| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0074/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 79
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г ад холбогдох эрүүгийн 2015001080062 дугаартай, 163/2020/0074/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймаг дахь сум дундын шүүхийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймаг дахь сум дундын шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэл, өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялаас зарим буюу 6 сарыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ДарханУул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ү овогт Ц.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-д усан буучын ажилтнаар ажиллаж, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа уурхайн бүсээс 4.47 грамм алтны баяжмалтай шороо хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 638.380 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2015001080062 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Ж.М ын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед манай 7 дугаар үйлдвэрийн шлүц булуунд хахаад зогссон юмаа. Тэрийг гацааг нь гаргах гээд 7 дугаар үйлдвэрийн баяжуулах хэсэг рүү 2-р усан буучин металл хяналтын М нар орсон... металл хяналтын Д.М гэх хүн надад сая шлүцны гацааг гаргаж байхад нэг усан бууч нөхөр шлүцны доод хэсгээс нэг юм аваад халаасандаа хийх шиг болсон, тэгээд намайг харж байхад намайг харсныг мэдээд буцаагаад шлүцны доогуур юм шидсэн гэж хэлсэн. Тэгээд тэр шлүцэн доор шидсэн гэх зүйлийт нь очиж үзэхэд 1 ширхэг ажлын цагаан бээлийний талаар нойтон шороо байсан. Тэгээд тэрийг аваад баяжуулах үйлдвэрийн ажилтан О гоор угаалгахахад тэр шорооноос шар өнгийн металл илэрсэн. Тэгээд тэрийг жинлэхэд 4.47 грамм болж байсан. Тэгээд тэр усан бууч гэх Ц.Г гэх хүнтэй уулзаж юу болсон талаар нь асуухад би зүгээр юм гардаг юм болов уу яадаг юм бол гэж үзэх гэж шороо авсан юмаа. Тэгээд хамгаалагч харчих шиг болохоор нь 1 ширхэг ажлын цагаан бээлийнд хийсэн байсан шороог шлүцны доогуур шидсэн. Тэгээд би гараад явсан энэ миний буруу гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч Д.М ын өгсөн: “...нүдний үзүүрт Г гэх хүн ажлын цагаан өнгийн бээлийтэй зүйл халаасандаа хийх шиг болсон. тэгээд би ажлаа дуусчихаад гарахад үзлэг хийх хэсэгт очоод хамгаалагчтай цуг үзлэг хийхэд халаасанд нь ямар нэгэн зүйл хийгээгүй хоосон байсан. тэгээд би Г ыг дээшээ гараад байж бай гээд явуулчихаад байж байтал Г цагаан өнгийн бээл ийнд хийсэн зүйлийг скрүбер гэх төхөөрөмжийн доогуур хаячихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Гэрч Э.О гийн өгсөн: “...намайг харахад ажлын цагаан бээлийний тал хэсгээр хийсэн шороо байсан... тэрийг гүйцээн баяжуулах цех дотор угаасан тэгтэл дотороос нь 4.47 грамм алт гарч ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Ц.Г мэдүүлэгтээ: “...би зүйл ангийн талаар тайлбарласныг ойлголоо, би хүлээн зөвшөөрч байна...усан бууны шлүцний тагийг хаах гэж очоод шлүцний ёроолд байх угаагаагүй шорооноос ажлынхаа бээлийгээр атгаж авсан. тэр үед намайг усан бууны харуул Сонор гэдэг залуу харчихаар нь би нөгөө шлүцний ёроолоос авсан шороогоо бээлийтэйгээ доогуур шидсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 200057 тоот: “... алт 4.47 гр зах зээлийн үнэ 638.380 төгрөг. ...” гэх дүгнэлт /ххийн 40-45 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1483 дугаартай шинжээчийн дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн 4.47 грамм жинтэй шаргал өнгийн металл нь алтны металл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Дээрхи нотлох баримтуудаар Ц.Г нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-д усан буучын ажилтнаар ажиллаж, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа уурхайн бүсээс 4.47 грамм алтны баяжмалтай шороо хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 638.380 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Г ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Г ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хохирогч Ж.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч Ц.Г ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ц.Г нь хохирогч этгээдтэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 4/19 дугаартай саналд шүүгдэгч Ц.Г ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 1 жилийн хугацагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт заасан тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх эрх хязгаарлах албадлагын хэмжээ хэрэглэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ц.Г хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Ц.Г ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН