Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0229

 

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ц.Гансүлд, хохирогч П.Т , шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш.......ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04737 0034 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш......., Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, эцэг, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар: .........., урьд:

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 293 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Г  нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “......” их сургуулийн хашааны баруун талд байрлах таксины зогсоол дээр иргэн П.Т ыг “явж өөр газар зогс гэж хэллээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун дунд чөмөгт ясны дээд булууны бага эргүүлэг дайрсан, зөрүүтэй хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ш....... нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “.......” их сургуулийн хашааны баруун талд байрлах таксины зогсоол дээр иргэн П.Т тай “өөр газар зогс гэж хэллээ” гэсэн шалтгааны улмаас маргалдан хавирч унагааж, түүний бие махбодод “...баруун дунд чөмөгт ясны дээд булууны бага эргүүлэг дайрсан, зөрүүтэй хугарал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Г ын шүүх хуралдаанд өгсөн: “....2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “.......” сургуулийн гадаа таксины зогсоол дээр машинд сууж байсан юм. Гэтэл Г  хохирогчтой хамт согтуу ирсэн. Хохирогч машинаас бууж ирчхээд “чи шоронд сууж үзсэн үү бандиа” гэж хэлэхээр нь би “та настай хүн байж гэж яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд машинаа тойрч зугтаасан. Дараа нь Г тай юм яриад машиныхаа хойд талд зогсож байтал хохирогч намайг заамдаж аваад цохих гээд байхаар нь гарыг нь тавиулсан. Тэгтэл тэр өөрөө арагшаа унасан. Би хохирогчийг өшиглөж цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч П.Т ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би өөрөө таксинд яваад 2 жил гаран болж байгаа. Тухайн үед зогсоол дээр очиход танихгүй залуу таксинд явах гээд зогсож байхаар нь “энэ таны зогсдог газар биш, бид нар зогсдог юм, яв” гэж хэлсэн. Түүнээс болж шүүгдэгч надтай маргалдаж “чамд хамаагүй, хөгшин төгцөг минь” гэж хэлэхээр нь би бариад автал намайг газар унагааж, дараа нь миний дээрээс өшиглөсөн. Ойр хавьд байсан хүмүүс ирээд наад хүнээ тавь гэж хэлсэн. Өшиглүүлсний дараа би хүнээр өргүүлж, машинд суулгуулж гэмтлийн эмнэлэг явсан. Одоо миний хөл гэмтэлтэй гишгэж болохгүй байгаа. Би эм тариа болон хагалгааны мөнгө болох 2,236,169 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч П.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “.......” их сургуулийн орчимд байрлах таксины зогсоол дээр ирээд хамт таксинд явдаг Г тай уулзаад зогсож байхад .... УБМ улсын дугаартай такси ирээд халтуур хийх гээд манай зогсоол дээр зогсоод байхаар нь би яв гэдэг шаардлага тавьсан. Тэгтэл тэр жолооч өөдөөс хөгшин төгцөг минь чамаар заалгахгүй гэхээр нь би юу гэнээ чам шиг чацганууд надад байгаа шүү гэж хэлээд түүнийг заамдаад авахад намайг хөлөөрөө хавсарч унагаад баруун талын түнхний орчимд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед Г , С  нар ирээд тэр залууг надаас салгасан. Би босох гэтэл чадахгүй байхаар нь наадахаа орхи би босож чадахгүй байна гээд гэмтэл рүү хүргүүлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-41 дүгээр хуудас);

4. Гэрч М С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр “.......” их сургуулийн орчимд байрлах таксины зогсоол дээрээс таксинд явах гээд байж байхад өмнө хамт таксинд явдаг Т  ах Г , С  нартай хамт ирсэн. Тэгээд юм яриад зогсож байхад танихгүй таксины жолооч ирсэн. Удалгүй Т  ахтай хэрүүл хийгээд байхаар нь би тоолгүй машиныхаа цаана юм оролдоод зогсож байхад пид пад хийх чимээ гарсан. Очоод харахад Т  ах газар унасан дээрээс нь танихгүй таксины жолооч заамдаж дарсан байдалтай байж байхаар нь би тэр залууг Т  ахаас салгаад Т  ахыг татаад босгох гэтэл тэр хөл эвгүй болчихлоо, эхнэрийг дуудаарай гэсэн. Би эхнэр Х г нь дуудаж машинаараа гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Т  ахын хөлийн зургийг авхуулахад хугарсан байна, шууд хэвт гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас);

5. Гэрч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” их сургуулийн орчимд байдаг таксины зогсоол дээр таксинд явах гээд зогсож байхад мөн хамт ажилладаг Т  ах согтуу байдалтай ирсэн. Т  надтай уулзаад зогсож байхад Г  таксинд явах гээд зогсож байсан. Т  ах Г тай хэрүүл хийж байгаад хоорондоо барьцалдаад заамдалцсан. Тэгээд Г  Т  ахын хөлийг нь хавсраад газар унагаасан. Би Т  ахыг өргөөд босгох гэтэл хөл эвгүй болчихлоо гээд босож чадахгүй байсан тул С  машинаараа гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас);

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1448 дугаартай: “...П.Т ын биед баруун дунд чөмөгт ясны дээд булууны бага эргүүлэг дайрсан, зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, дарагдах, цохих үед аль алинд нь үүссэн байх боломжтой ..." гэсэн дүгнэлт (хх-ийн 31-32 дугаар хуудас);

7. Шинжээч эмч Ц.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Т ын биед учирсан гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр унах, ойчих, хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас);

8.Шүүгдэгч Д.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 62 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 109 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 112-119 дүгээр хуудас);

9. Шүүгдэгч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр таксинд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо ‘.......” их сургуулийн урд зам дээр машинтайгаа очоод таксинд явдаг жолооч нартай юм яриад зогсож байхад урьд нь зүс үзээгүй /сүүлд нэрийг мэдсэн/ Т  халамцуу байдалтай Г тай хамт ирсэн. Тэгээд “чи хэн бэ, чи шоронд явж үзсэн үү лалар минь" гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “та настай хүн байж болиоч” гэж хэлээд машиныхаа цаана гарч холдоод Г тай юм яриад зогсож байтал Т  хүрч ирээд намайг заамдаад авахаар нь би хоёр гарыг нь атгаад дугтарч өөрөөсөө тавиултал хойшоогоо газар унасан. Т  босож ирээд машины багаж цохиж орилоод байх үед хүн явах уу гэхээр нь би таксиндаа явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-53 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу” нь санаатай эсхүл болгоомгүй гэсэн 2 хэлбэртэй гэж заасан байдаг. Г  нь хэн нэгэн хүнийг гэмтээх зорилгоор буюу ямар нэгэн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн зүйлгүй. Энэ талаар гэрчээр асуугдсан хүмүүс ч мэдүүлсэн. Гэм бурууг тогтоохын тулд дээрх асуудлыг заавал тогтоосон байхыг шаарддаг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор тухайн болсон өдрийг санахгүй байгаа юм гэж тодорхойлсон. Тэгэхээр хохирогчийг хавсарч унагаасан гэх шинж харагдахгүй байна. Гэрч Г тар “шүүгдэгчийг хавсарч унагаасан” гэж мэдүүлсэн боловч яг хараагүй байдаг. Мөн Т  өөрөө хавсарч унагаасан талаар огт мэдүүлээгүй. Шүүгдэгчийн өөрийг нь цохих гэж байгаа хүнийг тавиулах гэсэн үйлдэл нь зөв зүйтэй үйлдэл. Иймд түүнийг гэм буруугийн санаатай үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатайгаар гэмтэл учруулсан гэж үзвэл тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь ухамсарласан байхыг шаардана. Гэтэл хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Г  нь хохирогчийн биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулна гэж тухайн үйлдлийг хийгээгүй болох нь нотлогдсон. Иймд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Г  нь хохирогч П.Т тай маргалдан зууралдсан, улмаар түүнийг хавсарч унагаасан болох нь хохирогч П.Т ын шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн үед зогсоол дээр очиход танихгүй залуу таксинд явах гээд зогсож байхаар нь “энэ таны зогсдог газар биш, бид нар зогсдог юм, яв” гэж хэлсэн. Түүнээс болж шүүгдэгч надтай маргалдаж “чамд хамаагүй, хөгшин төгцөг минь” гэж хэлэхээр нь би бариад автал намайг газар унагааж, дараа нь миний дээрээс өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл тэр жолооч өөдөөс хөгшин төгцөг минь чамаар заалгахгүй гэхээр нь би юу гэнээ чам шиг чацганууд надад байгаа шүү гэж хэлээд түүнийг заамдаад авахад намайг хөлөөрөө хавсарч унагаад баруун талын түнхний орчимд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-41 дүгээр хуудас), гэрч М С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...танихгүй таксины жолооч Т  ахтай хэрүүл хийгээд байхаар нь би тоолгүй машиныхаа цаана юм оролдоод зогсож байхад пид пад хийх чимээ гарсан. Очоод харахад Т  ах газар унасан дээрээс нь танихгүй таксины жолооч заамдаж дарсан байдалтай байж байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас), гэрч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т  ах Г тай хэрүүл хийж байгаад хоорондоо барьцалдаад заамдалцсан. Тэгээд Г  Т  ахын хөлийг нь хавсраад газар унагаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас) зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Д.Г ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.Т ыг хавсарч унаган түүний бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Т ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Г ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч П.Т ын баримтаар нэхэмжилсэн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г аас 2,236,169 төгрөгийг таван сарын дотор гаргуулан хохирогч П.Т д олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Г ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч Д.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь урьд өмнө ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, гэм буруу дээр маргаж оролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх ялын саналыг гаргасан...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч нь 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй, учир нь тэрээр 79 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан. Тухайн гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлээс болж гарсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрх олгосноор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дугаартай тогтоолоор баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1-д “хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70-аас дээш хувиар алдсан” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд...оногдуулахгүй” гэж тус тус заасныг үндэслэн хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан шүүгдэгч Д.Г ад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй юм.

            Дээрх хувийн байдал болон хохирогч П.Т ын агсамнасан, мөн бусдыг ялгаварлан гадуурхсан зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг тус тус харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ад таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Ш.......ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ад таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ад оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.Г ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г аас 2,236,169 (хоёр сая хоёр зуун гучин зургаан мянга нэг зуун жаран ес) төгрөгийг таван сарын дотор гаргуулан хохирогч П.Т  (уг63042252)-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Г ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА