тайлбарыг хэлж, хэлсэн тайлбартаа гарын үсгээ зурсан нь зөрчлийн хэрэгт авагдсан байдаг.

“М” ХХК-ийн зүгээс энгийн дизель түлшний үлдэгдэл хэвийн байсан учраас ямар нэгэн хязгаарлалтгүй хэвийн борлуулж байсан. Харин “евро-5” дизель түлшний үлдэгдэл бага болсон байсан учраас хий сорох нөхцөл байдал үүсдэг тул хязгаарлалт хийж байсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд зөрчлийн хэрэгт авагдсан тэмдэглэл, хяналт шалгалтын үед баримтжуулан авсан улсын ахлах байцаагчийн гар утсандаа бичиж авсан бичлэг, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн 115 дугаар утсаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэд хэрэглэгчдээс “М” ХХК нь дизел түлшийг худалдаалахгүй байна гэх иргэдийн гомдол, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “М” ХХК-ийн шатахуун түгээх станц дээр 15 цаг 50 минутаас 16 цаг 20 минутын хооронд газар дээр нь ажиллахад “М” ХХК-ийн шатахуун түгээх станц салбарын эрхлэгч ажил дээрээ байхгүй эзгүй байсан ба түгээгч Б.Б, Б.Ц нар ажиллаж байсан. Улсын байцаагч тэмдэглэл үйлдэн бичиж, тайлбар өгсөн 2 түгээгч тус бүрт уншуулан танилцуулж гарын үсэг, тайлбарыг бичиж авсан байдаг. Энэ нь нөөц хангалттай байхад зөвхөн “МТ” шатахууны талоноор, “МТ шатахууны карт”, мөн “М” ХХК, Худалдаан хөгжлийн банкны хамтарсан карттай иргэд болон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулж хязгаарлаж байгаа нь зохиомол хомсдлыг үүсгэж байна.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ хугацаанд “М” ХХК-ийн шатахуун түгээх станцаас бүх хэрэглэгч, үйлчлүүлэгч “евро-5”, энгийн дизел түлшийг худалдан авах боломж байхгүй байгаа, бүх хэрэглэгчдэд түлшийг худалдаалах, борлуулах нөхцөлийг бүрдүүлээгүй нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн тул шийтгэл оногдуулсан болно. Иймд анхан шатны шүүх Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт хамааралгүй дүгнэлт хийсэн, хуульд үндэслээгүй үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 228 дугаар шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд “М” ХХК нь дизелийн түлшийг худалдаалахгүй байна” гэх иргэдийн мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарын хамтран баталсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/53 дугаар удирдамжийн хүрээнд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Х газар дээр нь хяналт шалгалт хийжээ.

Энэхүү хяналт шалгалтын дүнд, “М” ХХК-ийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0059327 дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд “М” ХХК-ийн 144 дүгээр салбар, “евро-5”, энгийн дизелийн түлшийг зөвхөн МТ шатахууны талон, МТ шатахууны карт, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай хамтарсан карттай иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид борлуулан бусад хэрэглэгчдэд борлуулахгүй зохиомол хомсдол, хязгаарлалт хийсэн” гэх зөрчил гаргасан гэж үзэж, “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан үндэслэлээр 20,000,000.0 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

“М” ХХК-иас энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

Хариуцагч тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх “Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай холбоотой гаргасан иргэний гомдлоор Хан-Уул дүүрэгт байрлалттай шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд “М” ХХК нь дизелийн түлшийг худалдаалахгүй байгаа үйлдэл нь бүх нийтэд ил цацагдсан” гэж гомдол гаргасан.

Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2020 оны 11 дүгээр сарын 12-нд “... Сүлжмэлийн үйлдвэрийн зүүн талд байрлах “М” ХХК-ийн шатахуун түгээх станц түлшээ зараагүй” гэх гомдол хүлээн авч,  улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн. Гэхдээ хариуцагч нь тухайн зөрчил үйлдсэн шатахуун түгээх станц бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах “М” ХХК-ийн шатахуун түгээх станцын түлш борлуулж байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Эндээс үзвэл, хариуцагч нь дээрх хуульд заасан зөрчил үйлдэгдсэн газар, салбарт бус тухайн байгууллагын өөр салбар хяналт, шалгалт хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Хэдийгээр нийтэд ил, олон нийтийн сүлжээнд байгаа мэдээлэл гэж тайлбарлаж байх боловч гомдлын дагуух газарт хяналт, шалгалт хийгээгүй  хууль бус үйлдэл гаргажээ.

Хариуцагч нь дээрх хяналт шалгалтыг “Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нарын хамтарсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/53 дугаартай “Коронавирус халдвар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалт, эмнэлгийн спирт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд хяналт шалгалт хийсэн” гэж тайлбарласан.

Уг удирдамжид зааснаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн бөөний болон жижиглэнгийн төвүүд, эмийн үйлдвэрүүд, зах худалдааны төвүүд” хяналт шалгалтад хамрагдах этгээд байхаар тусгажээ 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж зааснаас үзвэл хариуцагч нь хяналт шалгалтыг хийхдээ удирдамжид заагаагүй этгээдэд холбогдуулан шалгалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-д “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Хариуцагч нь “М” ХХК-ийн 144 дүгээр шатахуун түгээх станцын евро-5 дизель түлшний эцсийн үлдэгдэл 589 литр, энгийн дизель түлшний эцсийн үлдэгдэл 7547 литр байсан гэдгээ шүүх хуралдаан дээр гаргаж тавьсан гэж тайлбарлаж байх боловч торгууль оногдуулах үедээ хариуцагч нь хуульд зааснаар зөрчилд холбогдуулан нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.

Тодруулбал, хариуцагч нь “М” ХХК-ийг зохиомол хомсдол бий болгож, түлш борлуулахгүй байгаа үйлдэл гаргаагүй гэж тайлбарлаж байгааг хяналт, шалгалтын үед баримтаар тогтоогоогүй, мөн түлшний нөөцийг шүүх хуралдаанд дээр гаргаж тавьсан гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.   

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн  1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-д “Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж заасан байна.

Хариуцагч нь гомдол, мэдээллийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хяналт, шалгалт хийгээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчил гэж үзэн шийтгэл оногдуулсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлүүд тогтоогдоогүй. Мөн шийтгэлийн хуудас оногдуулсны дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоон, түүнээс тайлбар мэдүүлэг авсан үйл баримтууд байна.

Хариуцагч нь “М” ХХК-ийн 144 дүгээр шатахуун түгээх станц дээр газар дээр нь ажиллахад салбарын эрхлэгч ажлын байрандаа байхгүй эзгүй түгээгч Б.Б, Б.Ц нар ажиллаж байсан. Улсын байцаагч тэмдэглэл үйлдэн бичиж, тайлбар өгсөн 2 түгээгч тус бүрт уншуулан танилцуулж гарын үсэг, тайлбарыг бичиж авсан байдаг” гэж гомдол гаргаж байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй зөрчил гаргасан нь шийтгэлийн хуудас хууль ёсны байх зарчмыг зөрчжээ.

             Иймд маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.      

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

           ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР